Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1226

 

 

 

 

 

 

 

 

2024       11          11                                    2024/ШЦТ/1226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт О-ийн Бт холбогдох эрүүгийн 2406 00151 1942 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ****** оны **** дүгээр сарын ****-ны өдөр ****** аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн ****** дугаар хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

********** овогт О-ийн Б /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч О.Б нь “ШО” ХХК-ийн ШТС-8 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 286,3 литр дизель түлшийг бусдад худалдан борлуулж 1,145,000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Быг завших гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 00151 1942 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

“ШО” ХХК-ийн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 5-21-р хуудас/,

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 55-р хуудас/,

Яллагдагч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-66, 68-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2406 00151 1942 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Мөнхтулга шүүгдэгчийн гэм буруугийн талаарх гаргасан дүгнэлтдээ: “... О.Б нь нь “ШО” ХХК-ийн ШТС-8 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 286,3 литр дизель түлшийг бусдад худалдан борлуулж 1,145,000 төгрөгийг хувьдаа завшсан буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нийт 1,145,000 төгрөгийн үнэ бүхий түлшийг бусдад худалдан борлуулж, завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч О.Б нь “ШО” ХХК-ийн ШТС-8 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 286,3 литр дизель түлшийг бусдад худалдан борлуулж 1,145,000 төгрөгийг хувьдаа завшсан буюу эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... “ШО” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг тус ШТС-ын эрхлэгч А.Х, түгээгч О.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагаас явуулсан тооллогоор тухайн хариуцан ажиллаж байсан ШТС-н дизель түлшнээс нийт 1,286,25 литр түлш тушаасан байсан үүнийг төлбөрт хөрвүүлэн бодоход 5,145,000 төгрөг орчим төгрөг болж байна. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн ШТС дээр дутсан түлшний тоолуур тодорхой шалгалтыг явуулахад түгээгчээр ажиллаж байсан О.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө байгууллагад мэдэгдэлгүй 286,43 литр түлшийг байгууллагад мэдэгдэлгүй зарж борлуулж хувьдаа завшсан нь тогтоогдсон... Тус байгууллагын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр дотоодод зөрчин худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа завшсан байсан үйлдэл нь шатахуун түгээх станцын түлшний тоолуурын зөрүүтэй байдал... 12 дугаар сарын 01-ний өдрийн тооллогын бүртгэл, мөн түгээгч О.Б нь өөрөө хүлээн зөвшөөрсөн гар тайлбар зэргээр нотлогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би “ШО” ШТС-н 08 дугаар салбарын түгээгчээр 2023 оны 07 дугаар сард ажилд орсон. Тэгээд 2023 оны 11 дүгээр сард манай эхнэр жирэмсэн байсан болохоор мөнгөний хэрэг гараад 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө 286,43 литр дизель түлш худалдан борлуулаад 1,145,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь үнэн би тухайн үед салбар хариуцсан эрхлэгч Хд хэлээгүй байсан. Маргааш өглөө нь ээлж хүлээлцэхэд түгээгүүрийн миль дээрээс тулгалт хийхэд зөрүү гарч эрхлэгчид мэдэгдэхэд нь би гуйгаад надад мөнгөний хэрэг гараад зарсан юм. Цалин буухаар бүгдийг нь төлж барагдуулна гэж хэлэхэд заза чи хурдан төлөөрэй гэж хэлсэн. Тухайн үед манай салбар захирлын тушаалаар түлш худалдан борлуулахгүй гэсэн шийдвэртэй байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай салбарт тооллого хийхэд зөрүү гарч манай захирал цагдаад хандсан байсан. Би захирал Түвшинбаатартай харилцан байгууллагад учруулсан 1,145,000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар болсон. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр 286,3 литр дизель түлшийг бусдад худалдан борлуулж 1,145,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан түлшний үнэ болох 1,145,000 төгрөгийг авсан үйлдэл нь Завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч О.Б нь 286,3 литр дизель түлшийг бусдад худалдан борлуулж, түүний төлбөр болох 1,145,000 төгрөгийг байгууллагад тушаалгүй, хувьдаа авч, өөрийн хэрэгцээ шаардлагад зарцуулсан нь эд хөрөнгийг шударгаар, тэдний эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.

Иймд шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч хохирогчид учирсан 1,145,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч О.Б бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүний үйлдсэн гэм хэргийн шинж, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хэлүүлэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна...” гэх саналыг,

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч О.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хохирогчийн баримтаар гаргаж нэхэмжилсэн бодит хохирол болох 1,145,000 төгрөгийг шүүгдэгч О.Б нь төлж барагдуулсан, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал зэрэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов.

 

Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2406 00151 1942 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт О-ийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч О.Быг чөлөөлсүгэй 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР