Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03099

 

2021 оны 11 сарын 24 өдөр                         Дугаар 102/ШШ2021/03099                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Ж овогт П ийн Т /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин байх, “Н” ХХК /РД:***6/-д холбогдох,

 

6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т болон “Н” ХХК-ийг төлөөлж захирал Ө.Ж нар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Вагончик ашиглуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр П.Т нь Баянзүрх дүүрэг дэх засвар үйлчилгээний хашаанд байсан *** улсын дугаартай чиргүүл дээр суурилуулсан, өөрийн эзэмшлийн 5,000,000 төгрөгийн үнэтэй вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хариуцагч талд 1 сарын хугацаатай үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсон. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр П.Т нь түрээсийн гэрээний зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Энэ талаар ч гэрээнд тодорхой заасан байгаа. Гэрээний 2 дугаар зүйлд “Б тал 30 хоногийн дараа эргүүлэн бүрэн бүтнээр нь А талын Баянзүрх дүүрэг дэх хашаанд авчран, актаар хүлээлгэж өгнө”, 3 дугаар зүйлд “Б тал нь гэрээнд заасан хугацаанд вагончикийг А талд буцаан хүлээлгэж өгөхгүй бол Б тал уг вагончикийг А талаас өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, А тал 2021 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөг Б талаас нэхэмжилнэ” гэж тус тус заасан. Гэвч Б тал буюу хариуцагч нь гэрээнд заасан хугацааг 13 хоногоор хэтрүүлж А талын хашаанд вагончикийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүргэж ирсэн. Энэ талаар хашааны манаач нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн байдаг. Мөн хариуцагч тал нь өнөөдрийг хүртэл авсан зүйлээ гэрээнд заасны дагуу албан ёсоор актаар хүлээлгэж өгөөгүй байгаа. на. Гэрээний 3 дугаар зүйлд заасан ёсоор Б тал нь 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт 6,500,000 төгрөгийг А талд төлөх тооцоо гарч байна. Иймд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Вагончик ашиглуулах гэрээ”-ний дагуу 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 6,500,000 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж иргэн П.Т т олгож өгнө үү. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Вагончик ашиглуулах гэрээ” нь “УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулагдаагүй, энэ талаар ямар ч баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө хэдэн төгрөгөөр хэнд зарах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Вагончик ашиглуулах гэрээ” нь  өөрөө 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Н” ХХК болон П.Т нарын хооронд байгуулагдсан “УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ”-ний салшгүй нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл “УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ”-ний хүрээнд вагончик нь дагалдах зүйл нь болж үнэгүй ашиглагдахаар ирсэн зүйл. Анх манай компани нь нэхэмжлэгчийн хайгуулын өрмийг нь түрээслэхээр болоход нэхэмжлэгч “...манайд ийм вагончик байна. Та нар хөдөө гадаа ир явдаг учраас үнэ төлбөргүй ашиглаж болно” гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хайгуулын өрөм түрээслэх гэрээний хүрээнд маргаж буй вагончик нь дагаж ирсэн. Мөн гэрээг 2021 оны 5 сарын 19-нд хийсэн гэж байгаа  ч газар дээрээ очиж авсан нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгаа. Мөн бид вагончикийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр аваачиж өгсөн. Анх нэхэмжлэгч дээр очиход тэрээр маргааны зүйл болсон гэрээгээ бэлдчихсэн байсан. Нэхэмжлэгч “...нэгэнт уулзсан юм чинь гарын үсгээ нэг мөсөн зурчих” гээд зуруулсан. Ингээд хайгуулын өрөм, вагончиг зэргийг аваад ажил эхлүүлэх гэтэл хайгуулын өрөм нь эвдрэлтэй, биет байдлын доголдолтой байсан. Бид өрмийг шууд ашиглах боломжгүй байсан ба өөрсдөө засварласан.  Ингээд эвдрэлийг нь засаж янзалж байна гээд 7-8 хоног ажил эхлэх боломжгүй хүлээсэн. Тухайн үед нь энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан. Ашиглах боломжгүй байна бид засвар хийж, 1,500,000 төгрөгийн өрмийн гол авч янзалж байна гэхэд тэрээр “...ойлголоо, ажлынхаа хоногоос хасуулчих” гэж хэлээд яваад байсан. Тиймээс энэ хугацаа хоног хэтэрч өгөх болсон шалтгаан нь түрээслүүлэгч тал биет байдлын доголтой зүйл түрээслэгч тал шилжүүлснээс болсон гэж үзэж байгаа.

Гэрээний 3 дахь заалт нь өөрөө алдангийн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах агуулгатай байгаа. Гэхдээ бид зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж буюу эвдэрхий зүйл өгснөөс болж бид тохирсон хугацааг хэтрүүлсэн учраас нэхэж байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгч өөрийн вагончикийг бусдад хямд үнээр буюу ердөө 4,500,000 төгрөгөөр худалдсан. Энэ нь өөрөө вагончикийг ашиглах боломжгүй, хямд эд хөрөнгөө өндрөөр үнэлж, биднээс хэтэрхий өндөр түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг харуулж байна.  4,500,000  төгрөгөөр вагончикийг бусдад зарчихаад хариуцагчаас 6,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Ер нь бол нэхэмжлэгч хэлэхдээ “...вагончикийн гэрээний хувьд заавал ийм гэрээ хийх шаардлага байхгүй, би хамтрагчдаа үзүүлэх баримттай үлдэх гэсэн юм” гэж хэлээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Тэрнээс биш бид ийм тулгасан, зөвшөөрөхийн аргагүй нөхцөлтэй гэрээг анхнаасаа зөвшөөрч гарын үсэг зурахгүй.  Бид хайгуулын өрөм болон вагончигийг нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн гэж бас нэг хоног нэмж яриад байгаад гомдолтой. Хэрэв энэ вагончикийг төлбөртэй гэж нэхэмжлэгч анхнаасаа хэлсэн бол бид нар өөрсдөө гэрээ бариад өрмөө ашиглаад явах боломжтой байсан. Үнэгүй аваад яв гэсэн учраас л авсан гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр П.Т /А тал/ болон Ө.Ж /Б тал/ нар “Вагончик ашиглуулах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ П.Т нь *** улсын дугаартай чиргүүл дээр суурилуулсан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын  хугацаатай Б талд төлбөргүй ашиглуулах;

2/ Б тал гэрээнд заасан хугацаанд вагончикийг А талд буцаан хүлээлгэж өгөхгүй бол Б тал вагончикийг А талаас өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, А тал 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгийг Б талаас нэхэмжилнэ.

 

2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч П.Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулж 6,500,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээгээр тохирсны дагуу 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 6,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэжээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Вагончик ашиглуулах гэрээ”-нд Б талыг төлөөлж Ө.Ж гарын үсэг зурсан байх хэдий ч гэрээнд “Н” ХХК-ийн тамга дарагджээ. Энэ байдлыг хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмтэй харьцуулан судлахад “Вагончик ашиглуулах гэрээ”-ний талуудыг П.Т болон “Н” ХХК-иудыг гэж үзнэ.   

Дээр дурдсанчлан талуудын байгуулсан гэрээнд “...вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын  хугацаатай Б талд төлбөргүй ашиглахыг зөвшөөрөв”, “...Б тал гэрээнд заасан хугацаанд вагончикийг А талд буцаан хүлээлгэж өгөхгүй бол Б тал вагончикийг А талаас өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, А тал 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгийг Б талаас нэхэмжилнэ” гэж заасан ба гэрээний агуулга, талуудын тохиролцооноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах болон мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулагджээ.

 

Тодруулбал, хариуцагч нь гэрээний зүйл болох вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үнэгүй ашиглах, үүнээс хэтэрсэн хоног бүр өдрийн 500,000 төгрөг төлөх гол нөхцлийг харилцан тохирсон явдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчөөгүй. Цаашлаад нэг тал нь нөгөө талын эрх ашгийг хохироосон гэрээний нөхцлийг тулгаж санал болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Талууд *** улсын дугаартай чиргүүл дээр суурилуулсан вагончик нь хариуцагчийн эзэмшилд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тодорхой хугацаанд байсан талаар маргаагүй. Ийм учраас нэхэмжлэгч П.Т т 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Вагончик ашиглуулах гэрээ”-ний 3 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “...бид вагончикийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр буцаан авсан” гэсэн, хариуцагч талаас “...вагончикийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргасан. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд хариуцагчийн асуулгасан гэрч Т.Энхтөгсийн “...өрмийг ...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байлгасан” гэх мэдүүлгийг үндэслэж хариуцагч тал вагончикийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгасан буюу ашигласан гэж шүүхээс үзлээ.

 

Иймд хариуцагч “Н” ХХК-иас 6,000,000 /12хоног х 500,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т т олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцнэ.

 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Вагончик ашиглуулах гэрээ” нь мөн өдөр “Н” ХХК болон П.Т нарын хооронд байгуулагдсан “УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулагдсан, вагончик нь хайгуулын өрмийн дагалдах хэрэгсэл болж үнэгүй ашиглагдах ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй нэг үндэслэлээ хариуцагч талаас тайлбарласан.

 

Гэвч хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Н” ХХК болон П.Т нарын хооронд байгуулагдсан “УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ”-ний агуулга, “УКС-22 хайгуулын өрмийн дагалдах хэрэгслийн жагсаалтаас үзэхэд хариуцагчийн татгалзалд дурдагдсан нөхцөл байдал илрээгүй ба хариуцагч талаас асуулгасан гэрч Г.Эрдэнэбаатарын “...вагончик нь үнэгүй ашиглагдах ёстой, ...вагончикний түрээс гэсэн ямар ч тохироо байгаагүй” гэх тайлбарыг давхар нотлох баримт хэрэгт байхгүй байна /хх28, 29 хуудас/.

Мөн нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлийг хэрхэн захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал тул хариуцагчийн “...нэхэмжлэгч биднээс хэтэрхий өндөр түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа. Энэ нь нэхэмжлэгч ачааны вагончикийг бусдад хямд үнээр худалдсан байдлаар илэрнэ” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ