| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/06752/И |
| Дугаар | 102/ШШ2017/03149 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/03149
| 2017 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/03149 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... хэсэг, Ахмадын өргөө гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Г-ийн Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Замчдын гудамж, Б.Г.Д.З.Д.Т.Г байранд оршин байх, Б.Г.Д.Г.А-д холбогдох,
Гэм хорын хохиролд 5,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Д.А, прокурор Н.Н, гуравдагч этгээд У.Э.Т ХХК-ийн төлөөлөгчН.У, иргэдийн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Гантуяа нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу Өргөө кино театрын урд талбайд 2016 оны 1 дүгээр сарын 20-нд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж эхэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 12-нд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас зөвшөөрөлгүй газар түц ажиллуулсан байна гэж Г.Ггийн эзэмшлийн 3,5х2,5 харьцаатай, 8,75 м2 хэмжээтэй зөөврийн ТҮЦ-ийг ачиж журмын хашаанд буулгасан. Тухайн үед ТҮЦ-ийг ачихад дотор нь Даариймаа гэдэг хүн сууж байсан. Г.Г өөрөө байгаагүй. Үүнээс хойш 2-оос 3 хоногийн даргаа Б.Г.Д.Г.А-д хандахад Энхболд гэдэг хүнтэй уулз гэсэн. Гэтэл АСЕМ өнгөрсний дараа ирж уулзаарай гэж хэлсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сард ТҮЦ-ээ авах гэж журмын хашаанд очиход ТҮЦ нь байгаагүй. Б.Г.Д.Г.Аны Авирмэд гэж хүнээс асуухад ТҮЦ-ийг чинь Уламбаяр гэдэг хүнд өгсөн. Уламбаяр, Гантуяа нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэж өгсөн гэж хэлсэн. ТҮЦ-ийг ачихад дотор нь нийт 5,956,000 төгрөгийн эд бараа, лангуу, шилэн тавиур гэх мэт эд зүйл байсан. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ТҮЦ-ийн үнэ 3,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч нэгэнт ТҮЦ нь Уламбаярын өмчлөлийнх учраас 3,000,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул 5,956,000 төгрөгийг Баянгол дүүргийн Газрын харилцааны албанаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г.Д.Г.Аны шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар захирамжийг хэрэгжүүлж 39 түргэн үйлчилгээний цэг, түүнтэй адилтгах зөөврийн обьектийг албадан нүүлгэж газар чөлөөлсөн. Энэ ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын урд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан иргэн Г.Гд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч үл биелүүлсэн, ТҮЦ-ээ өөр газарт татаж авах талаар ямар ч санал, санаачлага гаргаагүй учир ТҮЦ-ийг нь албадан нүүлгэж, журмын хашаанд байрлуулсан. Иргэн Г.Г нь уг ТҮЦ-ийг У.Э.Т ХХК-иас 100 хувийн зээлээр авч, гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй байсан тухай тус компаниас манай албанд хандсан байдаг бөгөөд газар чөлөөлөхөд гарсан зардлыг төлж ТҮЦ-ээ авсан байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 2.1.1, 4, 6.1.3, 6.2 дахь заалтыг хэрэгжүүлсэн учир иргэн Г.Ггийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г.Д.Г.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: 2016 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн засаг даргын 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод АСЕМ-н уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан чөлөөлөх тухай захирамж гарч, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг манай газрын албанд даалгасан байдаг. Үүний дагуу манайхаас газар албадан чөлөөлүүлэх ажиллагааг явуулсан. Тухайн үед 10 гаруй ТҮЦ-ийг албадан чөлөөлсөн. ТҮЦ-ийг ачсаны дараа Гантуяа нь нэг ч удаа ТҮЦ-ээ авъя гэж ирж байгаагүй. Уламбаяр гэдэг хүн ирж уулзаж ТҮЦ-ээ хүнд зээлээр өгсөн байсан газрын албанд хураалгасан байна гэдгийг сонслоо гэж ирж уулзсан. Тэгэхээр нь ТҮЦ-ний өмчлөгч гэдгээ нотлох баримтыг үзүүлнэ үү гэхэд Ганутяатай байгуулсан зээлийн гэрээгээ үзүүлсэн. Уламбаярын ТҮЦ болох нь тогтоогдож байсан учраас Уламбаярт өгсөн. ТҮЦ-ний доторх барааны хувьд Гантуяа өөрөө авах ёстой байсан. Гэтэл аваагүй. Хаалгыг нь лацдаж, битүүмжилсэн. Тухайн үед барааг тоолох боломж бидэнд байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г.Д.Г.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Иргэн Гантуяа нь нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг биелүүлээгүй, Тамхины хяналтын тухай хуулийн зөрчсөн. Нийслэлийн засаг дарга, Баянгол дүүргийн засаг даргын захирамжийг санаатай эсэргүүцсэн. Өмнө нь 2016 оны 2 дугаар сард Г.Ггийн ТҮЦ-ийг ачиж байсан. Гэтэл дахиад буцаагаад авчраад тавьсан байсан. ТҮЦ-ийг ачиж явахыг Гантуяа харж байсан. Түүнээс хойш 7 дугаар сар хүртэл ТҮЦ-ээ авах боломж байсан. Гэтэл Уламбаяртай тохиролцоо хийсэн байсан. Гантуяа нь бусад хүмүүст буруу үлгэр дууриалал болж нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчиж, санаатай эсэргүүцсэн. Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас журмынхаа дагуу л ажиллагаагаа хийж гүйцэтгэсэн. Дотор нь бараа байсан эсэхийг мэдэхгүй. Уламбаяр гэж хүн дотор нь байсан тодорхой хэмжээний барааг бүртгэж авсан байдаг юм байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Э.Т ХХК-ийн төлөөлөгчН.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай У.Э.Т ХХК нь Г.Гтай 2015 оны 11 дүгээр сарын 2-нд Хамтран ажиллах гэрээ байгуулж, 3,5х2,5 хэмжээтэй түргэн үйлчилгээний цэгийг өөрийн зардлаар угсарч, 3,000,000 төгрөгөөр буюу 100 хувийн зээлээр Г.Гд өгсөн. Г.Г нь өөрийгөө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга гэж үнэмлэхээ үзүүлсэн. Ажлаа өгсөн байсан юм байна лээ. Надад ТҮЦ-ний зөвшөөрөл авч өгнө гэж хэлээд 2,000,000 төгрөг бэлнээр авсан. 2015 оны 11 дүгээр сард ТҮЦ-ээ өгсөн. 2017 оны 1 дүгээр сард журмын хашаанд хураалгасан байсан. Би ТҮЦ-ээ авахад маш их эвдрэлтэй байсан. Гантуяа надтай утсаар ярьж Б.Г.Д.Г.Анаас ТҮЦ-ийг хураасан, журмын хашааны мөнгийг нь өгөөд авчих гэж хэлсэн. Би журмын хашааны мөнгийг нь төлөөд ТҮЦ-ээ авсан, мөн краны жолоочийн мөнгийг ч төлсөн. ТҮЦ-ийг анх 32-ын тойргийн цаана тавьсан. Гэтэл 3 удаа зөөсөн байна. Зөөгдөх үедээ эвдрэлд орж, засаад ч хүн авахааргүй болсон байна лээ. Би завсар хийсэн. Г.Г нь гэрээний дагуу 0,5 хувийн алданги төлөх ёстой. ТҮЦ доторх бараа 5,000,000 төгрөг байсан гэж нэхэмжлэл гаргажээ. Ундаа, ус бол байсан, гэхдээ хугацаа нь дууссан байсан. Шоколад нь хайлсан, тамхи байгаагүй, манай дүү 400,000 гаруй төгрөгийн барааг нь хүлээж авсан байдаг. Би Гантуяад тохиролцъё гэхэд боломжгүй гэсэн. Гантуяа мэдсээр байж төрийн байгуулагад итгэж найдаад ТҮЦ-ээ ачуулсан гэж надад хэлсэн. ТҮЦ-ийг авахад бараа нь бүгд муудсан, хугацаа нь дууссан байсан. Зарим нэгийг нь хүнд зараад бусдыг нь хаясан. Үнэхээр 5,000,000 төгрөгийн бараатай байсан бол миний 3,000,000 төгрөгийг төлж болох байсан. ТҮЦ-нд нь 450,000 төгрөгийн л бараа байсан. Би 2016-2018 он хүртэл гэрээний дагуу 0,5 хувийн алданга тооцож бодвол их мөнгө гарна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөндлөнгийн байр сууринаас харахад Г.Г өмнө нь ч гэсэн ТҮЦ-ээ ачуулж байсан. Ачих үед өөр хүн сууж байсан, Г.Г түр гараад явсан гэж байна. Гэхдээ ТҮЦ-ийг ачиж явахыг мэдэж байсан нь утасны ярианаас тодорхой харагдаж байсан. Төрийн байгууллагад итгэсэн учраас ТҮЦ-ээ ачуулсан гэж байна. Доторх барааг нь зориуд авахгүйгээр газрын албыг ачиж явсны дараа хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Г.Д.Г.А холбогдуулан гэм хорын хохиролд 5,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын нэр нь Б.Г.Д.Г.А гэж өөрчлөгдсөн боловч тухайн байгууллагын чиг, үүрэг өөрчлөгдөөгүй байх тул шүүхээс хариуцагч солигдоогүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түргэн үйлчилгээний цэгийн үнэ 3,000,000 төгрөг, түүний дотор байсан бараа, материал, эд хогшлын үнэ 5,956,000 төгрөг, нийт 8,956,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал нь түргэн үйлчилгээний цэг нь нэгэнт гуравдагч этгээдийн эд хөрөнгө тул 3,000,000 төгрөгийг хасаад, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 5,956,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасантай харшлахгүй. Нэхэмжлэгч Г.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Итгэмжлэл-ээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Г өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Г.Д.Г.А миний ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/-ийг албадан нүүлгэж, журмын хашаанд тавьсан. Улмаар ТҮЦ-ийг өмчлөгчид нь буюу У.Э.Т ХХК-д хүлээлгэж өгөхдөө дотор нь байсан миний эд барааг бүгдийг нь хамт өгч намайг хохироосон гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...бид хууль бус үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/-ийг зохих журмын дагуу албадан нүүлгэсэн. Нэхэмжлэгч Г.Ггийн гэх ТҮЦ-ийг жинхэнэ эзэмшигчид нь хүлээлгэж өгсөн ба ТҮЦ дотор байгаа бараа, бүтээгдэхүүнийг бүртгэх, тоолох үүргийг бид хүлээгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд, нийтийн эзэмшлийн талбайд 3.5 х 2.5 хэмжээтэй, 8.75 м2 талбайтай зөөврийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг ажиллуулж байсан ба 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучин нэрээр/ нь Б.Г.Д.З.Д.Т.Г Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансарын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11/162 дугаартай албан хүсэлт, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Албадан газар чөлөөлөх тухай ... дугаар захирамжийн хүрээнд уг ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг нийтийн эдэлбэр газар, гудамжинд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр албадан нүүлгэж, журмын хашаанд байрлуулжээ.
Улмаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 3.5 х 2.5 хэмжээтэй, 8.75 м2 талбайтай зөөврийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг У.Э.Т ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн, эдгээр болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучин нэрээр/ нь зөөврийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийг албадан нүүлгэхдээ дотор нь байсан бараа, эд зүйлийг үзэж, бүртгэлгүйгээр журмын хашаанд байршуулж, улмаар У.Э.Т ХХК-д зөөврийн ТҮЦ-ийг хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч Г.Ггийн эд хөрөнгөд хохирол учирсан байна гэж үзэхээр байна.
Бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтаар харин бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг мөн хуулийн 510 дугаар зүйлд тус тус тодорхойлон заасан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгчН.Уын ... ТҮЦ дотор байсан барааг нийлүүлээд 450,000 төгрөгөөр зарсан, шат, хаалга нь одоо надад байгаа гэх тайлбараар ТҮЦ дотор тодорхой хэмжээний бараа байсан тогтоогдож байх бөгөөд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны нягтлан бодогч, санхүүгийн ажилтан Д.А нь ТҮЦ-ийг У.Э.Т ХХК-д хүлээлгэн өгөхдөө доторх бараа, эд хогшлыг шалгалгүйгээр хамт өгсөн буруутай үйл ажиллагаа явуулжээ. Гэхдээ хариуцагч Баянгол дүүргийн Өмч, газрын албанаас Г.Гд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгч байсан, 2017 оны 2 дугаар сард газрыг чөлөөлөөд ТҮЦ-ийг Г.Ггийн эзэмшилд үлдээхэд дахин тухайн газраа ТҮЦ-ийг байршуулсан, 2017 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд бараа, эд хогшлоо авах талаар оролдлого хийгээгүй, хариуцагч нь дээрх ТҮЦ-ийг Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр тухайн газарт байрлуулсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Г.Г нь учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Ггийн хариуцагч Б.Г.Д.Г.Анаас гэм хорын хохиролд 5,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 159,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
Ш.ОЮУНТУУЛ