| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03375/И |
| Дугаар | 102/ШШ2020/03575 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/03575
2020 12 21 102/ШШ2020/03575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..... хаягт оршин суух, эмэгтэй, ........ овогтой ...........гийн .......... /РД: ......./-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоот хаягт байрлах .......... ХХК /РД: ......./,
Хариуцагч: .......... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ........ овогтой .........ын ........... /РД: ........./-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С........., хариуцагч .......... ХХК-ийн төлөөлөгч Т..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д........... нь .......... ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 05-нд 32 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг ах н.Батхуягийн нэр дээр гэрээг байгуулан урьдчилгаа 21,438,000 төгрөгийг тушаан байраа авсан. Улмаар 2017 оны 10 сарын 04-ний өдөр уг 32 дугаартай гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг гэрээний дагуу ........... хорооллын нутаг дэвсгэрт байрлах ........ нэртэй 144 айлын 9 давхар орон сууцны 10Б блокын 1 орцны 6 давхарын 22 тоотод байрлах 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулах захиалагч байрны үнэ 71,460,000 төгрөг төлөх үүргийг хүлээн тохиролцож нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлж үүргээ биелүүлсэн.
Нэхэмжпэгч Д........... нь гэрээний дагуу байрны төлбөрийг 2014 оны 09 сарын 05-ны өдөр .......... ХХК-ийн санхүүд 21,438,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 сарын 02-ны өдөр 900,000 төгрөгийг .......... ХХК-ийн Хаан банкны ......... тоот дансанд, 2017 оны 10 сарын 13-нд 91,000 санхүүд төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 сарын 30-нд 804,000 төгрөгийг санхүүд бэлнээр, 2017 оны 10 сарын 13-ны өдөр 1,356,000 төгрөгийг санхүүд бэлнээр, 2017 оны 11 сарын 12-нд 1,671,000 төгрөгийг санхүүд бэлнээр, 2017 оны 11 сарын 02-нд 4,000,000 төгрөгийг санхүүд бэлнээр, 2020 оны 08 сарын 10-нд 41,200,000 төгрөгийг санхүүд бэлнээр тус тус төлж барагдуулсан болно.
Ийнхүү гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан ба 2020 оны 08 сарын 10-нд захирал Т. ..........тай тооцоо нийлж баталгаа гаргуулсан болно.
Энэхүү гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулахад гүйцэтгэгч тал өөрийн зүгээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж тус тус харилцан тохиролцсон бөгөөд байрыг 2016 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авсан байсан боловч .......... ХХК-ийн захирал нь солигдсон компани болон хөрөнгө оруулагчдын дунд маргаан зөрчил үүссэн, байрны асуудал шүүх дээр маргаантай байгаа тул компанийн зүгээс шаардагдах бичиг баримт гаргаж өгөх асуудал шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл хүлээх хэрэгтэй болох байх гэрчилгээг гаргах асуудлыг манай байгууллагын зүгээс захиалагчид, оршин суугчдын байрны гэрчилгээг нэгдсэн журмаар шийдвэрлэж өгнө гэсэн тайлбарийг нягтлан н.Оюунчимэг эгчээс сонссон.
Улмаар 2018 оны өвөл 1 сард нягтлан н.Оюунчимэг эгч рүү утасдахад эгч нь
2017 оны 12 сарын 31-нээр тасалбар болгон захирал Т...........ын тушаалаар ажлаасаа халагдсан одоо ажилгүй байна. Байрныхаа асуудлыг захирал Т...........тай холбогдож тодруул гэсэн хариу өгсөн.
Гэтэл .......... ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 24-нд компанийхаа хуулийн этгээдийн эрх үүргийг Ц.Батаа гэдэг захиралд шилжүүлэн өөрөө хил гаран явсан болохыг мэдсэн. 2017 оны 10 сард Ц Батаа захирал нь тус компанийг өөрийн компанийн нягтлан бодогч Т...........ын нэр дээр шилжүүлсэн байсан. Бидний зүгээс Орон сууц бариулах гэрээний үүргээ биелүүлэн төлбөрийг 100% төлсөн байтал захирал Т........... нь Орон сууц захиалгаар барих гэрээний үүргээ эс биелүүлэн бидний байрыг иргэн ......... овогтой ...........ий өмчлөлд ........... ХХК нь 2018 оны 12 сарын 10-ны өдөр .......... ХХК нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 сарын 21-нд иргэн Б............ы нэр дээр шилжүүлэн гэрчилгээ гаргасан болох нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт болон гэрээний 3.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч иргэн Д...........г ........... хороолол ........ 144 айлын 9 давхар орон сууцны 10Б блокын 1 орцны 6 давхарт 22 тоотод байрлах 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч .......... ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... овогтой .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ............ хороолол ........ 144-н айлын орон сууцнаас Б-22 тоот 71,46 м,кв талбайтай 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
Иргэн Д........... 2014 оны 09 сарын 05-ны өдөр Орон сууцны захиалгаар бариулах Б-22 тоот гэрээг байгуулсан байна.
.......... ХХК-ийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсаны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн Ц.Батаа гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Ц.Батаа нь 144-н айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн Ц.Батаагийн компанийн нягтлангаар ажиллаж байсан. .......... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А......... 2017 оны 12 сарын 31-нд иргэн Ц.Батаад зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан. Ц.Батаа захирал гадаад томилолтоор явахаар болсон тул ...........' ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т........... миний нэр дээр шилжүүлсэн болно.
Тус компани нь Дарханд 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсаныг мэдсэн.
Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.........тэй уулзаж .......... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.........д 100% шилжүүлсэн.
Гэтэл А......... нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А......... нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Дарханд баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг Шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа болно.
Тус компани нь 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар Шүүхийн шатанд шалгагдаж байгаа төлбөрийн чадваргүй. Санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компани тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй байгаа. .......... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг компанийг авсаны дараа авсан болно.
Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.
Д...........гийн амьдарч байгаа Б-22 тоот, 71,46 м.кв талбайтай З өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. Д........... Б-22-т 3 өрөө байрны төлбөрийг .......... ХХК-д 100% төлсөн нь шүүхэд гаргасан баримтаар нотлогдож байгаа болно.
........... хороолол, 10 байрны А-Блокын тоот 2 өрөө орон сууц нь Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Б............ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 2-ны өдөр шилжсэн.
.......... ХХК-ийн 144-н айлын 10Б байрны 22 тоот 3 өрөө байрны өмчлөгч хэн болох маргаантай асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн ........... овогтой .......... Дархан Уул аймгийн ......д байрлах ........ нэртэй 144-н айлын орон сууцны Б блокын 22 тоотод байрлах 71,46 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Д........... нь .......... ХХК-д ........... хороололд байршилтай 144 айлын 10Б байрны 22 тоот 71,46 мкв бүхий 3 өрөө орон сууцны төлбөрийг Орон сууц бариулах гэрээний дагуу тус компанийн дансанд 100% төлсөн байна.
Хамтран хариуцагч Б............ би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, Дархан-Уул аймгийн ......д байрлах ........ нэртэй 144-н айлын орон сууцны Б блокын 22 тоотод байрлах 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Д...........гийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, цаашид нэхэмжлэлтэй холбоотой гаргах гомдол санал байхгүй болно.
Иргэн Д...........гийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хамтран хариуцагч Б............ миний бие шүүх хуралд оролцож чадахгүй эзгүйд шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д........... нь хариуцагч ........... ХХК болон Б............д холбогдуулан, ........ тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б............ нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэрээр эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Б............ий эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Д........... болон ........... ХХК-ийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ......... ХХК нь .......... тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д...........гийн өмчлөлд шилжүүлэх, Д........... нь орон сууцны үнэ 71,460,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээний зүйл болох орон сууцны барилгыг хэрхэн барих, яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдах орон сууцнаас тодорхой үнэ төлснөөр өмчлөлдөө шилжүүлэхийг харилцан тохирсон агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдан авагч тал болох Д........... нь гэрээний үнэ болох 71,460,000 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 17-21 тал/
Харин нэхэмжлэгч Д........... нь гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан байх боловч худалдагч тал болох ........... ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Д...........д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б............д 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 67-79 тал/
Хамтран хариуцагч Б............ нь Д........... нь .......... ХХК-нд Д......... хороолол 144 айлын 10 б байрны 22 тоот 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрийг орон сууц бариулах гэрээний дагуу тус компанийн дансанд 100 хувь төлсөн байна. Б............ би ........ тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д...........д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргасан байхаас гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны үнийг төлсөн Д........... нь өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах, өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б............ нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д........... нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д...........г ........ тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, түүнийг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д...........г ........ тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д...........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч .......... ХХК, Б............ нараас улсын тэмдэгтийн хураамжид 515,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ