Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00590

 

2022 оны 03 сарын 07 өдөр                                   Дугаар 183/ШШ2022/00590                                Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 000 дугаар хороо, Жанжин 00р гудамж, 000 тоотод оршин  суух, Д овогт Да Он /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0000 дүгээр хороо, Тэ гудамж, З 000, 000 тоотод байрлах, Э  с с ХХК /РД:000000/-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 7.208.244 төгрөг, ээлжийн амралтын олговор 1.027.070 төгрөг, нийт 8.235.314 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Сд нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“...Д.Ос 2011 оны 01 сарын 10-ны өдөр ЭрХХК-д борлуулагчаар ажилд орсон. 2020 оны 9 сарын 22-ны өдрийн А17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч талаас ажлаас чөлөөлөх тушаал дээр маргаж уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах болон Улсын дээд шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А6 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн томилогдоод 2021 оны 10 сарын 14-ний өдөр эргээд ажлаасаа дахиад чөлөөлөгдсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуульд заасны дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөх олговрыг бүхэлд нь олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь ажилдаа ороод аливаа байдлаар ажил хөдөлмөр эрхлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж байгаа. Энэ хугацааны цалин хөлсийг манай талаас мөнгөн дүнгээр тооцоолж, дундаж цалин хөлсөө манай талаас дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн бодож сүүлийн 3 сарын хугацааны цалингийн дунджаар бодож сарын дундаж цалинг 820,660 төгрөгөөр бодож тооцсон байгаа. 2021 оны 01 сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны 8 сар 17 хоногийн цалин авах ёстойгоос нэг өдрийн цалин 37,348 төгрөг, 8 сарын дундаж цалин 6,575,328 төгрөг, нийт 7,248,240 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс шаардаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд ажилтан ажилгүй байх хугацаанд ээлжийн амралтын олговрыг олгоно гэсэн зохицуулалт байгаа. Ээлжийн амралтын олговрыг тухайн ажилтны жилийн дундаж цалин хөлсөөс бодож тооцно гэсэн байдаг. Д.Оюунсүрэнд 2020 оны 01 сард ажилд орсноос хойш ээлжийн амралтыг биеэр эдлүүлж байгаагүй, ээлжийн амралтын олговор олгож байгаагүй. Иймд нэг жилийн хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговрыг 2020 оны 01 сарын 10-ны өдөр ажилд орсноос  2021 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрыг 15 хоногоор тооцоод 560,120 төгрөг болж байгаа. Мөн 2021 оны 01 сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 10 сард ноогдох цалин хөлсийг тооцсон байгаа. Бүтэн жилд буюу 12 сард 15 хоногийн ээлжийн амралтын хугацаа байдаг. 10 сарын хугацаанд 12.5 хоног гэж бодож тооцсон. Нэг өдрийн цалин 37,348 төгрөг, нийлээд 466,850 төгрөг болж байгаа. Ингээд ажилд орсноос хойш ажлаас гарах хүртэлх хугацааны нийт ээлжийн амралтын олговор нь 1,027,070 төгрөг болж байгаа. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин 7,248,240 төгрөг, авах ёстой байсан ээлжийн амралтын олговор 1,027,070 төгрөг, нийт 8,235,314 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэв....” гэв.    

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Санжаа шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаан дээр би хэлсэн. Ер нь энэ байгууллагад мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.4-т ажилтан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж ажил олгогчийн итгэл алдах, ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж санхүүгийн мэдээллийг албан бусаар ашиглах, мэргэжил, ур чадварын хувьд уг албан тушаалдаа тэнцэхгүй бол ажил, албан тушаалаас нь захиргааны журмаар хална гэж заасан байгаа. Энэ хүн үйлчлүүлэгчээсээ авилга авч, ёс суртахууны хувьд байж боломгүй алдаа дутагдал гаргасан. Тэгээд энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгээд дахиж ажилд авахад алдаа дутагдал дахин гаргахгүй гэж амлалт хүртэл өгсөн. Гэвч 2021 оны 7, 8, 9 сарын орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй байгууллагад 50 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөний хохирол учруулсан. Энэ бол байгууллагын ажилчдын хагас сарын цалинтай тэнцэх орлогын эх үүсвэрийг хаасан. Байгууллагын хагас сарын орлогын төлөвлөгөөг тасалдуулснаар байгууллага цалин хөлсөө тавьж чадахгүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Халаалтын орлогогүй болсон үед өмнөх өр ширээ төлөхийн тулд байгууллага харилцагчдаас өр төлбөрөө зайлшгүй бүрэн цуглуулах үүрэгтэй болсон. Энэ хүн борлуулалтын байцаагч атлаа харилцагчаас байранд чинь сууя, өр ширтэй асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлж болохгүй. Энэ үйлдэлдээ удаа дараа арга хэмжээ авагдаад ажлаас халагдаад ажлаа гүйцэтгэх чадваргүй гэдэг нь тогтоогдсон. Ёс суртахууны хувьд туйлын доголдолтой. Би нийгмийн даатгалын дэвтрийг нь авч үзлээ. Нийгмийн даатгал төлж бусдын өмнө үүрэг хүлээж ажиллах чадваргүй хүн шиг санагдлаа. 2021 оны 6 сард дээд шүүхийн шийдвэр гарлаа би ажилдаа орьё гээд компани дээр ирээгүй атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулаад ажилдаа 10 сард ирсэн. Манай талаас нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул би биелүүлье гэсэн. Ажилд ороод би энэ байгууллагад ажиллах хүсэлгүй байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд мөнгө авъя гээд байна. 8 сая төгрөг бол байгууллагын 20 гаруй ажилтнуудын бүтэн сарын цалин юм. Тэгээд би хохирсон гээд яриад байна. Энэ хүн зөвхөн мөнгөний төлөө явсан, өөрийн ёс суртахуунгүй байдлаа харуулж байна гэж миний хувьд дүгнэж байна. 2020 оны 6 сард сонгуулийн материал айлуудаар тараагаад явж байсан гэж сонссон. Энэ хүн хажуудах хүмүүстэйгээ тун тааруу харьцаатай. Хамт ажиллаж байсан борлуулалтын хоёр менежер нь энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гээд тодорхойлолт бичиж өгсөн байгаа. Ёс суртахуунгүй хүн хамт олны дунд өгсөн үүрэг даалгавар биелүүлээд ажиллах чадваргүй юм. Ямар нэгэн хууль ёс суртахуун, ёс зүйг бэхжүүлж, мөрдүүлэх зорилготой. Энэ хүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс өгөх үндэслэлгүй, 11 хоногийн ээлжийн амралтын олговрыг нөхөн олгож болно гэж үзэж байна...” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас: иргэний үнэмлэхийн хуулбар,  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00044 дугаартай шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 495 дугаартай магадлал, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21290866 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21/10/782 дугаартай тогтоол, Эрчим скай стар ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/6 дугаартай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Эрчар ХХК-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/08 тоот тушаал, Д.Оюунсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, Эрчим скай стар ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00247 дугаар тогтоолын хуулбар, Д.Оюунсүрэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, итгэмжлэл, Эрр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Д.Он нь Э с ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7.208.244 төгрөг, ээлжийн амралтын олговор 1.027.070 төгрөг, нийт 8.235.314 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч Эрчим скай стар ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Д.О ажил хийх ёс зүйгүй учир бид ажлаас халсан, шүүхийн шийдвэрээр буцааж авсан боловч, өөрөө өргөдөлөө өгөөд гарсан. Ээлжийн 11 хоногийн амралтын мөнгийг олгоогүй алдаа гаргасан тул үүнийг нь өгнө гэж маргаж байна.

 

3. Д.О Э стар ХХК-нд борлуулалтын байцаагчийн албан тушаал эрхэлж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийг ажил олгогчид холбогдуулан гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.12-ны өдрийн 183/ШШ2021/00044 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Ою Эр скай с ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.913.174 төгрөгийг гаргуулж ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.17-ны өдрийн 495 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.06.04-ний өдрийн 001/ШХТ2021/00247 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Д.Дан хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21290866 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор Эр стар ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

6. Эрй ст ХХК-ийн 2021.10.06-ны өдрийн А/6 дугаар захирлын тушаалаар Д.О 2021.10.07-ны өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд ажиллууснаар  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21/10/782 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2021.01.12-ны өдрөөс 2021.10.06-ны өдөр хүртэл Д. ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрч ХХК “Д.Он байгууллагын ажилчдын хагас сарын цалинтай тэнцэх орлогын эх үүсвэрийг хаасан. Байгууллагын хагас сарын орлогын төлөвлөгөөг тасалдуулсан, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан, борлуулалтын байцаагч атлаа харилцагчаас байранд чинь сууя, өр ширтэй асуудлыг чинь шийдэж өгнө гэж ёс суртахууны хувьд туйлын доголдолтой асуудал гаргасан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин /872.500+875.000+717.500=2.465.000:3=821.666 төгрөг/, /нэг өдрийн дундаж цалин хөлс 821.666:21.5 хоног=38.217төгрөг/, /821.666х8=6.573.328 төгрөг, 38.217х17=679.689 төгрөг, 6.573.328+679.689=7.223.017 төгрөг/

 

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан “ээлжийн амралтын олговор тооцох журам”-ын 4-т “Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээжлийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээжлийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно” гэсний дагуу Д.Ою нэг өдрийн дундаж цалин хөлс 38.217 төгрөгийг 15 хоногоор тооцсон /38.217х15=573.255 төгрөг/ болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Эрчим скай стар ХХК-иас Д.О ажилгүй байсан хуацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 8 сар 17 хоногийн  нөхөн олговорт /1 сарын дундаж цалин хөлс 821.666 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 38.217 төгрөг/ 7.223.017 төгрөг, 573.255 төгрөг, нийт 7.796.272 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч “Эрчр” ХХК-нд нэхэмжлэгч Д.Оюн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хариуцагч Эр ХХК-иас 7.796.272 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дэ овогт Данн Ою олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.О нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Эрстар” ХХК-нд даалгасугай.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Эрчим скай стар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 139.690 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО