| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/1006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1030 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1030
2024 09 25 2024/ШЦТ/1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч Д.Агар,
хохирогчийн өмгөөлөгч Б.Н,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт Б-ны Мт холбогдох эрүүгийн 2403 00420 0630 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто техникийн засварчин, нярав, жолооч мэргэжилтэй, ********** ангид цэргийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
*********** овогт Б-ны М /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний оройн 20 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн ***********, ***** урд талын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Pruis” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”, 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00420 0630 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн *********** урд талын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл явган хүний зохицуулдаггүй гарц дээр зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийн шалгаж, жолооч Б.М нь согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8536 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-42-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1376 дугаартай “мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 48-50-р хуудас/,
“Toyota Prius 20” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 18-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12-19, 47-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2403004200630 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Агар шүүх хуралд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний оройн 20 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн ********** урд талын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Pruis” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”, 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Мийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Б.М нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь замын хөдөлгөөний 3 заалт зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогчид учирсан гэмтэл нь хүний яс хугараад бороолж байгаа гэмтэл биш, харин шөрмөсний гэмтэл учирсан. Уг гэмтэл нь ужиг, хөдөлмөрийн чадвар алдагдалт удаашруулдаг. Одоо 3 сарын дараа хохирогч маань эмрайд шинжилгээнд орно. Хэрэв уг шинжилгээгээр дахин хагалгаанд оруулах шаардлага гарах юм бол уг хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цочирдож, замаар ч гарч чадахаа больсон. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн байдлаар баримтад заасан хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогчид болон Эрүүл мэндийн даатгалын санд нийтдээ 3.915.782 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчид цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд манай талаас татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ************* урд талын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр ****** улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл явган хүний зохицуулдаггүй гарц дээр зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад би Багшийн дээдээс сургалтаа тараад аав руугаа залгахад Бөхийн өргөөний ойролцоо явж байна гэхээр нь би аавтайгаа Хөдөө аж ахуйн яамны урд уулзъя гээд би Багшийн дээдээс Хөдөө аж ахуйн яам руу алхаж яваад явган хүний гарцаар урдаас хойшоогоо зам хөндлөн гарах гээд явган хүний гарцан дээр өөр хүмүүс ирэхийг нь хүлээгээд зогсоход огт хүмүүс ирэхгүй байсан тул ганцаараа урдаас хойш зам хөндлөн алхаад замын голд явж байтал зүүнээс баруун зүгт чиглэсэн приус маркийн саарал өнгийн автомашины зорчих хэсгийн голын эгнээгээр явж байгаад огт зогсолгүй ирээд намайг мөргөхөд би зам дээр шидэгдээд унасан. Ингээд автомашин мөргөсөн газраасаа өнгөрөөд автобусны буудал дээр очоод автомашинаа зогсоосон. Ингээд би эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд тэр өдрөө эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваад гэртээ хэвтрийн дэглэмтэй байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8556 дугаартай “... Ц.Мийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосын урагдал, суналт, тахилзуур ясны толгойн хэмт эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, урд чагтан холбоосын суналт, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, өвдөг, баруун шуу, шилбэнд зулгаралт, баруун тохой, шуу, өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Б.Адъяатөмөрийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1376 дугаартай “... Тоёота приус 20 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар Б.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын агуулга болох:
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон “хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн *********** урд талын зохицуулдаггүй явган хүний гарц дээр... явган хүний зохицуулагддаггүй гарц байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хохирогч Ц.Мийн “явган хүний гарцаар гарч явахад мөргөсөн” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Мийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Жолоодох эрхийн лавлагаагаар Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №1495146 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх учиртай.
Шүүгдэгч Б.Мын гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 8536 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Бямба-Очир овогтой Адъяатөмөр нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт болон 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1376 дугаартай мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Б.М нь ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюул саад бий болсон буюу явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ уг гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Мийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Б.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М нь Хаан банкны ********** тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ц.Мд Хаан банкны 5750410074 тоот дансаар дамжуулан 3,721,100 төгрөгийг шилжүүлж төлсөн байна.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Н нь шүүгдэгч Б.М нь насанд хүрээгүй хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч Б.Мыг баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, нэхэмжлэлийн тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,
Мөн журамын 2.2 “Энэ журамын... 2.1.5-д заасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж тус тус заасан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ц.М, хууль ёсны төлөөлөгч О.Цолмонбаатар нар нь сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт буюу хүснэгтийн 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Хохирогч Ц.Мд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан “биед баруун өвдөгний урд чагтан холбоосын урагдал, суналт, тахилзуур ясны толгойн хэмт эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хажуугийн холбоосын урагдал, урд чагтан холбоосын суналт, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, өвдөг, баруун шуу, шилбэнд зулгаралт, баруун тохой, шуу, өгзөгт цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтлээс үүдэлтэй үлдэц, өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох байдал, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, түүний гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Дөрөв нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин гэсний 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцон хохирогчид олгов.
Тодруулах нь, Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Хохирогч Ц.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,580,000 төгрөгөөр тооцлоо.
Харин хохирогч Ц.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.Маас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж зааснаар хохирогч Ц.Мийн гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 194,682 төгрөгийг шүүгдэгч Б.М нь Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Агар: “...Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Н “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах зардал болон сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлсэн учраас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд манай зүгээс татгалзах зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Билгүүн: “...Миний үйлчлүүлэгч хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн миний үйлчлүүлэгч 032 дугаар цэргийн ангид жолооч ажилтай, цэргийн дэд ахлагч цолтой. Улсын яллагчийн гаргасан саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм бол миний үйлчлүүлэгч цаашид ажил, үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болно. Тийм учраас миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг чөлөөлж өгнө үү. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлуудыг төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч залуу хүн, ажлын талбарт гараад удаагүй байгаа. Жолооч болоод 1 жил болж байгаа. Анхнаасаа боломжит хамгийн богино хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Цаашид хохирогчийн хохирлыг барагдуулах мөн миний үйлчлүүлэгчийг нийгмийн харилцаанд оролцож, ажил үүргээ биелүүлээд явах боломжийг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан, шүүгдэгч Б.М хувийн байдлын хувьд, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто техникийн засварчин, нярав, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг байна.
Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирол түүнийг эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээг баримтаар нэхэмжилсэн хүрээнд төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугийн асуудлаар маргаагүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг зохицуулсан.
Энэхүү зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж, энэ нөхцөл байдлыг шүүх дүгнэн үзэх учиртай билээ.
Шүүгдэгч Б.Мын хувьд насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл буюу хүндэвтэр хохирлыг сэргээх, эдгэрэх, эмчлүүлэхэд зарцуулсан хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөөнд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн сэтгэцэд учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу гэмт хэргийн хор уршиг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлсөн байхыг шаардаагүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан боловч Эрүүгийн хариуцлага болох ялын төрөлд эрх хасах ялыг зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс дээрх байдлуудад дүгнэлт хийхийн зэрэгцээ шүүгдэгч Б.М нь насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тэрээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллах ажил үүргээ гүйцэтгэн орлого олж нөхөн төлөх боломж, хохирогч Ц.Мийн зөрчигдсөн эрхийг сэргээх байдлыг харгалзан үзсэн болно.
Бусад асуудлаар
Хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт Б-ны Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Мыг чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.М нь хохирогчид 3,721,100 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 194,682 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 8,580,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ц.М түүний хууль ёсны төлөөлөгч О.Цолмонбаатар нарт олгуулсугай.
5. Хохирогч Ц.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР