Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00159

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаяр

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Г.Төмөрбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав, Д.Энхбаяр

Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1., 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэн овгийн Цэнд-Аюушийн Батхаан, Боржигон овгийн Мөнхцэцэгийн Галбадрах нарт холбогдох 201614000367 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн 10-12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Сүрэн овгийн Цэнд-Аюушийн Батхаан /ФБ98062519/.

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж Д.Мөнхцэцэгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 23-03 тоотод оршин суух, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Мөнхцэцэгийн Галбадрах  /РД: ФБ97082890/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Нокиа маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120 400 /нэг зуун хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар,

 Шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний сүүлд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Ц. Батхаан энэ үйлдэлд ямар ч оролцоогүй, тэр 2 дугаар давхарт зогсож байсан юм. Би хохирогчийн суган доогуур гараа оруулж шилэн хүзүүн дээр нь дарж байгаад гар утсыг нь авсан. Хохирол төлсөн, би 8 сар хоригдож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял өгнө үү гэв.

      

           Шүүгдэгч Ц.Батхаан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний мэдүүлэг үнэн зөв. Галааг гүйгээрэй гэхээр нь 2 дугаар давхарт сууж байснаа дагаад гүйсэн. Би энэ хэрэгт холбоогүй, Галбадрах л орц руу оръё гэхээр нь дагаад орсон. Тэгээд дотор муухайраад 2 дугаар давхарт сууж байсан юм. 7 сар 10 хоног хоригдсон гэв.

           

  Хохирогч Г.Төмөрбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би сонингоо аваад харих гээд  6-15 дугаар байрны тэнд явж байхад охин маань хаана явна гээд утасдсан. Би одоо орж явна гэхэд хүүхэд унтсан байгаа та түлхүүрээрээ онгойлгож орж ирээрэй гэсэн. Манайх 4 дүгээр давхарт байдаг. Би гэрийнхээ хаалганы дэргэд  очоод халааснаасаа түлхүүрээ аваад байж байтал дээрээс нэг хүн бууж ирээд хоолой боож унагаасан. Тэгээд миний утсыг авсан байсан. Миний гар утас уяатайгаа өмднөөс зүүлттэй байсан. Зүгээр татах төдийд тасрах оосор  биш юм. Орцонд дуу чимээ гарахаар охин маань хаалга тайлтал доошоо хоёр залуу гүйж байсан гэж сүүлд хэлсэн.  Утсыг охин 360 000 төгрөгөөр авсан. Хохирол 120 400 төгрөг авсан. Би одоо эмчилгээний зардал 500 000 төгрөг нэхэмжилнэ, гэхдээ баримтууд байхгүй гэв.

Гэрч Г.Долгормаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдрийн 22 цагийн үед манай нөхөр эгчийнхээ гэр рүү очиж сонин, сэтгүүл авч ирнэ гэж хэлээд гарсан. Тэр өдөр бороотой өдөр байсан. Би охинтойгоо гэртээ байж байтал 00 цаг өнгөрч байсан. Манай охин аавтайгаа ярьсан орцныхоо үүдэнд явж байна гэж хэлсэн, тэгээд байж байтал гэрийн үүдэнд тар няр хийх чимээ гарахаар нь үүдээ онгойлгоод харсан чинь шатан дээр унасан байсан. Шатны уруу хүмүүс гүйлдээд доошоо буусан. Тэгээд нөхрийгөө охинтойгоо хамжиж гэр рүүгээ оруулаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд шат руу уруудаад буусан чинь нэг залуу нь баригдсан нөгөө залууг гаднаас барьж орж ирсэн юм. Хоёр залуу манай нөхрийн гар утсыг өмдний түдвэлээс тасдаж аваад цагдаагаас зугтааж байхдаа гээсэн гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37-р хуудас/

 

Гэрч М.Цогтбаатарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр би Булган аймгийн Хангал сумаас машинаар орж ирээд 6-19 дүгээр байрны урд буусан. Тэгээд гэр рүүгээ харихаар алхаад явж байтал 6-19 дүгээр байрнаас өндөр, нам нуруутай хоёр хүн гарч ирээд зугтаатал араас нь нэг эмэгтэй хүн хашгираад гараад ирсэн. Тэр хоёр залууг хэрэг хийгээд гараад ирж байна гэж бодоод 6-19 дүгээр байрны зүүн талаар тойрч хөөсөн. Тэгтэл араас нь хоёр цагдаа гүйж ирээд намхан нуруутай залуу бид хоёрыг барьж 6 дугаар микрийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд юу болсон талаар асуусан. Өндөр нуруутай залуу нь Мэнд-Амар худалдааны төвийн чигтээ гүйгээд алга болчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Гэрч Л.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 06 сарын 21-ний шөнө 00 цагийн үед 6 дугаар микрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд 6-19 дүгээр байрыг тойроод явж байтал нэг орцноос  2 хүүхэд гараад гүйчихээр нь араас нь хөөж 6-20 дугаар байрны орчим барьж авсан. Харин нөгөө залуу нь 5 дугаар микрийн чиглэлтэй гүйснийг араас нь манай олон нийтийн цагдаа хөөж барьж хэсгийн төлөөлөгчийн өрөөнд авч ирсэн. Тэгтэл энэ хүмүүст дээрэмдүүллээ гээд нэг ахимаг насны хүн өргөдөл авч ирж өгөхөөр нь хөдөлгөөнт эргүүлийг дуудаж төв цагдаагийн газар руу хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Хунтхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түвшинтөгс над руу утасдаад дээрмийн хэрэг гараад нэг хүнийг барилаа, хэсгийн байцаагчийн өрөөнд хүрээд ирээч гэж залгахаар нь машинтай яваад очтол хоёр залуу байсан. Нэг нь хамааралгүй, дээрмийн хэрэг хийсэн хүнийг хөөж байсан гэсэн. Хэрэгт хамааралгүй залуу нь миний зүс мэдэх хүн байсан. Удалгүй дээрэмдүүлсэн гэх ахимаг насны эрэгтэй ирээд өргөдлөө бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/

 

Гэрч Т.Ургамалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “24 цаг өнгөрч байхад би хүүхдээ унтуулчихаад аав руу залгаж ирэх болж байна уу гэхэд аав 6-15 дугаар байрны урд явж байна. Удахгүй орлоо гэж хэлсэн. Тэгээд би унталгүй хүлээгээд байж байтал хаалганы ойролцоо орцонд пир пар хийх чимээ гарч хүн унах шиг болохоор нь сандарч гүйж очоод хаалгаа тайлтал шатны уруу өндөр нам хоёр залуу гүйгээд буучихсан. Тэгтэл шатан дээр нэг хүн уначихсан хөл нь гэрийн гэрэлд харагдахаар нь тонгойгоод хартал аав маань ухаан алдаад уначихсан байсан. Сандарсандаа наад хүмүүсээ бариад аваарай “хүн дээрэмдчихлээ” гэж орцоор нэг орилоод ээжийг дуудаж аавыг оруулсан. Орцонд гар утас байгаагүй, харин авч явсан сонин л уначихсан байсан. Тэр өдрөө цагдаа нар нөгөө хоёр залуугийн гүйсэн газраар гар чийдэн тусгаж гар утас хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

“Найдвар-Од” аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн “алдагдсан гэх гар утас, тамхины асаагуур 120 400 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 52-р хуудас / болон шүүгдэгч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн байх тул үнэн зөвд тооцож, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

 Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6 хороолол 19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Нокиа маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэж 120 400 /нэг зуун хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Төмөрбаатарын...гэрийнхээ хаалганы дэргэд очоод түлхүүрээ гаргаж ирэх гээд зогсож байтал дээрээс хөлийн чимээ гарах шиг болоод намайг дарж унагасан, тэр үед миний гар утас уяатайгаа өмднөөс зүүлттэй байсан. Тухайн үед би ухаан балартаад уначихсан болохоор хэдэн хүн байсныг хараагүй, харин орцонд дуу чимээ гарахаар манай охин хаалга тайлтал доошоо хоёр залуу гүйж байсан гэж намайг ухаан орсоны дараа хэлж байсан гэсэн, гэрч Г.Долгормаагийн ...Тэгээд байж байтал тар няр хийх чимээ гарахаар нь үүдээ онгойлгоод гарсан чинь манай нөхөр шалан дээр хэвтэж байсан ба шатны уруу хүмүүс гүйлдээд доошоо буусан гэсэн, гэрч Т.Ургамалын ...тэгээд би унталгүй хүлээгээд сууж байтал хаалганы ойролцоо пир пар хийх чимээ гарч хүн унах шиг болохоор нь сандарч гүйж очоод хаалгаа тайлтал шатны уруу өндөр, нам 2 залуу гүйгээд буучихсан.Тэгтэл шатан дээр нэг хүн уначихсан хөл нь гэрийн гэрэлд харагдахаар нь тонгойгоод хартал аав маань ухаан алдаад уначихсан байсан. Сандарсандаа наад хүмүүсээ бариад аваарай, хүн дээрэмдчихлээ гэж орцоор орилж ээжийг дуудаж аавыг оруулсан гэсэн, шүүгдэгч Ц.Батхааны...Галаа ах намайг орц руу хамт орьё, зүгээрээ ах нь чамайг яах ч үгүй гээд дагуулаад орсон гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Батхаан болон түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт...энэ хэрэгт Ц.Батхаан оролцоогүй, шүүгдэгч М.Галбадрахыг дагаж ороод доод давхарт сууж байгаад зугтаарай гэхээр нь хамт орцоор гарч зугтаасан. Хохирогч Г.Төмөрбаатарыг дээрэмдэх үйлдэлд оролцоогүй тул гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй. Хохирогч Г.Төмөрбаатарын мэдүүлэгт ...дээрээс хөлийн чимээ гарах шиг болоод намайг дарж унагаасан гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч довтолгоонд өртөх үедээ ухаан алдсан, гэрч Г.Долгормаагийн ...шатны уруу хүмүүс гүйлдээд доошоо буусан гэсэн, гэрч Т.Ургамалын ...хаалгаа тайлтал шатны уруу өндөр, нам хоёр залуу гүйгээд буучихсан гэсэн мэдүүлгүүдээр дээрмийн гэмт хэргийг Ц.Батхаан, М.Галбадрах нар бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Галбадрахад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамрагдаж байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар дээрхи зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Галбадрах,Ц.Батхаан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Галбадрах нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд дээрхи хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4.т зааснаар хэрэгсэхгүй болгож   түүнийг ялгүйд тооцсон болно.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн,шүүгдэгч М.Галбадрах нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч Ц.Батхаан нь хүч хэрэглэхээр заналхийлэлд автсан, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Батхаан, М.Галбадрах нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдний хувийн байдал, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан тэдэнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 246 /хоёр зуун дөчин зургаа/ хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 222 /хоёр зуун хорин хоёр/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирогч Г.Төмөрбаатар нь эмчилгээний зардал 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Төмөрбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдав.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297, 298, 299,248 дугаар зүйлийн 248.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                     ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхцэцэгийн Галбадрах, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Батхаан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч М.Галбадрахыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч М.Галбадрахад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ц.Батхааныг 3 /гурав/  жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Галбадрахыг 3 /гурав/  жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ц.Батхаанд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.        

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 246 хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 222 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Г.Төмөрбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНГАДАС           

                                                                                 Ж.БАЙГАЛМАА