Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02493

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 хаягт байрлах, “...” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.Н Н.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “...” ХХК дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор “...” ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар “...” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч банкны зээл авлагыг төлүүлэх, хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэж орсон орлогоос харилцагч, хадгаламж эзэмшигч төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Тодруулбал банкны үйл ажиллагаа нь бусдын мөнгийг хуримтлуулан татаж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох бөгөөд банкнаас олгосон зээл чанаргүй болох, банкны төлбөрийн чадвар хэвийн үйл ажиллагаа алдагдахад банкны хадгаламж эзэмшигч харилцагчид эрсдэл учирдаг. Хууль тогтоогчоос банкны харилцагч хадгаламж эзэмшигчид учрах эрсдэл хохирлыг арилгах хамгийн бага түвшинд хадгалах зорилгоор Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны эрх хүлээн авагчийн төлүүлсэн зээлийн болон банкны хөрөнгийг худалдсан орлогоос эхний ээлжинд харилцагч хадгаламж эзэмшигчдэд олгох төлбөрийг барагдуулах, тэдгээрийн төлбөрийн шаардлагыг хангасны дараа түүний дараагийн ээлжийн төлбөрийг барагдуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл Банкны эрх хүлээн авагч нь хуулиар тогтоосон чиг үүргийг зөрчиж, төлбөр барагдуулах дарааллаас гадуур бусад төлбөрийг урьдчилан төлөх боломжгүй болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаартай шийдвэрээр хариуцагч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 402,823,837 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,172,069 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг дараах байдлаар 2 удаа зохион байгуулсан. Дуудлага худалдааны орлого өр төлбөрөөс хасагдаж нийт өр төлбөрийн үлдэгдэл 361,905,906 төгрөг болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хуралдааныг зохион байгуулахдаа дараах байдлаар төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явууллаа. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй бөгөөд энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтын 38.5.4, 38.5.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч нь гүйцэтгэх баримт бичиг, шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг эдэлдэг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох хуралдаанд төлбөр авагчид эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор булгачин гудамж, 225 тоот хаягт байрлах 1400 м/кв газар, мөн хаягт байрлах 594 м/кв блокны үйлдвэрийг 430,910,000 төгрөгөөр тооцон 361,905,906 төгрөгийн төлбөртөө тооцох авах, зөрүү мөнгийг төлбөр төлөгчид өгөхийг санал болгосон. Төлбөр авагчаас “К” банкинд өнөөдрийн байдлаар үүсээд байгаа нөхцөл болон Банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, төлбөр барагдуулах дарааллыг зөрчин төлбөр төлөгчид зөрүү төлбөрийг олгох боломжгүй шалтгаанаар дээрх үйлдвэрийг төлбөрт тооцон авахыг зөвшөөрөхгүй тул дараах хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг гаргасан. Гэтэл саналыг хүлээн авахгүйгээр харин дээрх үйлдвэрийг төлбөртөө тооцон авахаас татгалзаж байгаа бол нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийг 706,160,000 төгрөгийн үнээр тооцож зөрүү 339,834,100 төгрөгийг төлбөр төлөгчид төлөх, энэ төлбөрийг төлсний дараа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах саналыг тулган тавьсан. Дээрх үйл ажиллагаа санал нь төлбөр авагчийн хуулиар олгогдсон шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох, эрх тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх үйл ажиллагаа, санал нь төлбөр авагчийн хуулиар олгогдсон шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрх тодорхой хөрөнгийг хүлээн авах, тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Төлбөрт тооцон авахыг санал болгож байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь Иргэний хуульд заасан нэг бүрийн шинжтэй өөр өөрийн онцлог шинж чанартай хөрөнгө бөгөөд энэ утгаараа хөрөнгө тус бүрийн үнийг шинжээчийн үнэлгээгээр тогтоож хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.

Иймд санал болгох хуралдаанд хөрөнгө тус бүрээр албадан дуудлага худалдааг явуулсан дарааллын дагуу, тухайн хөрөнгийн тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгох ажиллагааг дэс дараатай явуулах ёстой байсан боловч нийт хөрөнгийн үнийн дүнгээр багцлан санал болгож байгаа нь төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож, төлбөр төлөгч талд илт давуу ашигтай байдлыг бий болголоо.

Учир нь төлбөр төлөгч нь 361,905,906 төгрөгийн өр төлбөртэй байсан бол санал болгох хурлын шийдвэрийн үр дүнд 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй хөрөнгөө төлбөр авагч нь банкинд өгч, зөрүүд нэмж 339,834,100 төгрөгийг авахаар болж төлбөр авагч нь 361,905,906 төгрөгийн авлагатай байсан бол эсрэгээрээ нэмж 339,834,100 төгрөгийн өглөгтэй болгож байна. Энэ зөрүү дүнд банкнаас хуулиар тогтоосон дарааллын дагуу төлбөр авах харилцагч, хадгаламж эзэмшигчид, төр, түүний байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол давхар зөрчигдөж хохирох үр дагаврыг үүсгэлээ. Нөгөө талаар банкны эрх хүлээн авагчаас дарааллыг зөрчин зөрүү төлбөрийг олгох боломжгүй тул хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авах боломжгүй болсоноор хөрөнгийг худалдан борлуулж чадахгүй болж, банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ тогтоосон хугацаанд шуурхай гүйцэтгэх боломжгүй болгож байна. Банкны эрх хүлээн авагчаас шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 679 дугаартай “Санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргах тухай” албан бичгээр гомдол гаргасан. Тус газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4/1457 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тухай албан бичгийн хариуг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар ирсэнийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх үндэслэлээр гомдлыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн тус газарт гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04848 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 404,995,906 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “А” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоож, талуудад мэдэгдлийг хүргүүлж үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч “А” ХХК-ийн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж, 155 тоот хаягт байрлах өмчлөх эрхийг газар худалдан борлогдож, борлогдсон үнийг төлбөр авагч “Капитал” банкны дансанд шилжүүлж бусад хөрөнгөд үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох хурлаар төлбөр авагчид тогтоосон үнэлгээгээр санал болгож шийдвэрлэсэн нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаар шийдвэрээр хариуцагч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 402,823,837 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 2,172,069 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-д олгож, хариуцагч “А” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04848 дугаартай шийдвэрийг улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 001/хт2017/00061 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийж, барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг явуулахад барьцаа хөрөнгүүдээс гагхүү Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 11 дүгээр гудамж, 1тоот хаягт байрлалтай 566.60 м2 талбай бүхий өмчлөх эрхтэй газар 43,090,000 төгрөгөөр зарагдсанаар нийт төлбөрийн хэмжээ 361,905,906 төгрөг болсон үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар үлдэх барьцаа хөрөнгүүд болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 40 тоот хаягт байршилтай 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Х /13090/, Б19 дүгээр гудамж, 2 тоот хаягт байршилтай 1400 м2 газар, 594м2 талбай бүхий үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжүүдэд үнийн санал ирээгүй тул хариуцагч байгууллагаас худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг оролцуулсан хурлыг хийжээ.   

 

Дээрх хуралд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч буюу нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор булгачин гудамж, 2 тоот хаягт байрлах 1400 м2 газар, мөн хаягт байрлах 594 м2 үйлдвэрийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт 361,905,906 төгрөгийн төлбөртөө тооцох авахыг санал болгосныг нэхэмжлэгч “...” ХХК дахь эрх хүлээн авагчийн зүгээс зөвшөөрөөгүй. Харин бусад барьцаа хөрөнгүүд болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 29 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 2 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцуудыг төлбөртөө авах зөрүүтэй саналыг гаргасан байна.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3, 73.5, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 12 дугаартай санал болгох ажиллагааны тэмдэглэл нэртэй шийдвэр гарчээ. 

Тодруулбал, төлбөр авагч “...” ХХК дахь эрх хүлээн авагч нь төлбөр төлөгч “А” ХХК-ийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийг /шинжээчийн тогтоосон үнэлгээ 430,190,000 төгрөг/ өөрийн авлага болох 361,905,906 төгрөгт тооцон авахгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчээр тогтоосон үнийн дүнгийн зөрүүд 339,834,100 төгрөгийг тус газрын дансанд байршуулснаар барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрх нь нээгдэх агуулга бүхий шийдвэр гарсан байна. 

 

Нэхэмжлэгч “...” ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар санал болгох хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...барьцаа хөрөнгүүд нь нэг бүрийн шинжтэй байхад хариуцагч байгууллага нэг бол санал болгосон хөрөнгийг ав, эсхүл бүх хөрөнгийг аваад зөрүү төлбөр өг гэх байдлаар төлбөр авагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Бид бусдаас авлагатай байтал энэ шийдвэрээс шалтгаалаад эргээд төлбөр төлөх болсон нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулсан боловч үнийн санал ирээгүй тул төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгүүдийг нэхэмжлэгчид тогтоосон үнэлгээгээр санал болгосон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-т “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана73.5.-т “барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд барьцаанд байгаа, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр тооцож төлбөр авагчид санал болгохоор, харин төлбөр авагч худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах агуулгатай байна.

 

Гэтэл барьцааны зүйлүүд нь нэг бүрийн шинжтэй, тус тусдаа үнэлэгдсэн хөрөнгүүд байхад, мөн нэхэмжлэгчийн зүгээс барьцааны зарим хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтээ тавьсаар байхад хариуцагч байгууллага “...тухайлсан нэг хөрөнгийг төлбөрт тооцож өгөх, эсхүл үнийн зөрүү төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсэх” агуулгаар асуудлыг шийдвэрлэсэн байгаа нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт нийцээгүй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.