Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 71

 

Д.Х, Г.Б, Ц.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгч Д.Х /онлайнаар/,

Шүүгдэгч Г.Б /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр / онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нарт  холбогдох 1829002350160 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х, Г.Б нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  оршин суух, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, ам бүл 1, оршин суух, Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, ам бүл 1, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “З” ХХК-ийн эзэмшлийн 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Зоригтод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Зузаан овгийн Г.Б,  Д.Ху нарыг бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгааг, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б, Д.Х нараас 42.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Ч-т, 20.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч “З” ХХК-нд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч О.Ч-ын 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль

нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Шүүгдэгч Д.Х миний бие болон Г.Б гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Д, Ж.Э, Б.М нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт, миний бие өөрийн оролцоог, тухайн машиныг худалдан авах зорилготой байсан, машин авах 20.000.000 төгрөгтэй явж байсан талаар гэрч нар мэдүүлдэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Д, Ж.Э, Б.М нар нь машин худалдан авах талаар ярилцаж байсан. Г.Б бид хоёрын ярьсан яриаг гэрчилдэг. Мөн З-г машин зарах гэж байсан талаар гэрчилдэг. Ж.Э болон миний өгсөн мэдүүлэгт З-д Г.Б Драгон авто вокзал дээр машины мөнгө 14 сая төгрөгийг өгөх гээд очоод Б-д өгчихлөө гээд хүрч ирсэн. Зоригтын шүүх хуралдаанд өгсөн Д.Х-ийг танихгүй гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас Д.Х намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж 4 жилийн хорих ял оноосон нь учир дутагдалтай байна.

Шүүх  хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд нөлөөлж болох Г.Б, Г.Д, Б.М, Ж.Э нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал өөрөөр хэлбэл надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэлийг сольж мөн хуулийн 18.6 буюу мөнгө угаах зүйл анги руу оруулж шийдэж болохыг анхаарч үзсэнгүй.  

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буруу хэрэглэн ноцтой зөрчсөн талаар:

Д.Х, Г.Б, Ц.З нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нар бөгөөд тухайн шүүх хуралдаанд Ц.З өмгөөлөгч Н.Энхтөрөөр өөрийгөө өмгөөлүүлэх өмгөөлөгчөөр сонгон мөн Г.Б, Д.Х нар өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган шүүх хуралдаанд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл Г.Б, Д.Х нарын өөрийгөө өмгөөлөхөөр гаргасан хүсэлт нь хүчингүй, зайлшгүй өмгөөлөгчтэй оролцохоор хуульд заасан онцгой тохиолдол байсан байна.

3. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулан эрх зүйн байдал дордсон талаар:

Миний бие 2019 оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн 17.2.3.2-д буюу дээрмийн гэмт хэрэгт холбогдон 2020 оны 05 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхээр 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор 9 жил хорих ялаар шийтгэгдэж яллагдсан.

Тухайн хэргийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хяналтын прокурор аймгаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1829002350160 тоот хэрэг шалгагдаж байгаа 2 хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлт амаар болон бичгээр өгсөн боловч 2 хэргийг тусгаарлаж шалгахад эрх зүйн байдал дордохгүй хэмээн шүүхээр оруулж шийдүүлсэн. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 25-нд Ханбогд сумын Сум дундын шүүхээр 1829002350160 хэрэгт шүүгдэгчээр орж, 2020/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил хорих ял эдлэхээр болж 2 шийтгэх тогтоолоор нийт 13 жил хоригдох болсон нь эрх зүйн байдал дордсон. Нэгтгэж яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-д заасан хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсний дагуу 12 жилийн хорих ял дотор ял оногдуулах байсан.

Өөрөөр хэлбэл тухайн 2 хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд тухайн бүлгийн хуульд заасан хорих ялын дээд хэмжээ нь 12 жил юм. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор нийт 13 жил хоригдох болчихсон байгаа миний хувьд эрх зүйн байдал дордсон билээ.

4. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзээгүй.

Д.Х миний хувьд хэд хэдэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж заасан. Хохирогч “З” нүүрс тээврийн компани нь нүүрс тээвэрлүүлэхээр Ц.З-д машинаа албан ёсоор гэрээ хийгээгүй, машин хүлээлгэн өгсөн, авсан бичиг баримт үйлдээгүй шууд машинаа өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Энэ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд байх аливаа иргэн хүнээр ажил хөдөлмөр эрхлүүлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулах, багаж хэрэгсэл техник хүлээлгэж өгөхдөө хүлээн авсан, хүлээлгэж өгсөн бичиг гэрээ үйлдсэн байх талаар тусгасан байдаг нь Ц.З-д “Зунмен” ХХК нь машинаа хүлээлгэж өгсөн, авсан нотлох баримт үйлдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн Ц.З Улаанбаатар хот хүргэсэн. Машины бичиг баримтыг Драгон авто вокзал дээр сайн дураар орхисон зэрэг нь тухайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоогоор хангасан. Энэ нь хохирогчийн хууль бус буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал харагдаж байна.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.

Г.Д, Ж.Э, Б.М, Г.Б нарын мэдүүлэгт Д.Х намайг машин худалдаж авах гэж явсан талаар мэдүүлдэг. Мөн машин авах 20.000.000 төгрөгтэй явж байсан. Мөн Г.Б  машины мөнгө 15.000.000 төгрөгийг Ц.Зоригтод мөнгө өгсөн гэж тухайн үед надад итгүүлсэн. Ц.З-д мөнгө өгөхөөр Драгон авто вокзал руу Ж.Э, Г.Б нартай очиж Г.Б хар ууттай мөнгө Ц.З-д өгчихөөд ирлээ гэж Ж.Э-ын мэдүүлэгт дурдсан зэргээс харахад Д.Х миний хувьд тухайн машиныг худалдаж авсан гэх ойлголттой байсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж болох нь харагдаж байна.

Миний бие анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон ба тухайн үед сүлжээ унаж, дуу дүрсний доголдол гарч прокурор, шүүгчийн ял шийтгэл оногдуулах  үед юу хэлсэн нь дуу дурс гацаж учир дутагдалтай хурал болсон. Миний хувьд учруулсан гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч харамсаж байна. Учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.

Иймд миний гаргасан гомдлыг хянан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлэн ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна” гэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Би анх 2018 оны 4 дүгээр сарын үед хилийн боомтоос буцаж явах үед стана мирконд Ц.З-той танилцаж, хотод таних хүн байхгүй очих газар байхгүй гэхээр нь би гэртээ хонуулсан.

Тэр үед надад Ц.З приус 20 маркийн авто машин авах гэсэн юм. Машин олж өгөөч. Мөнгө байгаа гэсэн. Би тэр үед приус-30 машинтай байсан. Тэгээд би машин олоод өгтөл мөнгийг маань авгай ах дүү нартаа өгчихсөн байна. Би одоо яаж мөнгө олж өгдөг юм билээ гэснээ надад том машин буюу шлаанз олдоно. Хужаа эзэнтэй эргээд нэхэхгүй болохоор зарах гэсэн юм. Чамд авах хүн олдох болов уу гэхэд би олдох байх гээд Зоригтоор драгон дээр хүргээд өгөөч би Цагаан хад явлаа гээд хүргүүлсэн.

Тэгээд 2018 оны 7 дугаар сард над руу залгаад нэг чиргүүлтэй  толгой байна. Над дээр 10 гаруй хоног хонолоо, хүн нэхэж ирэхгүй байгаа учраас 19.000.000 төгрөгөөр зармаар байна. Хүн олдох болов уу гэж ярьсан. Би хүн олдвол хэлье гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 15-нд над руу нэг машин байна 25.000.000 төгрөгөөр зармаар байна гэж утсаар ярьсан. Би Д.Х рүү ярихад 20.000.000 төгрөг байна гээд Г.Д, Б.М, Ж.Э, Д.Х нартай хамт суманд очиж Ц.З-той уулзаж машиныг үзсэн. Зарах машины бичиг баримт компанийн нэр дээр байдаг шилжих боломжгүй, хятад хүний машин гэсэн.

Д.Х тэгвэл машины мөнгийг одоо өгөхгүй, хотод очоод больё гэсэн. Тэгээд Ц.З хот руу оруулж өгье гээд Ц.З бид 2 шланзыг унаад хот руу гарсан. Тэгээд Ц.З ярьж байгаад машинаа 15.000.000 төгрөгөөр зарахаар болж чиргүүлийг нь зарж, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны үед толгойг нь янзлаад зарсан. Д.Х намайг З-ын мөнгийг өг гэж эхлээд 1.000.000 төгрөг дараа нь 14.000.000 төгрөг надаа өгсөн. Би Д.Х, Ж.Э хоёртой Драгон дээр очиж Ц.З-д мөнгө өгнө гэж хэлээд 14.000.000 төгрөгийг аваад машинаас бууж яваад мөнгийг Ц.З-д өгөлгүй өөртөө ашигласан.

Тэр үед Д.Х мөнгө Ц.З-д өгсөн гэж ойлгосон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З-ын үйлдэл үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Г.Б, Д.Х нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шууд батлах үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна” гэх боловч гэрч Г.Д, Ж.Э, Б.М нарын болон Д.Х бид хоёрын тайлбарыг, мэдүүлгийг авч хэлэлцээгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоход миний бие хавтаст хэрэгтэй нэг ч удаа танилцаагүй. Шүүх хуралдаанд цахимаар оролцож байхад шүүгч болон прокурорын хэлсэн, ярьсан үг гацаж ямар ч ойлгомжгүй байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүх хурлын хэлэлцүүлэгтэй маш их зөрүүтэй байна. Иймд өөрийн биеэр шүүх хуралд оролцуулна, мөн миний ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаярын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүгдэгч Ц.З-ын холбогдсон хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан гэж үзэж байна.

1. Шүүгдэгч Ц.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Г.Б, Д.Х нарын мэдүүлэг, “З" ХХК-ийн Хятад улс дахь төлөөлөгчөөс “манай найз нүүрс тээвэрлэнэ" хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэх замаар 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Г.Б-д авч өгөн, гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй хамтран оролцсон, уг үйлдлээ цааш үргэлжлүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Б-д өгөхөөр Улаанбаатар хотод ТҮЦ-ний худалдагчид үлдээсэн, бусдын эд хөрөнгийг залилах гэмт үйлдлээ таслан зогсоогоогүй, Цагдаагийн байгууллагад мэдээлээгүй зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байхад шүүх түүний үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй", “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон" гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан.

2.Тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /гэмт хэргийн шинжгүй/, мөн зүйлийн 1.8 /гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон/-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар Ц.З-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар дүгнэж бичжээ.

Шүүх ийнхүү хуулийн хоёр өөр зохицуулалтыг нэгэн зэрэг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн шүүгдэгч Ц.З-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх “аргагүй хамгаалалт", “баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах", “гарцаагүй байдалд хохирол учруулах”, “албадлага, эрхшээлд автах”, “үндэслэл бүхий эрсдэл", “тушаал даалгавар биелүүлэх” зэрэг нөхцөл байдлуудын аль нь ч тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Шүүх шийтгэх тогтоолдоо дараах алдаа, зөрчлийг гаргасан байна. Тухайлбал хэрэгт хяналт тавьсан прокуророос шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан хэсгийг орхигдуулж бичсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

4. Шийтгэх тогтоолын “тогтоох’’ хэсгийн 7 дугаар заалтад: “Шүүгдэгч Г.Б, Д.Х нараас 42.500.000 /дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Ч-т, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан, хохирогч “З" ХХК-д тус тус олгосугай” гэж дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т: “....шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д: “...эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх” гэсэн заалтуудад тус тус нийцээгүй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1829002350160 дугаартай эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Х, Г.Б нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Прокурор нь Д.Х, Г.Б, Ц.З нарын гэмт хэрэг үйлдсэн гэх хугацааг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж тодорхойлж, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт тэдгээрийг буруутгаж буй гэмт хэрэг гарсан гэх хугацааг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болох талаар мэдүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны  01, 18 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 83-86 дугаар хуудас/  

Шүүх гэмт хэрэг гарсан гэх хугацааг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

2. Мөрдөгч нь мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзсэний дараа, хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Х, Г.Б нарт  хавтаст хэргийн материал танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хавтаст хэргийн  материалтай танилцах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна. / хэргийн 2 дугаар хавтасны 72, 73 дугаар хуудас/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-д заасан оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг хянах үүргээ прокурорыг биелүүлээгүй гэж үзэв.

3. Прокурорын газрын туслах ажилтан О.Д-н бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/75 дугаартай яллах дүгнэлтийг “ мөн өдрийн 17 цаг 00 минутанд яллагдагч нарт эх хувиар гардуулан өгсөн” тухай тэмдэглэл хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудсанд авагдсан боловч уг тэмдэглэлд яллагдагч нар гарын үсэг зураагүй байна.

Гэтэл мөрдөгч Б.Д нь Д.Х-д яллах дүгнэлтийг гардуулан өгөхөд хүлээн авахаас татгалзсан тухай 2020 оны 6 дугаар сарын 04-ний Арвайхээр суманд үйлдсэн тэмдэглэл байна. /хэргийн 2 дугаар хавтасны 90 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах ажиллагааг мөрдөгч бус прокурор гүйцэтгэх ёстой. Түүнчлэн хэрэгт яллах дүгнэлтийн хувийг яллагдагч нарт гардуулахыг мөрдөгчид үүрэг болгосон прокурорын шийдвэр байхгүй байх тул прокурорыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчид танилцуулаагүй нотлох баримтыг хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

4. Мөрдөгч нь яллагдагч Г.Б, Д.Х нарыг энэ гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байсан тул хэргийг нэгтгэх тухай саналыг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр прокурорт гаргасан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 58 дугаар хуудас/

Прокурор мөрдөгчийн санал гаргасан болон яллах дүгнэлт үйлдэх үедээ  хэргийг нэгтгэх  үндэслэл байгаа эсэх талаар шийдвэр гаргахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 32.4 дүгээр зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэл болно.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор нь хэргийг нэгтгэх хүсэлтийг Улсын прокурорт уламжилсан гэж байх боловч мөрдөгчийн саналыг шийдвэрлэх үүрэг хяналт тавьж буй прокурорт олгогдсон тул уг тайлбар хуульд нийцээгүй.

Шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Иймд энэ тухай яллагдагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулан тогтоож, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэм хорыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэснийг баримталж хохирлыг арилгана.

Гэмт хэргийн халдлагын зүйл болсон тээврийн хэрэгслийн талаар “35-92УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч толгой нь кабины жолооч талын ар хэсгээс цөмөрсөн, 72-40БЧ чиргүүл нь ар хэсэгт эвдэрсэн эвдрэлтэй” гэх мэдээлэл уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх В гэх БНХАУ-ын иргэний гэрчээр өгсөн мэдүүлэгт авагдсан. /хэргийн 1 дүгээр хавтасны 57 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч О.Ч “машинд шинээр  2500000 төгрөгний сэлбэг тавьсан” гэж мэдүүлжээ./хэргийн 2 дугаар хавтасны 78 дугаар хуудас/

Дээрх мэдээллээр тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байжээ гэж үзэхээр байхад үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний обеъкт болох тээврийн хэрэгслийн талаар хуучин гэж бичснээс өөр шинж чанарын талаар заагаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 91 дүгээр хуудас/

Иймд хохирлын хэмжээг бодитой тогтоогдсон эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлоогүй гэж үзнэ.

Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 182900235 дугаартай хэрэгт “З” ХХК-ийг хохирогчоор тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлахаар шийдвэрлэсэн байна. Тогтоолыг мөрдөгч Б.Б гаргасан бөгөөд “олсон нь”  гэх хэсэгт “..манай “З”  ХХК-ий эзэмшлийн 35-92 УНЗ улсын дугаартай норд бенз маркийн  ... автомашин ... жолоочийн хамт сураггүй алга болсон” гэж бичжээ. Эндээс “З” ХХК нь мөрдөгчтэй хамааралтай, 72-40БЧ чиргүүлийг залилсан гэх гэмт хэрэгт уг компани хохирогчоор тогтоогдоогүй гэж ойлгогдохоор байна. /хэргийн 01 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/

Гэтэл Ш.Б-ыг “З” ХХК-ий хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлийг зөрчсөн байна /хэргийн 1 дүгээр хавтасны 50, 54 дүгээр хуудас/

Түүнчлэн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс яллагдагч Г.Б, Д.Х нараас 20000000/хорин сая/ төгрөгийг гаргуулж “З” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. /хэргийн 2 дугаар хавтасны 191 дүгээр хуудас/

5. Яллах дүгнэлтэд “яллагдагч Г.Б, Д.Х, Ц.З нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний ...хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж гэмт хэргийн агуулгыг зааж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Ц.Зоригтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх гэмт хэргийг   Г.Б, Д.Х нар бүлэглэн үйлдсэн болох нь тус тус тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. /хэргийн 2 дугаар хавтасны 85, 190 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэр, оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасан нотолбол зохих асуудалд хамаарна. Энэ нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хор уршиг хоёрын шалтгаант холбоог тогтоох, улмаар хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулах үндэслэл болно.

Яллах дүгнэлт, улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагч нарыг “жолооч”-оор ажил гүйцэтгэнэ гэж тээврийн хэрэгслийг хүлээн авсан тухай тус тус заасан байх боловч тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахдаа хэзээ, хэнтэй, амаар бичгээр аль байдлаар, ямар нөхцлөөр, тохиролцож хэзээ хэнээс хүлээн авсан, хүлээлгэж өгсөн этгээд нь “З” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэх үзэх үндэслэл болно. Энэ нь гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамааран түүнийг арилгах нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 499, 498 дуаар зүйлийг хэрэглэн хохирлыг арилгах шаардлага үүссэн эсэхэд зөв дүгнэлт хийх боломжгүй байдлыг үүсгэсэн.  

Мөн шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхдээ гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилсан, хамтран үйлдэх санаа зорилго нь хэрхэн нэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгавал зохих асуудлыг шүүх шийдвэртээ тусгаагүй зөрчилд хамаарна.

Шүүх Ц.З-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгаагүй байх тул энэ тухай бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

7. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.З нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн хамт оролцсон байхад шүүх хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой Г.Б, Д.Х нарт өмгөөлөгч сонгох, оролцуулах талаар боломж олголгүй шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-т заасантай нийцээгүйгээс гадна  Г.Б, Д.Х нарын мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн байна.

Дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна

Иймд прокурорын эсэргүүцэл, Г.Б, Д.Х нарын давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байх боловч нотолбол зохих асуудлыг шалган тогтоогоогүй нь хэргийг шүүхэд бус, прокурорт буцааж дахин шалгуулах үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б, Д.Х, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б, Д.Х, Ц.З нарт холбогдох эрүүгийн 1829002350160 дугаартай 2 хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Г.Б, Д.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.З-д урьд хувийн баталгаа гаргахаар авсан  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ