Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д.О

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Нийслэлийн аудитын газарт 2011 оны 6 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дотоод ажилд хариуцсан түр ажилтнаар, мөн өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дотоод ажил хариуцсан шинжээч, мөн өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл гүйцэтгэлийн аудитын шинжээчээр тус тус ажилласан.

Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн албан тушаал дэвшин ажиллахдаа байгууллагын дотоодын сонгон шалгаруулалт болон Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангаж, жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан түүнийгээ хангалттай үнэлгээтэйгээр биелүүлэн ажиллаж ирсэн.

Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дараагаар Монгол Улсын Ерөнхий аудитор солигдож, бүтцийн өөрчлөлт хийх нэрээр 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар манай байгууллагын бүтэц, орон тоог цөөрүүлж, мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын ажилчдын ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 5 жил ажилласан байх хууль бус шалгуурыг шинээр бий болгон ажилдаа хичээнгүйлэн ажиллаж ирсэн намайг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчмыг зөрчсөн. Энэ зарчмын дагуу нэгэнт батлагдсан орон тоонд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуурыг хангаж хууль ёсны дагуу ажилд томилогдон ажил үүргээ зохих түвшинд гүйцэтгэж байсан намайг, ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлан, шинээр ажилд орохоор хүссэн иргэдэд хамааралтай 5 жил төрийн албанд ажилласан байх шалгуур үзүүлэлт нэмж оруулсныг үндэслэн ажлаас халсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан “төрийн байгууллага ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг зөрчсөн. Уг заалтын дагуу хэрэв орон тоо цөөрсөн бол ажилчдын дунд зохих түвшиндшалгаруулалт явуулах ёстой байтал энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, мөн төрийн албанд 5 жил ажилласан байх гэсэн шалгуур тавьсан атлаа 5 жил ажиллаагүй олон тооны ажилчдаас зөвхөн намайг онцолж, бусад шалгуур хангаагүй ажилчдыг журмаас гадуур үлдээн хэвийн ажиллуулж байгаа нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө тэгш байх эрхийг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэсэн заалтыг зөрчсөн.

Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр чөлөөлж байгаа тохиолдолд энэ тухайгаа нэг сарын өмнө тухайн ажилтанд мэдэгдэх ёстой байтал 2017 оны 6 дугаар сарын 28-нд Сонсох үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн нэрийн дор ажлаас чөлөөлөгдөх ажилчдаа бөөнөөр нь санал бодлоо хэлэх боломж олгохгүй, санал хүлээж авахгүйгээр ажлаас 16 хоногийн дараа чөлөөлөх тушаал гаргасан.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар батлагдсан Нийслэлийн аудитын газрын ажилчдын ажлын байрны тодорхойлолтоор удирдах албан тушаалтан /хэлтсийн дарга буюу албаны менежер/ нь гүйцэтгэх албан тушаалтан /ахлах аудитор, аудитор/-аас ажлын байрны шалгуур үзүүлэлт доогуур шалгууртай хийгдсэн. Тухайлбал хэлтсийн дарга нь Төрийн албанд ажиллаагүй байж болох, бакалавр зэрэгтэй байхаар тусгагдсан байхад доод албан тушаалтан болох ахлах болон аудитор нар нь 5 жил ажилласан, магистр зэрэгтэй байх шалгуурыг тавьсан.

Ажлын байранд тавигдах шаардлага нь 6 шалгуур үзүүлэлттэй бөгөөд уг шалгуур үзүүлэлтээс мэргэжлийн гол үзүүлэлтүүдийг орхигдуулж, зөвхөн 4 дэх шалгуур үзүүлэлт болох /туршлага/ төрд 5 жил ажилласан байх гэсэн үндэслэлийг дурдан ажлаас чөлөөлсөн нь нэг чигийг барьсан, үндэслэлгүй гэж үзэж байна

Би 2011 оноос 6 дугаар сараас хойш Нийслэлийн аудитын газарт ажиллаж дунд нь жирэмсний амралт авч, нийтдээ тасралтгүй 6 жил ажилласан. Ийнхүү байнгын ажлын байранд цалинжин, нийгмийн даатгал төлөн ажилласан нь 5 жил ажилласан байх шалгуурыг хангасан байтал уг ажилласан жилүүдийг төрд ажиллаагүйд тооцон ажлаас чөлөөлөх үндэс болгож байгаа нь сонгон шалгаруулах комисс нь судалгаа шинжилгээ муу, эрх зүйн актаа судлаагүйг илтгэж байна.

Энэ зарчмын дагуу нэгэнт батлагдсан орон тоон дээр ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байсан намайг ажлын байрны тодорхойлолтод шинээр оруулсан төрийн албанд 5 жил ажилласан байх шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр халж миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалд сонгон шалгаруулалт хийгдээгүй /мэргэжил, мэдлэгийн ямар нэгэн тест, шалгалт явагдаагүй/ байхад сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл гэж сонсох үйл ажиллагаа явуулсан тэмдэглэлтэй хольж хутгах тушаал бичжээ. Мөн миний 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн мэтээр дурджээ. Гэтэл Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга буюу менежер 2017 онд бүх ажилчидтай үр дүнгийн гэрээ огт байгуулаагүй юм.

Миний бие 6-10 насны буюу бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн тул Төрийн албаны 27.1.4-д “албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл , үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд энэ тохиолдолд нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж байхаар заасан байтал эсрэгээрээ ажлаас үндэслэлгүйгээр халж үр хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах амжиргааны эх үүсвэрийг маань таслан зогсоож байгаа нь миний болон үр хүүхдийн маань эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн авахыг даалгах, мөн ажилгүй хугацааны цалинг нөхөн олгуулах, ажилгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаалын үндэслэлд заасан Төрийн албаны тухай заалтууд бүгд зөрчигдсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хүний амьдралыг шийдэхдээ хууль хэрэгжүүлж байгаа мэтээр өөрийн ашиг сонирхлыг бодож байна. Сонгон шалгаруулалтын комиссын 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэсэн гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт хамгаалалтын тухай тодорхой заасан. Ажилласан жил нь хүрээгүй байгаа хүнийг ажилд томилсон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Аудитын тухай хуулийн 13.4.7, 14 дүгээр зүйлд заасан эрхүүдтэй огт маргаагүй. Гагцхүү энэ эрх хэмжээ Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд захирагдаж байж явагдах ёстой. Үүнийг бүрэн эрхийн хэмжээнд явуулсан гэсэн тайлбар хэлдэг. Төрийн ерөнхий аудитор хуульд захирагдаж, эрхээ хэрэгжүүлэх ёстой. Орон тоо цөөрсөн тухай нарийн судалбал бүх ажилчдыг нийцэл, гүйцэтгэл гэж хуваагаад өөрт таалагдахгүй байгаа хүнийг халж оронд нь өөр хүн авсан явдал болсон. Нийт 9 хүн ижил шалтгаанаар маргаан үүсгээд 2 хүнийг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар, эвлэрлийн журмаар ажилд авсан байсан. Нэг дарга гарч ирээд багаа бүрдүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр ажлаас халдаг муухай жишиг байна. Маргаан бүхий тушаал бүтэц орон тоо өөрчлөгдсөн, ажлын байрны тодорхойлолт хангаагүй гэсэн 2 үндэслэлээр гарсан. Нэхэмжлэгчийг төрд ажиллаагүй хувьд ажилласан, нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн байгууллагаас төлсөн байхад үгүйсгэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлсөн байхад төрд ажилласан гэж үзэхгүй өөр яах юм бэ? Хариуцагч татгалзлаа тайлбарлаж чадахгүй байна. Нэг тушаалаар 26 хүн ажлаас халсан. Орон тоо цөөрсөн эсэх нь ажлаас халагдсан нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гаргасан байдаг.

“Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан.Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар,Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3,13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын гуравдугаар хавсралт батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй,мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж,Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..” гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...”, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.”, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.”, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...’гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэж тус тус тайлбарласан байдаг.                                                                                          

Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-д заасны дагуу батлагдсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Иймд төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 15-д “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг/комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн баталсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шалгаруулалтын комисстдаалгасугай" гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр/албан; тушаал/-нытодорхойлтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь газрын дарга 1, дэд дарга 1, хэлтсийн дарга бөгөөд менежер 4, ахлах аудитор 8, нягтлан бодогч 1, хуульч 1, мэдээлэл технологийн ажилтан 1, даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/238 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...” 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 ,17.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журмыг тус тус зөрчин томилогдсон байна.

Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журмын дагуу шалгалт өгөөгүй,

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 317 тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ талаар албаны тухай хуулийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их хурлын 2000 оны 20 тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг зөрчиж, илтэд давуу байдал бий болгосон байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой 17 дугаар зүйлд заасан “... төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.         -

Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажил, албан тушаалд томилохдоо Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журамд заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5. дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтална.”, 4.1-д “Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байна.                                      

Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий Аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан.                                                       

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах,гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаардаг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон сонгон шалгаруулж түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/ болох аудитор болон удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 4-д “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж  байгааг “сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-д “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40,1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ." гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр дараахь албан тушаал хамаарна:" гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал бүлэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3.4-д төрийн захиргааны, алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулдаг болохыг төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан гэжээ.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий  Аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо,ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид “..бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж танилцуулахад “мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ үү, өөр саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна." гэжээ.       

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалттай байна.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх ил тод байх зарчмыг шаарддаг.

Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна.” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.О тус шүүхэд хандаж “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар “Д.Ог ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн авахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад “...ажилд эгүүлэн авахыг даалгуулах” шаардлагаа “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсны дагуу эдгээр шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2011 онд түр ажилтнаар орж 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан... , төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангасан, байгууллагын сонгон шалгаруулалтад орсон... ажлаас чөлөөлсөн дээрх тушаал нь тэгш байдлын зарчим зөрчсөн, ялгаварлан гадуурхсан...” гэж тодорхойлон, хариуцагчаас “... Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газрын Тамгын хэлтсийн дарга С.Лтэй “Хамтран ажиллах гэрэ” байгуулж 2012 оны 10 дугаар сарын 17-ноос 2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тус газрын цахим архив үүсгэх ажилд хамтран ажиллаж байсан, Нийслэлийн Ерөнхий аудиторын 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр “Д.Ог ажилд томилох тухай” тушаалаар Нийслэлийн аудитын газарт дотоод ажил, сургалт хариуцсан шинжээчээр 1 жилийн туршилтын хугацаагаар 2014 оны 02 дугаар сарын 10 хүртэл, 2014 оны 02 дугаар сарын 10-наас Нийслэлийн аудитын газрын шинжээчээр тус тус томилогдон ажилласан, ийнхүү ажиллаж байхдаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 367 дугаар бүхий “Тангараг өргүүлэх тухай” тушаалаар “туршилтын хугацааны үр дүнгийн гэрээний үнэлгээ, дүгнэлтийг харгалзан...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс төрийн жинхэнэ албан хаагч болгож, Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргүүлэх”-ээр шийдвэрлэсэн, Нийслэлийн аудитын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/6-2 дугаар тушаалаар тус газрын Гүйцэтгэлийн аудитын 1 дүгээр албаны шинжээчээр томилсон үйл баримтууд тогтоогдов.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Д.О ажлаас чөлөөлөх тухай” Б/238 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдлээс чөлөөлсөн байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн нийт 45 орон тоотой байхаар баталсан, үүнийг үндэслэн мөн оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт болон ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ.

Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.-т “Монгол Улсын Ерөнхий аудитордараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 13.4.7.-т “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй”  гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын болон Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.3-т ..аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг батална, 14 дүгээр зүйлийн 14.3-т “...төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө” гэж заасан Ерөнхий аудиторын эрх хэмжээнд тус тус нийцсэн байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Нийслэлийн төрийн аудитын газрыг Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулснаар нэхэмжлэгчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн байх ба энэ тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар журамлагдсан байна.

Үүний дагуу Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн баталж, мөн оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын албан хаагчдыг...албан тушаалаас чөлөөлж мөн өдрөөс Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдэлд авах,...шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх  Сонгон шалгаруулалтын комисст даалгажээ.

Уг Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр нэхэмжлэгч Д.О нь шинэчлэн баталсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байранд тавигдсан “төрийн албанд 5 жилээс доошгүй ажилласан байх, мэргэшсэн байх” шаардлагыг хангаагүй, “төрийн албанд 3 жил ажилласан, мэргэшээгүй” тул шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Нийслэлийн аудитын газарт шинжээчээр ажилласан хэдий ч энэ нь төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байх ба анх аудитын байгууллагад ажилд орохдоо ч тухайн үед мөрдөгдөж байсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “төрийн албанд ажилласан туршлагатай байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр ажил үүрэг гүйцэтгэж байсан хугацааг “төрийн албанд ажилласанд оруулж тооцно, аудитын байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” гэж маргаж байх боловч ийнхүү гэрээгээр ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ, 11.2-т Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Огийн гэрээгээр гүйцэтгэж байсан ажил үүрэг, нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлсөн үйл баримт нь түүнийг  төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Ог ...ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй...гэх үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэсэн хуулийн заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэж “аудитор”-ын албан тушаалд тавигдах “төрийн албанд 5-аас доошгүй ажилласан байх” шалгуурыг гол зарчим болгож сонгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Огаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН

      ШҮҮГЧИД                                  Д.ХАЛИУНА

                                                                                         Ц.МӨНХЗУЛ