| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02363/И |
| Дугаар | 102/ШШ2021/03053 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/03053
2021 оны 11 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/03053 Улаанбаатар хот
*** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С*** тоотод оршин байх, “Р ” ХХК /РД:*** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт А гийн Х /РД:*** /-д холбогдох,
42,698,694.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч А.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р ” ХХК нь А.Х д 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот зээлийн гэрээгээр 28,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон боловч нь А.Х нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 572 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй Банк бус санхүүгийн байгууллагыг хохироосоор байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 27,186,232.78 төгрөг, хуримтлагдсан хүүнд 12,886,271.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,626,189.78 төгрөг, нийт 42,698,694.40 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу А.Х аас *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,698,694.40 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А овогтой Х миний бие нь “Р ” ХХК-тай хийсэн зээл болох 28,500,000 төгрөгийн зээлээ төлж барагдуулна. Өнөөдрийг хүртэл хуримтлагдсан хүү болох 12,886,271.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,626,189.78 төгрөгийг төлбөрийн чадваргүй, учир нь цар тахлын улмаас төлж чадахгүй байгаа. Зээлийн хүүгийн тооцоолол дээр маргахгүй байгаа хэдий ч төлөхгүй. Миний хувьд боломж гарахаар зээлээ төлнө. Ер нь төлж барагдуулах ёстой гэдгээ мэдэж байгаа гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Р ” ХХК болон А.Х нар *** тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Р ” ХХК нь хариуцагч А.Х д 28,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний харилцаа үүссэн бөгөөд хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “Р ” ХХК нь хариуцагч А.Х д холбогдуулж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,186,232.78 төгрөг, зээлийн хүү 12,886,271.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,626,189.78 төгрөг, нийт 42,698,694.40 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагчийн зүгээс зээлийг хүлээн авсан болоод зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй байгаа байдал, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж үүргийн зарчмыг тодорхойлсон бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн алинд нь хамааралтай.
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дуусмагц шүүхэд хандалгүй удсанаар зээлдэгчийг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий бий болсон байхад зээлдүүлэгч тодорхой арга хэмжээ аваагүй явдал нь үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн, зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хамгийн сүүлд буюу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөр төлсөн өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 4,273,648.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Х аас 38,425,045.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,273,648.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х аас 350,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Р ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ