Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                      М.Пүрэвдорж

Улсын яллагч                                                     Б.Төрболд

Шүүгдэгч                                                             *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ******* овогт (РД:)

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед Завхан аймгийн сумын баг хорооллын задгайд байрлах, иргэн эзэмшлийн хашааны гаднаас хохирогч   эзэмшил өмчлөлийн улсын дугааргүй “super эко Go 8 G” маркийн мотоциклыг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн ард байх нийтийн байрны гаднаас өмчлөлийн мотоциклийг хулгайлж 2030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, , нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* овогт нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед Завхан аймгийн сумын баг хорооллын задгайд байрлах, иргэн эзэмшлийн хашааны гаднаас  улсын дугааргүй “ super эко Go 8 G” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь:

Мотоциклоо хулгайд алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч "... сумын багий гээд залуу сум руу унаж яваад ирье гэж аваад хоёр хоногийн дараа буюу 05 сарын 13-ны үед танай мотоциклыг манай хүүхэд алдсан байна гэж утсаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн "Supeг эко Go 8G" мотоциклоо сумын багийн нутаг хэсгийн задгайд байрлах хашаанаас хангай гэх залууд өгч явуулсан. Би өөрийн эзэмшлийн "Super эко Go 8G" мотоциклыг 2023 оны 10 дугаар сард хотын захын урд талаас 2.650.000 (хоёр сая зургаан зуун тавин мянган) төгрөгөөр худалдаж авсан. Миний хулгайд алдсан мотоцикл super эко Go 8G3 маркийн 150 мотортой ногоон өнгийн мотоцикл байсан. Би одоо харвал танина. Буруу талын дөрөөний хэсэгт хүн үзэхээргүй газарт гагнуур тавиулсан. Миний мотоцикл улсын дугаар байхгүй, гаалийн бичиг нь байсан боловч  гэрээсээ хайгаад олдохгүй байна..." гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас)

хашааны гаднаас өмчлөлийн мотоциклыг хулгайд алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч  "...Би Завхан аймгийн сумаас 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг хороололд байрлах гэдэг айлд ирж хоносон. Би гэдэг айлын гадаа гудамжинд өөрийн унаж ирсэн мотоциклоо ил үлдээгээд тэдний гэрт орж унтсан. Гэтэл 04 цагийн үед гэдэг хүн "... мотоцикл чинь алга болсон байсан..." гэж дуудаж сэрээсэн. Би тухайн газрын ойр орчмоор хулгайд алдсан мотоциклын мөрийг дагаж нэлээн хайж явсан боловч олоогүй. Яг миний эзэмшлийн мотоцикл биш. Хамаатны ах гэдэг хүний эзэмшлийн мотоцикл..." гэсэн мэдүүлгээр,

 жолоодож ирсэн мотоцикл хашааны гаднаас хулгайд алдагдсан тухай мэдүүлсэн гэрч “…2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд манай гэрт Завхан аймгийн сумын гэх залуу ирсэн. Тухайн залуу манай гэрийн гадаа буюу хашааны гадна талд гудамжинд мотоциклоо үлдээсэн байсан. Би 04 цагийн үед босоод харахад гийн гудамжинд үлдээсэн мотоцикл алга болсон байсан. Би н хамт гэрийнхээ ойр орчмоор хулгайд алдсан мотоциклын мөрийг дагаж нилээн хайж явсан боловч олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлгээр,

*******гээс ногоон өнгийн “Super эко Go 8G" мотоцикл худалдаж авсан тухайгаа мэдүүлсэн гэрч “ …Энэ оны 05 сард ******* сумын… гэх залуу над дээр хүрч ирээд ахаа та мотоцикл худалдаж авах уу? Би өөрийнхөө мотоциклыг зарах гэсэн юм. … Та миний мотоциклыг худалдаад авчхаач гэж хэлсэн. Би тэгвэл мотоциклыг чинь үзье гэж хэлээд тухайн мотоциклыг үзсэн чинь ногоон өнгийн "Super эко Go 8G" маркийн мотоцикл байсан…Тухайн мотоциклийг үзсэн чинь түлхүүрээр асах боломжгүй, кундакторыг нь эвдлээд утсаар нь холбочихсон байсан. … надад хэлэхдээ би түлхүүрийг нь  гээчихээд олохгүй болохоороо кундакторыг эвдлээд утсаар холбочихсон гэж хэлсэн. Би тухай мотоциклыг үзэж байгаад 800000 төгрөгөөр худалдаж аваад д бэлэн мөнгийг нь өгчихсөн…” гэсэн мэдүүлгээр,

 ногоон өнгийн мотоцикл жолоодож ирсэн тухай мэдүүлсэн гэрч  “….2024 оны 05 дугаар сард … … бид хоёр .. очсоны дараа … намайг ард талын гудамжны үзүүрт шар өнгийн мотоциклтой үлдээсэн. Тэгээд өөрөө алхаад явчихсан. Буцаад над дээр ирэхдээ ногоон өнгийн мотоцикл түрээд хүрээд ирсэн. Намайг чи шууд гэртээ харь гэж хэлчхээд өөрөө түрж ирсэн ногоон өнгийн мотоциклоо асаагаад унаад явчихсан. … Намайг гэртээ очих үед манайд нөгөө мотоциклоо унаад хүрээд ирчихсэн байж байсан Тэгээд надад хандаж энэ мотоциклыг танай амбаарт хонуулчихъя маргааш хүн ирээд авна гэж хэлээд үлдээгээд явсан. Маргааш нь бид хоёр гийн таньдаг  гэх ахынд нь очсон.   гэдэг ахаасаа энэ мотоциклыг зараад өгчих гээд гуйсан чинь нөгөө ах нь зарсан юм шиг байсан. …Маргааш нь би амбаартаа орж тэр мотоциклыг харсан чинь ногоон өнгөтэй "Super eco Go 8G" гэх нэртэй мотоцикл байсан. Тухайн мотоцикл ил харагдах хэсэгтээ буруу талын дөрөөг гагнасан харагдаж байсан. Өөр онцлог содон шинж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үедээ г мотоцикл хулгай хийж байна гэдгийг сайн мэдээгүй. Таньдаг хүнийхээ мотоциклыг авч байгаа юм болов уу л гэж бодсон …” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн ард байх нийтийн байрны гаднаас маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь

Мотоциклоо хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч "... .. миний мотоциклыг … багийн буюу дэлгүүрийн арын 12 айлын гадна орхиод… намайг мотоциклоо аваарай гээд түлхүүрээ өгөөд маргааш нь явчихсан байсан. Тухайн үед би мотоциклоо авч амжаагүй. 2024 оны 06 сарын 04-ний орой ээс ирээд над руу залгаж та мотоциклоо авсан юм уу гэж асуухаар нь би мотоциклоо аваагүй гэж хэлсэн чинь тэгвэл таны мотоцикл хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Мөнгөлөг саарал өнгөтэй улсын дугааргүй, суудлын бүрээс нь улаан "" маркийн мотоцикл байсан. ... Би мотоциклоо алдаад хүмүүсээс асуусан чинь ******* сумын улаан хүүхэд гэх залуу зарна гээд явж байсныг мэдээд хайгаад олохгүй болохоор нь ойр орчмын хүмүүстээ мотоцикл авч ирж өг гэж хэлээрэй гэж ярьж байсан чинь миний мотоциклыг авч ирж өгсөн..." гэсэн мэдүүлгээр

Тухайн байрны гадна мотоциклыг үлдээсэн тухай мэдүүлсэн гэрч Ц.ын "... 2024 оны 06 дугаар сарын 02-ны орой …хадам аавын …мотоциклыг нь унаад орж ирээд өөрийн гэрийнхээ гадаа тавьчхаад ороод унтчихсан. Маргааш өглөө нь ажилдаа явсан бөгөөд ажлаа тараад шууд сум руу явсан. Тэгээд 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн төв рүү орж ирээд гэртээ иртэл мотоцикл байхгүй байхаар нь аав аваад явчихсан юм байна гэж бодоод найз охиныхоо гэрт ирээд асуутал хадам аав би мотоциклоо аваагүй гэж хэлэхээр нь хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Саарал өнгийн нүүдэлчин гэсэн нэртэй улаан өнгийн суудлын бүрээстэй шинэ мотоцикл байсан..." гэсэн мэдүүлгээр  (хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас)

мотоцикл хулгайд алдагдсан тухай мэдүүлсэн гэрч "...Манай аавын мотоциклыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө хулгай хийгээд аваад явчихсан байсан. Бид нар энэ болсон зүйлийг нь 04-ний өдөр мэдсэн. Тэгээд тэр хавиар хүмүүсээс асуухад хойд хашаанд байдаг эгч өчигдөр шөнийн 2 цагийн үед юм дугарахаар нь гараад харсан чинь толгой дээгүүрээ юм нөмөрсөн улбар шар дээлтэй хүн мотоцикл аваад явж байсан гэж хэлсэн. Тэр эгчээс та тэр хүнийг танихгүй уу гэж асуухад царайг нь харж чадаагүй, толгой дээгүүрээ юм нөмрөөд нүүрээ нуучихсан байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас)

******* улаан өнгийн суудлын бүрээстэй маркийн мотоцикл худалдахаар явж байсан тухай мэдүүлсэн гэрч "...Манайх Завхан аймгийн сумын багийн нутаг гийн гүүрний арын тохойд зусаж байхад буюу 2024 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрийн орчимд … хамт явсан залуу нь унаж явсан мотоциклоо 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр зарна гэхээр нь би авахгүй гээд явуулсан. Тэр залууг тухайн үедээ таниагүй сүүлд нь сонсоход ******* сумын улаан гэдгийн хүүхэд гэж дуулсан. ахын аймгийн төвөөс хулгайд алдсан мотоциклыг тэр гэж нөхөр хулгайлж аваад хөдөөгүүр аваачиж зарах гээд явж байсан юм билээ. Надад зарна гэж байсан мотоцикл саарал өнгийн нүүдэлчин маркийн улаан суудлын бүрээстэй байсан...." гэсэн мэдүүлгээр  (хавтаст хэргийн 162 дугаар хуудас)

******* мотоциклыг дэлгүүрийн арын нийтийн байрны гадна буцааж байсан газарт нь үлдээсэн тухай мэдүүлсэн гэрч "... Намайг өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд байж байтал гэх залуу манайд ирээд ахаа хоёулаа гялс төв ороод хүрээд ирье гэхээр нь би за тэгье гээд хамт гараад явсан. манайд мотоциклтой ирсэн. Би тухайн мотоциклын өнгө маркийг нь хараагүй болохоор санахгүй байна. Тэгээд бид 2 …төв рүү орсон бөгөөд тойргийн хажууд байдаг нэртэй дэлгүүрийн ард талын байрны гадна нь унаж явсан мотоциклоо тавьчхаад … явсан... Тухайн мотоцикл нь улаан өнгийн бүрээстэй мотоцикл байсан..." гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч од 2,000,000 төгрөгийн хохирол учирсан нь төв ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин, шинжээч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай "...БНХАУ-д үйлдвэрлэсэн Go 8G маркийн мотоциклын үнэлгээг 2000000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч д 2,030,000 төгрөгийн хохирол учирсан нь төв ХХК-ний Завхан салбарын гэрээт үнэлгээчин, шинжээч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08  дугаартай "…1. маркийн мотоциклын үнэлгээг 2.030.000 (хоёр сая гучин мянга) төгрөг гэж тогтоолоо..." гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсэж үйлдсэн  байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн ““ маркийн мотоциклыг “"Super eco Go 8G" маркийн мотоциклыг хулгайлж хохирогч од 2000000 төгрөгийн, хохирогч д 2030000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус шинжтэйг ухамсарлаж шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч од 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаар, хохирогч мотоциклоо буцааж авсан тухай мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож эдлүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ