Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/929

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024            11               21                                           2024/ШЦТ/929

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогч Ө.Т,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008851315 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,  Б** овогт Б.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглаж “...Нийтийн байранд 1 өрөө байр суларлаа, сарын 400,000+200,000 дотроо нойлтой, хэрэглээний халуун, хүйтэн устай, хаяг зурагтын хуучин эцэст, утас ********” гэсэн зар оруулж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Ө.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 25-2-29 тоотод нөхөр Н.Г-н Хаан банкны ****** дугаарын данснаас 600,000 төгрөг шилжүүлснийг А.П-н нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ****** дугаартай дансаар шилжүүлэн авсан,

           Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “А.П” гэх нэртэй фейсбүүк хаягнаас “Бичилд засвар хийсэн 1 өрөө байр түрээслүүлнэ, тавилгагүй, сар сардаа, утас:*******” гэх хуурамч зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлж, улмаар уг зарын дагуу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** гэх байрны 300 тоотод байхдаа байр түрээслэх зорилгоор холбогдсон хохирогч Т.Т-д “Би одоо ажил дээрээ байна, орой ажил тараад яваад очъё, түрээсээ баталгаажуулаад 200,000 төгрөг  шилжүүлээрэй, өөр хүмүүс байр түрээслэх гээд залгаад байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Т-с 200,000 төгрөгийг А.П-н нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ******* дугаартай дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулах болно” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Т мэдүүлэхдээ “...Сошиалд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу утсаар нь холбогдоход надад тухайн байрыг очоод үзчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зааж өгсөн хаягаар нь очоод хаалгыг нь тогшсон. Тэгэхэд энэ залуу биш өөр хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би байрыг нь үзчихээд эргээд залгахад та одоо гялс мөнгөө шилжүүлчих, урьдчилгаа 400,000 төгрөг, барьцаа 200,000 төгрөг нийт 600,000 төгрөг шилжүүлчих, өөр хүмүүс түрээсэлье гэж залгаад байна гэж надад хэлэхээр нь би нөхөртөө түрээслүүлнэ гэсэн байрыг үзчихлээ, орой 8 цагт ажлаасаа буугаад түлхүүр өгнө, одоо мөнгөө шилжүүл гэж хэлсэн гэж хэлээд нөхрийнхөө данснаас 600,000 төгрөг шилжүүлсэн  Орой өөрсдийнхөө эд зүйлсийг авч явж байрны гадаа очоод залгахад одоо очих гэж байна гэж хэлсэн. Тэгтэл байрны жижүүр нь гарч ирээд та юу хийх гэж байна вэ, ямар хүн бэ гэж асуухад би энэ байрыг түрээслэх гэж байгаа хүн байна гэж хэлсэн. Гэтэл та дугаарыг нь өгч бай гэхээр нь дугаарыг нь өгтөл манай байранд ийм дугаартай хүн байхгүй гэж хэлсэн. Байрны эзэн гарч ирээд би байр түрээслүүлнэ гэж хэлээгүй, та залилуулсан байна, энэ дугаар миний дугаар биш та цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэв.

Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан "Байр түрээслүүлнэ" гэх зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Т-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан иргэн Н.Г-н өргөдөл (хавтаст хэргийн 118 дугаар хуудас)

Хохирогч Ө.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),

Гэрч А.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас),

Хаан банкны ****** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас),

А.П-н эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 136-141 дүгээр хуудас),

Н.Г-н эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаартай дансны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хоорондох дансны хуулга (хавтаст хэргийн 142 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан "Байр түрээслүүлнэ" гэх зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Т.Т-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан хохирогч Т.Т-н өргөдөл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Хохирогч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

Гэрч А.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

А.П-н эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаартай дансны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Хохирогч Т.Т шүүгдэгч Б.Б нарын хоорондоо харилцсан чатны хуулбар (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас, 153-154 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 157 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 160 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 161 дүгээр хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 61-84 дүгээр хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-701 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглан "Байр түрээслүүлнэ" гэх зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Т-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 600,000 төгрөгийг, мөн хохирогч Т.Т-г дээрх аргаар хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгууд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Т болон шүүгдэгч нарын хоорондоо харилцсан чатны хуулбар, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдэхүйг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Б.Б ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-д 200,000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Т-д 600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Т.Т-н хувьд “...гомдол, саналгүй...” (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн бол хохирогч Ө.Т-д учирсан 600,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Т-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Б-д 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Т-д олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО