Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02494

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 66 дугаар байр, 18 тоотод оршин суух, Ц овогт Ё ... /ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, “Тэнгэрийн 7 од” ХХК хаягт оршин суух, Ховогт Б ... / холбогдох

 

гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.... болон Б.... нар 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь 88.12 м2 талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид 103,000,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч Ё.... нь уг 103,000,000 төгрөгийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр зарим хэсгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч хариуцагчид төлсөн. Ингээд 2016 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан орон сууцны хэмжээ нь бодит байдал дээрээ 79.76 м2 талбайтай болохыг олж мэдсэн байдаг. Үүнийг хариуцагч Б....д мэдэгдэхэд тэрээр “...би өөрөө хэмжүүлнэ” гээд явсан ч буцааж хариу өгөөгүй. Ингээд хариуцагч өөрөө нэхэмжлэгчид анх тохирсноос дутуу хэмжээтэй байр худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч анх “...8.36 м2 талбай дутуу байна. Үүний зөрүү 9,785,000 төгрөг, банкинд төлж байгаа хүүний зөрүүгээ тооцоход нийтдээ 20,000,000 төгрөг болж байна” гэж хэлэхэд хариуцагч “...арай их байна, багаар тохиръё” гэж хэлснээр нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “өр, авлага барагдуулах тухай хэлцэл”-ийг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Б.... нь нийт 15,000,000 төгрөгийг гэрээнд заасан төлөвлөгөөт хугацааны дагуу буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Ийнхүү гэрээний хугацаанд өр барагдуулагч Б.... нь гэрээний үүргийнхээ тодорхой хэсгийг нэхэмжлэгчийн байнгын шаардлагын үндсэн дээр биелүүлсэн бөгөөд нийт 8,000,000 төгрөгийн өрийг төлсөн. Гэвч үлдсэн 7,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааныхаа дагуу буюу одоо болтол төлж барагдуулаагүй байгаа юм. Нэхэмжлэгч Ё.... нь уг хугацаанд Б....д хэлцэлд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн боловч Б.... нь энэхүү байдлыг үл тоон, нэхэмжлэгчийг хохироож байгаа байдал үүссэн тул ийнхүү шүүхэд хандахад хүрсэн болно. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл болох 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё....ын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ё.... нь 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч болон Б....тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, Б....гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө түр 66 дугаар байр,  тоот 88.12 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг гэрээний дагуу Б.... нь орон сууцыг хүлээлгэн өгсөн ба тухайн үедээ тохиролцоод 103,000,000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг. Гэтэл Ё.... болон түүний эхнэр нь танайх байр зарахдаа м/кв-ийг дутуу тооцож өгсөн байна. Зөрүү 15,000,000 төгрөг гарч байна, хурдан өгөхгүй бол цагдаа шүүхэд хандаж, байрны бүх төлбөрөө буцаан гаргуулах болно гэх зэргээр айлган сүрдүүлж 5 жилийн дараа өр авлага барагдуулах хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн зүгээс нэмж мөнгө төлөх боломжгүй талаар хэлэхэд хуулийн дагуу хандаж гаргуулна, байрны болон бусад холбогдох зардлуудыг гаргуулна гэх зэрэг байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл зүй зохисгүй авир гаргаж байна. Тухайн үедээ өөрсдийн танил компаниар хэмжилт хийлгэсэн гэж ярьдаг боловч нийт хэдэн м/кв дутсан, ямар тооцооллоор 15,000,000 төгрөгөөр тооцож хэлцэл хийсэн нь тодорхойгүй байгаа ба тухайн үед худал хуурмаг зүйл ярьж сүрдүүлж хэлцэл хийж уг хэлцлийнхээ дагуу дээрх төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.... нь хариуцагч Б....д холбогдуулж 7,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Б.... 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Ё....той байгуулсан. Уг гэрээний дагуу Б.... өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчид худалджээ. 

 

Гэвч хариуцагч Б....гийн нэхэмжлэгч Ё....од худалдсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тусгагдсан хэмжээнээс бага байгаа талаар талуудын хооронд маргаан гарснаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.... болон Ё.... нар “Өр, авлага барагдуулах тухай хэлцэл” байгуулжээ. Уг хэлцэлд “...Иргэн Бүрнээ овогтой ... нь 2011 оны 11 сард иргэн Ёндонренчин овогтой ...од ...18 тоот байрыг худалдахдаа кв.м-ыг буруу тооцон иргэн Ё....од 15,000,000 төгрөгийн хохирол үүсгэснээ хүлээн зөвшөөрч доорх хэлцлээр хохирлыг барагдуулахаар тохиролцов” гэж тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Өр, авлага барагдуулах тухай хэлцэл” байгуулсан болон уг хэлцлийн дагуу Б....гийн зүгээс Ё....од 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч надад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн. Иймд үлдэгдэл төлбөрөө гаргуулж авна” гэж тайлбарлав.

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй. Тэрээр өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгч болон түүний эхнэр байнга дарамталж, айлган сүрдүүлж байсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өр, авлага барагдуулах тухай хэлцлийг хийсэн. Тэгээд ч орон сууцны талбайн зөрүүг 8,000,000 төгрөгөөр нь төлөөд дуусгасан гэж үзэж байна” гэжээ.

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн “Өр, авлага барагдуулах тухай хэлцэл” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Иймд нэхэмжлэгч Ё.... 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Өр, авлага барагдуулах тухай хэлцэл”-ийн дагуу үлдэх 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гаас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё....од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....гаас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё....од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГА