Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02879

 

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дугаар 102/ШШ2021/02879 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух .......... овогт ...........гийн ......... /РД:........./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... ХХК-ийн байранд байрлах .......... ХХК /РД:........../-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... овогтой ......... нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн .........." ХХК-д хүнд машин механизмын операторчноор ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй ба сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Энэ байгууллагад ажиллах хугацаандаа үр дүнтэй ажилласан гэж аюулгүй ажиллагааны шилдэг ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Манай байгууллага орон даяар гарсан ковид халдварт өвчний үед ажилд гарахаас өмнө 14 хоног тусгаарлалтад орж хэвийн үед ажилдаа гардаг журамтай ба 2021 оны 06-р сарын 25-ны өдөр ажилд гарахын өмнөх тусгаарлах байранд байхад миний нуруугаар татаж өвдсөн. Тухайн үед хамт ажилладаг н.Сүх-Эрдэнийн шүд нь өвдөж бид 2 эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болсон. Ингээд бид 2 тусгаарлалт хариуцаж байсан эмч болон манай байгууллагын бид бүхнийг хариуцдаг удирдах албан тушаалтан менежер Д.Төгөлдөр нарт нөхцөл байдлаа танилцуулан тусгаарлалтаас гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаа мэдэгдсэн. Гэтэл ажил олгогч 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр над руу холбогдож дур мэдэн тусгаарлалтаас гарсан гэдэг шалтгаанаар ажлаас халсан гэж мэдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр компанийн төв байранд очиж ажлаас халсан тушаалтай танилцаж авсан. 2021 оны 07 дугаар сарын 22 -ны өдрийн Б-6/125 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон "Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2, Сахилгын арга хэмжээний журмын 4.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.1-д заасныг тус тус үндэслэн ажлаас нь халсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь миний нуруу гэнэт татаж өвдсөн учир эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болсон учраас зохих журмын дагуу өөрийн хариуцаж байгаа менежертэй танилцуулан тусгаарлах байрнаас гарсан, өөрөө дур мэдэн гарсан зүйл огт байхгүй. Мөн тушаалын 1 дүгээр зүйлд захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүргийн болон мэргэжил, ёс зүйн алдаа дутагдал гаргах гэж бичжээ. Миний зүгээс ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй, мөн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчөөгүй, биелүүлэхгүй байх нөхцөл байдал үүсгээгүй байхад ингэж худал зүйлээр шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Одоо хүртэл би эмчилгээ хийлгэж байна. Хүнд өвчин зовлон тохиолдоход өөрсдийн байгууллагын эрх ашгаа нэн тэргүүнд тавьж шууд ажлаас халж байгаа нь хөдөлмөрийн хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл гэж бодож байна. .......... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Б-6/125 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгож ........... овогтой .........ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ........... ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан Өвөлжөө ХХК-тай Тоног төхөөрөмж түрээсээр ашиглуулах гэрээгээр баруун ноён уулын төслийн уурхайд гүйцэтгэгчээр ажилладаг болно. Нэхэмжлэгч Я.......... нь манай компанид 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хүнд машин механизмын операторчин албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Манай компани Монгол улсад Ковид-19 цар тахал дэгдэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон, УОК, болон Өмнөговь аймгийн онцгой комиссын гаргасан журам, заавар, зөвлөмж, захиалагч тал болох Цагаан өвөлжөө ХХК-ийн төслийн дүрэм, журам, шийдвэрийг дагаж мөрдөж, уурхайн ээлжийг солих арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17/650 дугаар захирамжаар Уул уурхайн ээлж солих, бүтээн байгуулалтын ажилтан хүлээн авах түр журам батлагдсан. Уг журмын 3.29-т аж ахуйн нэгж байгууллага нь Тухайн уурхайд ирсэн ажилчдыг 7-14 хоногийн хугацаанд ажиглалтад байлгаж тандалтын шинжилгээг хийж уурхайд халдвар голомтлон гарахаас урьдчилан сэргийлнэ гэж заасан. Дээрх журмын дагуу манай компанийн хүний нөөцөөс нэхэмжлэгч Я..........ыг 2021 оны 06 дугаар сарын ээлжээр ажилдаа явах боломжтой эсэхийг асууж тодруулан зөвшөөрлийг авсны үндсэн дээр компанийн зардлаар РСR шинжилгээнд хамруулж, улмаар шинжилгээний хариу баталгаажин, халдвар аваагүйг баталгаажих хүртэл хугацаагаар Баянзүрх дүүрэг, Энхтайвангийн өргөн чөлөө 13-1 тоот хаягт байрлах Амар" гэх зочид буудалд байрлуулан хоол, буудлын төлбөрийг бүрэн хариуцаж, цалинтайгаар тусгаарласан болно. Гэтэл Я.......... нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс өгсөн үүрэг даалгавар, дүрэм журмыг зөрчиж тусгаарлалтын байрнаас компанийн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн тусгаарлах байрнаас гарч явсан. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.6 дахь хэсэгт заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн алдаа дутагдал гаргаж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан журам, байгууллагын дотоод дүрмийг санаатайгаар зөрчсөн. Учир нь уг зочид буудалд тусгаарлах болсон шалтгаан нь корона вируст цар тахал улсын төдийгүй, дэлхийн хяналтаас гарч онцгой горимд ажиллаж амьдарч буй энэ нөхцөл байдалд уурхайн төслийн талбай дээр ажиллаж байгаа олон зуун хүнийг эрсдэлд оруулахгүй, ээлжээр ажиллаж байгаа хүмүүсийг халдвар хавьталгүй явуулахаар байгууллага буюу ажил олгогчоос авч чадах чухал арга хэмжээ юм. Манай компани ажилтнуудыг тусгаарлахаас өмнө ажилд явах боломжтой эсэх, тусгаарлагдах боломжтой эсэхийг тодруулж РСR шинжилгээнд хамруулж, сөрөг гарсан ажилтнуудыг 7-14 хоногийн хугацаанд гадагшаа гаргахгүй, дотогш хүн нэвтрүүлэхгүй тусгаарлан дахин шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд төсөл рүү ажилд нь явуулдаг бөгөөд одоо ч авч хэрэгжээд явж байна. Мөн тухайн тусгаарлалтын байрнаас зайлшгүй шаардлагаар хувийн шалтгаанаар чөлөө авсан, өвдсөн ажилтнуудыг байгууллагын дотоод журмын дагуу өргөдөл, хүсэлт нь холбогдох удирдлагаар зөвшөөрөгдсөн тохиолдолд гаргаж байсан. Мөн уг тусгаарлах байранд тухайн 1 ээлжийн ажилтнууд төслийн менежер, алба хэлтсийн удирдлагууд хамт тусгаарлагдаж байсан тул Я..........ын хувьд удирдлагууддаа хандаж шалтгаан нөхцөлөө журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Я..........ыг дээрх үйлдэл нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.4-д заасан "Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, 9.1.4.6-д заасан "Ажил үүргийн болон мэргэжил, ёс зүйн алдаа дутагдал гаргах" ноцтой зөрчилд хамаарч байгаа тул хөдөлмөрийн гэрээ болон дээрх хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлүүдийн дагуу ноцтой зөрчил гаргасан хэмээн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаар тушаалаар ажлаас халсан. Нэхэмжлэгчийн зүгээс тусгаарлах байранд байхдаа нуруугаар өвдсөн, тусгаарлалтын байрыг хариуцаж байсан төслийн менежер Д.Төгөлдөрөөс зөвшөөрөл авсан тухай нэхэмжлэлд дурдсан хэдий ч энэ талаараа ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд манай компанийн төслийн менежер Д.Төгөлдөр болон хүний нөөц, бусад удирдлагын зүгээс нэхэмжлэгч Я..........т тусгаарлах байрнаас гарах ямар ч зөвшөөрөл олгож байгаагүй болно. Я..........ын энэхүү үйлдэл нь Монгол улсын хэмжээнд корона вирусийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хууль дүрэм болон компанийн удирдлагын шийдвэр дотоод журмыг санаатайгаар зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болно. Иймд ".........." ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаар тушаал, хууль, журамд нийцүүлэн гарсан тушаал тул хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Я.......... нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б-6/125 дугаар шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 26-нд танилцан гарын үсэг зурж хүлээн авсан болох нь хавтас хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан тушаал танилцуулах хуудсаар нотлогдож байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана хэмээн заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Я.......... нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хавтас хэргийн 1-3 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэлийн огноо болон хавтас хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан Иргэний хэрэг үүсгэх тухай" 102/Ш32021/1117 дугаар шүүгчийн захирамжаар тус тус нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Я.......... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандах нэхэмжлэл гаргах хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.......... нь хариуцагч ........... ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, Я..........ыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч ........... ХХК ажилтан Я..........тай 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан /хэргийн 44 тал/ зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Я.......... нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, шүүхэд тус нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байх боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2021/09274 дугаартай захирамжаар түүний 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааны дотор анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан ........... ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-6/125 дугаартай Зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 9 дүгээр зүйлийн 9.2, Сахилгын арга хэмжээний журам-ын 4.1.3, 04406 тоот хөдөлмөрийн гэрээний 11.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус компанийн ХММ-ын операторч албан тушаалтай ...........гийн .........ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тусгаарлалтаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн явсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Я.......... нь Өмнөговь аймгийн Ноен сумын нутаг дэвсгэрт байрлах ..........д ээлжийн ажлаа хүлээн авахаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ковид-19 вирусын шинжилгээ өгч, улмаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 14 хоног ажиглалтад байхаар тусгаарлах байранд буюу Улаанбаатар хотод Амар" зочид буудалд тусгаарлагдсан байх ба тэрээр тухайн өдөр эмчилгээ хийлгэх шалтгаанаа төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Төгөлдөрт мэдэгдэж, тусгаарлах байрнаас гарч явсан үйл баримт зохигчийн тайлбар, зөрчлийн судалгааны тайлан /хэргийн 39 тал/, гэрч Д.Төгөлдөрийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17/690 дугаартай захирамжаар баталсан Короновируст халдвар цар тахлын эрсдэлийг бууруулах, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд уур уурхайн ээлж солих, бүтээн байгуулалтын ажилтан хүлээн авахтай холбоотой түр журмын 3.29-д тухайн уурхайдаа ирсэн ажилчдыг 7-14 хоногийн хугацаанд ажиглалтад байлгаж, тандалтын шинжилгээг хийж уурхайд халдвар голомтлон гарахаас урьдчилан сэргийлнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эрүүл мэндийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тусгаарлах байрнаас гарсан гэж тайлбарласан боловч гэрч Д.Төгөлдөр хүний нөөцийн нэгжид тусгаарлалтаас гарах тухай өргөдөл бичгээр гаргах, улмаар онцгой байдлын газарт хүсэлт явуулж тусгаарлалтаас гарах ёстой гэдгийг Я..........т хэлсэн гэж мэдүүлсэн байх ба уг мэдүүлгээс зөвшөөрөл өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан Я.......... тодорхой шалтгаанаар тусгаарлах байрнаас гарах тухай удирдах албан тушаалтанд мэдэгдсэн байх боловч өргөдлөө бичгээр гаргаж, зохих зөвшөөрөл авах талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дур мэдэн тусгаарлах байрнаас явсан гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч Я.......... нь тусгаарлах байрнаас гарсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс түүний ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар тусгаарлах байрнаас гарсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.4.4-т зааснаар ажилтан Я..........ыг захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б-6/82 дугаартай Тусгаарлан ажиглах хугацаа тогтоох тухай тушаал /хэргийн 83 тал/-аар ажилчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авсан байх бөгөөд Я.......... нь 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр тусгаарлалтаас гарч явсан зөрчил гаргасан болох нь гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг, зөрчлийн судалгааны тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч ........... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.4.4-д заасан "Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, 9.1.4.6-д Байгууллагын дотоод дүрэм, журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөнөөс байгууллага болон бусад этгээдэд хохирол учирсан, учирч болох байсан, ажил үүргийн болон мэргэжил, ёс зүйн алдаа дутагдал гаргах-ыг ноцтой зөрчилд тооцохоор,

мөн ........... ХХК-аас Я..........тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.1, 11.6-д захиргаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй буюу эдгээртэй адилтгах бусад зөрчлийг ажил олгогч ноцтой гэж үзсэн тохиолдолд урьд нь сахилгын шийтгэл оногдуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлаас хална гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогчийн зүгээс короновируст халдварын тархалттай холбоотой өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед халдвар хамгааллын дэглэм сахих, аюулгүй байдлыг хангах, короновирусын халдвар зөөвөрлөгдөн ирэх, уурхайд халдвар голомтлон гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор уурхайд ажиллах ажилтнуудад тандалтын шинжилгээг хийж, 7-14 хоногийн хугацаанд тусгаарлан ажиглалтад байлгах арга хэмжээ авсан байх ба уг журмыг зөрчиж, ажилтны зохих зөвшөөрөлгүйгээр тусгаарлах байрнаас гарсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан явдлыг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээх бөгөөд ийнхүү цуглуулахдаа хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийг хориглоно.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Төгөлдөртэй утсаар ярьсан гэх дууны бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн ба нэхэмжлэгч Я.......... тухайн дууны бичлэгийг хийхдээ харилцагч талдаа мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан болох нь тогтоогдоогүй, уг баримтыг хууль бус аргаар цуглуулсан, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзэхээр байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлсэн болно.

 

Нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ........... ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Я..........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Я.......... тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ