Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/898

 

 

      2024             11              12                                           2024/ШЦТ/898

                                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,

улсын яллагч Д.Агар,  

хохирогч Ч.З, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

иргэний нэхэмжлэгч/хариуцагч “Рэдхил Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Н,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С** овогт Д.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000000796 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С** овогт Д.М (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.М нь Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “UG Arena”-н урд замд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 40 минутын үед “Infiniti QX56” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний  акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн  эхлэг, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.7-д заасан “Жолооч дараах зүйлийг хориглоно: в/ ...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэх заалтуудыг тус тус зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.З-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.З мэдүүлэхдээ “...Осолд орсноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаж чадаагүй, би цалингаараа амьдралаа болгодог. Миний амьдрал энэ 2 сар зогсонги байсан. Сүүлийн 2 жил сонгон шалгаруулалтад орж байгаад 2025 оны 1 дүгээр сард гадагшаа тэмцээнд явах байсан, одоо энэ тэмцээнд оролцож, гадагшаа явах эсэх талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна гэв.”

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч/хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Н мэдүүлэхдээ “...Манай компанийн нэр дээр Д.М-н унаж явсан автомашин байдаг боловч тухайн өдөр оношилгоонд оруулах гэж явсан талаар би мэдээгүй. Толгой компанийн захирал ирэх гэж байгаатай холбогдуулан гаргасан асуудал гэдгийг үгүйсгэхгүй, энэ хүн өөрөө алдаа гаргасан учир хохирлыг манай компани барагдуулахгүй” гэв.

Шүүгдэгч Д.М нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “UG Arena”-н урд замд “Infiniti QX56” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Ч.З-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Хохирогч Ч.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Иргэний хариуцагч “Рэдхил Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч “Рэдхил Монголиа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11700 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №1000319 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-52 дугаар хуудас),

2024 оны 9 дүгээр сарны 18-ны өдрийн 1539 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Д.М нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “UG Arena”-н урд замд “Infiniti QX56” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Ч.З-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 11700 дугаартай дүгнэлт, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 1000319 дугаартай шинжээчийн дүгнэлт, 1539 дугаартай мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгчийн мөрдөн  шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлэх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.М-н тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Ариунболд нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.З-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 1,081,300 төгрөгийн хохиролтой (шууд хохирол) холбоотой баримтыг гаргаж өгсөн, мөн шүүх хуралдаанд 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 9,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 1,081,300 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8,799,710 төгрөг (хохирогчийн сүүлийн 8 сарын цалин хөлсний дунджаар тооцсон), нийт 9,881,010 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с гаргуулж хохирогч Ч.З-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.З-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан бөгөөд шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-т хохирогч Ч.З нь түүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ... үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.З-н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд тус журамд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,880,000 төгрөгийг шүүгдэгч Д.М-с гаргуулж хохирогч Ч.З-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с нийт 21,761,010 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.З-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.М-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгчийн зүгээс 21,761,010 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 6,863,956 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс тус хохирлыг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.М-н хувьд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх...” гэж зааснаар шүүгдэгч Д.М-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хувийн байдал (анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон), бусдад төлөх төлбөргүй (хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан) зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С** овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО