Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Т.Б

 

            Хариуцагч: Б.С

 

            Гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагч Б.С, өмгөөлөгч Г.Баярбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч О.Чулуунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.С, Т.Б нар Англи улсад хамтдаа нэг өрөө байр түрээслэн амьдарч байсан. Т.Бгийн хувьд Монгол руу явах шаардлага гарсан. Энэ үед Б.Сгийн эцэг эх Англи улсад ирж түүнд мөнгөний хэрэг байна гэхээр нь Т.Б өөрийн картыг Б.Сд үлдээсэн. Интернетээр өөрийн гүйлгээг хянаж байсан. Т.Бгийн картнаас Б.С 2000 фунт авч хэрэглэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс өөрөөр мөнгө төлөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7.000.000 төгрөг зээлсэн нь үнэн, мөнгийг төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. 2000 фунтийг одоогийн ханш 3.014.40 төгрөгөөр тооцоход 6.028.000 төгрөг үүнээс 500.000 төгрөгийг хасаж 5.528.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

 

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.С нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Т.Бгаас банкны карттыг нь түр хугацаагаар авсан байсан бөгөөд тус картыг эзэмшиж байх хугацаандаа картнаас мөнгө авч, авсан мөнгөө буцаан хийх замаар ашигладаг байсан. 2015 оны 01 дүгээр сарын байдлаар нийтдээ тус данснаас 2000 фунтыг авсан бөгөөд тухайн үеийн ханшаар тооцвол 5.877.960 төгрөгийг Т.Бгаас авсан нь үнэн. Үүнээс 500.000 төгрөгийг Т.Бд төлсөн ба үлдэгдэл 5.377.960 төгрөгийг төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

Хариуцагч Б.Сгийн өмгөөлөгч Г.Баярбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталгаа болгон бичиж өгсөн бичгийг баримт болгож 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ баталгаа нь хуурамч, хариуцагчийг шахаж байгаад бичүүлсэн. Энэ хүмүүсийн дунд мөнгө зээлсэн асуудал байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлж өгөөгүй. Банкны карт нь дотроо мөнгөгүй, зээлийн карт байсан. Банкнаас мөнгө авч ашигласан болохоос Т.Бгийн мөнгийг зээлдэж аваагүй. Хариуцагч мөнгийг бэлнээр хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 5.528.000 төгрөг гаргуулахыг шаарджээ. 

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2000 фунттай өөрийн картыг эзэмшүүлэхээр шилжүүлэн өгч, хариуцагч Б.С картнаас 2000 фунтийг авч хэрэглэсэн болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн картыг хүлээн авч, картнаас 2000 фунт авч хэрэглэсэн болохыг зөвшөөрсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагчийг мөнгийг хүлээн авсан гэж үзэв.

 

Хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт “2000 фунтыг Английн банкны мөнгө, банкинд нь буцаан төлнө” гэж тайлбарладаг боловч тэрээр Т.Бгийн эзэмшлийн картнаас 2000 фунт авч хэрэглэснээ зөвшөөрсөн тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй, тайлбарыг нотолсон баримтгүйгээс гадна зээлээс 500.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлж, хариуцагч мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөнгө зээлсэн талаарх баталгааг гаргасан, энэ баталгаа нь хуурамч болон хариуцагчийг хүч хэрэглэн зуруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 1 фунтыг 3.014.40 төгрөгт тооцож 5.528.000 төгрөг нэхэмжилсэн тул хариуцагч Б.Сгаас 5.528.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Сгаас 5.528.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 127.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

          

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА