Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/02760

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Хариуцагч: ..

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г...., хариуцагч Д...., П...., хариуцагч нарын өмгөөлөгч Ш.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц....ийг төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.... миний бие 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгаас 8*10 /80м.кв/ талбай бүхий мансардтай дүнзэн торхыг тээвэрлэн, Улаанбаатар хотод авчирсан. Уг торх нь бод бэлтгэх эрхийн №..., мод модон материалын гарал үүслийн №... тоот эрхийн бичигтэй. Дүнзэн торхыг тухайн үед П.... нь өөрийн эхнэр Д....тай хамт ирж худалдан авах санал тавьснаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Д.... нь өөрийн ажилладаг Хаус ХХК-ийн оффис дээр нөхөр П....ын хамт надтай уулзан, уг дүнзэн торхыг 8,000,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг миний дансаар шилжүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2 хувааж, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ хийгдсэн өдөр би дүнзэн торхыг Сүхбаатар дүүргийн Бэлх зусланд аваачин угсарч өгөөд, эрхийн бичгийг төлбөр бүрэн төлөгдөж дуусах үед П...., Д.... нарт өгөх тухай гэрээнд заасан. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хугацаандаа төлөх төлбөрөө төлөхгүй намайг хохироож байна. Төлбөрийг олж авахын тулд 2018 оны 9 дүгээр сарын 03 болон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Хөвсгөлөөс зардал гарган хотод ирж, хэд хэдэн удаа уулзаж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уулзахдаа төлбөрийн үлдэгдлээ хэсэгчлэн төлж дуусгахаар нэмэлт хэлцэл байгуулсан боловч эдгээр гэрээ хэлцэл ёсоор төлбөрөө хийлгүй хохироож байна. Тиймээс үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсоны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа. ...гэв.

Хариуцагч Д.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээг миний бие хийгээгүй. Өөрийн нөхөр гэх П....тай одоогоор гэр бүлийн таагүй харилцаатай, хамт амьдрахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан Хэлцэл гэх 2018 оны 9 дүгээр сарын 03-нд бичиж өгсөн бичгийг миний ажил дээр Ц.... хүрж ирээд дарамталж, элдвээр хэлж байгаад би ажилтай, хүүхдүүдийг маань аав нь /П..../ хичээлээс нь аваад манай ажил дээр хүргэж ирэхтэй зэрэгцээд миний сэтгэл санаанд дарамт үзүүлж байгаад бичүүлж авсан. Би өмнө нь олон удаа Ц....эд надад хамаагүй, би өгөх ёсгүй гэж хэлсэн. П.... 2018 оны 2 дугаар сард тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн. Тайван байх ёстой гэсэн эмчийн заалттай учраас стресстүүлж болохгүй гэж бодоод над руу ярьж доромжлох бүрт нь хариу өгдөг байсан. Д.... миний биүе энэхүү дүнзэн торхны худалдах, худалдан авах гэрээнд анхнаасаа худалдан авагч тал, эсвэл зээлдэгч тал болж оролцоогүй тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Хариуцагч П.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Дүнзэн торхыг 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.... энд ямар ч хамааралгүй, би өөрөө хариуцна. Сүүлд үйлдэгдсэн Хэлцэл-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед би саажилттай байсан учраас ямар хэлцэл хийж байгаагаа ойлгох боломжгүй байсан болохоор хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэж байна. Төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэж шаардсан 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нь П....тай байгуулсан учир энэ гэрээний дагуу төлөх төлбөрийг Д.... хариуцахгүй. П....ын хувьд үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийн дагуу алданги шаардаж буй үндэслэлгүй тодорхойгүй бөгөөд, хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа учир уг 3,000,000 төгрөгийн шаардлагыг болон Д....д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.... нь хариуцагч Д...., П.... нарт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.... худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол, хариуцагч П.... нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 3,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.

2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ц...., П.... нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Ц.... нь 8*10 хэмжээтэй, мансард, пирамтай дүнзэн торхыг 8,000,000 төгрөгөөр худалдан авагч П....т шилжүүлэх, худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр 2,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг 2 хуваан худалдагчид төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж нотариатаар гэрчлүүлэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ. /хх-4 дүгээр тал/

Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг худалдан авагч талд шилжүүлсэн бол, худалдан авагч тал төлбөр төлөх үүргээс 6,000,000 төгрөг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, энэ талаар хариуцагч П.... маргаагүй тул түүнээс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц....эд олгох нь зүйтэй.

Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр талууд гэрээг дүгнэн, төлбөрийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож, Хэлцэл байгуулан, 4 удаагийн төлөлтөөр П.... нь 6,000,000 төгрөгийг төлж барагдуулах, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон буюу хүчин төгөлдөр гэрээгээ дүгнэн, уг гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзын тохиролцоо хийсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-6 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.... нь хариуцагчаар гэрээний тал болох П....ыг болон, түүний гэр бүлийн хүн гэх үндэслэлээр Д....г хамтран хариуцагчаар тодорхойлж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэн, 9,000,000 төгрөгийг дундаас нь шаардсан бөгөөд, Д....г 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцэлд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн нь буруу юм.

Тэрхүү хэлцэлд гэрээний талууд болох Ц...., П.... нар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээг дүгнэж, төлбөр төлөх хугацаа заан, заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар алданги тооцох талаар тусгасан бол, хариуцагч Д....гийн хувьд уг тохиролцоог буюу графикийг бичиж өгсөн болохоо илэрхийлж гарын үсэг зурснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй учир Д....д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч П....ын хувьд маргаан бүхий гэрээний төлбөр 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч, нэхэмжлэлээс алдангид шаардсан 3,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргахдаа ...хэлцэлд гарын үсэг зурсан нь үнэн боловч тухайн үед харвасан, эрүүл мэндийн байдал муугаас ойлгоогүй, нэхэмжлэгч дарамталсан... гэх тайлбарыг гаргасан.

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцэл гэх баримтаар П.... нь 6,000,000 төгрөгийн дүнзэн торх зээлээр авсныг дурдаж, эргэн төлөхдөө 2018 оны 10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 20-нд 3,000,000 төгрөг төлөхөөр хугацаа заан, уг хугацааны дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заажээ.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь алдангийг хариуцагч П....ын хүлээн зөвшөөрч тохиролцсон, төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги тооцвол түүний гүйцэтгээгүй үүрэг болох 6,000,000 төгрөгөөс их болохоор байсан учир П....ын өвчтэй гэх нөхцлийг харгалзан 3,000,000 төгрөг шаардсан гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг нэхэмжлэгчийн дарамтанд орж хийсэн, эрүүл мэндийн улмаас ойлгоогүй гэх боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, мөн хариуцагч Д....гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан ...уг хэлцэл хийдэг өдөр П.... хүүхдүүдийг сургуулиас авч манай ажил дээр ирсэн, түүнд утсаар хэлж дуудсан... гэх тайлбараар үгүйсгэгдэж байх тул Худалдах, худалдан авах гэрээ-г дүгнэн байгуулсан дээрх хэлцлийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс үүрэг гүйцэтгүүлэгч Ц....эд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд, нэхэмжлэгчийн алдангид 3,000,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй боловч, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбарыг үндэслэн, хариуцагч П....ын эрүүл мэндийн байдлыг харгалзаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шаардсан анзын хэмжээг 50 хувиар багасган, алдангид 1,500,000 төгрөгийг хариуцагч П....аас гаргуулан нэхэмжлэгч Ц....эд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П....аас 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц....эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөг болон хариуцагч Д....д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П....аас 139,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА