Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

“К ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Л-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 739 370.48 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, БГ1108/14/01/10 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,  торгуульд төлсөн 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч “К ББСБ”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бажиг овогт Д.Л нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр “К ББСБ”ХХК -тай байгуулсан ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээний дагуу 6 700 000 төгрөгийг 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шар хадны гудамжны 61 дүгээр байр 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204040878 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг бараа материал, эд хөрөнгийн хамт 2014 оны 01 сарын 29-ний өдөр байгуулсан БГ1108/14/01/10 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 оны 01 сарын 30-ны өдрөөс эхэлж зээлээ төлж явж байгаад зээлээ 2015 оноос алданги төлөлттэй болоод 2016 онд төлж байгаад огт төлөлгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Манай байгууллагаас зээлдэгч болон түүний эхнэртэй уулзаж зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх талаар уулзах, эвлэрэх асуудлыг удаа дараа тавьж байсан. Иймд уг саналаас татгалзаж байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 3 770 107 төгрөг, хүүнд 5 861 313 80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 107 949.33 төгрөг, нийт 10 739 370.48 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэгчийн 2016 онд төлсөн 2 000 000 төгрөг оруулаагүй байгааг хүлээн зөвшөөрч дахин холбогдох нотлох баримтыг гаргаж 2016 оны 2 сард төлөгдсөн 2 000 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнээс хасч 9 542 273.7 төгрөг гаргуулахаар багасгасан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа тул банк бус санхүүгийн байгууллагад учирсан хохирол болох 9 542 273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л- нь “К ББСБ”ХХК -тай 2014 оны 01 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцааны гэрээг давхар хийсэн. Зээлийн гэрээгээр 6 700 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний 1.2-т зааснаар үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,5 хувь байх ба кива зээл олгогдсон өдрөөс эхлэн хүү нь 2,6 хувь болно гэж гэрээнд тусгагдсан. Энийг гэрээ байгуулах үедээ юу гэж тайлбарласан бэ гэвэл та манай байнгын хэрэглэгч, гэрээ байгуулаад эхний сар 4,5 хувиар хүү төлөөрэй. Тэрнээс цааш хугацаанд кива зээлд хамрагдаад 2,6 хувийн хүү төлнө шүү гэж зээлдэгчийг хуурсан байдаг. Гэрээний дагуу Д.Л- нь төлөлтүүдийг хийгээд явсан байдаг. Энэ нь К ББСБ ХХК-ийн гаргаж өгсөн зээлийн дансны хуулгаар тодорхой харагддаг. Ингэж явсаар 2015 оны 9 сараас хойш төлөлт хийгээгүй. Учир нь К ББСБ ХХК-тай очиж уулзахад та одоогийн байдлаар 12 сая төгрөг төлсөн байна гэх асуудал ярьж дээрээс нь маш их хэмжээний мөнгө нэхсэн. Гэтэл Д.Л- нь 6 700 000 төгрөг зээлчихээд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөд байхад яагаад дахиад 9 сая төгрөг өгөх ёстой юм, ийм шударга юм байж болохгүй гээд төлөөгүй. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага нь 3 сараас төлбөрийг төлөөгүй тохиолдолд шаардах эрх үүсэх бөгөөд гэрээг дангаар цуцлах давуу эрхтэй байсан. Гэтэл гэрээгээ цуцлалгүй 2018 оныг хүргэж маш их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь шударга үнэнд нийцэхгүй. 6 700 000 төгрөгийг зээлснээс өнөөгийн байдлаар зээл болон зээлийн хүүнд нийт 12 000 000 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох зээлийн дансны хуулга авч үзэхэд дээрхи банк бус санхүүгийн байгууллага олон дахин их үндэслэлгүй хүү болон торгууль тавьсан нь харагддаг. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л- нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр “К ББСБ”ХХК-тай байгуулсан ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээний дагуу 6 700 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шар хадны гудамжны 61 дүгээр байр 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204040878 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг барьцаалж зээлсэн. Зээлийн гэрээний 3.2.5...Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах... гэж заасан заалт болон зээлийн барьцааны гэрээний 2.9.4... зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхээс гадуур гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн заалтын дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулж төлбөрөө барагдуулна гэж буй нь Иргэний хуулийн 171.3... Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна... гэсэн заалт болон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль гэх үндэслэлээр 6 700 000 төгрөгийн зээлийг 12 000 000 төгрөгөөр төлүүлэн, дахин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар худалдан борлуулна гэж их хэмжээний төлбөр нэхэж буйг хүлээн авах боломжгүй юм. Иргэний хуулийн 453.2-т зааснаар захиран зарцуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулна гэж заасан. Иргэний хуулийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх зохицуулалт байгаа. Мөн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний 1.2-т заасан 30 хоногт 4,5 хувь, тэрнээс цааш кива зээлд хамруулж 2,6 хувь болно гэж хуурсан үйлдэл гаргаж буруу ойлголт төрүүлсэн байдаг тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Хэрвээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм бол гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд оруулна гэдэг зохицуулалт Иргэний хуулийн 56.5-д заасан байдаг тул 5 300 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иргэний хуулийн 452.2-т банк, банк бус санхүүгийн байгууллага анзыг хэрэглэхгүй гэж хуульчилсан тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээс болж “К ББСБ”ХХК-ийн торгуульд төлсөн болох 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “К ББСБ”ХХК нь гадаад орны хөнгөлттэй, ядуурлыг бууруулах зорилготой зээлийн эх үүсвэрийг авдаг байсан. Тэрэнд зээлдэгч нарын зээлийн материалыг авч зээлийг олгож, хөнгөлттэй зээлийн хөрөнгө гадаадаас орж ирсэн тохиолдолд шилжүүлэхээр зээлийн гэрээг байгуулж ирсэн. Хэрвээ санхүүжилт орж ирвэл зээлдэгч болон зээлдүүлэгч нар харилцан тохиролцоод зээлийн эргэн төлөх хувиараа шинэчлээд хүү буурах боломжтой байсан. Гэтэл ийм алхам огт хийгдээгүй. Тиймээс хариуцагчийн тавьж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хоёрт зээлийн гэрээний 3.2.5 дугаар зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой заалт болохоос биш зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдолгүй заалт тул зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр. Зээлдэгч нь 5 300 000 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 6 700 000 төгрөгийн үндсэн зээлийн 4,5 хувийн хүүтэйгээр 2014 оны 01 сарын 30-ны өдрөөс хойш 34 сарын хугацаатай авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү бодогдоно. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь тусгайлсан зохицуулалттай хуулиар нэмэгдүүлсэн хүүг авдаг. Тиймээс зээлийн гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дотроо нэхэмжлэл гаргаж байгаа тул энэ нь зээлдэгчийн эрх ашгийг хохироогоогүй. Харин зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хүү зогсоолгох болон харилцан тохиролцох боломжтой байсан. 5 300 000 төгрөг нь огт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Зээлдэгч нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүнд 10 004 918 төгрөг төлсөн байна гэж харагдаж байна. Энэ нь хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Л-гаас зээлийн гэрээний үүрэгт 6 290 585.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 251 688.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, БГ1108/14/01/10 дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 779.92 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 115 599.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1.Д.Л- нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “К ББСБ”ХХК-тай байгуулсан ЗГ1108/14/01/10 дугаар Зээлийн гэрээний 3.2.5 дахь заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягталж шалгалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзуулах хүсэлтийг гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/13456 тоот захирамжаар тухайн хүсэлт нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Л-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “К ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч “К ББСБ”ХХК нь хариуцагч Д.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3 770 107.35 төгрөг, хүүнд 5 861 313.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 107 949.33 төгрөг, нийт 10 739 370.48 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3 770 107.35 төгрөг, хүүнд 4 664 217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 107 949.33 төгрөг, нийт 9 542 273.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч “К ББСБ”ХХК-д холбогдуулан 2014 оны 01 сарын 29-ний өдрийн ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, БГ1108/14/01/10 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, торгуульд төлсөн 5 300 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 1, 22, 26, 78 дугаар тал/

 

Хариуцагч Д.Л- нь нэхэмжлэгч “К ББСБ”ХХК-аас 6 700 000 төгрөгийг 30 хоногийн 4,5 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлж, кива зээлийн санхүүжилт олгогдсон өдрөөс эхлэн 2,6 хувийн хүүтэй болох, 2014 оны 01 сарын 29-ний өдөр ЗГ1108/14/01/10 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Л-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040878 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны гудамжны 61 дүгээр байр 1 тоот 24 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 1 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 595 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил зэргийг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хэргийн 5-12 дугаар тал/

 

Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 6 700 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч эдгээр гэрээний барьцаа хөрөнгөтэй холбоотой заалтууд хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ./хэргийн 26 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Зээлийн гэрээнд зааснаар эхний сар 4,5 хувиар хүү тооцож, түүнээс хойш хугацаанд кива зээлд хамрагдаж 2,6 хувийн хүү төлөх байсан боловч зээлдүүлэгч зээлийн хүүг бууруулаагүй, төлбөр төлж байхад үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхсэн тул 2015 оны 09 сараас төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд 3 сараас дээш хугацаагаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд шаардах эрх үүсэж гэрээг дангаар цуцлах эрхтэй байтал гэрээг цуцлалгүй 2018 оныг хүргэж маш их хэмжээний мөнгө нэхэж буй нь шударга үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй хүү, торгууль нэхэмжилсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй тул зээл, хүүгийн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Д.Л-гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Дээрх зээлийн гэрээнд заасны дагуу кива зээлийн санхүүжилт олгогдож хүүгийн хэмжээ 2,6 хувь болж буурсан үйл баримт тогтоогдоогүй ба талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг 30 хоногийн 4,5 хувиар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэсэн байгаа нь нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг зохицуулсан агуулгатайгаас бус зээлийн аль төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар зохицуулаагүй байхад анхан шатны шүүх зохигчид зээлийн гэрээний 1.3-т Нэмэгдүүлсэн хүү 30 хоногт 0,9 хувь /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс тооцох заалттай нийцээгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, нэмэгдүүлсэн хүү 1 107 949.33 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүнд суутган тооцсон 1 035 789,95 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасаж, тооцсон нь буруу байх боловч зээл, хүүд 6 290 585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 2015 оны 9 сараас хойш биелүүлээгүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хүү, хугацаа хэтрүүлсний хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцон шаардах эрхтэй.

Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан байх тул зээлийн барьцааны гэрээний 2.9.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар торгууль тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлөлтийн тооцоог хийхдээ нэмэгдүүлсэн хүүг торгуулийн хүү гэж бичсэн болох нь, мөн зээлийн төлөлтөөс торгууль суутган тооцоогүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шүүх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж дүгнэж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/13456 тоот захирамжаар хангахгүй орхисон нь зөв байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1101/ШЗ2018/7535 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШТ2018/00560 дугаар тогтоолоор, уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.О

 

ШҮҮГЧИД                             Ц.И

 

                                   С.Э