| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/1223/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1232 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1232
2024 11 12 2024/ШЦТ/1232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Б-ийн Жд холбогдох эрүүгийн 2406059530865 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр ****** аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******** 3 дугаар баг ****** 9 дүгээр байрны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
********** овогт Б-ийн Ж /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Жыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406059530865 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь 2,454 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/,
Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 1,11 хувийн согтолтой ******** 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1384 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр /хх-ийн 82-84-р хуудас/,
Яллагдагч Б.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,
Б.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 9-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-40-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-43-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч Ч.С-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч Т.А-лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8, 70-80-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2406059530865 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Б.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1384 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* зам дээр “Тоёота кроун” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт..”-ийг гаргасан.
Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Л.Бурмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн талаар маргахгүй тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр сууринаас оролцоно…” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэм буруугийн талаар маргахгүй…” гэж мэдүүлэг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь 2,454 хувийн согтолтой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 1,11 хувийн согтолтой Дархан-Уул аймгийн ***** дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1384 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр,
Б.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар Б.Жы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…” гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон... бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Жолоодох эрхийн лавлагаагаар Б.Ж нь 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №204587 дугаартай үнэмлэхээр жолоодох эрх авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/1384 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэхийн зэрэгцээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ.
“Тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт хууль тогтоогч тайлбарласан ба Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Түүнчлэн шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 түүнээс дээш промиль илэрсэн тохиолдолд согтуурсан гэж үзэх бөгөөд Б.Жыг эрх бүхий албан тушаалтан драйгер багажаар шалгахад тэрээр 2,454 хувийн согтолтой болох нь нотлогдсон ба түүний үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, согтууруулах ундаа хэрэглэснээс гэмт хэрэг гарсан байна.
Хохирол, хор уршгийн тухайд:
Иргэний нэхэмжлэгч Д.Нх “…надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй…” гэж мэдүүлсэн /хх-ийн 40-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ш.О-рын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Б.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүний ****** тоот дансанд 420,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Б.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Ц.Ганцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “... Шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Л.Бурмаа эрүүгийн хариуцлагын талаар: “... Улсын яллагч зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс Б.Жы хувийн байдлын хувьд 65 настай, улсад 45 жил төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласан. 16 насандаа замчнаар эхлээд Эрхүүд төмөр замын инженерээр суралцсан. Ингээд 45 жил тасралтгүй замын инженер, замын даргаар ажилласан байдаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хэдийгээр буруутай үйлдэл хийсэн боловч бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Эрүүл мэндийн хувьд харвалт өгсөн учраас сонсгол муудсан, өөрийнх нь ажлын нөхцөл байдлаас болоод хувийн байдал нь муу. Элэгний өөрчлөлттэй, элэг солиулах заалттай байгаа. Энэ хүний хувийн байдлыг нь харгалзаж үзээд хэрвээ энэ хүний зорчих эрхийг нь хязгаарлах юм бол өмгөөлөгч миний бие зорчих эрхээ хязгаарлуулсан олон хүмүүстэй хуралд орж байсан. Зорчих эрх хязгаарлах буюу энэ гав зүүх нь эрүүл мэндийн асуудалтай хүнд илүү хүндрэлтэй. Энэ цахим гав нь техникийн шаардлага маш муу хангагддаг. 2 цаг болоод зай нь дуусдаг. Зай нь дуусаад 3 удаа дохио өгсөн тохиолдолд энэ хүнийг зөрчил гаргасан гэж үзэж хорих ялаар сольдог. 2 цаг тутам цахим гавын зайг цэнэглэх шаардлагатай. Үүнээс болоод энэ хүний биед түлэгдэлт үүсгэх, харшил өгөх зэрэг дотор эрхтэнд маш муу нөлөөтэй байдаг. Ийм учраас миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж өгнө үү. Төмөр замын байгууллагад олон жил ажилласан. Тэтгэвэр 1,000,000 гаран төгрөгийн авдаг... Энэ байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг давхар гаргаж байна..” гэв.
Шүүгдэгч Б.Ж: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Байнгын эмчилгээ хийлгэж ирж, очин явж байгаа. Энэ байдлыг маань харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү...” гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Жы хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас эрх хасах, торгох ялыг сонгож буюу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б-ийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун /2700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР