| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/01177/И |
| Дугаар | 102/ШШ2022/01558 |
| Огноо | 2022-04-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/01558
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, регистр .., Зурхайч овогт Ж...ын Н...,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг ..., өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Нэхэмжлэлийн шаардлага:2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Ж.Н... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” ... дугаар тогтоолыг эс зөвшөөрч байна.Төлбөр авагч Монгол банк, түүний эрх хүлээн авагч “М... ББСБ” ХХК нь төлбөр төлөгч надтай тохиролцож, эвлэрсний үндсэн дээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэл буюу “төлбөр авагч өөрийн хүсэлтээр” гүйцэтгэх хуудас, материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас буцаан авсан.Үүнээс хойш ямар нэгэн байдлаар эргэж хандалгүй байсаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гүйцэтгэх хуудсыг гээгдүүлсэн тул дахин гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч хянаад 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин гүйцэтгэх хуудас олгох тухай” ... дугаар захирамжийг гаргаж, түүний дагуу дахин гүйцэтгэх хуудас олгосон байна.Гэвч одоо үйлчилж байгаа хууль буюу 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж болохгүй үндэслэлүүдийг заахдаа тус хуулийн 18.1.1-т “энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил”, 18.7-д “Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас хойш шинээр тоолно” гэж тус тус зохицуулсан байна.Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31,4-т Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1,31.1, 2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй буюу төлбөр авагч өөрийн хүсэлтээр гүйцэтгэх баримт бичгийг буцаан авсан түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй хэмээн заасан байна.Төлбөр авагч нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичгийг өөрийн хүсэлтээр буцаан авснаас хойш нийт 8 жил гаруй хугацаа өнгөрөөд байна.Энэ тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан уг тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч тус газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/35 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно” гэж заасан тул төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй нь хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг авсан.Үүний дараа Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан энэхүү гомдлыг гаргахад “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн иь үндэслэлтэй байна” гэх хариуг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар албан бичгээр хүргүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус хүлээн аваад байна.Гэвч 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байна.Хууль зүйн хувьд эрх. зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн эрүүгийн эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлдэг ойлголт бөгөөд энэ нь бусад эрх зүй, процессын шинжтэй хууль, түүгээр зохицуулагдаж буй харилцаанд үйлчилдэггүй билээ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь процессын хууль бөгөөд тухайн цаг мөчид хийгдэж буй хууль зүйн ажиллагаанд тус ажиллагааг зохицуулсан процессын хуулийг дагаж мөрдөнө.Процессын хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.Иймд 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.1. 18.7, 31.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” ... дугаар тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа:Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Ж.Н...гаас 25 096 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 231 480 төгрөгийг гаргуулж Монгол банканд олгохоор шийдвэрлэсэн.Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр авагчийн хүсэлтийн дагуу ШШГТХ-ийн 17.1-т зааснаар гүйцэтгэх хуудас, материалыг буцаасан.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ... дугаар захирамжаар өмнө бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ... дүгээр гүйцэтгэх хуудсыг дахин олгосны дагуу ШШГТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу НШШГГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийг олгосон.Иймд ШШГТХ-ийн 18, 21 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан бөгөөд ШШГТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс:Б.Гэршихбөртэд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ж.Н...д хариу мэдэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар бичгийг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас:Баянгол дүүргийн 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Гүйцэтгэх хуудас хүчингүй болгож, дахин гүйцэтгэх хуудас олгох тухай ... дугаар захирамж, гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоолыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.1. 18.7, 31.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ... дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ... дугаар захирамжаар өмнө бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ... дүгээр гүйцэтгэх хуудсыг дахин олгосны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийг олгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18, 21 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ж.Н...д хариу мэдэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар бичиг, Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин гүйцэтгэх хуудас олгох тухай ... дугаар захирамж, гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоол, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 461 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 696 дугаар тогтоолоор Ж.Н...гаас 25 096 000 төгрөгийг гаргуулан Монгол банканд олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр авагчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17.1-т зааснаар гүйцэтгэх хуудас, материалыг буцаасан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоолоор дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил” өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т “иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэр”, 6.2.2-т “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж” гэжээ.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно” гэж заасан байна.
Гэтэл төлбөр авагчид гүйцэтгэх хуудас, материалыг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буцаасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны үүсгэсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчийн хүсэлтээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН