Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00162

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Э.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбулганы Ариунболдод холбогдох эрүүгийн 201714000293 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-нд Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-4-30 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, урьд урьд нь Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2.т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Орхон овгийн Эрдэнэбулганы Ариунболд /ФД85102015/

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.Ариунболд нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-4-30 тоотод чи манай гэрт нөхөртэйгөө маргалдлаа, гэрийн хоймор руу гутал шидлээ гэсэн шалтгаанаар иргэн Э.Золзаяаг түлхэн унаган бие махбодид нь  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Э.Ариунболд нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-4-30 тоотод чи манай гэрт нөхөртэйгөө маргалдлаа, гэрийн хоймор руу гутал шидлээ гэсэн шалтгаанаар иргэн Э.Золзаяаг түлхэн унагаж бие махбодид нь тархи доргилт, мөчид болон их биенд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

     1. Шүүгдэгч Э.Ариунболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Хэрэг бүртгэлийн шатанд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Хохирогч Э.Золзаяа хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ:  ... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Энхболдтой банкны зээлийн мөнгө төлөх асуудлаас болоод маргалдсан. Тэгтэл манай нөхөр Энхболд гараад явсан. Түүний ах Ариунболдоос нь асуухад манай гэрт байна гэсэн. Би Ариунболд ахын гэрт очоод нөхөр Энхболдтой маргалдсан. Хадам ах Ариунболд намайг татаж гаргаад гэрийнхээ үүдний коридор руу оруулаад намайг хана шал мөргүүлсэн гэжээ.  /хх-ийн 10-11 тал/

 

      3. Гэрч Э.Энхболдын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ...Тухайн өдөр би эхнэр Золзаяатай маргалдсан. Гэрээсээ гараад ахындаа очоод байж байтал эхнэр Золзаяа гаднаас орж ирээд надаас мөнгө нэхээд бид хоёр маргалдах болсон. Манай ах Ариунболд заамдаж аваад түлхсэн. Гэтэл хойшоо амбаар налаад унасан, тэр үед толгойгоороо мөргөсөн байх тэрнээс өөрөөр гар хүрээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

 

    4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтэд:  1. Э.Золзаяагийн биед тархи доргилт, мөчид болон их биенд зөөлөн эдэд олон тооны  5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.  2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Шинэ гэмтэл байна. 2017 оны 04 сарын 28-нд үүссэн байж болно. 5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 14 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Э.Ариунболдын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Э.Ариунболд урьд нь Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2.т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1.д зааснаар ялгүй болсон байна.

 

     Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч Э.Золзаяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

        Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

             1. Шүүгдэгч Орхон овгийн Эрдэнэбулганы Ариунболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.т заасныг баримтлан Э.Ариунболдод холбогдох эрүүгийн 201714000293 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.