Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б\84 болон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б\416-р тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргаддаалгуулах, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх”.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.Г, Л.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Б би 1989 оноос эхлэн Сэлэнгэ аймаг дахь гаальд Гаалийн улсын байцаагч.орлогч дарга, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан юм.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас миний ажлыг 2017 оны 04 сарын 06-ны 01-р тогтоолоор түдгэлзүүлж уг тогтоолыг 2018 оны 08 сарын 06 ны 07-р тогтоолоор хүчингүй болгож миний ажиллах эрхийг сэргээсээр байтал гаалийн ерөнхий газрын дарга Б.А нь миний ажиллах эрхийг сэргээхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 13-ны Б/416-р “ажлаас халах” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Прокурорын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэдгийг зөрчиж байна.

Төрийн албан хаагчийг төрийн албанаас дараахь үндэслэлээр халахаар заажээ. 25-р зүйл 25.1.2-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон үед халахаар заажээ. Үүнийг Гаалийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 1З-ны Б\416-р тушаал зөрчжээ.

Миний бие ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажлаа хууль журмын дагуу гүйцэтгэж байсан. Миний хариуцаж ажиллаж байсан Аптанбулагийн гаалийн салбар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ажлын 90%-г хийдэг бөгөөд сүүлийн 10 жилд системийн хэмжээнд эхний 1-3 байранд ажлаа дүгнүүлж байв.

Дээрх гомдлыг Төрийн албаны зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгч хариуг 2018 ны 12 дугаар сарын 05-ндавч хариу гомдол гаргаж байна.

2016 оны 12 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга н.Д гэгч нь хууль хяналтын байгууллагад ”Б рентген аппаратаар орсон барааг гааль шалгах ёсгүй байхад давхар үзлэг шалгалт хийж, үйлчилгээний хураамж нэрийдлээр орж ирсэн машин болгоноос 20.000 төг хураан авч байсан”гэж илт худлаа мэдүүлэг өгсөн. Миний ******* салбарын эрхлэгчээр ажилласан 521 хоногийн хугацаанд 9676 машин рентгин аппаратаар орсон байдаг бөгөөд зөвхөн 528 машин ачааг гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч нар буулгаж үзлэг шалгалт хийсэн байдаг. Манай гаальд өдөрт дунджаар 18 машинд бүрдүүлэлт хийдэг байснаас дээрх  байдлыг харахад өдөрт 1 л машиныг гааль, мэргэжлийн хяналт буулгаж үзлэг шалгалт хийсэн харагдана. Иймээс н.Д*******гийн намайг гүтгэсэн мэдүүлэг нь хууль хяналтын байгууллагуудын шалгалтаар нотлогдоогүй юм. Үүнийг Гаалийн ерөнхий газар огт шалгахгүй байгаа нь миний нэр төрийг зориуд гутааж албан тушаалыг авах гэсэн хуйвалдаан гэж миний бие ойлгож байгаа.

Сэлэнгэ сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаар захирамжаар Авилга тэмцэх газрын шалгасан 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны З дугаар сар хүртэлх хэргийг хянаад мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, хэрэгт цугласан орлогын баримтыг шууд нэмж гаргасан нь эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.5 буюу хохирлыг нотлоогүй, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ДШМ/42 тоот магадлалаар 2017 оны 06 дугаар сарын 26-наас 2018 оны 03 дугаар сар хүртэл Авилгатай тэмцэх газрын Сэлэнгэ аймгийн прокуроруудын гаргасан шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн болохыг тогтоож хүчингүй болгосон.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга Б.Аын гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 тоот тушаалд Хууль хяналтын байгууллагууд нь миний гэм бурууг тогтоож чадаагүй учир уг шийдвэрүүдийг үндэслээгүй, харин Гаалийн Ерөнхий Газрын Сахилгын хорооны шалгаж тогтоогоогүй хурлын шийдвэрийг үндэслэл болгожээ.

Нэг. “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдсан зөрчил” гаргасан гэжээ.

Хоёр. Өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зэрэг сахилгын зөрчил гаргасан гэдэг нь ямарч хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин миний ажилласан хугацаанд 20 гаруй хүн өөрсдийн санаачлагаар ачилт буулгалтын ажил хийж нийт 11 компанийнорлогын баримтыг ашигласан байдаг бөгөөд олсон орлогоо 100% өөрсдөө авсан байдаг. Эдгээр хүмүүс нь 2002 оноос өнөөдрийг /2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр/ хүртэл ямар компанийн орлогын баримтыг ашиглаж байгаагаас үл хамаарч дээрх ажлыг хийсээр байгаа.

Миний бие ******* дахь боомтын эрхлэгчээр 2015 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс хууль хяналтын байгууллага шалгах хүртэл 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл дээрхи үйл ажиллагаа надаас хамаарахгүйгээр бүхэл бүтэн 17 сар явагдсан боловч гаалийн байгууллага нэгч удаа дээрх асуудлыг шалгаж арга хэмжээ авч байгаагүйгээс харахад гаалийн байгууллага үүнийг зөрчил гэж үзээгүйтэй холбоотой юм.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2017 оны 04 сарын 07 ны 12 тоот тогтоолд Б.Х нь Д.Бтай дээрх хэргийг бүлэглэн үйлдсэн, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх тогтоогдохгүй, эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь миний бие бусдад давуу байдал олгож хувийн ашиг хонжоо олсон гэдэг нь тогтоогдоогүй байгаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолын Гаалийн улсын байцаагчийн Сахилгын дүрмийн 5.2-т Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий сахилгын хороотой байна гэж заасан боловч надаас болон бусад холбогдох хүмүүсээс ямарчтайлбар авч шалгахгүйгээр сахилгын арга хэмжээ авч байгаа нь уг заалтыг зөрчиж байна.

Дээрх сахилгын дүрмийн 6.6-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 сарын 08-ны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын” 11-р зүйл: Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно. Энэ хэсэгт заасан “зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно гэжээ.

Гэтэл дээрх үйл ажиллагаа нь 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 16 жил явагдаж байгаа, миний ажилласан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 17 сар болж байхад дээрхи зөрчил гэгч нь илрээгүй,дээрхи хугацаанд уг үйл ажиллагааг Гаалийн байгууллага мэдээгүй байсан, гэвч өнөөдрийг хүртэл дээрхи ачилт, буулгалтын ажил хийгээд байгаа 20 шахам хүмүүст ямар нэгэн байгууллага хариуцлага тооцоогүй байгаа нь энэ үйл ажиллагаа хууль, журам зөрчөөгүйг нотолж байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд Гаалийн ерөнхий газрын даргын сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.2, 26.4, Прокурорын тухай хуулийн 9.1, Монгол улсын засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолын Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2, 6.6 шинээр батлагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 1.5 зүйлийн 9, Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийг зөрчсөн байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б\416-р тушаалын тухайд: Гаалийн ерөнхий газрын дарга нь надад холбогдох зөрчлийн хэрэг гэгчийг шалгахдаа Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дугаар А\64 тушаалын 1-р хавсралт Гаалийн Улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам, 2-р хавсралт Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хуралдааны дэгийг огт баримтлаагүй байна.

Харин Гаалийн ерөнхий газрын Сахилгын зөрчил гэгчид үндэслэл болгосон хууль хяналтын байгууллагын мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1,1.2,16.1-р зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэдгийг зөрчиж нотлох баримт цуглуулсан,мөн 39.5-н 1.3-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн, бичмэл материал байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09-р сарын 13-ны өдрийн Б\416-р тушаал нь дээрхи хууль бус мэдээллийг үндэслэж Д. Б нь:

1. Тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20.000 төгрөг хураан авч өөрийн охины нэр дээр бүртгэлтэй Г ХХК ийн харилцах дансанд тушаалгах, өөртөө бэлнээр авах зэргээр ААН байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан.

2.Аж ахуй нэгжээр хууль бус ачилт буулгалт хийлгэсэн: Энэ нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгосон сахилгын зөрчил гаргасан гэж буруутгажээ.

Иймд “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б\84-р тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б\416-р тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 17 хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн, миний биеийг Сэлэнгэ аймаг дахь ******* дахь Гаалийн салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж” өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгосон” үндэслэлээр “ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байгаагаа дахин нотолж байна.

Нэхэмжлэгч "Сэлгэн томилж ажиллуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Гаалийн ерөнхий газрын дарга уг тушаалыг батлахдаа Монгол Улсын дараах хууль тогтоомжид үндэслэн, тэдгээрт нийцүүлэн баталсан гэж хариуцагч тал үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал,

3асгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”,  Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс; ... бүрдэнэ.” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;” гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ” гэж заасныг тус тус үндэслэн уг тушаалыг баталсан.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дээрх тушаалаар ажилтныг хугацаагүй сэлгэн томилсон, хууль зөрчсөн гэж үзсэн талаар.

Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын ******* дахь гаалийн салбарын эрхлэгч нь хуульд заасан гаалийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан доор дурдсан бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Үүнд:

Хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

Улсын төсөвт оруулах гаалийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах;

Гаалийн харилцаанд оролцогчдод зөрчлөөс ангид байлгах чиглэлээр, ажилтныг авилга, хүнд суртлаас ангид байлгах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх;

Гаалийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;

Байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилт, гарсан үр дүнд хяналт, шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих;

Хариуцсан нутаг нутаг дэвсгэрт хяналтын технологийн горимыг мөрдүүлэх;

Мэдээ, тайланг тогтоосон хугацаанд мэдээлэх;

Газар, хорооны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм, Улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарт мөрдүүлж ажиллах;

Удирдах төв байгууллагаас өгсөн удирдамж, чиглэл, үүрэг даалгаврын биелэлтийг хангах;

Улсын байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах;

Ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны харилцан уялдааг хангах.

Гэвч Д.Б тус салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр 17 сар, “Гаалийн албанаас халах тухай” 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар халагдсанаар 5 сар, нийт 22 сарын хугацаанд тус салбарын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг, үүрэг огт хэрэгжээгүй, улмаар дээр дурдсан гаалийн байгууллагын бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа хийдэж, улсын төсөвт хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон.

Үүний учир Гаалийн ерөнхий газар төрийн албаны тАгүй байх зарчим болон түүний залгамж чанарыг хангах, салбарын хэвийн үйл ажиллагааг сэргээх, үүссэн нөхцөл байдлыг арилгах зорилгоор тухайн ажлын байранд Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Төрийн албаны хуульд сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "Сэлгэн томилж ажиллуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай асуудлаар нэхэмжлэл гаргажээ.

Гаалийн ерөнхий газрын дарга уг тушаалыг Монгол Улсын хууль тогтоомжид үндэслэн, тэдгээрт нийцүүлэн баталсан, дараах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. 3асгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс; ... бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж,

Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;” гэж,

мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.” гэж заасныг тус тус үндэслэн уг тушаалыг баталсан.

Мөн түүнчлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын ******* дахь гаалийн салбарын эрхлэгч нь хуульд заасан гаалийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан доор дурдсан бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Үүнд:

Хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

Улсын төсөвт оруулах гаалийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах;

Гаалийн харилцаанд оролцогчдод зөрчлөөс ангид байлгах чиглэлээр, ажилтныг авилга, хүнд суртлаас ангид байлгах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх;

Гаалийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх.

Байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилт, гарсан үр дүнд хяналт, шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих;

Хариуцсан нутаг нутаг дэвсгэрт хяналтын технологийн горимыг мөрдүүлэх;

Мэдээ, тайланг тогтоосон хугацаанд мэдээлэх;

Газар, хорооны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм, Улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарт мөрдүүлж ажиллах;

Удирдах төв байгууллагаас өгсөн удирдамж, чиглэл, үүрэг даалгаврын биелэлтийг хангах;

Улсын байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах;

Ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны харилцан уялдааг хангах.

Гэвч Д.Б тус салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр 17 сар, “Гаалийн албанаас халах тухай” 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар халагдсанаар 5 сар, нийт 22 сарын хугацаанд тус салбарын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг, үүрэг огт хэрэгжээгүй, улмаар дээр дурдсан гаалийн байгууллагын бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа хийгдэж, улсын төсөвт хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон.

Үүний учир Гаалийн ерөнхий газар төрийн албаны тАгүй байх зарчим болон түүний залгамж чанарыг хангах, салбарын хэвийн үйл ажиллагааг сэргээх, үүссэн нөхцөл байдлыг арилгах зорилгоор тухайн ажлын байранд Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Төрийн албаны хуульд сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан.  Иймд Д.Бын гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие Д.Баас Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар энэ хариу тайлбараа дэмжин оролцох бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй байх хүсэлттэй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.      

                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болонхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б тус шүүхэд хандаж “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б\84 болон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б\416-р тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сахилгын шийтгэл ногдуулахдаа надад холбогдох зөрчлийг шалгаж тогтоогоогүй, хууль журам зөрчиж гаргасан...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “...өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн...” гэж тайлбарлан маргаж байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар бүхий “Гаалийн албанаас халах тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 80 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, 26.3 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11 заалт, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэг, 284.1.5 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.3, 6.9 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 13-ныөдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Быг “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж, зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох зэрэг сахилгын зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Д.Быг гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилогдон ажилласан, ийнхүү ажиллаж байх явцад түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан  “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний буюу 11,452 000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт буюу “Өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Г” ХХК, “О” ХХК болон “Т” ХХК-иудаар гаалийн хяналтын бүсэд бараа импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт буулгалт хийж түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20000 /хорин мянга/  төгрөг бэлнээр авч өөрийн охины компанийн харилцах дансанд тушаалгаж хөрөнгө төвлөрүүлэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үйлдэлд холбогдуулан Цагдаагийн байгууллагад шалгасан байна.

Ийнхүү шалгах байх явцад Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ныөдрийн 01 дүгээр “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тухай тогтоолоор даалгасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын ******* дахь гаалийн салбарын эрхлэгч Д.Бын гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ныөдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний буюу 11,452,00 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ныөдрийн 2018/ДШМ/42 тоот магадлалаар “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэх”-ээр анхан шатны шүүхэд буцаасан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/268 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “Эрүүгийн хуулийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурорт нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/1417 тоот хариу мэдэгдэх хуудсаар 2018 оны 08 дугаар сарын 06-ныөдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн тухай түүнд мэдэгдэн, уг тогтоолын хувийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д “энэхүү хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан  хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид  дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3 “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” гэж, 26.3. “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж, 26.4. “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

Мөн Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1-д Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 2711.1.11-д “гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах” гэж, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна”, 284.1.5 “гаалийн албанаас халах”–аар зохицуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.1-д “Гаалийн улсын байцаагч сахилгын дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана” 2.1.1-д “хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх” 2.1.3-т “хууль тогтоомжоор хориглосон үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх”, 2.1.4-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх”, 4.1.3-т “гаалийн улсын байцаагч албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгохыг хориглоно” 6.1-д “...Энэхүү дүрмийн 2.1-д заасныг зөрчсөн бол гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, 6.6-д “...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад энэ хугацааг баримтлахгүй”, мөн дүрмийн 6.9-д “Гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулаагүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаар тогтоолын хувийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлснийг үндэслэн тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч Г.Бэс уг асуудлыг судлан  дүгнэлт гаргаж, улмаар Д.Бт холбогдох зөрчлийн асуудлыг Сахилгын хорооны хурлаар хэлэлцүүлэх санал оруулсан байна.

Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Сахилгын хорооны дүгнэлтээр “Тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20.000 төгрөг хураан авч, өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Г” ХХК-ийн харилцах дансанд тушаалгах, өөртөө бэлнээр авах зэргээр аж ахуйн нэгж, байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгжээр хууль бус ачилт буулгалт хийлгэсэн зэрэг үйлдлээрээ Гаалийн тухай хуулийн 2711.1-д заасан “Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх”-ийн 2711.1.1.6-д заасан “Гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах” гэсэн Гаалийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд халдсан нь мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “бүрэн эрхээ хэтрүүлсэн” зөрчил гаргасан“Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1-д “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 4.1.3-д заасан “Албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох” сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэн гишүүдийн 100%-ийн саналаар Д.Бт Гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан хуулийн болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа маргаан бүхий захиргааны актад дурдсан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хуралдаанаас түүнийг гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б/416 дугаар бүхий “Гаалийн албанаас халах тухай” тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хуулийн 2711.1.1.6-д заасан Гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах чиг үүрэг нь Гаалийн байгууллагын удирдлагын эрх хэмжээнд хамаарах тул Д.Бт энэ эрх хэмжээ олгогдоогүйн дээр түүний гаргасан үйлдэл нь “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 4.1.3-д заасан “Албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох” сахилгын зөрчилд хамаарч байна.

Нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байх боловч Сэлэнгэ аймгийн Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаар тогтоолын хувийг Гаалийн ерөнхий газар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг үндэслэн зөрчлийг шалгаж тогтоон, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б/416 дугаар бүхий “Гаалийн албанаас халах тухай” тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Бт Гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Баас гаргасан, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр “Сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр “Сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711.1.10, 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь гаалийн газрын Эрээнцав дахь гаалийн салбарын эрхлэгч Н.Булганчимэгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ өөрийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилохыг даалгуулах шаардлагатай холбогдуулан тайлбарлаж байх боловч энэ нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргаж буй Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр сэлгэн томилогдсон ажилтны хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох, эсэх асуудал нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Иймд дээрх тушаалаар зохицуулж буй харилцаа нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд тухайн албан тушаалд шинээр орсон ажилтныг ажлын байраар хангах заалтад хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчД.Баас гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан 2018 оны 9 сарын 13-ны өдрийн Б/416 тоот “Гаалийн албанаас халах” тухай тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9752369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр “Сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН