| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0167/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шинжээч Т.Н,
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Э-ы Б-т холбогдох 2428000000218 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газарт Б.Ц-ын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түлхэж унагааж, өшиглөж нүүр хэсэгт нь архины шилээр цохиж 4, 5-р хавирганы хугарал, баруун 2, 3-р шүдний булгарал, тархи доргилт, зүүн чих, хацар, шанаа, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн чих, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шинжээч Т.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн гэмтлийг хүндэд нь багтаана гэж заасан байдаг. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлнө гэдэг нь зөвхөн шүдэнд учирсан гэмтлийн хувьд яригдаж байгаа асуудал юм. Хавирга ясны хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарч байна. Хавирга ясны хугарал гэмтэл нь дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд эдгэрдэг. Учир нь цээж байнгын амьсгалахад оролцож тэлж, агшиж байдаг учраас хувирга ясны хугарал нь богино хугацаанд эдгэрдэггүй гэмтэл тул хүндэвтэр гэмтэлд хамаарна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр ... гэх газар отор хийж явж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр саахалт айлын хүн болох Б гэгч өдөр 14 цагийн үед манай гэрт мал сураад ирсэн, би малыг энэ хавьд байгаа гэж хэлсэн. Б нь өглөө аймгийн төв явахдаа малаа надад захиад явсан. Би гэрт авдарт байсан 500 граммын Экс нэртэй архи задлаад манай гэрт бид хоёр хувааж уугаад танилцсан. Тэгээд ууж дуусаад бид хоёр Бын мотоциклтой тэдний малыг бөөгнүүлж гэр рүү шахчихаад Б гэрт очъё гээд тэднийд очсон. Тэгсэн Б нь 500 граммын Агар нэртэй архи задлаад хувааж уусан. Талд нь оруулаад би тэднийхээс гэр рүүгээ гараад алхсан, манайх 2 километр орчим араас яавтай ирээд хүргэж өгье, ууж чаддаггүй хөгшин төгцөг байна гэхээр нь би алхаад харьчихъя гэхэд араар суу би хүргэж өгнө гэхээр нь суугаад гэрт хүргэж ирсэн. Тэр үед намайг архи ууж чаддаггүй гэж байсан бөгөөд намайг гэр рүү ороход араас түлхсэн. Тэр үед би гэрийн зуухыг тэнгэж унасан. Тэр үед гэрийн хойморт байсан архины шилийг аваад миний нүүр хэсэгт цохиж байсан. Би тэр үед чи намайг алчих би шороонд, чи шоронд явна биз гэж хэлэх үед больсон, мөн намайг унасан байхад зүүн талын хавирга руу өшиглөж байсан. Тэгээд болиод гараад явсан. Би тэр үед хүү рүүгээ залгаад намайг Б зодоод байна гэж хэлсэн. Тэгээд цаг гарангийн дараа Б ирээд архиныхаа үлдэгдлийг очиж уу гээд авч яваад бид хоёр уусан. Тэр үед ах танд гомдол санал байхгүй биз дээ гэж хэлээд байсан. Тэгээд би гэртээ хүргүүлж ирж унтсан. Тэгээд 21 цагийн үед эхнэр хүү хоёр аймгийн төвөөс ирээд цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн... Зүүн талын 4, 5 дугаар хавирга хугарал үүссэн, баруун дээд талын хоёр шүд унасан, зүүн чихэнд хөндүүр орсон байна, мөн нүүр хэсэгт зулгаралт үүссэн... Би Б-тай ярилцаж тохиролцон 5 сая төгрөг бэлнээр 25 ямаа өгсөн. Тэгээд надаас уучлалт гуйсан бид хоёр ойлголцсон байгаа. Тийм болохоор цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед хүүхэд над руу залгаад аав Б гэх хүн зодоод гээд залгасан. Тэгээд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд за арай үгүй байлгүй гэж бодоод мөн аймагт ажил амжихгүй байж байгаад 22 цагийн үед Өмнөговь аймаг Ханхонгор сум ... багийн нутаг дэвсгэр ... гэх газар нүүдэл хийж байгаа гэртээ очиход хэвтэж байсан бөгөөд толгой нүүр хэсэг нь цус болсон байдалтай байж байсан. Яасан юу болсон гэж асуухад саахалт айлын Б гэх хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд хүү бид хоёр Б-ын гэрт очоод Быг гэртээ авчраад цагдаа дуудсан... Хамар нь гол хэсгээрээ урагдсан чих хэсгээс цус гарсан нүүр хэсэгт маажиж урагдсан, шүд нь ойчсон байсан.” (хавтаст хэргийн 9 дэх тал)
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө саахалт айл болох Ц гэх хүнд манай малыг урагш явуулж эргүүлчхээрэй гэж захисан байсан. Би аймагт ажлаа амжуулчхаад өдөр малаа сурч Цын гэрт очсон нэг шил 500 граммын Хар экс нэртэй архи задалж өгөөд бид хоёр хувааж уусан. Бид хоёр манай хонийг бөөгнүүлж эргүүлэх гээд явсан. Тэгээд манай хонийг эргүүлчихээд манайд очоод би нэг шил архи задалж өгсөн, тэрийг тал ортол нь уугаад байж байхад Ц нь намайг арзгар арав гэж дуудсан. Тэгэхээр нь би танд хоч бодсон байгаа гэж хэлэхэд юу гэж бодож байгаа юм гэж асуухад би түүнийг зэвхүү өвгөн гэж хэлсэн. Тэгсэн Ц нь гэрээс гараад харих гээд алхсан. Би араас нь очоод гэрт нь хүргэж өгсөн бөгөөд би Ц-ыг гэрийн хаалгыг нь онгойлгоод араас нь түлхсэн. Тэгсэн зуух нь дээгүүрээ давж ойчсон. Тэгээд гэрт нь маргалдаад би тэр үед тэднийд байсан архины шилийг аваад дээр нь гараад чих хэсэгт нь тухайн шилээр цохисон. Тэгээд ноцолдож байхад нүүр, хамар хэсэгт маажигдсан. Тэр үед Ц нь би шороонд, чи шоронд явах юм болох байна гэх үед би орхиод боссон. Тэр үед Ц нь гэртээ суугаад үлдсэн би гараад явсан. Би цаг гаран болоод Цынд ирэхэд унтаж байсан, би тэгээд сэрээгээд буруу зүйл хийсэн гээд уучлалт гуйгаад гэрт үлдсэн байсан архийг хувааж уугаад буцаагаад гэрт хүргэж өгсөн. Тэгсэн 23 цагийн үед хүү, эхнэр хоёр нь манайд хүрч ирээд би цуг Цын гэрт очсон тэгсэн удалгүй цагдаа ирсэн... Би 5 сая төгрөг бэлнээр, 25 эр ямаа өгөхөөр тохиролцож хохирол барагдуулсан байгаа.” (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмтэл учруулсан би энэ талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа, одоо нэмж ярих зүйл байхгүй байна.” (хавтаст хэргийн 44 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ц-ын биед 4, 5-р хавирганы хугарал, 2, 3-р шүдний булгарал, тархи доргилт, зүүн чих, зүүн хацар шанаа, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн чих, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Ц-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 40.1.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо.” (хавтаст хэргийн 29-31 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал)
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 18-21 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал)
Мал тооллогын лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 47 дахь тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 49 дэх тал)
Дансны хуулга (хавтаст хэргийн 51-53, 56-57 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд манай үйлчлүүлэгч Э.Б нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчтой харилцан тохиролцож эвлэрч хохирогчоос уучлалт гуйж, 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 25 тооны ямааг хохирол төлбөрт тооцож өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа илэрхийлсэн. Тийм учраас бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газарт Б.Ц-ын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түлхэж унагааж, өшиглөж нүүр хэсэгт нь архины шилээр цохиж 4, 5-р хавирганы хугарал, баруун 2, 3-р шүдний булгарал, тархи доргилт, зүүн чих, хацар, шанаа, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн чих, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Н.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 18-21 дэх тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын эрүүл мэндэд 4,5-р хавирганы хугарал, 2, 3-р шүдний булгарал, тархи доргилт, зүүн чих, зүүн хацар шанаа, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн чих, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын эрүүл мэндэд 4, 5-р хавирганы хугарал, 2, 3-р шүдний булгарал, тархи доргилт, зүүн чих, зүүн хацар шанаа, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн чих, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би Б-тай ярилцаж тохиролцон 5 сая төгрөг бэлнээр 25 ямаа өгсөн, тэгээд надаас уучлалт гуйсан бид хоёр ойлголцсон байгаа. Тийм болохоор цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 7-8 дахь тал) гэж мэдүүлж байх ба мөн хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 19-21 дэх тал)-аар шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-т 5,000,000 төгрөг, 25 ямаа өгч хохирол төлбөрөө барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Э.Б-ын хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь оюутан, хоёрдугаар курст суралцдаг, хоёр дунд хүүхэд нь сургуулийн сурагч, бага хүүхэд нь цэцэрлэгийн насны хүүхэдтэй, хөдөө мал маллаж амьдардаг, өвлийн улиралд хүүхдийн сургуулийн цагаар эхнэр нь хүүхдүүдээ хараад төв дээр байдаг. Малаа Э.Б харж малладаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар манай үйлчлүүлэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Манай үйлчлүүлэгчийн хувьд хөдөө мал маллаж амьдардаг тул зорчих эрхийг хязгаарлах болон нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулах нь энэ хүний хөдөлмөрлөх эрх, ажил хөдөлмөрөө эрхлэх, ахуй амьдралаа авч явах эрхэд нь нөлөөлөхөөр байгаа учраас ар гэрийн байдал, хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс би нүүж явж байгаа, эхнэр хүүхдүүдийг хараад аймгийн төвд байдаг, би ганцаараа малаа хардаг юм, торгох ялыг багасгаж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Arkhi” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цт 5,000,000 (таван сая) төгрөг, 25 ямаа өгч хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Э-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Arkhi” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-т 5,000,000 (таван сая) төгрөг, 25 ямаа өгч хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ