Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00497

 

2022 оны 03 сарын 01 өдөр                                  Дугаар 183/ШШ2022/00497                                 Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороолол, 00 дугаар хороо, Их тойруу-60, Барилгын дэвшилтэт технологийн төв, өөрийн байранд байрлах, М ейд ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 000 байр, 0 тоотод оршин суух, Б овогт А Ан /РД:00000/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 15.396.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Д.Сн нар оролцов.

                          

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Мо Тр ХХК нь 2018 оны 04 сарын 16-ны өдөр иргэн А.Амарсайхантай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороолол, 10-р хороо, Их тойруу-60-д байрлах Барилгын дэвшилтэт технологийн төвийн 4-р давхрын 403 тоот 88м2 бүхий өрөөг гэрээнд заасан Оффисын талбайн зориулалтаар түрээслүүлэхээр нэг сарын түрээсийн төлбөр 1.408.000 төгрөг байхаар, Түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол түрээслүүлэгчид төлөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь сар бүр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2019 оны 1 сараас, 2019 оны 08 сарын 31 хүртэлх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй. Бид хариуцагч А.Амарсайхантай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байсан бөгөөд 2021 оны 02 сарын 25-ны өдөр манай компанид өөрийн зүгээс бичгээр хүсэлт гаргаж 14.229.248 төгрөгийн өр төлбөр төлөх ёстой. Уг төлбөрөөс 3.000.000 төгрөгийг 3 сарын 10-ны дотор төлж үлдэгдэл төлбөрийг 4 болон 5 сард хуваан хийж төлбөрийн үлдэгдэлгүй болгоно. Хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангитай шүүхэд шилжүүлэхэд гомдолгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн боловч 2021 оны 03 сарын 15-нд 1.000.000 төгрөг төлснөөс хойш одоог хүртэл ямар ч төлбөр нэмж төлөөгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь 4.1-р зүйлд заасан гэрээний төлбөр болох 10.264.000  төгрөг, гэрээний 4.9-р зүйлд заасны дагуу төлөх алдангийг Иргэний хуулийн 232.4-р зүйлийн дагуу төлөх алданги 5.132.000 төгрөг, нийт 15.396.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч А.Амарсайхан шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.

  

3. Нэхэмжлэгч талаас, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №ВАТС 13/18 дугаар Түрээсийн  гэрээ, хариуцагч А.Амарсайханы гараар бичсэн хүсэлт, төлбөрийн нэхэмжлэх, авлага өглөгийн тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч М трейд ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөр, алданги 15.396.000 төгрөгийг А.Амарсайханаас гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч А.Ам шүүх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний дотор хариу тайлбар ирүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч А.А М ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу-60 байрлах БДТТөвийн 4-р  давхарын 403 тоот, 88 м.кв талбай бүхий өрөөг 2018.04.16-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 1.408.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулжээ.

 

6. Энэ гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн дагуу түрээслүүлэгч түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

7. Хариуцагч А.А 2019 онд Мд ХХК-нд 14.229.248 төгрөгийн өр төлбөртэй, төлбөрийг төлж барагдуулах талаар хүсэлт гаргасан, мөн 2021 онд дахин төлбөр төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байжээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

8. Хариуцагч А.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

9. Иймд хариуцагч А.А түрээсийн гэрээний үүрэгт 15.396.000 төгрөгийг гаргуулж, Мос т ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Амс 234.930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монхорус трейд ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ам 15.396.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мо ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Мо” ХХК -аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А 234.930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мод ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО