Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02875

 

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дугаар 102/ШШ2021/02875 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... тоотод байрлах .......... ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ тоотод оршин суух ....... овогтой ..........гийн ......... /РД: ........./-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,760,161 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.......... нь .......... ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 27,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч ......... дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. Б.......... нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү, алданги, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд Lexus 470 маркийн ........ улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр фидуцийн гэрээг байгуулсан боловч манай өмчлөлийн автомашиныг бусдад дамжуулан үрэгдүүлж гэрээний үүргээ зөрчиж мөн барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй болсон. Зээлдэгч Б.......... нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлээс төлөөгүй, зээлийн хүү 398,585 төгрөг, алданги 601,415 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг төлж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш өдийг хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алданги төлөхгүй хуваарьт хугацааг 690 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд зээлдэгч Б..........гоос үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 17,260,161 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, нийт 57,760,161 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч Б..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 17,260,161 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, нийт 57,760,161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч .......... ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Б..........д 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 27,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх, ....... улсын дугаартай Lexus 470 маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан тул зээлдүүлэгч тал болох .......... ХХК нь зээлдэгч тал болох Б..........д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол баримтаас үзэхэд, хариуцагч Б.......... нь зээлийн хүү 398,585 төгрөг, алданги 601,415 төгрөг, нийт 1,000,000 төгрөг төлж, үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 17,658,746 төгрөг, алданги 60,610,140 төгрөг тус тус төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагчаас зээлийн эргэн төлөлтийн энэ тооцооллыг няцаагаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч Б..........гоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,000,000 төгрөг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний 2.1, 2.2-т 27,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч зээлийн хүү шардах эрхтэй байна. Зээлдэгч Д..........гоос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 24 сарын зээлийн хүү 17,658,746 төгрөгөөс түүний төлсөн 398,585 төгрөгийг хасаж, үлдэх зээлийн хүү 17,260,161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 2.1, 3.5-т зааснаар автомашины өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл .......... ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, харин гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг зээлдэгч Д..........д ашиглуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч .......... ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой боловч зээлдэгч Д.......... нь тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан үрэгдүүлсэн тул фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэж тайлбарласан ба хариуцагч Д.......... энэ тайлбарыг няцаагаагүй.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч .......... ХХК фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүйгээс хугацаа хэтрэхэд хүрсэн гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгчээс фидуцийн гэрээний зүйлийг зээлдэгч Д.......... бусдад дамжуулан үрэгдүүлсэн буюу хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үгүйсгэсэн бол хариуцагч Д.......... нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг няцаагаагүй.

 

Иймд хариуцагч Д.......... зээлийг буцаан төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байх ба талууд гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч .......... ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх ба нэхэмжлэлийн хүрээнд алданги 13,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д..........гоос үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 17,260,161 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, нийт 57,760,161 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д..........гоос 57,760,161 /тавин долоон сая долоон зуун жаран мянга нэг зуун жаран нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д..........гоос улсын тэмдэгтийн хураамжид 446,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ