Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/30

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч Э.Мандахнаран,

шүүгдэгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч Ц.Энхболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Даваагийн Нэргүй,

мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овгийн Ганхуягийн Ганзориг нарт холбогдох эрүүгийн 201708000007 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-3-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Төв аймгийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 200 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЭ70020659 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Даваагийн Нэргүй

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1986 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Баянтал сумын “Талын илч” ОНӨҮГ-т галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ86121174 дугаарын регистртэй, Галт овгийн Ганхуягийн Ганзориг

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Нэргүй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 152 дугаар байрны 3-34 тоотод иргэн Ц.Энхболортой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг Баянтал сумын 1 дүгээр баг, 152 дугаар байрны 3 дугаар орцны 2 давхарын шатны уруу түлхэж унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Г.Ганзориг нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Д.Нэргүйг тус аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 152 дугаар байрны 3 дугаар орцны 2 давхарын шатнаас иргэн Ц.Энхболорыг шатны уруу түлхэж унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэдгийг мэдсээр байж мөрдөн байцаалтын шатанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Нэргүйгийн: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүр орох гэж байгаад Алтангэрэл гэдэг залуутай таарсан. Алтангэрэл хоёулаа ганц пиво ууя гээд дэлгүүрээс 1 пиво аваад манай гэрт орж ууж байх үед манай 4 давхарын айлын Мөнхбат гэдэг залуу тамхи байна уу? гэж манай гэрт орж ирсэн. Алтангэрэл гэдэг залуу Мөнхбатад тамхи, пиво 2-ын мөнгө өгч дэлгүүр явуулсан. Мөнхбат буцаж орж ирэхдээ Г.Ганзоригийг надтай цуг ажилладаг залуу байгаа юм гээд гэрт дагуулж орж ирсэн. Тэгээд бид 4 пиво уугаад сууж байгаад Мөнхбат бүгдээрээ хатуу юм ууя гэж хэлээд Алтангэрэл 0,75 литр Ерөөл архины мөнгө өгч Г.Ганзоригийг дэлгүүр явуулсан. Г.Ганзориг дэлгүүр явж  ирээд бид 4 архиа уугаад дуусах гэж байхад хаалга тогшоод хохирогч Ц.Энхболор орж ирээд миний хажууд сандал хувааж суугаад ширээ цохиод согтсон Мөнхбаттай маргалдаад байсан. Ууж байсан архи дуусаад дахин 0,5 литр Ерөөл авахаар дэлгүүр рүү Г.Ганзоригийг явуулж авчираад ууж байгаад талаас нь доогуур үлдсэн байсан. Тэгээд удалгүй Мөнхбат ажлаа амжуулна гээд гэрээс хамгийн эхэнд гараад явсан. Тэгээд араас нь Г.Ганзориг Ц.Энхболорыг аваад гэрээс гараад, Алтангэрэл бид 2-р манайд үлдэж архийг хувааж уугаад дуусгалгүй Алтангэрэл би гэрлүүгээ явлаа та унтаж амар гээд гарч яваад би гэртээ унтаж амарсан. Гадаа асуудал болсон байсныг сүүлд нь мэдсэн. Гэрийн гадаа болсон асуудлыг мэдэхгүй байна. Би гэртээ ганцаараа унтаад үлдсэн гэв.

 

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Ганзоригийн: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө ээлжийн ажлаас буусан. Мөнхбат гэдэг ахтай цуг ажилдаг юм. Би өглөө ажлаасаа буучихаад гэртээ байхад Мөнхбат ах манай урд талын дэлгүүрээс тамхи авна гээд явж байсан. Тэгээд намайг нэг тамхи зээлээд өгчих. Энэ мөнгөнд тамхи тааруулаад авчих гээд мөнгө өгсөн. Би дэлгүүр орж өөрийнхөө нэр дээр тамхи зээлж аваад, өгсөн мөнгөөр нь дахиж нэг тамхи аваад өгсөн. Тэгэхэд Мөнхбат ах хоёулаа ийшээ явж пиво уух уу гэхээр нь би хэнийд байгаа юм гэхэд манай найзынд байгаа гэж Д.Нэргүй ахыг хэлж байсан юм байлээ. Танихгүй айлд дэмий юм биш үү гэтэл зүгээр зүгээр манай найзынх юм. Хоёулаа амрах гэж байгаа юм чинь ганц, ганц пиво уучаад амаръя гэж хэлэхээр нь за за тэгье гээд явж байхдаа дэлгүүр ороод нэг пиво аваад Д.Нэргүй ахынд очсон. Д.Нэргүйгийнд очиж пиво ууж дуусаад Алтангэрэл гэдэг залуу хатуу юм ууна гээд 20.000 төгрөг өгч 0,75 литрийн Ерөөл архинд намайг явуулсан. Би архинд явж ирээд уугаад дуусах гэж байхад Ц.Энхболор надтай утсаар яриад чи хаана байна гэхээр нь би голын орцны 2 давхарт айлд байна гэж хэлээд утсаа салгасан. Ц.Энхболор удалгүй дахин залгасан. Намайг хаана байгаа юм бэ? гэхээр нь 2 давхарын голын хаалганд байна гэж хэлтэл, би хаалга чинь өмнө байна гэж хэлээд очоод хаалга нээж өгөхөд Ц.Энхболор жоохон архи уусан байсан. Ц.Энхболор үлдсэн архинаас 1 хундага архи уусан. Тэгээд архи нь дуусаж Алтангэрэл хариулт мөнгөөрөө 0,5 литр Ерөөл архи аваад ир гээд намайг явуулсан. Би архинд явчихаад иртэл Алтангэрэл хаалга онгойлгож өгөөд Ц.Энхболор, Мөнхбат 2-р маргалдаад байна гэж хэлсэн. Юунаас болж маргалдаад байгаа юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би ороход хоорондоо муудсан байдалтай сууж байсан. Авчирсан архиа уугаагүй Ц.Энхболор, Мөнхбат хоёр 00-ын өрөө рүү орсон. Би араас нь очиж харахад тамхи татаж байсан. Та хоёр одоо гарч ирэх болоогүй юм уу? гэхэд одоо тамхи татчихаад гарлаа гэж хэлсэн. Удалгүй Ц.Энхболор, Мөнхбат хоёр гарч ирээд авчирсан архиа уусан. Архи ууж байгаад Ц.Энхболор шалан дээр унтаад өгсөн байсан. Д.Нэргүй ахаас Ц.Энхболорыг энд унтуулчих юм уу? гэхэд яахын яахын чи наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Би сугадаж гутлыг нь өмсүүлээд Ц.Энхболорыг аваад гарсан. Бид хоёр гараад Ц.Энхболорыг орцонд хэвтүүлчихээд өөдөөс нь харсан хаалганд манай хүүхдийн цэцэрлэгийн багш байдаг гэр рүү нь орчихоод ирсэн чинь ийм зүйл болсон байсан. Тэгээд би Д.Нэргүй ахаас та яаж байгаа юм бэ? түлхцэн юм уу? хүн алчихлаа шдээ гэж хэлсэн. Д.Нэргүй ах үгүй ээ наадах чинь сая буух гэж байгаад бүдрээд ойчсон гэж хэлчихээд гэрлүүгээ орсон. Би буцаж Д.Нэргүй ахын хаалгыг нүдээд одоо Ц.Энхболорыг яах вэ? ядаж эмнэлэгт хүргэж өгье гэж хэлсэн чинь Д.Нэргүй ах би машинаа аваад ирье гээд алга болсон. Удалгүй баахан хүүхдүүд олон нийтийн байцаагчийг дагуулаад ороод ирсэн гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч ЦЭнхболорын:

2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ 11 цагт гэрээсээ гарч айлд очиж сангийн ажил хийж өгсөн. Тэгээд 11 цаг өнгөрөөд гэрлүүгээ харьж явтал хөдөөний 2 залуу мотоцеклтай явж байгаад надаас архи зардаг дэлгүүр байна уу? гэж асуусан. Би дэлгүүр зааж өгсөн чинь намайг ороод архи аваад өгчих гэж гуйхаар нь би нэг шил архи дэлгүүр орж авч өгсөн. Адууны эрэлд явж байгаа 2 залуу байсан. Хаана уухуу гэхээр нь би зүүн тийшээ барилга барьж байгаа хашаан дотор ороод ууя гэж хэлээд 0,5 литр архи уусан. Нөгөө 2 залуу бид 2 адууны эрэлд явж байгаа юм хорхойгоо дарах гэж байгаан гэж хэлээд тал хүртэл нь ууж багаад наймаг уучих гэж хэлсэн. Би үлдсэн архийг ууж дуусаад Г.Ганзориг руу утсаар залгаад хаана байна гэж асуусан чинь 152 дугаар байранд байна гэж хэлсэн. Хэнийд байгаа юм бэ? гэхэд Д.Нэргүйгийнд байна гэж хариулсан. Хана байдаг юм гэсэн чинь 152 дугаар байрны голын орцонд 2 давхарт байна гэхээр яваад очоод Д.Нэргүйгийнд ороод гар бариад мэнд мэдчихээд намайг наашаа суу гээд би Д.Нэргүйтэй нэг сандал хувааж суугаад гадуураа хүрэн куртиктэй байсан тэрийгээ тайлаад сандалын түшлэгэн дээр суусан. Тэгээд би ууж байсан 0,75 литрийн архинаас нь 2 хундага уусан. Тэгээд Г.Ганзоригийг ахж архинд явуулсан. Г.Ганзоригийг архинд явах хойгуур би чанга чанга ярьсан чинь наймаг чи айлд байгаа тэгж болохгүй шүү гэж хэлж байсан. Тэгээд 2-лаа маргалдаж байгаа нойлын өрөө ороод тамхи татаад эвлэрээд гарч ирсэн. Тэгээд буцаад сууж байсан өрөөндөө ороход Г.Ганзориг 0,5 литр архи тавьсан байж байсан. Би тэр архинаас нь бараг уугаагүй түмбүүшигний урдуур унталаа гээд хэвтээд өгсөн. Нэг мэдсэн чинь хүн чангаагаад байх шиг байхаар нь харахад 2 хүн гутал өмсүүлээд байх шиг байсан. Нэг мэдсэн чинь орцонд хэвтэж байсан. Тэгээд буцаж Д.Нэргүйгийн хаалгыг тогштол онгойлгоод ясан бэ? ямар аймар балбадаг юм бэ? гэсэн. Тэгэхээр нь куртикээ авъя гэж хэлхэд Д.Нэргүй цаашаа ороод куртик авч өгөөд өмсөх гэж байтал араас хэрүүл хийгээд байсан. Согтуудаа юу гээд байгаа юм бэ? гэж хэлтэл чам шиг муу бацаан намайг барахгүй шүү гэж хэлээд араас түлхсэн тэгээд доошоо өнхөрөөд яваад өгсөн. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Энхболорын:

“....хамт ажилладаг Ганзориг руу залгаад хаана байгаа талаар асуухад Нэргүйгийнд байна гэж хэлж байсан. Тэгээд би Ганзориг дээр Нэргүйгийнд явж очсон. Намайг тэднийд явж очиход Нэргүйгийн гэрт Нэргүй, Алтангэрэл, Ганзориг, Мөнхбат нар 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэр архи нь бараг дуусаж байсан. Архи дуусаад Ганзоригийг дэлгүүр рүү архинд явуулсан. Архинд яваад ирэхдээ 1 шил 0.5 литрийн Ерөөл архи авчирсан. Тэр архийг хуваагаад уугаад сууж байтал Мөнхбат намайг чи арай зөөлөн ярь битгий чанга орилоод бай айлд орж ирчихээд гэхээр нь та миний дууг хорьдог хэн бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхэд Ганзориг та хоёр угаалгын өрөөнд орж учраа ол гэж хэлсэн бөгөөд бид хоёр угаалгын өрөөнд орсон. Тэгээд би түүнээс уучлалт гуйгаад бид хоёр гар барьж эвлэрээд гарч ирээд үргэлжлүүлээд нөгөө шил архиа гал тогооных нь өрөөнд ууж дуусгасан. Тэгээд би тэр архийг нь уугаад Нэргүйгийн гэрт тасраад унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд Ганзориг намайг босгоод хувцас өмсүүлээд өргөөд Нэргүйгийнхээс гарч байсан. Тэгээд намайг орцонд үлдээгээд Нэргүйгийн хажуу талын айл руу утсаар ярина гээд Ганзориг орсон. Ганзоригийг орсон хойгуур намайг орцонд зогсож байхад Нэргүй гэрийнхээ хаалгыг нээхээр нь би буцаж ороод гадуур хувцасаа авах гэтэл намайг цаашаа яв гэхээр нь би шат руу буухаар явтал миний араас Нэргүй ирээд намайг түлхээд унагаачихсан. Тэгээд би тэр чигтээ шатны уруу нүүрний зүүн талын хэсэг, зүүн мөр талаараа ойчсон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Намайг ухаан ороход би Чойрын эмнэлэгт хэвтэж байсан. ...Намайг Баянтал сумын 152-р байрны голын орцны 2 давхарын шатнаас доош нь түлхэж унагаасан. ...би Нэргүйд түлхүүлж унаснаас болоод эмнэлэгээр маш их явж байна. Түүнээс хойш толгой байнга эргээд байгаа. Хоол нойрондоо муу болсон. 1-р эмнэлэгийн эмч нар тархи, нүүр амны мэс засалд яаралтай ор гэсэн боловч мөнгөгүй учраас орж чадахгүй байна. Хагалгаанд ороход 1 сая гаран төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Мөн би Улаанбаатар хотод эмнэлэгээр явж шинжилгээ эм тариа хийлгүүлсэн. Үүний зардал болох 500 000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Ц.Энхболорын:

“...Нэргүй намайг түлхэхэд Ганзориг хаана байсныг мэдэхгүй байна. Хажууд хүн байхгүй байх шиг байсан. Санахгүй байна. Ганзоригийг хэнийх рүү утсаар ярих гэж орсныг мэдэхгүй. Тухайн үед Ганзоригийг айл руу орсон эсэхийг мэдэхгүй байна. Надад дараа нь Ганзориг өөрөө тэгж хэлсэн. Зарим үйлдлээ санахгүй, зарим үйлдлээ санаад байгаа юм. Нэргүйг түлхсэнийг бол санаад байгаа юм...” /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Ц.Энхболорын:

“...Нэргүй бид хоёр хоорондоо маргалдсан. Би тэднийд архи ууж байгаад гадуур хувцасаа тэдний гэрт орхисон байсан. Тэгээд түүнийг авахаар Нэргүйгийн гэрийн хаалгыг нүдсэн. Тэгэхэд Нэргүй өөрөө хаалга нээхээр нь чи яасан гэж хаалга нүдээд байгаа юм яасан чанга нүддэг юм гэхээр нь гадуур хувцасаа авъя гэхэд цаашаа явж миний хувцасыг авчирч өгөөд бид хоёр тэдний гэрийн үүдэнд хоорондоо маргалдсан. Тэр намайг чам шиг бацаан намайг барахгүй шүү гээд байсан. Би өөдөөс битгий хуц гээд өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байгаад шатаар буух гээд эргэсэн яг шатаар буухынхаа өмнө гадуур хувцасаа өмсөхөөр зогсож байтал Нэргүй миний араас чи муу бацаан амжихгүй шүү гэж хэлээд түлхсэн. Тэгээд л би урагшаа ойчоод өгсөн. Би согтуудаа Нэргүйгийн гэрийн хаалгыг чанга нүдэж өөдөөс нь хэрэлдсэн миний буруу л даа. Тухайн үед согтуудаа юу гэж хэрэлдсэнээ одоо санахгүй байна...” /хх-ийн 92 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Ганзоригийн:

“...Гал тогооны өрөөнд Энхболор тасраад унтаад өгсөн байхаар нь би Нэргүйд танай гэрт Энхболорыг унтуулчих уу гэхэд Нэргүй яах гээд байгаа юм бэ? Наадах чинь сэрээд агсам тавиад байж магадгүй, наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхболорыг ардаас нь тэврээд гэрийн үүд хэсэг коридорт нь суулгаж байгаад гутлыг нь өмсгөөд тэврээд өргөөд аваад гарсан. Нэргүйгийн гэрт түүнээс өөр хүн үлдээгүй. Бид хоёрыг Нэргүйгийнхээс гарахад Нэргүй үүдэн дээрээ үлдсэн. Тэгээд би Энхболорыг Нэргүйгийн гадаа 2 давхарын голын хаалганы айлын хаалганы өмнө хэвтүүлээд орхисон. Намайг өргөөд гарч ирэхэд Энхболор биеэ суллачихаад хөдлөхгүй босохгүй байсан. Тэгээд би Нэргүйгийн өөдөөс харсан хаалганы айлд орж утсаар яриад 5-6 минут орчим болоод гараад ирэхэд Энхболор шат руу ойчиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хаалгаар гараад ирэхэд Нэргүй хаалганыхаа өмнө зогсож байхаар нь Энхболорыг би энэ айл руу орохдоо энэ хаалганы өмнө хэвтүүлээд орхисон хэзээ завандаа Энхболор босчихсон юм бэ? Та 2 хоорондоо муудаж маргалдсан юм уу? гэхэд тийм юм болоогүй. Наадах чинь өөрөө шатны уруу бүдрээд уначихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би шатаар доошоо буугаад Энхболор дээр очиход 1 давхараас 2 давхар руу гардаг шатны голын тавцан дээр доошоо харчихсан хэвтэж байхаар нь очиход нүүр хэсгээс нь цус гоожоод байсан. Түүнийг дуудахад яраглаад байхаар нь дээшээ гүйж гараад Нэргүйгийн хаалгыг тогшиход Нэргүй хаалгаа нээхээр нь Энхболор доор шатан дээр уначихсан байна. Үхлээ ш дээ 2-лаа орцноос гаргаж эмнэлэг оруулъя гэж хэлэхэд Нэргүй за гэж хэлээд надтай хамт Энхболор дээр очсон. Тэгээд 2-лаа энэ хүнийг өргөөд эмнэлэг хүргэе гэхэд Нэргүй ах гараад машинаа аваад ирье гэж хэлээд орцноос гараад явсан. Тэгээд эргэж ирэлгүй тэр чигтээ алга болсон. Тэгээд Энхболорыг намайг хараад зогсож байхад Баянтал сумын олон нийтийн цагдаа Даваасүрэн орж ирээд юу болсон талаар асуухаар нь болсон асуудлыг хэлэхэд эмч дуудаж үзүүлье гэж байсан...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн гэрч Г.Ганзоригийн:

“...би Нэргүйг Энхболорыг шатны уруу түлхэж унагаж байхыг хараагүй. Харин Энхболрыг шатны уруу унасных нь дараа Нэргүй рүү яагаад түлхэж унагаж байгаа юм бэ? гэж орилж хашгирсан. Мөн та хүн алчихлаа штээ гэхэд Нэргүй өөрөө буух гэж байгаад бүдрээд унасан гэж хэлсэн. Яагаад тэгсэн гэхээр 2 давхарын шатан дээр тэр 2-оос өөр хүн байгаагүй. Би тухайн үедээ түүнийг түлхээд унагачихлаа гэж бодоод тэгсэн юм. Энхболор шатны уруу унахдаа 2 гар нь хажуу талдаа, гараараа урдаа тулсан зүйл байгаагүй. Дээшээ хараад зогсвол номхон зогсож байгаа юм шиг байрлалтай. Нүүр хэсэг нь доошоо харчихсан унаж байсан. Их хүчтэй унаж байгаа харагдсан. Хүн өөрөөрөө унахад арай тэгж хүчтэй унахгүй байх л гэж бодож байна. Энхболорыг миний бодлоор хүн түлхсэн байх л гэж бодож байна. Надад өмнөх мэдүүлгээсээ зориудаар худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би харсан зүйлээ л ярьсан. Тухайн үед согтуу байсан болохоор юмаа урд хойно нь оруулж мэдүүлсэн байж магадгүй...” /хх-ийн 47 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Алтангэрэлийн:

“...би нилээн муудсан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Тэнд байсан хүмүүс болох Нэргүй, Энхболор, Мөнхбат нар бүгд л согтуу байсан. Хамгийн гайгүй байсан нь Ганзориг байх шиг байсан. Нэргүйгийнд зодоон цохион болоогүй. Мөнхбат, Энхболор нар л хоорондоо хэрэлдээд байсан. Зодолдсон, цохисон асуудал байхгүй. Барилцаж л аваад байсан...” /хх-ийн 23 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.даваасүрэнгийн:

“...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянтал сумын захиргаанаас гараад ажил руу явж байхад Тэмүүлэн, Ундрахбаяр, Бат-Оргил, Батбаяр гэх 4 хүүхэд над руу гүйж ирээд 152 дугаар байрны голын орцны 2 давхарт согтуу хүмүүс муудалцаад байна гэхээр нь явж очиход Энхболор 1 давхараас 2 давхар руу гардаг шатны тавцан дээр доошоо харсан байдалтай толгой болон нүүрнээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Хажууд нь Ганзориг байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад шатнаас уначихсан гэж байсан. Тэгээд би эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмнэлэг ирээд авч явахад Энхболор согтуу байх шиг байсан түүнээс архи үнэртэж байсан. Намайг анх очиход Энхболор өөрөө юм ярьэ чадахгүй байсан. Харин хажууд нь байсан Ганзориг шатнаас унасан гэж байсан. Яг юунаас болж бэртэж гэмтсэнийг мэдэхгүй байна...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Удаанжаргалын:

“...би дүүгээ дагуулаад гэрээсээ гараад доошоо шатаар буухад 3 давхарын шатан дээр 6 дугаар ангийн 4 хүүхэд бид нарыг бас доош нь гаргахгүй байна. 2 давхарт согтуу хүмүүс байна. Зайл цаашаа гээд хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хэдийг дагуулаад доошоо буухад 2 давхарт хойшоо харсан хаалга онгорхой, өмнө нь 2 танихгүй хүн хэрэлдээд зогсож байсан бөгөөд арай хөгшин нь ингэх гэж над дээр ирсэн юм уу? Гэхэд нөгөөдөх нь та яах гэж энийг түлхэж байгаа юм бэ? гээд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст хандаад хүүхдүүд гарах гээд байна яагаад гаргахгүй байгаа юм бэ? гэхэд дуугарахгүй байсан. Тэгэхээр нь харж зогсож байгаад тэр хүүхдүүдийг болон дүүгээ гаргасан. 1 давхараас 2 давхар руу гардаг шатны тавцан дээр нэг хүн толгойноос нь цус гарчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би 2 давхарын шатнаас буцаад явчихсан. Орцоор гадагшаа гараагүй. Намайг буцаад дээшээ гэр рүүгээ явахад нөгөө 2 хүн хаалганыхаа өмнө үлдсэн...” /хх-ийн 27 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Мөнхбатын:

“...Би Энхболортой хамт Нэргүйгийн 00-ын өрөө рүү хамт орж байснаа санаад байгаа юм. Тэгээд би түүнд агсам согтуу тавьж болохгүй шүү томоотой чимээгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд 00-ын өрөөнөөс гарч ирээд үлдсэн архиа хувааж уугаад би гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Хэдэн цагт гэртээ орж унтсанаа санахгүй байна. Манай гэр Нэргүйгийн орцны 4 давхарт байдаг. Би Энхболорыг согтуурхаад байхаар нь хэдэн үг хэлсэн байх, түүнээс болж Энхболор миний өөдөөс хэрэлдсэн байх. Согтуу хүмүүс үгээ даалгүй хэрэлдсэн байх гэж бодож байна. Бусдаар бид хоёр зодолдсон. Бие биенийгээ зодож цохьсон зүйл байхгүй...” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ч.Ундрахбаярын:

“...2016 оны 12 сарын 19-ний өдөр би ангийн хүүхэд болох Бат-Оргил, Батбаяр нарын хамт 15 цагийн үед байсан шиг санаж байна 152 дугаар байрны голын орцны 4 давхарт ангийн хүүхэд болох Тэмүүлэнтэй уулзахаар голын орц руу ороод дээшээ шатаар явж байтал 2 давхарын айл болох Нэргүй ахын гэрийнх нь хаалга онгорхой байсан бөгөөд гэртээ Энхболор ахтай чи муу яасан овоо бацаан бэ гээд хэрэлдээд байсан. Харин Энхболор шал согтуу харагдаж байсан. Тэр 2-н хажууд Ганзориг байсан өөр хүн харагдаагүй. Ганзориг бид нарыг хараад зогсоод байхаар хаалгаа дотроос нь хаачихсан. Тэгээд дээшээ гараад 4 давхараас Тэмүүлэнг дуудаад бид нар 4-лээ доошоо буцаад буух гээд явахад Нэргүй ахын үүдэнд Ганзриг ах, Энхболор ахыг түшчихсэн зогсож байсан. Харин Нэргүй бид нарыг хөөе та нар нааш ир гэхээр нь бид 4 дээшээгээ түүнээс зугтаасан. Тэгээд дээд давхарын шатнаас Нэргүй ах руу хараад зогсож байхад Нэргүй ах хаалгаа хаагаад гэртээ орчихсон. Харин гадаа нь Ганзориг ах, Энхболор ах 2 үлдсэн. Тэгээд бид нарыг хараад зогсож байхад Нэргүй эргэж гэрээсээ гарч ирснээ Энхболор ахыг шатнаас түлхчих шиг болсон. Гэхдээ би бол яг түлхэж унагаахыг нь бол хараагүй. Нэргүйг гэрээсээ гарч ирсний дараагаар нэг хүн шатны уруу унах чимээ сонсогдсон. Тэгэхэд надтай хамт байсан Бат-Оргил, Баятбаяр, Тэмүүлэн нар доошоо буугаад орцоор гараад явчихсан. Харин би айгаад орцондоо үлдсэн. Тэгээд намайг 3 давхарын шатан дээр зогсож байхад та яаж байгаа юм бэ? хүн алчихлаа штээ гээд хашгираад байсан. Тэгэхэд Нэргүй ах юу ч дуугарахгүй байсан. Тэр үед би доошоо гүйгээд орцоор гарсан. Намайг гадагшаа гарахад 1 давхараас 2 давхар руу гардаг шатны тавцан хэсэг дээр паарны хажууд Энхболор хажуу тийшээ хараад зүүн талаараа нүүрээ 2 гараараа дарчихсан хэвтэж байсан. Хэвтэж байсан газар нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Толгойны орчмоос нь цус гарч байх шиг байсан. Тэгээд би орцноос гараад надаас түрүүлж гарсан 3 найз дээрээ очоод бид нар Баянтал сумын цагдаа Даваасүрэнд мэдэгдсэн...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Батбаярын:

“...Тэгээд бид 3 дээшээ гарч 4 давхараас Тэмүүлэнг дуудчихаад доошоо буух гэсэн чинь та нарыг ална шүү гээд Ганаагийн аав Нэргүй бид нарыг буулгахгүй байсан. Түүний хажууд Энхболор ах, Ганзориг хоёр байсан. Тэгэхээр нь бид 4 Нэргүй ахаас айгаад 3 давхарын шатан дээр зогсож байтал Ганзориг ах Нэргүйг та яагаад хүн түлхээд унагаачихаж байгаа юм  бэ? гэж хэлсэн тэгэхэд 5 давхараас Удаанжаргал эгч гарч ирэхээр нь бид нар түүнийг дагаад Нэргүйгийн хажуугаар гараад доошоо буугаад орцноос гарсан. Бид нарыг доошоо буухад Нэргүй гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Түүний хажууд Ганзориг яагаад хүн түлхээд унагачихаж байгаа юм бэ? гээд зогсож байсан. Харин Энхболор 1 давхараас 2 давхар руу гардаг шатны тавцан дээр хэвтэж байсан бөгөөд түүний толгой, нүүрний хэсгээс цус гарчихсан байсан. Юм хум ярихгүй, ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд бид нар Удаанжаргал эгчийг дагаж гараад орцны үүдэнд зогсож байхад Ундрахбаяр гаралгүй орцондоо үлдчихсэн. Тэгээд удалгүй араас гарч ирэхээр нь бид нар сумын цагдаа Даваасүрэнд мэдэгдсэн...” /хх-ийн 31 дүгээр хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн:

“...2016 оны 12 сарын 19-ны өдөр 16 цагийн үед гэртээ байж байтал манай ангийн хүүхдүүд болох Бат-Оргил, Батбаяр, Ундрахбаяр нар гадаа ирчихсэн байхаар нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Тэгээд доошоо шатаар буух гэхэд 2 давхарын хойшоо харсан хаалганд байдаг Нэргүй ах бид нарыг буулгахгүй та нарыг бүлгээр чинь зогсооно шүү гээд зодчих гээд айлгаад байсан. Тэгээд бид нар бууж чадахгүй 3 давхарын шатан дээр айгаад зогсож байхад Удаанжаргал эгч 5 давхараас гэрээсээ гарч ирэхээр нь бид нар дагаж буусан. Харин Ундрахбаяр хамгийн сүүлд үлдчихээд ганцаараа бууж ирж чадаагүй. Би хамгийн түрүүнд орцноос гарсан. Намайг орцноос Удаанжаргал эгчийг дагаж гарахад 1 давхараас 2 давхар руу гардаг шатны тавцан дээр Энхболор хэвтэж байсан. 2 гараараа нүүрээ дарчихсан толгойн хэсгээс нь цус гарчихсан хөдөлгөөнгүй ёолоод хэвтээд байсан. Харин Нэргүй ах 2 давхарын шатан дээр гэрийнхээ хаалганы үүдэнд Ганзориг ах түүний хажууд та яаж байгаа юм бэ? гээд орилоод байсан. Харин Нэргүй юу ч дуугарахгүй хараад зогсоод байсан. Тэгэхээр нь би Энхболорыг Нэргүй шатны уруу түлхчихэж гэж ойлгосон. Бусдаар би түлхэж унагааж байхыг нь хараагүй. Бас бид нарыг 3 давхарын шатан дээр зогсож байхад шатны уруу хүн унаж байгаа сонсогдсон...” /хх-ийн 33 дугаар хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Цэрэндоржийн:

“...Д.Нэргүй нь нэг их архи дарс уугаад хэрэг төвөг тариад байдаггүй л хүүхэд байгаа юм. Даруу төлөв зантай, дөлгөөхөн олонтойгоо сумын төвийн ард түмний дунд нэр хүнд сайтай тий л хүн байгаа юм даа. Миний дүгнэснээр хүн чанар сайтай залуу даа...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Энхболдын:

“...Манай ах Д.Нэргүй нь архи дарс нэг их уугаад байдаггүй. Ер нь л уудаггүй, тамхи татдаг тийм л хүн байгаа юм. Ааш зангийн хувьд төлөв даруу зантай, хурц ааш араншингүй, хүний итгэл сайн даадаг. Хүний өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь биелүүлэх чадвартай...” /хх-ийн 34 дүгээр хуудас/,

2.12. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Манлайбаатарын:

“...Манай Ганзориг нь үг дуу цөөнтэй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Баянталын уурын зууханд галч ажилтай, энэ ажлаа хийгээд олон жил болж байгаа. Архи дарс нэг их уугаад байдаггүй. Амьдралын төлөө л явж байгаа эр хүндээ. Хүнд их тусархуу зантай. Сумын ард түмэн, ажлын хамт олныхоо дунд нэр хүнд сайтай...” /хх-ийн 93 дугаар хуудас/

2.13. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Энхмаа:

“...Ганзориг надтай 2009 онд танилцаж нэг гэр бүл болсон бөгөөд бид гурван хүүхэдтэй. Баянтал сумын уурын зууханд галч ажилтай. 2010 оноос хойш энэ ажлаа хийж байна. Ааш зангийн хувьд даруу төлөв, үг дуу цөөнтэй, нийтэч ажлын хамт олон найз нөхдийн хувьд нэр хүнд сайтай. Хань ижил үр хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг. Манай гэрийг ганц авч яваа хүн байгаа юм. Би өөрөө ажилгүй гэртээ 3 хүүхдээ харж байдаг. Манай нөхөр л ажил хийдэг. Худлаа яриад байдаггүй шударга зантай хүн байгаа юм...” /хх-ийн 94 дүгээр хуудас/,

2.14. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Д.Нэргүйгийн:

“...Ганзориг архинд яваад ирсэн бөгөөд Энхболорыг чи айл амьтанд агсам согтуу тавихаа боль гээд түүнийг дагуулаад гараад явсан. Тэгээд тэр хоёрыг гараад явсаны дараа араас нь удалгүй Мөнхбат гараад явсан. Тэгээд манай гэрт Алтангэрэл бид хоёр үлдээд үлдсэн байсан жаахан архиа хувааж ууж дуусгаад би гэртээ унтаад үлдсэн. Алтангэрэл намайг унтаж амар гэж хэлээд гэрээс гараад явсан. Тухайн үед ойролцоогоор 13 цаг өнгөрч байсан байх. Гэхдээ би тодорхой санахгүй л байна. Тэгээд би гэрээсээ ч гаралгүй гэртээ унтаж байгаад өдөр 15 цаг өнгөрч байхад гараад сумын төвөөр явахад намайг Энхболорыг шатнаас түлхэж унагаасан гэх яриа гарчихсан байсан. Энхболорын дүү багш эмэгтэйтэй таарахад шатнаас унасан хүн яахлаараа ийм болдог юм. Та нар нийлж байгаад зодсон юм биш үү гээд байсан. Би тэр өдөр архи уугаад нилээн согтсон. Гэхдээ болсон бүх үйл явдлыг санаад байна. Би Энхболорыг шатнаас түлхээгүй. Энхболор манайд орж ирэхдээ нилээн согтуу байсан. Харин нүүр ам нь хавдсан, цус нөж болсон зүйл байгаагүй. Манай гэрт Энхболорыг намайг харж байхад зодож цохьсон хүн байхгүй. Мөнхбаттай маргалдаж байгаад угаалгын өрөө рүү тэр хоёр орсон. Ороод юу болсныг бол мэдэхгүй. Ямар ч байсан гарч ирэхдээ эвлэрээд л гарч ирсэн. Намайг харж байхад Мөнхбат түүнийг зодож цохьсон зүйл байхгүй. Би Энхболорыг согтуудаа шатны уруу унаж, өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж бодож байна. Гэхдээ би бол түүнийг шатны уруу түүнийг унаж байхыг хараагүй...” /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Д.Нэргүйгийн:

“...Энхболор гараа зангидаад ширээ балбаад байсан. Агсрах гээд л байх шиг байсан. Мөнхбаттай хоорондоо ажлынхаа талаар яриад маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёр манай угаалгын өрөө рүү орсон. Угаалгын өрөөнд ороод юу болсон надад мэдэх зүйл байхгүй. Нэг их удалгүй тэр хоёр эргээд гараад ирсэн бөгөөд гарч ирэхдээ сайндчихсан, эвлэрчихсэн байсан. Нүүр амнаас нь цус гойжсон, шалбарсан, зодолдсон зүйл ажиглагдаагүй. Тэгээд бид нар Ерөөл архийг хувааж ууж дуусгаад Ганзоригийг дахиад дэлгүүр рүү архинд явуулаад 500 граммын ерөөл архи авчирсан. Түүнийг нь бас бид нар хувааж уусан бөгөөд талаасаа арай доогуур байхад Мөнхбат манай гэрээс гараад явсан. Түүний дараа би Ганзоригийг би Энхболорыг аваад гар гэж хэлээд түүнийг аваад манайхаас гарсан. Тэгээд гэрт Алтангэрэл бид хоёр хамгийн сүүлд үлдээд үлдсэн архийг хувааж ууж дуусгасан. Ууж дуусгаад Алтангэрэл намайг сайхан амраарай дүү нь явлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гэрээсээ гаралгүй гэртээ унтаад үлдсэн. Энхболор манайд орж ирэхдээ нилээн согтуу байсан. Нүүр ам нь зүгээр байсан. Хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Би тэр архийг уугаад нилээн согтсон. Гэхдээ болсон бүх үйл явдлыг санаад байна. Би Энхболорыг шатнаас түлхээгүй...” /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

2.15. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Г.Ганзоригийн:

“...Надад өмнө уг хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт зориудаар худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би харсан зүйлээ л ярьсан. Тухайн үед согтуу байсан болохоор юмаа урд хойно нь оруулж мэдүүлсэн байж магадгүй. Зориуд худал мэдүүлэг өгсөн асуудал огт байхгүй. Надад худал мэдүүлэг өгөх ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн хэргийн холбогдогч Нэргүйтэй би хэрэг болдог өдөр анх танилцсан. Өмнө бол харж байсан. Таньдаггүй байсан. Харин хэргийн оролцогч Энхболортой нэг газар хамт ажилладаг найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Би өөрийгөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж бодохгүй байна. Миний санаж байгаа зүйл л тэр байсан. Би Эрдэнэчимэгтэй хэрэг гардаг тэр өдөр орцонд таарах нь бол таарсан. Гэхдээ гэрээсээ гараад явж байгаатай нь таарсан. Эмч, цагдаа нар ирсний дараа тэр гэрээсээ гараад явж байсан. Эрдэнэчимэгийг гэрээдээ ороход нь таарснаа санахгүй байна. Би Энхболорыг унасны дараа бол айл руу орж утсаар яриагүй л гэж бодож байна. Би тухайн хэрэг гардаг өдөр Энхболорыг шатнаас унасны дараа Нэргүйд хандаж түүнийг 2 давхарын шатан дээр гэрийнхээ үүдэнд байж байхад нь та яаж байгаа юм бэ?  пиздаа минь чи муу хүн алчихлаа ш дээ, түлхээд унагаачихсан уу гэж түүн рүү орилсон. Тэгэхэд Нэргүй би унагаагаагүй. Наада чинь өөрөө буух гэж байгаад шатны уруу өөрөө унасан гэж хэлсэн. Би Нэргүйг түлхээд унагаачихлаа гэж бодоод л түүнд хандаж тэгж хэлсэн. Ер нь Нэргүй түлхсэн гэдэг нь ойлгомжтой байсан. Нэргүй яг гэрийнхээ үүдэнд ч зогсоогүй. Яг шатны хажууд зогсож байсан. Хэрэв Энхболор шатны уруу унасан бол Нэргүй бариад авах боломж түүнд байсан. Тийм учраас би түүнийг түлхчихлээ гэж бодоод тэгж хэлсэн. Нэргүй Энхболорыг түлхэж байхыг хараагүй...” /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

2.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 792 дугаартай дүгнэлтэд:

            “...Энхболорын биед тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн максиллари хөндийн урд болон гадна хажуу ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн дээд зовхины гадна хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, зүүн хөмсөгний гадна зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсэж болно. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1 Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/,

3.2 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Д.Нэргүйгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 71 дугаартай “Тодорхойлолт”, Төв аймаг дахь шүхийн тамгын газрын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 31 тоот албан тоот, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаатай “Таслан шийдвэрлэх тогтоол”-ын хуулбар, 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-ын хуулбар /хх-ийн 63-66, 81-85 дугаар хуудас/,

3.3 Г.Ганзоригийн иргэний үнэмлэхний лавлагаа, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай “Тодорхойлолт”, Талын илч ОНӨҮГ-ын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн  44 дугаартай албан бичиг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 07 сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын хуулбар101-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Д.Нэргүй нь согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Энхболортой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар шатны уруу түлхэж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.Ганзориг нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Д.Нэргүйг иргэн Ц.Энхболорыг шатны уруу түлхэж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэдгийг мэдсээр байж мөрдөн байцаалтын шатанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь

хохирогч Ц.Энхболорын ...гадуур хувцасаа авахаар Нэргүйгийн гэрийн хаалгыг нүдсэн... ...чи яасан гэж хаалга нүдээд байгаа юм, яасан чанга нүддэг юм гэхээр нь гадуур хувцасаа авъя гэхэд цаашаа явж миний хувцасыг авчирч өгөөд бид хоёр тэдний гэрийн үүдэнд хоорондоо маргалдсан. Тэр намайг чам шиг бацаан намайг барахгүй шүү гээд..., ...би өөдөөс нь битгий хуц гээд хэрэлдсэн... ...яг шатаар буухынхаа өмнө гадуур хувцасаа өмсөхөөр зогсож байтал Нэргүй миний араас чи муу бацаан амжихгүй шүү гэж хэлээд намайг түлхсэн... ...би урагшаа ойчоод өгсөн..., ...Нэргүйг түлхсэнийг бол санаад байгаа юм... /хх-ийн 18-19, 20, 92 дугаар хуудас/,

гэрч М.Удаанжаргалын ...арай хөгшин нь ингэх гэж над дээр ирсэн юм уу? гэхэд нөгөөдөх нь та яах гэж энийг түлхэж байгаа юм бэ? гээд байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ч.Ундрахбаярын ...2016 оны 12 сарын 19-ний өдөр би Бат-Оргил, Батбаяр нарын хамт Тэмүүлэнтэй уулзахаар голын орц руу ороод дээшээ шатаар явж байтал... ...Нэргүй ах Энхболор ахтай чи муу яасан овоо бацаан бэ гээд хэрэлдээд байсан. Харин Энхболор шал согтуу харагдаж байсан. Тэр 2-н хажууд Ганзориг байсан өөр хүн харагдаагүй..., ...дээд давхарын шатнаас Нэргүй ах руу хараад зогсож байхад Нэргүй ах хаалгаа хаагаад гэртээ орчихсон..., ...Нэргүй эргэж гэрээсээ гарч ирснээ Энхболор ахыг шатнаас түлхчих шиг болсон..., ...Нэргүйг гэрээсээ гарч ирсний дараагаар нэг хүн шатны уруу унах чимээ сонсогдсон..., ...намайг 3 давхарын шатан дээр зогсож байхад та яаж байгаа юм бэ? хүн алчихлаа ш тээ гээд хашгираад байсан. Тэгэхэд Нэргүй ах юу ч дуугарахгүй байсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Батбаярын ...Тэгээд бид 3 дээшээ гарч 4 давхараас Тэмүүлэнг дуудчихаад доошоо буух гэсэн чинь та нарыг ална шүү гээд Ганаагийн аав Нэргүй бид нарыг буулгахгүй байсан. Түүний хажууд Энхболор ах, Ганзориг хоёр байсан..., ...бид 4 Нэргүй ахаас айгаад 3 давхарын шатан дээр зогсож байтал Ганзориг ах Нэргүйг та яагаад хүн түлхээд унагаачихаж байгаа юм  бэ? гэж хэлсэн..., ...тэгэхэд 5 давхараас Удаанжаргал эгч гарч ирэхээр нь бид нар түүнийг дагаад Нэргүйгийн хажуугаар гараад доошоо буугаад орцноос гарсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн ...2016 оны 12 сарын 19-ны өдөр 16 цагийн үед гэртээ байж байтал... ...Бат-Оргил, Батбаяр, Ундрахбаяр нар гадаа ирчихсэн байхаар нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. ...Нэргүй ах бид нарыг буулгахгүй... ...айлгаад байсан. Тэгээд бид нар бууж чадахгүй 3 давхарын шатан дээр айгаад зогсож байхад Удаанжаргал эгч 5 давхараас гэрээсээ гарч ирэхээр нь бид нар дагаж буусан..., ...Ундрахбаяр хамгийн сүүлд үлдчихээд ганцаараа бууж ирж чадаагүй..., ...Харин Нэргүй ах 2 давхарын шатан дээр гэрийнхээ хаалганы үүдэнд Ганзориг ах түүний хажууд та яаж байгаа юм бэ? гээд орилоод байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

яллагдагч Г.Ганзоригийн ...Ер нь Нэргүй түлхсэн гэдэг нь ойлгомжтой байсан. Нэргүй яг гэрийнхээ үүдэнд ч зогсоогүй. Яг шатны хажууд зогсож байсан... /хх-ийн 99-100 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 792 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Д.Нэргүйг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, шүүгдэгч Г.Ганзоригийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус агуулсан байна гэж дүгнэн, тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нэргүйн өмгөөлөгч Э.Мандахнаран ...яг түлхэж байхыг нь харсан гэрч байхгүй, түлхчих шиг болсон, түлхчихсэн байх гэж бодож байна гэж гэрч нар мэдүүлдэг бөгөөд энэ нь эргэлзээтэй байдал үүсгэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбарыг,

Мөн шүүгдэгч Г.Ганзоригийн өмгөөлөгч Б.Батчимэг ...насанд хүрээгүй гэрч нар Ганзоригийг та яаж байгаа юм бэ? хүн алчихлаа ш дээ гээд хашгираад байсан гэснээс биш Нэргүй Энхболорыг түлхэж байхад нь Ганзориг хажууд нь хараад зогсож байсан гэж яг хэлсэн зүйл байхгүй, энэ нь эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбарыг тус тус гаргаж байгаа ч эдгээр тайлбар нь хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа бөгөөд дээрх мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан бие биенээ нотолж байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч Д.Нэргүйн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхээс оногдуулах тус бүрийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Нэргүй, Г.Ганзориг нар цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Д.Нэргүй энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298.,299 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүйг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Галт овгийн Ганхуягийн Ганзоригийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Галт овгийн Ганхуягийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

 

Шүүгдэгч Галт овгийн Ганхуягийн Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүй, Галт овгийн Ганхуягийн Ганзориг нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүй нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Энхболор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар,

 

Шүүгдэгч Галт овгийн Ганхуягийн Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Шарнууд овгийн Даваагийн Нэргүйд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Галт овгийн Ганхуягийн Ганзоригт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН