Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01539

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Ж... овогт Б...ын А...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Ж..ын Э...

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 3 051 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А..., хариуцагч Ж.Э..., иргэдийн төлөөлөгч Н.Б..., гэрч Ш.Б.., Ө.Э.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б.А... нь Ж.Э... холбогдуулан гэм хорын хохиролд 3 051 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Ж.Э... нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15-16 цагийн орчимд ... улсын дугаартай Тоуоtа crown маркийн авто машин жолоодож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн замд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хичээлээ тараад гэрлүүгээ харих гээд унадаг дугуйтайгаа явж байсан Б.А...ын хүү А.Ч...ийг мөргөж зам тээврийн осол гаргасан.Ослын үед А.Ч...ийн биед тархи доргилт, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух баруун хацар, нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж унаж явсан Kellan маркийн солонгос дугуй болон биед нь байсан Samsung А50 маркийн гар утас эвдэрсэн. Жолооч Ж.Э... нь А.Ч...д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүйгээр, цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад хандалгүйгээр ослын газрыг шууд орхиж явсан.Тээврийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоолоор тухайн үед Тоуоtа crown маркийн ... УНС улсын дугаартай машиныг жолоодож явсан Ж.Э... нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т ззасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг засаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, хохирол төлбөр огт барагдуулаагүй тухай тогтоосон болно.Иймд Samsung А50 маркийн гар утсыг дахин сэргээн засах боломжгүй тул шинээр худалдан авсан гар утасны төлбөрт 550 000 төгрөг, Нарантуул худалдааны төвийн ... дугаар байрлах дугуйн тоног төхөөрөмжийн худалдааны чингэлэгээс Kellan унадаг дугуйны засварын төлбөрт 2 300 000 төгрөг, UВСН төвийн 409 тоотод байрлах эмнэлгийн хэвлийн эхо, оношлогооны төлбөрт 40 000 төгрөг, Шүүх эмнэлгийн 1 давхарт байрлах С... ХХК-ийн Томографи, дүрс оношлогооны төлбөрт 120 000 төгрөг, Солонго нүдний эмнэлэгийн нүдний анхан шатны үзлэгийн төлбөрт 30 000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архивын үйлчилгээний хөлсөнд 11 000 төгрөг нийт 3 051 000 төгрөгийг хариуцагч Ж.Э...аас гаргуулж А.Ч...д олгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Ж.Э... тайлбартаа:Би машинтайгаа түгжрэлд ороод зогсож байхад сөрөг урсгалаас дугуйтай хүүхдүүд ирж байсан ба миний машины урдуур гарахдаа өөрөө мөргөж унасан, миний машин тухайн үед хөдөлгөөнгүй байсан.Үүний дараа надтай хамт машинд байсан хүүхдүүд очиж эмнэлэг явах уу? дугуй чинь зүгээр үү? гэхэд хүү явахгүй гэж хэлсэн, хүүгийн нүүр шалбарсан байсан.Орхиж явсан нь миний буруу бөгөөд Захиргааны хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн.Samsung А50 маркийн гар утасны дэлгэц нь хагаралттай гэмтэлтэй байсныг хүү А.Ч... нь өөрөө хэлээд утсаар ярьж байсан тул А50 гар утсыг гэмтсэн засвар авах боломжгүй мөн тухайн үед гэмтээсэн гэж үзэхгүй, Samsung А50 маркийн гар утас зах зээлийн үнэ нь 350 000 төгрөг байна.Нарантуул худалдааны төвийн 112 дугаар дугуйн тоног төхөөрөмжийн худалдааны чингэлэгээс Kellan маркийн унадаг дугуйны засварын сэлбэг 2 300 000 төгрөг төлсөн гэх нь аль данснаас гарч аль дансанд орсныг тогтоолгох, мөн юунд зориулагдсаныг шалгуулж тогтоолгох хүсэлтэй байна.Тус төвийн 112 дугаар чингэлэг нь гэр ахуйн хэрэгцээний бараа худалдаалдаг чингэлэг болно.Иймд Нарантуул худалдааны төвийн 112 дугаар чингэлэг нь албан ёсоор юу худалдаалах эрх болон үүрэгтэй болохыг Нарантуул худалдааны төвийн захиргаанаас тодруулах хүсэлтэй байна.Нарантуул худалдааны төвийн дугуйн сэлбэг, тоноглол төхөөрөмж худалдаалдаг 12 дугаар чингэлэгт Kellan маркийн унадаг дугуйн зах зээлийн үнэ нь 300 000-700 000, дугуйны сэлбэгийн үнэ ийм үнэтэй худалдаалдаг болохыг нэхэмжлэлийн дагуу хавсаргав. Номин их дэлгүүрт үзүүлэлт өндөр шинэ дугуй нь 1 399 990 төгрөг байна. Эмчилгээний зардлыг төлнө.Иймд Б.А...ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн баримтууд нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:ЭХО оношлогооны зураг, баримт, 40 000 төгрөг төлсөн баримт, Skytel гар утасны худалдааны төвийн баталгааны хуудас, Нарантуул захын 112 контенер зарлагын баримт, Эрүүгийн хэргийн төв архивт 11 000 төгрөг төлсөн баримт, Тээврийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 224 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... дугаартай тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Солонго  нүдний эмнэлэгт үзүүлсэн баримт, А.Ч...ий төрсний гэрчилгээний хуулбар, Ж.Э...ы 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн тодорхойлолтыг шүүхэд өгсөн./хх 3-27, 60, 63/

Хариуцагчаас:Гар утасны худалдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, ... ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн нэхэмжлэх, Нарантуул захын 1 контенерийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт-2 ширхгийг шүүхэд өгсөн./52-55/

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан шинжээчийн дүгнэлт байна./хх 79-88/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А...ын нэхэмжлэлээс 1 590 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1 461 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.Үүнд:

Ж.Э... 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15-16 цагийн орчимд ... улсын дугаартай Тоуоtа crown маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа унадаг дугуйтайгаа явж байсан Б.А...ын хүү А.Ч...ийг мөргөсөн.

А.Ч...ий тархи доргиж, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух баруун хацар, нуруунд зулгаралт зэрэг гэмтэл учирч,  унаж явсан Kellan маркийн солонгос дугуй болон биед нь байсан Samsung А50 маркийн гар утас эвдэрсэн.

Иймд Kellan унадаг дугуйны засварын 2 300 000 төгрөг, шинээр авсан гар утасны 550 000 төгрөг, хэвлийн эхо, оношлогооны төлбөрт 40 000 төгрөг, Томографи, дүрс оношлогооны төлбөр 120 000 төгрөг, Солонго нүдний эмнэлгийн нүдний анхан шатны үзлэгийн төлбөр 30 000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архивын үйлчилгээний хөлсөнд 11 000 төгрөг нийт 3 051 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:

Эрүүл мэндийн зардлыг төлнө, харин Samsung А50 маркийн гар утасны дэлгэц нь хагаралттай гэмтэлтэй, А.Ч... утсаар ярьж байсан, Samsung А50 маркийн гар утасны зах зээлийн үнэ 350 000 төгрөг байна.

Kellan маркийн унадаг дугуйны засвар, сэлбэг 2 300 000 төгрөг төлсөн нь аль тогтоогдохгүй байна.Kellan маркийн унадаг дугуйн зах зээлийн үнэ 300 000-700 000 төгрөг, Номин их дэлгүүрт үзүүлэлт өндөр шинэ дугуй 1 399 990 төгрөгийн үнэтэй байна гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, ЭХО оношлогооны зураг, баримт, 40 000 төгрөг төлсөн баримт, Skytel гар утасны худалдааны төвийн баталгааны хуудас, Нарантуул захын 112 контенер зарлагын баримт, Эрүүгийн хэргийн төв архивт 11 000 төгрөг төлсөн баримт, Тээврийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 224 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... дугаартай тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн баримт, А.Ч...ий төрсний гэрчилгээний хуулбар, Ж.Э...ы 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ж.Э... нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол  хорооллын зүүн талын замд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Тоуоtа Сгоwn маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасныг  зөрчиж унадаг дугуйтай явж байсан 14 настай А.Ч...ийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн зураг, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... дугаартай тогтоол, Тээврийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байна./хх 10-19/

Ослын улмаас А.Ч...ий биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна./хх 20-24/

Тээврийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Б.А...д хаягласан .. дугаартай хариу мэдэгдэх баримтад-“Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Э...ы “...би гарсан зардлыг бүгдийг төлнө” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А...ын тодорхойлолтод “...жолооч миний нэхэмжилсэн 1 590 000 төгрөгийг өгөхгүй байвал иргэний шүүхэд хандана” гэж дурдсан баримтуудаас үзэхэд хохирогчийн нэхэмжилсэн 1 590 000 төгрөг төлөгдөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ... дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 5-д “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А... хохиролд 1 590 000 төгрөг нэхэмжилснийг жолооч Ж.Э... төлөөгүй болохыг дурдсугай” гэжээ./хх 10/

Улмаар Ж.Э... нь эрүүгийн хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, А.Ч...д учирсан эрүүл мэндийн болон бусад хохиролд 1 590 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ./хх 63/

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 1 590 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 40 390 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:Ж.Э... гэм буруутай, иргэний үүргээ биелүүлээгүй, ослын газрыг орхиж явсан, насанд хүрээгүй хүүхдийг мөргөж гэмтээсэн, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэм буруутай байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Ж.Э...аас 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан Б.А...д олгож, үлдсэн 1 461 000 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ж.Э...аас 40 390 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН

                ШҮҮГЧИД                                                    Т.ГАНДИЙМАА

                                                                                     А.САРАНТУЯА