Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2019/00900/И |
Дугаар | 102/ШШ2019/02310 |
Огноо | 2019-09-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/02310
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19, 1 дүгээр хороо, өөрийн байранд оршин байх “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Моксва их дэлгүүр, өөрийн байранд оршин байх “...” ХХК /д холбогдох,
2,298,593,026.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л хариуцагчийн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Элоролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” ХХК нь тус банктай 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр № ЗГ-СС14005-1-Н тоот “Зээлийн гэрээ”-г, №ЗБ-СС14005-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №ЗБД/СС 14005, №ЗБД/СС14005-1-н тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №ЗБ-СС 170425006-1, 2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр №ЗНГ/СС20171226019-1-н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №ЗБ/СС20180103015-2-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 2,490,328 ам.долларын зээлийг Тайваны Э банкны зээлийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, “Х” ХХК-ийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 18 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, Тайванийн экспортыг дэмжих зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “...” ХХК нь №ЗГ-СС14005-1-Н тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байсан учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн №ЗГ-СС14005-1-Н тоот “Зээлийн гэрээ”-ний 10.2-т заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах, үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардлын хамт 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Монголбанкны албан ханшаар ам.доллар 2,634.44 төгрөг байх тул 872,516.75 ам.долларыг төгрөгт хөрвүүлэн үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 2,298,593,026.87 төгрөгийг гаргуулахаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрэг маргаан хянан шийдвэрлэгдээгүй байна. Иймд манай банкны зүгээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 130,512,686.75 төгрөгөөрнэмэгдүүлж, нийт 2,429,105,713.62 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал үндсэн зээл 2,129,040,547.80 төгрөг, үндсэн хүү 263,118,857.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,946,306.64 төгрөг нийт 2,429,105,713.62 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь манай компанид холбогдуулан 2019 оны 3 дугаар сард зээлийн үндсэн төлбөрт 808,156.78 ам.доллар, хүүнд 58,506.63 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 5,853.33 ам.доллар буюу нийт 872,516.75 ам.долларыг Монгол банкны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн албан ханш гэх 2,634.44 төгрөгөөр тооцож нийт 2,298,593,026.87 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Энэхүү шаардлагаас манай компани тодорхой хэмжээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд нэхэмжлэгч“Х” ХХК нь 2019 оны 6 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа 130,512,686.75 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ болгон зээлийн тооцооллын хүснэгтийг гаргаж хавсаргасан байх бөгөөд уг хүснэгтэд дурьдсанаар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компанид 2,129,040,547.50 төгрөгийн зээл олгосон гэж тодорхойлж уг мөнгөн дүнгээс жилийн 18 хувийн хүү тооцож нэхэмжилсэн байна. Манай компани нь “Э” банкнаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээл авахаар тохиролцож уг зээлийн мөнгийг “Х” ХХК-иар дамжуулан авсан. “Х” ХХК нь уг зээлийн мөнгийг манайд шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулаж 8 хувийн хүүтэй байхаар тулган гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Х” ХХК болон “Э” банкны хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн хүүг 1 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд үүнээс харахад “Х” ХХК нь бидэнд зээлийн мөнгийг дамжуулан олгохдоо хэтэрхий өндөр хүү тогтоож манай компанийг хохироосон байгаа нь хэрэгт байгаа баримтаас тодорхой харагдаж байна. “Х” ХХК-ийн энэхүү хэт өндрөөр хүү тогтоосон үйлдэл болон ам.долларын ханшийн өсөлт, манай улсын эдийн засгийн хямрал, тогтворгүй байдал зэргээс шалтгаалан зээлийн төлбөрийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. “Х” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5/164 тоот албан тоотоор зээлийн төлбөрийн төлөлтийг 14 хоногийн дотор төлөхийг шаардаж уг хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан тоотод манай компанийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 16 тоот албан бичгээр төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болохоо мэдэгдэж зээлийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдсэн болно. Нэгэнт зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан тул “Х” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн түүнчлэн хариуцагч анх “Э” банкнаас зээл авахаар болсон. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний хүүгийн талаарх мэдээллийг хангалттай өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр зээл олгоогүй. Зөвхөн зээлийг дамжуулж өгснөөрөө их хэмжээний ашиг олж байна. “Э” банкны зээлийн үлдэгдэл 369,265,299.90 ам.доллар байгаа. Мөн хариуцагч талд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд хариуцагч тал үндсэн зээлээс 2,088,794,100.80 төгрөгийг зөвшөөрч байна. Харин үндсэн хүүгийн хувьд 81,766,431.50 төгрөгийн хүүг зөвшөөрнө. Мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас банкны хүүг нийтэд зарлах үүрэгтэй бөгөөд зээлийн төлбөрөөс 2018 оны төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээг цуцалсан гэж тайлбарласан бөгөөд цуцлагдсан гэрээнд хүү тооцогдохгүй юм. Иймд нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын хувьд “Э” банктай холбоотой гэрээний хувьд зээлийн гэрээний эргэн төлөлтийн график зөрчөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд хандахад гарсан зардал гэх 35,000 төгрөгийн зардал нь өөрөө ямар зардал гэдэг нь тодорхой биш байна. Ингээд Х ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,170,560,532 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 288,545,181.62 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “...” ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 2,129,040,547.80 төгрөг, үндсэн хүү 263,118,857.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,946,306.64 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 35,000 төгрөг, нийт 2,429,105,713.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ /хх 1-4, 138-140 хуудас/.
2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Х” ХХК болон хариуцагч “...”ХХК-иуд №ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. “Х” ХХК нь хариуцагчид2,700,000 ам долларыг жилийн 8.0 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ /хх 26-29 хуудас/.
Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгчийн зүгээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Л.Э өргөн чөлөө, 9-А-д байршилтай, 3873.4 м2 талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794м2 талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийгбарьцаалсан байна /хх 30-44 хуудас/.
Улмаар талууд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр №ЗНГ/СС20171226019-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээний 3.2 дахь заалтад “зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг жилийн 6.0 хувь” болгон өөрчлөлт оруулжээ /хх 37 хуудас/.
Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “газар барьцаалах гэрээнд тухайн газрын кадастрын зураг, газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн бичгийн хуулбарыг хавсаргана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч тал 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардан шүүхэд хандсан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан, мөн зээлийн буцаан төлөлтийн хэмжээнийталаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 2,429,105,713.62төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч дээр дурдсанчланнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлтэй” гэж дурдсан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний үүргээ шаардсан гэж үзнэ.
Хэдийгээр хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тооцон шаардсан боловч шүүхээс нэхэмжлэл гаргасан хугацаагаар гэрээг цуцалсанд тооцно.
Ийнхүү тооцоход 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 808,156.78 ам доллар буюу 2,129,040,547.5 төгрөг, зээлийн хүү 58,506.63 ам доллар буюу 154,132,206.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,853.33 ам доллар буюу 15,420,246.6 төгрөг, нийт 872,516.75 ам доллар буюу 2,298,593,026.87 төгрөг болох бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 35,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай харшлахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэххэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 2,298,628,000.52 төгрөгийг гаргууланнэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130,477,713 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9-А-д байршилтай, 3873.4 м2 талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794м2 талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийгдуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 12,531,628.71 төгрөгөөс 11,651,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 880,538 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “...” ХХК-иас 11,651,090 төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ