Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2019/02728

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, иргэдийн төлөөлөгч Ц.Баярмааг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч....,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ...,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 51,320,000 /тавин нэгэн сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг ... ХХК болон ...наас гаргуулах тухай .... ХХК-ийн үндсэн нэхэмжлэл,

.... ХХК-иас хохирол 87,491,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,000,000 төгрөг, нийт 91,491,000 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., М...., хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г...., өмгөөлөгч Ж...., хариуцагч ...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлдээ:

.... ХХК нь Баянгол дүүргийн .... станцын урд талд 2012 оноос хойш 5000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшиж ирсэн билээ. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сард батлагдсан тогтоолоор Баянгол дүүргийн ... станцын урд талын авто замаас ... дүгээр анги хүртэл авто зам барихаар төлөвлөгдсөн байдаг. Гэтэл ... ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дээрх авто замыг өөрийн хөрөнгөөр барих зөвшөөрөл хүсч, холбогдох төслийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэнд тус албанаас хариу өгөхдөө тус газарт Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших .... ХХК, иргэн С.... нарын эзэмшил газар өртөж байгаа учир тэдэнтэй зөвшилцсөн тохиолдолд Нийслэлийн газрын албанаас татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Гэтэл ...ны эрх бүхий албан тушаалтнууд .... ХХК-ийн захиралд танилцуулж зөвшилцөлгүйгээр үл барам, ... ХХК-ийн барьж буй авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа мэтээр ойлгуулж, татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг биднээс аваагүй байж, тус компанийн эзэмшлийн 5000 м.кв талбайгаас 1570 м.кв газрыг хасч, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулж, улмаар ... ХХК-ийн зам барих ажлыг эхлүүлэн манай эзэмшлийн газар дээгүүр дамнуулан өөрийн компани руу оруулахын тулд ойрхон дөтийг харж бодсоноос орц бүхий замыг барьсан. .... ХХК-ийн зүгээс гомдол гаргаж, Улсын мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллагаар шалгуулахад Нийслэлийн болон ...ны эрх бүхий албан тушаалтнууд ... ХХК-тай үгсэн хуйвалдаж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж .... ХХК-ийн эрх ашгийг хохироон хохирол учруулсан нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5/1589 хариу мэдэгдэх хуудас зэргээр нотлогдсон. Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/420 тоот захирамжаар манай компанийн 5000 м.кв газрын гэрчилгээг дахин гаргаж өгсөн.

.... ХХК эзэмшил газраа аж ахуйн зориулалтаар эзэмшиж, талбайгаа бусдад түрээслүүлэн, сардаа 3,000,000 төгрөгийн орлого олдог байсан бөгөөд, нийт 16 сар орлогоо алдсан. Үүнээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл олох байсан орлого 36,000,000 төгрөг гаргуулах, мөн хашаагаа буулгахад 5,800,000 төгрөг, буцааж сэргээн барьж нийлүүлэн шинээр барихад гарсан зардалд М...., Б.Ариунбатын ажлын хөлсөнд 2,480,000 төгрөг, компанийн хашааны материалын 6,020,000 төгрөг, хашаа тойрсон эргэн тойрны камер сэргээсэн ажлын хөлс болон бараа материалын зардалд 1,020,000 төгрөг, нийт 51,320,000 төгрөгийн хохирол учирсан. ... ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5,800,000 төгрөгийн хохирол өгнө гэсэн атлаа 4,000,000 төгрөг өгснийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн дэргэд хүлээн авсан. Иймд манай компани хариуцагч ... ХХК болон, ... нарын үгсэн хуйвалдсан хууль бус үйл ажиллагааны улмаас манай эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 51,320,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна... гэжээ.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Э.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн 2... урд манай компани болон .... ХХК-ийн үйл хөдлөх эд хөрөнгө зэрэгцээ оршин байдаг бөгөөд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын бүртгэл мэдээллээр Гол гудамж зам-1 нэртэйгээр Нийслэлийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх стратегийн ерөнхий төлөвлөгөө-д тусгайлан багтсан нутаг дэвсгэр юм. Энэ төлөвлөгөөнд ТЭЦ4-ийн урдаас эгц урагшаа чиглэж, ... дүгээр ангийн дэргэдүүр өнгөрч, Яармагийн шинэ гүүртэй нийлэхээр тусгагдсан авто зам нь дан ганц .... ХХК-ийн эзэмшлийн газраар дайрч өнгөрөөгүй, манай эзэмшлийн газар дундуур дайрч байгаа ба, нэхэмжлэгчийн 789 м.кв талбай, манай эзэмшлийн газраас 3200 м.кв талбай тус тус өртөж тусгагдсан байдаг. Манай компаний 2015-2017 оны хооронд авто замын ажлын зураг, 0,3 км авто замын ажлын төсвийг боловсруулан батлуулж, эрх бүхий байгууллагуудаас хууль ёсны зөвшөөрлүүдийг авснаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ...ны ажилтнууд .... ХХК-тай өөрсдөө холбогдож, авто зам тавих газрын талбайг тус компанийн ажилчид нь өөрсдөө 1 хоногийн дотор хашаагаа гэмтээлгүйгээр, гагнуураар нь салган бүрэн бүтэн авч, хурдан чөлөөлж өгсний дараа маргааш нь л манайх ажлаа эхэлсэн. Тухайн үед 0,3 км зам дайрч өнгөрөх замын трасст орсон 789 м.кв талбай нь .... ХХК-ийн эзэмшил биш болсон, эзэмших эрхийн хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан, газрын төлбөр мөнгөө төлөөгүй олон сар болсон байсан. Авто замын ажил хийх тухай .... ХХК-ийн захирал Н....т ...наас танилцуулсан. Үүнийг тус албанаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 09/1130 дугаартай .... ХХК-д хаягласан албан бичиг нотлоно. Гэтэл нэхэмжлэгч тал танилцуулж зөвшилцөлгүйгээр авто зам тавьсан, өөрийнх нь эзэмшлийн газраас залилан мэхэлж 1530 м.кв талбай бүхий газар хассан мэтээр худал хэлж гүтгэн, манай компанийг сүрдүүлж, их хэмжээний ашиг олох зорилгоор үндэслэлгүй мөнгө нэхэмжлэн, АТГ, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж ирсний хариуд холбогдох байгууллагууд шалган манай компанийн ямар нэгэн хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. Мөн нэхэмжлэгч тал газар чөлөөлөхөд бүхэлдээ урт байсан хашааны зөвхөн дунд хэсгийн төмөр хашааг дотогш эргүүлэн 2 тусдаа хашаа болгосон, шинээр хашаа огт хийгээгүй.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай компани өөрийн 100 хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн авто замыг өөрийн хөрөнгөөр мөн олон машин дайрга дэвсэж нягтруулсан байсныг буцааж ухаж зайлуулан тэгшилж, шороог, ус цуглуулж зайлуулах зориулалтын лотки тагтай нь, авто замын бордур явган замын өнгөт хавтан, боржурыг зайлуулан хуулж талбайг бүрэн чөлөөлж .... ХХК-д хүлээлгэн өгөхөд тэд өөрсдөө дотогш эргүүлэн барьсан төмөр хашаагаа буцаан дэлгэж, 2 талын үзүүртэй нийлүүлснээс өөрөөр шинэ хашаа огт бариагүй. Бусдыг айлган сүрдүүлж дарамтлан мөнгө шантаажилж олдог энэ компани манай компанитай холбоотой төлбөр тооцоо бүрэн дууслаа гэж мөнгө авсан хэрнээ дахин ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримт, талбайн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг хийж бүрдүүлэн, их хэмжээний мөнгө нэхэмжилж шунахайн сэдлээр залилж дээрх мөнгийг үндэслэлгүйгээр нэхэж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Иймд .... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагч ...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан байдаг ч, нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өөрийн газрыг бусдад ашиглуулах талаар зөвшөөрөл авч байгаагүй бөгөөд, Газрын тухай хууль зөрчин газар эзэмшиж байснаа нотолсон, үүнийгээ зөвтгөсөн нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заадаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлд хавсаргасан материалд дээрх эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн лавлагаа болон холбогдох мэдээлэл байхгүй байх тул гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдохоор байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хууль зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн төрийн өмчийн газрыг бусдад түрээслүүлэн, ирээдүйд бий болох байсан орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Э.... нь нэхэмжлэгч .... ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний ихэсгэсэн шаардлагадаа:

Бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөлс хүчээ гарган байж улс нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулан хийж гүйцэтгэсэн 0,2 км авто замаа эвдэн хуулснаар манай компанид дараахь бодит хохирол учирсан. Үүнд: Бичиг баримтын бүрдэлд гаргасан зардлууд: авто замын ажлын зургийг ... ХХК-иар хийж гүйцэтгүүлэн ажлын зургийн хөлсөнд 5,000,000 төгрөг, 0,3 км авто замын ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин Ц....оор хийлгэж, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг төлсөн. 0,3 км авто замыг тавихад бэлтгэхэд дайрга худалдаж авахад гарсан зардал нийт 8,105,000 төгрөг, бордур 0,3 км замын 2 талаар авто замын хязгаар тогтоосон зориулалтын авто замын болон явган хүний замын бордурын үнэ хөлсөнд нийт 7,573,300 төгрөг, авто замын баруун захаар явган хүний зам хийсний зардал 5,400,000 төгрөг. Авто замын хажуугаар ус зайлуулж цуглуулах лотки иж бүрэн суурилуулсан нийт 4,941,100 төгрөг, замын голд байсан шилэн кабелийн худгийг өндөрсгөж 1000-ын голчтой кольцог иж бүрнээр угсран суурилуулахад 228,000 төгрөг, буулгасан дайргаа тэгшилж нягтаршуулахад эксковатор машин, грейдор, индүүний машиныг цагийн хөлсөөр тохиролцон тус бүр 6 өдөр ажилуулсны хөлс, ажил эхлүүлэхийн тулд ... ТӨХК-иас ХАБ-ын 2 инженерийг 2 өдөр ажиллуулсны цалин нийт 440,000 төгрөг. Мөн өөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер болон туслах нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 14 хоногийн турш ажиллуулсны цалин ... ХХК-д 14,500,000 төгрөг гэх мэт материалын болон машин тоног төхөөрөмжийн ажлын хөлс, түлш шатахуунтайгаа нийлээд 2017 онд 41,456,000 төгрөг, 2018 онд машин механизмын ажлын хөлсөнд 5,920,000 төгрөг, түр барилга нүүлгэн шилжүүлэх зардал, дайрга буцаан хуулж авах эксковатор, хово машин болон машин механизмын ажлын хөлсөнд 18,965,000 төгрөг, нийт 87,491,000 төгрөгийн бодит хохирол учирсан тул хохирлыг .... ХХК-иас гаргуулж өгнө үү.

.... ХХК нь ашгийн төлөө улам улайрч бидний ажлыг зогсоон, цагдаа, прокурорын газарт удаа дараа гомдол гарган, Газрын албаны ажилчдыг АТГ-т гүтгэн шалгуулах, манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нярай хүүхэдтэйг нь мэдэнгүүтээ анх шаардаж байсан 4,000,000 төгрөгөө нэмэгдүүлэн 5,800,000 төгрөг болгон нэхэж, төлөөлөгч удаа дараа дарамтанд өртөж, сэтгэл санаагаар унаж .... ХХК-ийн төлөөлөгч Д....т дахин дарамтлуулж, айдас түгшүүрт автахгүйн тулд, мөн дөнгөж төрсөн хүүхдэд нь ямар нэгэн муу юм болох вий гэсэн айдсаасаа үүдэн 4,000,000 төгрөгийг Д....т бэлнээр өгсөн байдаг. Иймд бусдын сул талыг ашиглан айлган сүрдүүлж, ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүйд хүргэн шахаж олж авсан .... ХХК-ийн төлөөлөгч Д....ын хууль бус ашиг орлого болсон 4,000,000 төгрөгийг хууль ёсны эзэнд нь буюу манай компанид гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., М.... нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий газарт ... ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр орц, гарц гаргасан, батлагдсан зураг төсөлгүйгээр авто замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нотлогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгуулж хариуцлага хүлээсэн байна. ...ныхан ... ХХК-тай үгсэн хуйвалдаж уг авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж буй мэтээр ойлгуулж, .... ХХК-ийн захирлаар татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг бичүүлж авч тус компанийн эзэмшлийн 5000 м.кв талбай газраас 1570 м.кв газрыг хасуулж, шинээр гэрчилгээ олгуулж, .... ХХК-ийн эзэмшлийн газар дээгүүр дамнуулан өөрийн компани руу орох орц, гарц бүхий замыг барьсан. Дээрх нөхцөл байдлаас харахад Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2017 онд шинээр баригдах замыг төлөвлөж, .... ХХК-ийн эзэмшлийн газрыг дахин зохион байгуулах талаар нарийн тусгаж зөвшилцөлгүй хууль бус шийдвэр гаргасан нь нотлогдсон. Иймд хариуцагч ... ХХК нь өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 4,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 3 дугаар сарын 11-нд тооцоо нийлсэн акт үйлдэн хохиролд тооцож өгсөн байна.

Хариуцагч нараас 41,610,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Тухайн гэм хор яаж учирсан бэ гэхээр .... ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 захирамжийн дагуу 5000 м.кв талбайг 5 жилийн хугацаатай эзэмшсэн. 2017 оны 8 дугаар сард хугацаа дуусгавар болж газрын алдбанд хүсэлтээ өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийсэн бичигт энэ талаар тодорхой дурдсан байгаа. Нийслэлийн ерөнхий прокурор бас дүгнэлтдээ дурдахдаа .... ХХК-д ... ХХК-ийн хууль бус ажиллагаа хохирол учруулжээ гэсэн байгаа. Зохих ёсны байгууллага шалгаад дүгнэсэн учраас нэхэмжлэх эрхтэй гээд нэхэмжилсэн. Сар бүр олдог байсан 3,000,000 төгрөгийн орлогыг нэхэж байгаа. Хэргийн газрын үзлэг, ... ХХК-ийн тайлбар, мөнгөний тасалбараар 2016 оноос эхлээд энэ ажлыг хийсэн гэдгийг нотолж байна. 1 жилийн хугацаанд ойролцоогоор 36,000,000 төгрөг алдагдсан гэж үзэж байна. 5,800,000 төгрөг, 2,480,000 төгрөг бол хашаа буулгаж, барьсан мөнгө гэдгийг мөнгө хүлээж авсан баримт, гэрч ...ийн мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс хариуцагч нарын хууль бус ажиллагааны улмаас .... ХХК-д хохирол учирсан учир хохирлыг барагдуулж, үндсэн нэхэмжлэлийг ханган, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... нь өмгөөлөгч Ж....гийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал уг талбайг аж ахуйн зориулалтаар түрэээслэж байсан гэдгээ нотлоогүй. Д.... түрээслээд байгаа юм уу? .... ХХК түрээслээд байгаа юм уу? Хаанаас, хэн гэж хүн орлого хурааж аваад байна вэ? 2,480,000 төгрөг, 5,800,000 төгрөгийн хувьд итгэхэд бэрх. М.... гарын үсэг минийх биш гэж байна. Байгуулагдаагүй гэрээн дээр 2,480,000 төгрөг өгсөн гэж яриад байна. Гэрчийн ярианаас харахад 4 салгаад 2 холбосон гэж байгаа. Буцаагаад 2 холбосноо 4 салгаж, холбосон л гэж байна. Гэрээнд ямар ажлыг ямар үнээр гүйцэтгэх талаар буюу, юун дээр тохиролцсон талаар харагдахгүй байна. Хашаа тойрсон камер сэргээсэн зардал мөн баримт байхгүй. Шаардах эрхээ нотолж чадахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 87,491,000 төгрөгийн зардал гарсан. Бүх баримтууд нотлогдож байгаа. Тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сард замын ажил эхлэх тэр үед .... ХХК болон төрийн зүгээс бид нарт үйл ажиллагаа явуулахгүй байх нөхцөл байдал үүсээгүй байсан. Төрийн мэдлийн газар байсан. Нийслэл өөрийнхөө газрыг шийдсэн. Нэхэмжлэгч эзэмших эрхээ сунгуулах үүргээ биелүүлээгүйн төлөө бид нар үйл ажиллагаагаараа хохироод байгаа учир .... ХХК-иас хохирол гаргуулах нь зүйтэй. 4,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн ямар ч баримт хэрэгт байхгүй ба нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

Хариуцагч ...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага бол түрээсийн гэрээ, түүнд холбогдуулж өгсөн тооцооны хуудас байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж хэлж байна. Тооцооны хуудас бол дэлгүүрээс 100 төгрөгөөр л авдаг баримт. Хэнд хүлээлгэж өгсөн, хаана байрладаг хүн нь мэдэгдэхгүй байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг гүйцэтгэсэн хүн нь миний гарын үсэг биш гэж хэлж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар зориуд үйлдсэн гэрээ гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч ... ХХК болон ...нд холбогдуулан, тэдний хууль бус ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон, хашаа буулгасан ажлын хөлс 5,800,000 төгрөг, хашаа сэргээн барихад гарсан зардал 2,480,000 төгрөг, камер сэргээхэд гарсан зардал 1,020,000 төгрөг, материалын зардал 6,020,000 төгрөг, талбайг бусдад түрээслүүлэн олох байсан орлого 36,000,000 төгрөг, нийт 51,320,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нар .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгчээс маргаан бүхий зам тавихад гарсан зардал 87,491,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,000,000 төгрөг, нийт 91,491,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас материалын зардал 6,020,000 төгрөг болон бусдад түрээслүүлэн олох байсан орлогоос 4,000,000 төгрөг, нийт 10,020,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 41,610,000 төгрөг болгож багасгасан бөгөөд, уг шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, төлөх үндэслэлгүй гэж тайлбарлав.

Шүүх бүрэлдэхүүн дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч .... ХХК нь Баянгол дүүргийн ....станцын урд 5000 м.кв талбай бүхий газрыг 2002 оноос хойш эзэмшсэн хэмээн тайлбарлах бөгөөд, хэрэгт нотлох баримтаар авагдсан Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 8023/5353 дугаар бүхий дээрх 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар .... ХХК-д олгосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал/

Улмаар дээрх газрыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн засаг даргын А/509 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ... дугаар бүхий 3428 м.кв болгон, тус газрыг 15 жилийн хугацаатайгаар .... ХХК-д үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар эзэмшүүлэхээр.... тоот гэрчилгээг олгож, дахин 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/420 тоот засаг даргын шийдвэрээр 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай тус компанид олгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал/

...ны дарга Г.... 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/1130 албан бичгээр .... ХХК-д хандан, тус компанийн эзэмшил газрын баруун тал буюу 1570 м.кв газар нь авто замын трасст өртөж байгаа учраас талбайг хасч, 3430 м.кв болгон газар эзэмших эрхийн хугацаа сунгах боломжтой талаар мэдэгдэн, уг албан бичгийн дагуу .... ХХК нь өөрийн эзэмшил газрыг чөлөөлж, хашааг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан буулгах ажлыг 5,800,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 85, 18 дугаар тал/

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д нийцүүлэн боловсруулагдсан Баруун-2 бүсийн Үйлдвэр-2 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, тус төлөвлөгөөгөөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд талын авто замаас Цагдан ... дүгээр анги хүртэл авто зам барихаар төлөвлөжээ.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Б....ийн нэр дээр эзэмшилтэй, Баянгол дүүргийн засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тоот шийдвэрээр .... нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 15,000 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000540110 дугаар бүхий гэрчилгээтэй газар нь нэхэмжлэгч .... ХХК-ийн эзэмшлийн газартай хойноос урагшаа чиглэлтэй цуваа байрлалаар оршдог болох нь зохигчдын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургуудаар тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 103-107 дугаар тал/

Баруун-2 бүсийн Үйлдвэр-2 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ТЭЦ-4 станцын урдаас эгц урагш чиглэн Хорих-461 дүгээр ангийн дэргэдүүр өнгөрч, Яармагийн шинэ гүүртэй нийлэхээр тусгагдсан уг авто замын эхлэлээс 0,3 км замыг хариуцагч ... ХХК нь өөрийн хөрөнгөөр хийхээр Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн авто замын хөгжлийн газарт тус тус хүсэлт гарган, ... ХХК-иар авто замын ажлын зургийг гүйцэтгүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-аас тухайн төслийн дагуу хийхэд татгалзах зүйлгүй талаар санал хүргүүлж, ЗД-17/033 дугаар Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд талын авто замыг урагшаа яармаг чиглэлд явах авто замтай холбох замын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар батлагдан, зам барих ажлыг эхлүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 98-102, 194-222 дугаар тал/

Нэхэмжлэгч .... ХХК-ийн захирал Н....ын гаргасан өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх замын ажилд хяналт шалгалт хийснээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09/1700 дугаар дүгнэлтээр: Баянгол дүүргийн 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн Үйлдвэр-2 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр зам барих ажлын төлөвлөгөөг тусгаагүй нь Газрын тухай хуулийн 21.1.1, 21.2.1, 21.5.2, 21.5.3 дахь заалтуудыг зөрчсөн, .... ХХК-ийн эзэмшлийн 5000 м.кв талбайг 3428 м.кв болон 783 м.кв талбай болгон өөрчлөхдөө 783 м.кв талбайд хээрийн судалгаа хийж орц гарцыг шийдвэрлээгүй нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийг зөрчсөн, Нийслэл, дүүргийн тухай нжилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2017 онд шинээр баригдах замыг төлөвлөж, .... ХХК-ийн эзэмшлийн газрыг дахин зохион байгуулах талаар нарийн тусгаж, зөвшилцөөгүй байгаа нь зөрчил үүссэн үндсэн шалтгаан болсон гэж дүгнэжээ.

Мөн Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хандан, ... ХХК нь тус замын трасст Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмшигч .... ХХК, иргэн С.... нарын эзэмшил газар өртөж байгаа учир тэдэнтэй зөвшилцсөн тохиолдолд ... ХХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 0,3 км авто зам барих төслийг татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн боловч, .... ХХК-д танилцуулан зөвшилцөлгүйгээр, уг авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа мэтээр ойлгуулж, .... ХХК-иас татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт бичүүлэн авч, тус компанийн эзэмшлийн 5000 м.кв талбай газраас хассан байна.

Дээрх шалгалтын мөрөөр Баянгол дүүргийн засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/420 дугаартай захирамжаар .... ХХК-д хуучин байснаар нь буюу дахин 5000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээг шинээр гарган, ... ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр орц, гарц гаргасан, батлагдсан зураг төсөлгүйгээр авто замын барилгын ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон гэж үзэн, Зөрчлийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5/1589 тоот хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон, уг шийтгэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч торгууль төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч ... ХХК-ийн дээрх зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэгч .... ХХК-д зарим бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ... ХХК-иас учирсан бодит хохирлоо шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь тухайн зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлыг хамтран хариуцуулахаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албыг буруутай гэж үзэн хариуцагчаар тодорхойлсон боловч, тус албаны тодорхой эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, тус албаны аливаа буруугаас ".... ХХК-д хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ...нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан дараагийн үндэслэл нь тухайн маргаан бүхий замын ажлыг хийж эхлэхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр .... ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байсан, мөн нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөөгүй олон сар болсон байсан учир тухайн газарт замын ажил хийсэн ... ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй хэмээн тайлбарлаж мэтгэлцсэн.

.... ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр олгогдон, маргаан бүхий 5000 м.кв талбай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ гарсан байх бөгөөд, уг хугацаа дуусахад газар эзэмшигчээс ...нд газар эзэмших эрхийг сунгуулахаар хандсаны дагуу тус албанаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09/1130 тоот албан бичгээр тэдний эзэмшлийн газрыг замын трасст орсноос шалтгаалан 3430 м.кв болгон эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжтой талаар мэдэгдсэн үйл баримтаар хариуцагчийн гаргаж буй татгалзал няцаагдахын зэрэгцээ, газар эзэмших эрхийн хугацаа дуусч, сунгагдаагүй байсан шалтгаан .... ХХК-иас шалтгаалаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч .... ХХК-д учирсан бодит хохирлыг тодорхойлвол: замын ажил эхлэхээс өмнө буюу 2017 оны 10 дугаар сард хашаа буулгахад 5,800,000 төгрөг, мөн 2018 онд хашааг сэргээн засахад 2,480,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны мөнгө хүлээлцсэн баримт, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, гэрч М....ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул уг хохирлыг хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй.

Түүнчлэн, .... ХХК нь өөрийн эзэмшлийн газрын хашаа тойрсон камержуулалтыг сэргээхэд гарсан зардал 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн .... ХХК-ийн Зарлагын баримтаар 1,255,000 төгрөг байх боловч, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 1,020,000 төгрөгийн хэмжээнд шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь маргааны үндэслэл болсон 5000 м.кв талбай бүхий газрыг бусдад түрээслүүлэн, нэг сард 3,000,000 төгрөгийн орлого олдог бөгөөд, замын трасст орж, хашааг буулган, замын ажил явагдсан гэх 16 сарын олох байсан орлогод 36,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад уг шаардлагаас 4,000,000 төгрөгийг хасч, 32,000,000 төгрөг болгож багасган, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/01 дугаартай, .... ХХК болон Д.... нарын хооронд байгуулагдсан Талбайн түрээсийн гэрээ-г нотлох баримтаар гаргасан.

Гэвч уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, улмаар тухайн гэрээг бодитоор байгуулаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан ба, маргаан бүхий талбайд том оврын автомашин зогсоосны төлбөр хураасан Тооцооны хуудас гэх баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч тэдгээр баримтаар тухайн талбайд автомашин зогсоож, ашиг олж байсан болох нь бүрэн нотлогдохгүй байх тул нэхэмжлэлээс энэхүү 32,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 32-70, 2 дугаар хавтаст хэргийн 62-65 дугаар тал/

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ... ХХК-иас 8,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,110,000 төгрөгт холбогдох хэсэг болон, хариуцагч ...нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч .... ХХК-иас маргаан бүхий зам тавихад гарсан зардал 87,491,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,000,000 төгрөг, нийт 91,491,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой гэх агуулга бүхий тайлбар гаргаж, зам тавихад гарсан зардал 87,491,000 төгрөг төлөхөөс татгалзсан ба, 4,000,000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тооцоо нийлсэн актын дагуу хохиролд тооцож төлсөн учраас буцаан төлөх шаардлагагүй гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Хэдийгээр хариуцагч ... ХХК нь маргаан бүхий газарт 0,3 км зам тавих ажлыг явуулснаар 87,491,000 төгрөгийн зардал гарсан болох нь сөрөг нэхэмжлэлд хавсарган шүүхэд баримтаар гаргасан нотлох баримтуудаар тогтоогдох боловч, тэрхүү зардал нь .... ХХК-ийн гэм буруугийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлээс энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзлээ. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....аас 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....т шилжүүлэх үед талуудын хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй, тодорхой хохирол үүссэн эсэх нь тодорхойгүй байх үед 4,000,000 төгрөгийг Тооцоо нийлсэн акт гэх баримт үйлдэж өгсөн нь үндэслэлгүй байх тул уг мөнгийг .... ХХК-иас гаргуулан ... ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 8,500,000 /найман сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,110,000 /гучин гурван сая нэг зуун арван мянган/ төгрөгийн шаардлага болон, хариуцагч ...нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .... ХХК-иас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан хариуцагч ... ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 87,491,000 /наян долоон сая дөрвөн зуун ерэн нэгэн мянган/ төгрөгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 414,550 төгрөг, хариуцагч ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 674,405 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас 150,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч .... ХХК-иас 78,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

Х.ЭНХЗАЯА