Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/03070

 

2021 оны 11 сарын 23 өдөр                       Дугаар 102/ШШ2021/03070                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Э овогт О гийн О /РД:*** /-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***д оршин байх, М /РД:*** /-д холбогдох,

 

40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оноос 1990 оны хооронд ***ч мэргэжлээр сурч төгссөн. Миний бие 1990 оны хавар сургуулиа төгсмөгц У ын татах хэсэгт засварчнаар анх ажилд орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэврийг гарах хүртлээ М У ын татах хэсэгт тасралтгүй 30 жил 11 сар 12 хоногийн хугацаанд ажилласан. Би М У ын татах хэсэгт 1990-1994 оны хооронд засварчин, 1994-1998 оны хооронд машинист, 1998-2005 оны хооронд машинист, 2005-2006 оны хооронд зааварлагч машинист, 2006-2011 оны 10 дугаар сар хүртэл машинистаар ажилласан. 2011 оны 10 дугаар сараас албан тушаал буурч 2012 оны 4 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд М У ын татах хэсэгт туслах ажилтан, 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны хооронд туслах машинист, 2014-2021 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд машинистаар тус тус ажилласан ба миний байгууллагадаа ажилласан жил огт тасраагүй, энэ байгууллагаас өөр газар ажиллаж үзэлгүй нэг насны ажил хөдөлмөрөө энэ байгууллагадаа зориулсан. Манай байгууллагын хамтын гэрээгээр байгууллагадаа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд ажилласан жилээс нь тооцон тэтгэмж олгодог. Тухайлбал 30-35 жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад нь сүүлийн 3 гурван сарын цалингийн дунджаар тооцож гаргасан сарын цалинг 14 сараар тооцон олгодог. Харин 35 жилээс дээш бол сарын цалинг 18 сараар тооцож тэтгэмж олгодог. Миний хувьд дээр дурдсанаар М У ын татах хэсэгт 1990 оны 7 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл тасралтгүй 30 жил 11 сар ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа байгууллагаасаа сарын цалинг 14 сараар тооцон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй. Миний сүүлийн гурван сарын цалингийн дундаж нь 3,668,001 төгрөг юм. Уг сарын цалингийн дундаж болох 3,668,001 төгрөгийг 14 сараар тооцвол 51,352,019 төгрөгийн тэтгэмжийг авах эрхтэй. Гэтэл ажил олгогчоос 3,668,001 төгрөгийг 3 сараар тооцон 11,004,004 төгрөгийг тэтгэмж болгон 2021 оны 7 дугаар сарын 20-ний өдөр шилжүүлсэн. Ажил олгогч байгууллагаасаа тэтгэмжийг яагаад ийнхүү дутуу олгож байгаа талаар тодруулахад “таны ажилд орсон хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож байгууллагадаа тасралтгүй 9 жил 1 сар ажилласан гэж үзэж сарын цалинг 3 сарын хугацаагаар тооцож 11,004,004 төгрөгийн тэтгэмж олгосон” гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл байгууллагаас намайг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаал бууруулж 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг байгууллагадаа ажилласанд тооцохгүй буюу таны байгууллагадаа тасралтгүй ажилласан байдал энэ 6 сарын хугацаанд тасалдсан гэх үндэслэлгүй тайлбарыг өгсөн. Миний бие М У ын татах хэсэгт тасралтгүй 30 жил 11 сар ажилласан болох нь ажилласан байдлыг тогтоох хамгийн гол үндэслэл болдог нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөөр нотлогдсоор байхад 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр туслах ажилтнаас албан тушаал дэвшүүлэн туслах машинистаар томилсон тушаалыг үндэслэн уг өдрөөс эхлэн байгууллагад ажилд орсон мэтээр миний тасралтгүй ажилласан хугацааг 9 жилээр тооцож байгаа нь үндэслэлгүй. Энэ нь ажилтан миний олон жил ажилласан хөдөлмөрийн үр шимээ хүртэх, хууль болон хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ байгууллагын дотоод журамд заасан тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүйд хүргэн хохироож байгаад гомдолтой байна. Миний хувьд 30-35 жил ажилласан ажилтанд хамаарч сарын цалинг 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд энэ нь 51,352,019 төгрөг байна. Үүнээс байгууллага 11,004,004 төгрөгийг шилжүүлж үлдэх 40,348,015 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй. Иймд М У аас дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У ” *** татах хэсэгт машинистаар ажиллаж байсан О.О нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа У -ын системд нийт ажилласан хугацаагаараа тооцуулж буюу 14 сарын дундаж цалинтай тэнцэх 40,348,015 төгрөгийн тэтгэмж авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч О.О нь анх 1990 оноос эхлэн татах хэсэгт засварчин, машинист зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байсан ба 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар Татах хэсгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-505 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. “У ” *** -ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа “У *** -ийн даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан “У ” *** -т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”, “У ” *** -ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”-ыг тус тус баримтлан У -д ажилласан хугацаагаар нь тодорхой тэтгэмж нэг удаа олгодог болно. Нэхэмжлэгч О.О нь “У ” *** -ээс 30-35 жил ажилласан тул 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах ёстой гэх шаардлага нь үндэслэлгүй юм. “У ” *** -ийн даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан “У ” *** -т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”, “У ” *** -ээс тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”-аар тасралтгүй ажилласан хугацааг тооцох болон тус хугацааг тасарсанд тооцох нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн ба нэхэмжлэгч О.О ын хувьд тус журмын 4.1.4-т заасан нөхцөл буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.О ыг *** даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн*** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. “У ” *** -ийн даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “У ” *** -т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3.1.9 болон 3.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтан нэг сарын дотор өөр алба, салбар нэгжид эргэн ажилд орвол тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тоолдог журамтай. Нэхэмжлэгч О.О ын хувьд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн*** тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн боловч У -д эргэн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №312 тоот тушаалаар ажилд орсон байна. Хэрэв *** тоот журамд заасан ёсоор нэг сарын дотор эргэн ажилд орсон тохиолдолд түүний өмнө ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох боломжтой байсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.О нь У -ын салбар нэгжид ажилд эргэн орсон боловч журамд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн буюу 6 сарын дараа ажилд орсон нь тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох нөхцөлд хамаарахгүй байна. Ийнхүү уг журмыг үндэслэн нэхэмжлэгчийн “У ” *** -т тасралтгүй ажилласан хугацааг 2012 оны 4 дүгээр сарын 26-аас эхлэн шинээр тоолон 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тооцсон нь үндэслэл бүхий болно.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл, 128 дугаар зүйл, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд агуулгаараа хөдөлмөрийн маргаан таслах комисст хамаарах асуудал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 127 дугаар зүйлд зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч М д холбогдуулж дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...би хариуцагч байгууллагад 30 жил 11 сарын турш тасралтгүй ажилласан. М ын дотоод журмаар 30-35 жил тасралтгүй ажилласан ажилтанд 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог ба би 51,352,019 төгрөгийн тэтгэмж авах эрх үүссэн. Гэтэл хариуцагч байгууллага 11,004,004 төгрөгийг шилжүүлж үлдэх 40,348,015 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй. Иймд дутуу олгосон тэтгэмжид 40,348,015 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй” гэжээ. 

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “...О.О нь  анх 1990 оноос эхлэн татах хэсэгт засварчин, машинист зэрэг ажил, албан тушаалд ажиллаж байсан ба 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар ...ажлаас чөлөөлөгдсөн. О.О ын хувьд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн*** тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №312 тоот тушаалаар эргэж ажилд орсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилласан хугацаа тасалдсан учир түүнийг тасралтгүй ажилласан гэж үзэх боломжгүй” гэсэн агуулгаар тайлбарлав.   

 

М болон түүний алба, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насанд хүрсэн буюу тэтгэвэр авах эрх үүсч У аас тэтгэвэр тогтоолгосон ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн байгууллагын холбогдох журмуудыг үндэслэж ажилласан хугацааг харгалзан 18 сар хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгодог талаар зохигчид маргаангүй байна. 

 

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг  2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан гэж үзэн /5-9 жил/ 3 сарын хэмжээтэй тэтгэмжид 11,004,004 төгрөгийг олгосон талаар, мөн нэхэмжлэгч 30 жил тасралтгүй ажилласан тохиолдолд хүлээн авах байсан тэтгэмж 51,352,019 төгрөг байх тооцооллын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн ажилласан жил тасалдсан буюу тэтгэмжийн хэмжээг 14 сараар тооцох эсэх дээр маргаантай байна.

 

Хариуцагч өөрийн татгалзлыг нотлох үүднээс хэрэгт 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 630 тоот “Х***” У ын *** даргын тушаал,

2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” У ын *** даргын тушаал,

2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *** тоот “Ажилд авах тухай” У ын *** даргын тушаалуудыг хавсаргаж өгсөн.

2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот тушаалаар “...О.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 3 сар хүртэл хугацаагаар хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар “...хөдөлгөөний бус ажилд шилжсэн О.О нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосугай” гэжээ.

 

Харин 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *** тоот “Ажилд авах тухай” У ын *** даргын тушаалаар “...О.О ыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс илчит тэргэний туслах машинчаар ажиллуулсугай” гэсэн байна.

 

Гэвч 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэгч О.О ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мөн цалингийн дансны хуулгуудаас үзэхэд М ын татах хэсгээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн маргасан хугацаанд цалингаа тогтмол авч байсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Дээрх байдлаар хариуцагчийн “...нэхэмжлэгчийг 2011 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлсөн ба 2012 оны 4 дүгээр сард буцаан ажилд авсан. Ингэснээр ...нэхэмжлэгчийн 14 сарын тэтгэмж авах эрх тасалдсан” гэх тайлбар үндэслэл муутай байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М аас 40,348,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О т олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М аас 359,690 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ