Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2022/00080/И |
Дугаар | 102/ШШ2022/01590 |
Огноо | 2022-04-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/01590
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Боржигин овогт Ш..н Ц...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... өөрийн байранд байрлах, регистр ..., Нийслэлийн Б..Э... төв,
Нэхэмжлэлийн шаардлага:2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон ...ийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.Ц..., өмгөөлөгч О.Б..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О..., С.Б.., гэрч Б.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц... нь Б..Э... төвд холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон ...ийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би Нийслэлийн Б..Э... төвд төвийн нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг болон удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өөрт хуваарилагдсан ажлыг чанартай хийж гүйцэтгэж ирсэн, ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтан болох хүсэлтээ өг гэж шахсаар байгаад хүсэлт бичүүлж аваад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтан гэдэг албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч гэрээний хувийг надад өгөөгүй.Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 18 -ны өдөр ... тоот тушаал гаргаж ажлаас халсан, уг тушаалд “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ээлжийн ажил болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж авдаггүй, хүлээлцдэггүй, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй зэрэг ажлын хариуцлага алдсан” гэж тушаалд тусгасан байна.Би сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг ажил олгогч надад өгч байгаагүй, танилцуулж байгаагүй.Мөн тушаалд бичигдсэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ээлжийн ажил болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж авдаггүй, хүлээлцдэггүй, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөг шаардлага тавихад хүлээж авдаггүй зэрэг үйлдэл надад огт байхгүй, би холбогдох журмын дагуу зааварчилгаа авдаг, тэмдэглэл хөтөлдөг гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа:Ш.Ц...ыг ...ийн төвийн Нийтлэг үйлчилгээний мэргэжилтэн, хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтнаар ажиллуулсан бөгөөд энэ хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн.Ш.Ц... нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан боловч ямар ч шалтгаангүй 3 хоног ажил тасалсан....ийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “Нийтлэг үйлчилгээний ажилчид нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд дотоод хяналт, үнэлгээ хийхэд нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Ц... нар нь ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн зэрэг зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3 /б/ заалт зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан.Ажлын хэсгийн дүгнэлтийг “Нийтлэг үйлчилгээний тасгийн ажилчдын хурлаар хэлэлцэн Удирдлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар Ш.Ц...ын буруугаа хүлээсэн амьдрал ахуй, цар тахлын үед ажилгүй болгохгүйн үүднээс өөр ажилд шилжүүлэн томилсон шийдвэр гаргаж ...ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ... дугаар тушаалаар ажлын байранд ажлын бус цагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтантай согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд нь үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын зөрчил ногдуулсан, Ш.Ц... нь дахин зөрчил дутагдал гаргахгүй гэсэн өргөдөл бичиж өгсөн боловч өмнө нь гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелүүлдэггүй, аж ахуйн дарга Б.М..., эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер З.О... нараас өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүлээж авдаггүй, зүй ёсны шаардлага тавихад үргэлж тайлбар маягаар эсэргүүцэн хүлээж авдаггүй, шинээр ажилд орсон хүчил төрөгчийн ажилтан Н.Х...д дээрэнгүй, удаа дараа зүй бус харьцдаг байсан, ээлжийн ажил болон жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөггүй зэрэг нь баримтаар тогтоогдсон.Харин Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер З.О.., Аж ахуйн дарга Б.М..., Хүчил төрөгчийн ажилтан Н.Х... нарын тайлбар, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтлөөгүй онгорхой зай байгаа болон удирдлагаас өгсөн үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж аваагүй нь нотлогдсон тул ...ийн төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны ... дугаар тушаалаар Ш.Ц...ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны хүчилтөрөгчийн үйлдвэрийн хүлээлцэх хуудас, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан баримтыг шүүхэд өгсөн./ 4, 53-54/
Хариуцагчаас:Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ...ийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “З.Ба...ыг албан тушаалд томилох тухай” ... дугаар тушаал, Б..Э... төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” ... дугаар тушаал, Нийтлэг үйлчилгээний ажилчдын ажлын байранд хяналт хийсэн хэсгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаар дүгнэлт, Ш.Ц...ын Б..Э... төвийн захиргаанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б..Э... төвийн Ш.Ц...тай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б..Э... төвийн даргын “Ш.Ц...ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ... дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Ш.Ц...ыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/491 дугаар тушаал, Б..Э... төвийн ЗАА тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын 01 дугаар тэмдэглэл, Б..Э... төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ш.Ц...ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” ... дугаар тушаал, Б..Э... төвийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай .. тоот тушаал, рапорт, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан баримтууд, 02-ийн техникч нарын хүлээлцэх дэвтэрийг шүүхэд өгсөн./хх 11, 12, 19, 20-21, 22, 23-25, 26-28, 31, 32, 34-40, 41-43, 44, 63/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би Б..Э... төвд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өөрт хуваарилагдсан ажлыг чанартай хийж гүйцэтгэж байсан, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтан гэдэг албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, би сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажлаас халах тушаалд бичигдсэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ээлжийн ажил болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж авдаггүй, хүлээлцдэггүй, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөг шаардлага тавихад хүлээж авдаггүй зэрэг үйлдэл надад байхгүй, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон ...ийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:
Ш.Ц... ...ийн төвийн нийтлэг үйлчилгээний мэргэжилтэн, хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтнаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн.Ш.Ц... нь 2021 оны ээлжийн амралтаа эдлээд ажилд орохдоо 3 хоног ажил тасалсан, ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн зэрэг зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон зөрчилд нь үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын зөрчил ногдуулсан, Ш.Ц... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелүүлдэггүй, аж ахуйн дарга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нараас өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүлээж авдаггүй, зүй ёсны шаардлага тавихад тайлбар маягаар эсэргүүцэн хүлээж авдаггүй, шинээр ажилд орсон хүчил төрөгчийн ажилтанд дээрэнгүй, удаа дараа зүй бус харьцдаг байсан, ээлжийн ажил болон жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөггүй зэрэг нь баримтаар нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б..Э... төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” ... дугаар тушаал, Нийтлэг үйлчилгээний ажилчдын ажлын байранд хяналт хийсэн хэсгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, Ш.Ц...ын Б..Э... төвийн захиргаанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл, Удирдлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б..Э... төвийн Ш.Ц...тай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б..Э... төвийн даргын “Ш.Ц...ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ... дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Ш.Ц...ыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/491 дугаар тушаал, Б..Э... төвийн .. тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын 01 дугаар тэмдэглэл, Б..Э... төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ш.Ц...ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” ... дугаар тушаал, Б..Э... төвийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай ... тоот тушаал, рапорт, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б..Э... төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Ш.Ц...ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дугаар тушаалаар Ш.Ц... нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хориглосон зөрчил гаргаж ажлын байранд, ажлын бус цагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтантай нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх 29/
Б..Э... төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Ш.Ц...ыг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” .. дугаар тушаалаар Ш.Ц...ыг өөрийнх нь хүсэлтээр нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтны ажилд томилсон байна./хх 30/
Б..Э... төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ш.Ц...ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дугаар зүйлийн 131.1.3, Захиргаа аж ахуйн тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр, Эмнэлгийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, 2.6.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1-ийн в, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байна./хх 33/
Ажил олгогч нь дээрх тушаалд Ш.Ц...ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлттэй байх хугацаандаа ээлжийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж авдаггүй, хүлээлцдэггүй, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй зэрэг ажлын хариуцлага алдсан гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байна.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг.
Тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3-т “ажилтныг ажлаас чөлөөлөх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-ийн в-д “Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй буюу гүйцэтгэхээс татгалзах, байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачлага гаргахгүй байх, ажлаас хоцрох, ажил таслах, хурууны хээ бүртгүүлэхгүй байх” гэж заасан байна.
Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно”, 6.3-т “ажилтан дараах зөрчлийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтны хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, тус журмын 6.3, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан, давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална”, 6.3.3-т “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан, эсвэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.3, 6.3.4-ийг зөрчсөн” гэж заажээ.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлттэй байх хугацаандаа ээлжийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд хүлээж авдаггүй, хүлээлцдэггүй, жижүүр хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтөлдөггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй гэх зөрчлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1-ийн в-д-т заасан үндэслэлд нийцэхгүй байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг хэзээ, хэрхэн зөрчсөн талаарх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх тул Ш.Ц...ад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Ш.Ц...ын дундаж цалин хөлсийг Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтийн дагуу тооцон тодорхойлбол, түүний сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 1 965 601 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тооцвол 655 200 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 30 470 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 111 хоногийн цалинтай тэнцэх 3 412 140 төгрөгийг хариуцагч Б..Э... төвөөс гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц...ад олгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр Ш.Ц...ыг Б..Э... төвийн хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтны ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 412 140 төгрөг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Ш.Ц...ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон ...ийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолтой маргааныг шүүхээр шийдвэрлэхээр заасан байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Б..Э... төвөөс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Ц... болон хариуцагч Б..Э... хооронд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдаж нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Ц...ыг Б..Э... төвийн хүчил төрөгчийн төхөөрөмжийн ажилтны ажилд нь эргүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 412 140 /гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга нэг зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц...ад олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ш.Ц...ын нийгмийн даатгал болон ...ийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг /2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөөс 2022 оны 4 дүгээр сарын 28 өдөр хүртэл/ Б..Э... төвд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б..Э... төвөөс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН