| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02215/И |
| Дугаар | 102/ШШ2021/03095 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/03095
021 оны 11 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2021/03095 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт Ж ын А /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин байх, “Ө ” ХХК /РД:***/-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Ө ” ХХК-тай *** тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Ө ” ХХК-ийн барьсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах “*** ” /***/ хотхоны *** тоот хаягт байршилтай, 63.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 154,062,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээг тус компанийн борлуулалтын менежер н.А тэй хийж, гэрээний урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг тушаасан. Урьдчилгаа 30 хувийг бэлэн төлөх боломжгүй байсан тул 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгийг төлөхөөр ярилцсан. Гэвч тухайн өдрүүдэд Ковид-19 цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдал зарлаж, бүх үйл ажиллагаа зогссон. Мөн тухайн үед миний нөхөр ажлын байран дээр гэмтэл авч, чигчий хуруу нь үеэрээ тасарч, ядам хуруу нь хөрөөний ирэнд зүсэгдэж оёдол тавиулснаар түр хугацааны хөдөлмөрийн чадвар алдагдсан. Бид хувиараа ажил эрхэлдэг, мөн хатуу хөл хорио тавигдсан учир гэр бүлийн хүнтэйгээ ярилцсаны дагуу, цаашид энэ байрыг авах боломжгүй болсон тухай мэдээг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн оройн 20 цагийн орчим “Ө ” ХХК-ийн борлуулалтын менежер н.А тэй холбогдон “орон сууцыг цаашид захиалах боломжгүй болсон” гэж мэдэгдсэн. Тэрээр “...ажил орохоор асуудлыг шийдвэрлэн, мөнгийг буцааж өгнө” гэсэн хариуг утсаар болон биеэр уулзахад хэлж байсан. Гэвч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мессежээр “дахин битгий залгаарай, нэмэлт гэрээний дагуу мөнгийг буцаан олгох боломжгүй” гэсэн хариу явуулсан. Гэтэл бидний байгуулсан нэмэлт гэрээ нь хууль зөрчсөн, тамга тэмдэг байхгүй. Нэмэлт гэрээний 1.2 дахь заалт буюу давагдашгүй хүчин зүйлийн талаарх заалтыг хариуцагч тал өөрт ашигтай байдлаар, нэг талын байр суурийг илэрхийлж хийсэн. Мөн хариуцагч нь тус байрыг зөндөө удаан хадгалсан, хугацаа алдаж хохирохгүй байсан гэж хүргүүлсэн байна. Гэтэл би гэрээний дагуу үүргээ биелүүлж 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр давхрын захиалга болох 1,000,000 төгрөгийг дансанд хийсэн. Тэгээд ердөө 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авах боломжгүй болсныг мэдэгдсэн байтал хариуцагч тал удаан хадгалсан, хохирсон гэсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ байр ашиглалтад ороогүй байгаа тул хоёр хоногийн дотор хариуцагч талын нэхэмжлэгчээс болж хохирсон бодит хохирлын хэмжээг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний бие захиалгын 1,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *** тоот 63.4 м2, 3 өрөө байрыг Ж.А нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний дагуу өөрийн хүсэлтээр уг байрыг худалдан авсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр буюу давхар хадгалуулъя гэж 1,000,000 төгрөгийг компанийн захирал Б.О миний хаан банкны *** тоот дансанд тушаасан. Нэхэмжлэгч Ж.А нь байр захиалахдаа хэд хэдэн удаа манай борлуулалтын менежер Ц.А тэй уулзалт зохион байгуулж гэрээг уншиж, танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зурж уг гэрээг хийсэн болно. Тус гэрээний нэмэлт нь үндсэн гэрээний адил хүчин төгөлдөр тул гэрээний доорх заалтыг үндэслэл болгоно.
1. Гэрээний нэмэлтийн 1.1-д заасан тухайн үед байрны үнийг гуйн байж үндсэн үнэ буюу 1м2 талбайг 2,500,000 төгрөгөөс 2,430,000 болгон 1м2 тутмаас 70,000 төгрөгөөр хямдруулан гэрээгээ байгуулж байсан.
2. Гэрээний 1.4-т заасан төлбөр төлөлтийн графикийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр багтаан 30 хувийн төлбөр болох 45,218,600 төгрөгийг хийгээгүй тохиолдолд байрны урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг захиалагч талд буцаан олгохгүй гэж заасан. Нэхэмжлэгч Ж.А ад тухайн үед гэрээг маш сайн тайлбарлан өгсөн гэх бөгөөд “...эгч нь байраа яг авна” гэж нөхөртэйгөө цуг ирж уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Бид тус байрыг тухайн үед зөндөө хадгалсан, мөн тухайн үед энэ хүн тус байрыг хадгалуулаагүй бол манай компани нь үндсэн үнээрээ зарах мөн хугацаа алдаж хохирохгүй байсан. Иймд манай компани нь нэхэмжлэгч талд 1,000,000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй боломжгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А болон хариуцагч “Ө ” ХХК-иуд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Ө ” ХХК нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах “*** ” /***/ хотхоны *** тоот хаягт байршилтай, 63.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ж.А ад шилжүүлэн өгөх, Ж.А нь 154,062,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Талууд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот гэрээгээ “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэж нэрлэсэн байх хэдий ч хэрэгт авагдсан гэрээний агуулга, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч Ж.А нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг хариуцагч “Ө ” ХХК-д шилжүүлсэн талаар зохигчид маргаангүй.
2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч “Ө ” ХХК-д холбогдуулж гэрээний урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үүнтэй холбоотойгоор өгсөн мөнгөө буцаан шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэжээ. Гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх ба татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул татгалзлыг тодорхой зан үйлдлээр илэрхийлж болно.
Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дараа талуудын байгуулсан гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуусгавар болгох саналаа хариуцагчид мэдэгдсэн буюу “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой менежер А тэй холбогдон орон сууцыг цаашид захиалах боломжгүй болсныг мэдэгдсэн” гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй.
Дээрх мэдэгдэлд хариуцагчийн зүгээс ямар нэг хариу ирүүлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай нийцжээ.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагчийн зүгээс “...гэрээний нэмэлтийн дагуу 1,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан гэрээний нэмэлтийг “Ө ” ХХК нь хуулийн этгээдийн хувиар байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө ” ХХК-иас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө ” ХХК-иас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ