| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0040/э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-05-22 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 38
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Н.Билгүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Н.Чулуунбат, Т.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,
Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овгийн Нямсүрэнгийн Чулуунбат, Шангас овгийн Тогтуурын Отгонжаргал нарт холбогдох эрүүгийн 201720000101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 10-43 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОТ94031211, Шангас овгийн Нямсүрэнгийн Чулуунбат.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн задгайд оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОТ94060116, Шангас овгийн Тогтуурын Отгонжаргал.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нар 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Билгүүнийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож, албаны хувцасыг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/,
2. Хураан авах тогтоол, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
3. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-28-р тал/,
4. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28-р тал/,
5. Хохирогч Н.Билгүүн / Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн цагдаа /-ий мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 31-ний орой намайг хэсгийн байран дээрээ байж байтал Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг “Түнгийн эх” гэх газарт оршин суудаг Дүрвээн овогтой Очирбат гэх хүн надтай ирж уулзаад “Улаангом суманд амьдардаг Отгонбаатар, Чулуунбат нар манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орсон байна, би шалгуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би “Та гэрийнхээ эд хогшлыг бүртгэж үзсэн үү” гэж асуухад Очирбат “Би гэртээ орж үзэлгүй гаднаас нь харчихаад ирлээ, гэрт манай эхнэр байгаа, Отгонбаатар, Чулуунбат нар нь одоо Ганзориг гэх айлд байгаа юм шиг байна” гэж хэлсэн тул би Очирбатын хамт Ганзоригийн гэрт очсон. Би Ганзоригийн хашааных нь гадна талд очоод Очирбатыг гэрт нь ороод харчихаад гараад ир гэж хэлээд оруулсан. Тэгтэл Отгонжаргал, Чулуунбат нарыг дагуулчихсан гарч ирсэн. Би Отгонжаргал, Чулуунбат нартай “Амрыг эрье” гэж мэндлээд нэр, албан тушаалаа хэлж өөрийгөө танилцуулаад “Та нар хаагуур явсан бэ?, хэсгийн байр дээр очиж та нараас асууж тодруулах зүйл байна, дагаад явна уу” гэхэд Отгонжаргал, Чулуунбат, Очирбат нар намайг дагаад явсан. Би унаж очсон мотоциклоо Ганзоригийн хашааны гадна үлдээсэн. Тэгээд тэд нарыг дагуулаад явж байтал Отгонжаргал, Чулуунбат хоёр Очирбат руу дайрч түүнийг хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь би тэд нарт “ та нар ингэж болохгүй, болиоч” гэж удаа дараа хэлсэн. Тухайн үед Отгонжаргал, Чулуунбат нар архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэчихсэн нэлээд согтуу байсан тул миний үгийг тоохгүй урдаас хэрэлдээд яваад байсан. Ингээд эмнэлгийн зүүн талд очоод Очирбат аргаа бараад “Та нар яахаараа хүний гэрийн хаалга эвддэг юм бэ” гэхэд Отгонжаргал, Чулуунбат хоёр “Сүртэй юм, бид нар танай гэрээс хулгай хийчихээ юу. Бид нар хулгайч шиг харагдаж байна уу” гээд Очирбат руу дайрч Отгонжаргал нь Очирбатыг барьж байгаад зодохоор нь “Боль” гэхэд миний үгийг сонсохгүй байсан. Би Отгонжаргалыг Очирбатаас салгах зуурт хажуугаас Чулуунбат мөн Очирбатыг зодсон. Тэд нар Очирбатыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Би тэд нарт “Та нар хүн зодож болохгүй. Хэсгийн байр дээр аваачиж юу болсныг тодруулаад буцааж явуулна” гэхэд Чулуунбат уурлаж “Чи хэн юм бэ? пизда минь, чам шиг юм үзээгүй юм байна, чи яадаг юм” гээд гараараа миний баруун нүд рүү цохиход хүчтэй өвдөлт мэдрэгдсэн. Тэгээд намайг тонгойход гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд би өөрийгөө болон Очирбатыг хамгаалж Чулуунбатыг бариад авах үед хажуугаас Отгонжаргал ирээд миний энгэрнээс барьж, хоолой боож Чулуунбаттай бүлэглэн хоёулаа хоёр талаас гараараа толгой болон нүүр лүү цохиж, хөлөөрөө намайг олон удаа өшиглөсөн. Тэгээд Отгонжаргал миний куртикны баруун энгэрээс, Чулуунбат зүүн энгэрээс зуурчихаад намайг зодох явцдаа миний куртикны 2 талын энгэр хэсгийг урж, баруун талын мөрдөс тасалсан. Дараа нь Чулуунбат намайг орхиод Очирбатыг зодсон тул би аргаа бараад Отгонжаргалын гарыг хойд талд нь гавласан. Ингээд Чулуунбатыг Очирбатаас салгахаар очих үед Очирбат Чулуунбатыг газарт унагааасан тул би түүний 2 гарыг хойд талд нь гаргаад “Битгий босгоорой. Намайг эргээд иртэл харж байгаарай” гэж хэлээд Ганзоригийн хашааны гаднаас мотоциклоо очиж аваад Отгонжаргал, Чулуунбат нарыг хэсгийн байр дээр хүргэж болсон хэргийн талаар жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. Миний хувьд Отгонжаргал, Чулуунбат нарыг зодоогүй. Харин тэдгээр хүмүүс маш их догшин зантай болчихсон байсан тул гарыг нь гавлах болсон. Харин Отгонжаргалын гарыг гавлах явцад нэг удаа цохигдсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь түүнийг зодож байгаа хэлбэр биш юм. Миний биед өмнө нь гэмтэл байгаагүй. Тухайн өдөр Отгонжаргал, Чулуунбат нарт зодуулснаас миний нүүрний хэсэгт хавдаж, баруун нүд хөхөрч гэмтсэн. Тухайн өдөр Чулуунбат нь Очирбатыг зодох явцдаа газарт унасан. Намайг Отгонжаргалыг хэсгийн байр дээр хүргээд ирэх зуурт Очирбат Чулуунбатыг газарт доош харуулаад хэвтүүлчихсэн дарж байсан. Мөн хэсгийн байрны гадна агсамнаж байгаад нэг удаа унасан. Отгонжаргал, Чулуунбат бид нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би тухайн өдөр үүргээ гүйцэтгээд явж байсан. Отгонжаргал, Чулуунбат нар нь Очирбатын гэрийн хаалганы даруулга цүү төмрийг эвдэж гэрт нь орсноос Очирбат манай хэсгийн байранд ирж мэдэгдсэн тул уг асуудлыг шалгаж тодруулах гэхэд Отгонжаргал, Чулуунбат нар нь эсэргүүцэж намайг болон Очирбатыг зодож, миний албаны дүрэмт хувцсыг урсан. Би тэдгээр хүмүүстэй хуулийн дагуу харьцсан. Отгонжаргал, Чулуунбат нар нь миний албаны куртикыг урсан тул би албаных нь үнээр куртикныхаа үнийг Отгонжаргал, Чулуунбат нараас нэхэмжилнэ. Очирбат бид хоёрын дунд ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
Хохирогч Н.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар 2016 оны 9-р сараас эхлэн ажиллаж байгаа. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нарт зодуулсан, мөн тэд албаны дүрэмт хувцсыг маань урж гэмтээсэн. Иргэн Очирбатын өгсөн гомдол мэдээллийн дагуу энэ 2 хүнийг цагдаагийн хэсэг дээр аваачиж, асууж тодруулах зорилготой дагуулаад явж байхад надад хүч хэрэглэж зодсон, энэ талаар би мөрдөн байцаалтад дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Миний зүгээс энэ 2 хүнийг зодсон, дарамталсан ямар нэг асуудал байхгүй. Хэдийгээр энэ 2 хүн цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж зодсон нь буруутай боловч шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэ хүмүүсийн ар гэрийн амьдрал байдлыг харгалзан үзэж нийгмэээс тусгаарлахгүй байх талаас анхаараасай гэж хүсэж байна. Миний хувьд гомдох зүйл алга. Харин цаашдаа сумын ард иргэдийн дунд цагдаагийн албан хаагчийг ингэж эсэргүүцэж, зодож болдог юм байна гэсэн буруу ойлголт төрчих бий гэж эмзэглэж байна. Хохирлын хувьд шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нарын урж гэмтээсэн цагдаагийн албаны дүрэмт хувцас буюу хүрэм 132790 төгрөгийн үнэтэй. Энэ 2 хүн надад хохиролд нийтдээ 180000 төгрөг өгсөн. Хохирол төлөгдсөн тул нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Миний тухайн үед өмсөж явсан цагдаагийн албаны хүрэм нь цаашид ашиглах боломжгүй болсон боловч би буцааж авмаар байна, хүрмэн дээр миний нэр оёсон хэсгийг нь авмаар байна” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Очирбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сар 31-ний өдөр би хөдөө явахаар сумын төв дотор явж байгаад /цагийг нь санахгүй байна/ эхнэр Буяннэмэх рүү утсаар ярихад Буяннэмэх надад “Чулуунбат, Отгонжаргал нар манайх руу очиж архи ууна гэж байна. Чи гэрлүүгээ оч” гэхээр нь би Лунаг гэх найздаа хэлээд түүний мотоциклийг авч сумын төвийн хойд талд 2-3 км зайд байх гэртээ очиход гэрийн гадна эхнэр ирчихсэн байсан ба гартаа хаалганы цоожны даруулга төмөр барьчихсан зогссон. Тэгээд надад уг төмрийг үзүүлээд “Отгонжаргал, Чулуунбат нар манайх руу ирээд явсан байна. Тэд нар манай гэрийн хаалганы цүү төмрийг эвдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд харахад манай гэрийн хаалганы гадна талд хадсан цүү төмрийг гэрийн зүүн талд байсан хүрзээр цохиж эвдсэн байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хажуу талд ул мөр хайхад гэрийн зүүн талд мотоцикль ирж зогссон мөр болон арзгар ултай гуталтай хүний гутлын мөр газрын хөрсөнд тод гарч үлдсэн байсан. Тухайн үед цас хайлсан, газрын хөрс нойтон байсан тул бүх мөр тод харагдаж байсан. Тэгээд би цагдаагийн хэсгийн байранд очиж хэсгийн цагдаа Билгүүнд болсон хэргийн талаар хэлээд Отгонжаргал, Чулуунбат нарыг Ганзориг гэх айлд байгаа талаар мөн хэлсэн. Билгүүн цагдаа намайг “Хамт яваад ирье” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр хамт Ганзоригийн хашааны гадна очсон. Тэгээд Билгүүн цагдаа хашааны гадна хэсгийг ажиглаж байгаад намайг “Ганзоригийн гэрлүү ороод хараад ирээч” гэхээр нь би ганцаараа Ганзоригийн гэрт ороход тэднийд Отгонжаргал, Хуягаа, Чулуунбат нар байсан. Чулуунбат намайг харчихаад шууд босож ирээд надтай гар бариад намайг “Гаръя” гээд дагуулж гэрээс гарчихаад өврөөсөө 2 нүд болон амны хэсэг ил гарсан хар өнгийн битүү ноосон малгай гаргаж толгойдоо өмсөөд над руу муухай харахаар нь би өмнөөс нь “Та нар яахаараа гэрийн цоож эвддэг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Чулуунбат над руу уурлаад эхлэхээр нь би түүнийг хашаанаас дагуулаад гарахад хойноос Отгонжаргал гарч ирсэн. Энэ үед Билгүүн цагдаа Отгонжаргал, Чулуунбат нартай “Амрыг эрье” гэж мэндлээд “Та нартай уулзах хэрэг байна. Та нар намайг дагаад хэсгийн байр дээр очино уу” гэсэн. Тэгээд бид нар Билгүүн цагдааг дагаад явсан бөгөөд эмнэлгийн зүүн талд ирээд Отгонжаргал надад хандаж “Бид нар хулгайч шиг байна уу” гээд уурлаж гараараа миний толгой руу 3-4 удаа цохиход Билгүүн цагдаа “Та нар хүн зодож болохгүй, больцгоо” гэхэд өмнөөс нь Чулуунбат маргалдаж эхэлсэн. Ингээд Отгонжаргал миний гэдэс рүү гараараа 3-4 удаа цохихоор нь би гараараа гэдсээ дараад тонгойход толгой руу цохисон тул би түүнийг тойроод зугатаасан. Энэ үед Билгүүн цагдаа ирээд Отгонжаргальг надаас салгах үед Отгонжаргал Билгүүнтэй барьцалдаад авахад Чулуунбат над руу ирж мөн гараараа миний толгой руу олон удаа цохисон. Цагдаа Билгүүн тэд нарыг удаа дараа “Боль” гэсэн шаардлага тавьсан боловч Чулуунбат, Отгонжаргал нар нь догширхож Билгүүн рүү дайрч Чулуунбат Билгүүн цагдааг гараараа цохиход Билгүүн цагдаа газар унах шиг болсон. Тэгтэл тэр хоёр хоёулаа зэрэг Билгүүн рүү дайрч харагдсан. Би тэд нараас айгаад зайдуухан зогсож байсан. Тэгтэл Чулуунбат над руу ирж намайг барьж аваад зодохоор нь би зугатааж байгаад хувцаснаас нь бариад татаж, хөлөөрөө хавирахад Чулуунбат унасан. Тэр үед нь би дээрээс нь дарчихсан. Ингээд Билгүүнийг дуудахад Отгонжаргал Билгүүнтэй зууралдчихсан зогссон ба Билгүүн цагдаа Отгонжаргалын гэдэс рүү гараараа нэг удаа цохиж гарыг нь хойд талд нь гавласан. Тэгээд миний хажууд ирээд миний доор байсан Чулуунбатын гарыг нь хойд талд нь өчөөд “Босголгүй дарж бай” гэж хэлчихээд өөрөө Отгонжаргалыг аваад явсан. Удалгүй эргэж ирээд Чулуунбатын гарт гав зүүгээд Чулуунбатыг хэсгийн байр дээр хүргэсэн. Хэсгийн байрны гадна очоод Чулуунбатыг мотоциклоос буулгах үед Чулуунбат хэсгийн байрны гадна талд нүүрээрээ газарт унасан. Тухайн үед Чулуунбат, Отгонжаргал нар нь их согтуу байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан, үгүйг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ их догшин зантай болчихсон байсан. Цагдаагийн алба хаагч нь хүнтэй яаж харьцдаг гэдгийг би сайн мэдэхгүй. Тухайн өдөр цагдаа Билгүүн нь Чулуунбат, Отгонжаргал нартай “Амрыг эрье, дагаад явна уу, асууж тодруулах зүйл байна” гэх мэтчлэн зөөлөн харьцсан. Харин Чулуунбат, Отгонжаргал нар нь догширхож өмнөөс нь хэрэлдэж, доромжилж мөн хоёулаа нийлж зодсон. Тухайн үед би зугатаасан бол Билгүүн цагдаад аюул учрах байсан. Учир нь Чулуунбат, Отгонжаргал нар их догшин зантай болчихсон байсан тул би амиа бодож зугатаагаагүй. Анх намайг очиж уулзахад цагдаа Билгүүний биеийн ил харагдах хэсэгт гэмтэл байгаагүй. Харин Чулуунбат, Отгонжаргал нар зодсоны дараа баруун нүд нь хавдчихсан, мөн өмсөж явсан куртик нь урагдчихсан байсан. Би газраас мөрдөсийг нь олж өгсөн. Би тухайн үед гэрийн эд зүйлээ бүртгэлгүй шууд хэсгийн цагдаа дээр очсон. Сүүлд бүртгэж үзэхэд манай гэрийн эд зүйлс бүрэн байсан. Тухайн үед миний толгой өвдөж байсан тул бариач Идмээ гэх хүнээр толгойгоо бариулсан. Одоо өвдөх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
7. Гэрч Ө.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тогтуурын Отгонжаргал, Нямсүрэнгийн Чулуунбат гэх хүмүүсийг танихгүй. Би Очирбатыг бол танина. Бид нар нэг нутгийн хүмүүс юм. Одоо өдрийг нь нарийн сайн санахгүй байна 2017 оны 03 дугаар сарын суулч, 04 дүгээр сарын эхээр Очирбат манай хашаанд орж ирээд надаас “Ганзоригийн гэр аль вэ” гэж заалгасан. Тэгээд Ганзоригийн гэрт ороод удалгүй Очирбатын өмнө талд Ганзоригийн гэрт ирсэн хоёр залуугийн хамт хашаанаас гараад явсан. Тухайн үед Очирбат эрүүл байх шиг байсан. Очирбатын хамтаар Ганзоригийн гэрээс гарсан хоёр залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би анзаарч хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
8. Гэрч Ч.Балганы мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тогтуурын Отгонжаргал, Нямсүрэнгийн Чулуунбат, Дүрвээний Очирбат гэх хүмүүсийг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь таньж мэднэ. Бид нарын хооронд садан, төрлийн холбоо байхгүй. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Отгонжаргал, Чулуунбат нар Улаангом сумаас ирж манайд хоноод маргааш өглөө нь манайд хоол идчихээд Улаанбаатар нэртэй 0.75 литерийн нэг шил архи хувааж уугаад гарсан. Уг архийг Хуягаа, Отгонжаргал, Чулуунбат бид нар хувааж уусан. Тэгээд тэр өдрийн орой тэд нарын мотоцикль манай гэрийн гадна хоносныг Хуягаа ирж авсан. Би тэр хоёртой 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дахин уулзаагүй. Отгонжаргал, Чулуунбат нар аймгийн төвөөс ирэхдээ архи уучихсан согтуу ирж хоноод маргааш нь манайд нэг шил 0.75 литерийн архи уугаад гарсан. Би дахин уулзаагүй бөгөөд Хуягаа тэд нарын мотоциклийг авахаар манайд ирэхдээ надад “Отгонжаргал, Чулуунбат хоёр 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой Ганзориг ахын гэрээс цагдаа Билгүүний хамт хэсгийн байр луу явахдаа Билгүүнийг зодож, хувцасыг нь урсан байна” гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой Отгонжаргал, Чулуунбат нар нь манай хашаанд мотоцикль оруулахдаа надтай уулзаагүй. Намайг гэрээс гараад ирэхэд тэд нарын мотоцикль манай гэрийн гадна байсан. Би тэд нарыг мотоциклоо авч ирж тавьчихаад явсан байна гэж бодсон. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,
9. Гэрч М.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд намайг сумын төв дотор явж байтал Отгонжаргал, Чулуунбат нар нэг мотоцикльтой, Хуягаа өөрийнхөө мотоцикльтой таарч мэндлээд намайг “Хаашаа явж байна” гэхээр нь би айл руу явж байгаагаа хэлэхэд намайг миний очих айлд хүргэж өгсөн. Тэгээд тэд нар надаас “Очирбат ах байгаа юу” гэхээр нь би “Яах гэж байгаа юм бэ” гэхэд “Танайд очиж цагаан сарын архи ууна” гэж хэлсэн. Тухайн үед Очирбат айл руу мал маллахаар туслах малчнаар явж байсан тул тэд нарт “Манай нөхөр байхгүй” гэж хэлсэн. Ингээд тэд нар надаас салаад манайх руу явна гээд явчихсан. Тэр үед Очирбат над руу утсаар ярихаар нь би Очирбатад “Гэрлүүгээ яваарай, Отгонжаргал, Чулуунбат, Хуягаа нар архи ууна гээд манайх руу явчихлаа” гэхэд Очирбат “За” гэж хэлсэн. Тэгээд би сумын төвийн хойд талд 2 орчим км зайд байх гэрлүүгээ очиход Отгонжаргал, Чулуунбат, Хуягаа нар манайд ирээд манай гэрийн цоожны даруулга төмрийг нугас хэсгээр нь эвдчихээд явчихсан байсан. Очирбат миний хойноос мотоцикльтой гэртээ ирэхээр нь би эвдэрсэн даруулга төмрийг үзүүлсэн. Очирбат уурлаж “Цагдаад хэлнэ” гээд явчихаад орой /шөнө/ гэртээ буцаж ирэхдээ “Отгонжаргал, Чулуунбат нар намайг болон цагдаа Билгүүнийг зодож цагдаагийн хувцсыг нь урчихсан. Билгүүн цагдаа аймгийн цагдаагийн газарт утсаар мэдэгдсэн” гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 31-нд Отгонжаргал, Чулуунбат, Хуягаа нар нь манайхаас ямар нэгэн эд зүйл аваагүй байсан. Отгонжаргал, Чулуунбат бид нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа болон өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Тэд нар гэрт орж манай нөхрийг хүлээхээр гэрийн цоожны даргуулга төмрийг нугас хэсгээр нь эвдэж гэрлүү орсон байсан. Тэр өдөр Очирбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Отгонжаргал, Чулуунбат, Хуягаа нар надтай таарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу байсан. Тухайн үед Чулуунбат нь надад хандаж “Чи надаас хөөрөг юм уу хонь авчихаад надтай нэг унтчих” гэж доромжилсон. Очирбат тэр өдөр орой гэртээ ирэхдээ надад “Отгонжаргал, Чулуунбат нар толгой руу цохьчихлоо, толгой өвдөөд байна” гээд байсан ба дараа нь бариач Идмээ гэх хүнд толгойгоо бариулсан. Тухайн үед Очирбатын биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
11. Гэрч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “....гараад ирэхэд эмнэлгийн зүүн талд хүмүүс маргалдаж зодолдоод байх шиг сонсогдсон. Тэгээд Ганзоригийнд хонохоор тэднийд буцаж очиход Отгонжаргал, Чулуунбат хоёр явчихсан, Ганзоригийн дүү Хуягаа үлдсэн байсан ба тэд нар Отгонжаргал, Чулуунбат хоёрыг цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн. Ингээд би дүү болох Очирбат, Буянэмэх нараас тэдний гэрийнх нь хаалгыг Отгонжаргал, Чулуунбат нар эвдсэн гэдгийг тухайн орой мэдсэн ба маргааш нь Отгонжаргал, Чулуунбат нар манай дүү Очирбатыг болон хэсгийн цагдаа Билгүүн нарыг зодож, Билгүүн цагдаагийн хувцсыг урсан гэдгийг нь мэдсэн. Отгонжаргал, Чулуунбат, Хуягаа нар Ганзоригийнд ирэхдээ архи уучихсан халамцуу орж ирсэн ба тэднийд нэг шил архи ууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
12. Гэрч Х.Ядмаагийн мөрдөн байцаалтад: “ Намайг Ядмаа гэдэг боловч нутгийн иргэд Идмээ гэж дууддаг. Би өөрөө гарын увидастай тул нутгийн иргэд над дээр ирж биеэ бариулдаг юм. Одоо өдрийг нь сайн санахгүй байна, нэг удаа Очирбат нь манайд ирж надаар толгойгоо бариулаад явсан. Очирбат надад ямар нэгэн юм яриагүй. Толгой өвдөөд байна гэж хэлээд бариулсан бөгөөд өмнө нь мөн толгойгоо бариулж байсан. Очирбат надад хүнээр зодуулсан талаараа хэлээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,
13. Гэрч Ч.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 31-ний орой би Наранбулаг сумын Гүнбүрд баг буюу сумын төвд гэрийнхээ ойролцоо явж байтал Очирбат гэдэг залуу ирээд “Мотоциклоо өгөөч, би гэртээ очоод ирэх шаардлагатай байна. Манайд хүмүүс ирчихсэн гэнэ, яаралтай очих шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би түүнд мотоциклоо өгөөд явуулсан. Тэгээд Очирбат миний мотоциклийг авч яваад буцаад 1 цаг гаруйн дараа ирээд “Манай гэрийн цоожийг Отгонжаргал, Чулуунбат нар эвдчихээр нь би сумын хэсгийн цагдаа Билгүүнийг дуудахад Отгонжаргал, Чулуунбат нар нь цагдаа Билгүүний мөрдсийг урж тасдаад бид хоёрыг зодсон” гэж хэлсэн. Хэрхэн яаж цохисныг нь асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,
14. Гэрч М.Тогтуурын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 6 хүүхэдтэй ба хүүхдүүдийг бага байхад тэдний эцэг болох Цэнд-Аюуш үр хүүхдүүдээ орхиж надаас гэрлэлтээ цуцлуулаад салаад явсан. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хүүхдүүдээ өдийг хүртэл өсгөж байгаа ба Отгонжаргал манай том хүү тул мөн ажил хийж гэр бүлээ тэжээх үүрэг хүлээх болсон. Отгонжаргал айлын том хүүхдийн хувьд багаасаа бие даасан хүүхэд болж хүмүүжсэн. Отгонжаргал сэргэлэн цовоо, хурдан шалмаг, хамаатан садан болон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй, төлөв даруу зантай, бусдад тусархуу, хүний хүндэлж харьцдаг, гэр бүлээ тэжээхийн тулд амьдарлынхаа төлөө зүтгэж байгаа манай гэрийн ноён нуруу болсон хүүхэд юм. Мөн Отгонжаргал нийгмийн идэвхи сайтай, спортод сонирхолтой, олон удаа уралдаан тэмцээнд оролцож байсан, сонирхлоороо “Бошготын хишиг” хамгаалалтын албанд ажиллаж байгаад одоо түр хугацаанд чөлөөлөгдсөн байгаа. Отгонжаргал нь өөрөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа ба ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээж байгаа хүүхэд тул бидний амьдрал байдлыг харгалзан үзэж хүүд маань хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна. Би Отгонжаргалыг дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,
15. Гэрч Ц.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Чулуунбатаас өөрөөс нь Наранбулаг сумын хэсгийн цагдаа Билгүүн гэх хүнтэй маргалдаж цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж сонссон. Би Чулуунбаттай багаасаа найз нөхөд байсан ба одоог хүртэл нэг нэгэнтэйгээ найз нөхдийн харьцаатай байдаг. Чулуунбат нь багаасаа дуу цөөтэй, төлөв даруу зантай, бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, боловсон, хөдөлмөрч, амьдралыхнаа төлөө зүтгэж байгаа, эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг, “Бошигтын хишиг” хамгаалалтын албанд ажиллаж байсан, нийгмийн идэвхи сайтай хүн юм. Чулуунбат нь хувь хүн талаасаа сайн хүн тул би түүнийг хүндэлж харьцдаг. Чулуунбат нь архи уучихаад согтуурхаж элдэв муу зан араншин гаргадаггүй, найз нөхийн дунд нэр хүндтэй залуу юм. Чулуунбат өндөр настай аав, ээжтэй тул түүнд хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,
16. Гэрч Х.Ганхөлөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Отгонжаргалаас өөрөөс нь Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн алба хаагч Билгүүн гэх хүнтэй маргалдаж цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж сонссон. Холбогдсон хэргийнх нь талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би Отгонжаргалыг багаас нь таних ба бид нар багийн найзууд юм. Отгонжаргал сэргэлэн цовоо зантай, нийгмийн идэвхи сайтай, бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, ээж дүү нарын хамтаар амьдараг ба амьдралыхнаа төлөө зүтгэж байгаа хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй хүн юм. Миний хувьд Отгонжаргалыг яагаад цагдаагийн алба хаагчтай маргалдсаныг нь ойлгохгүй байна. Отгонжаргал “Бошгитын хишиг” хамгаалалтын албанд ажиллаж байсан бөгөөд урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Миний хувьд Отгонжаргалыг хувь хүн талаасаа сайн хүн гэж боддог. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
17.Гэрч Б.Гэцэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Чулуунбат надад “2017 оны 03 дугаар сарын 31-ний орой Отгонжаргалын хамтаар Наранбулаг суманд архи уучихсан явж байгаад Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн албан хаагч Билгүүнтэй маргалдаж зодолдсон. Отгонжаргал бид хоёр цагдаагийн газарт шалгагдаж байгаа” гэж хэлсэн. Чулуунбат, Отгонжаргал бид нар нэг нутаг усны хүмүүс бөгөөд би тэднийг багаас нь таньж мэднэ. Бид нар багаасаа үерхэж нөхөрлөсөн багийн найзууд юм. Чулуунбат нь эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг, амьдарлаа авч явах гэж чармайж байгаа, амьдарлынхаа төлөө зүтгэлтэй, сэргэлэн цовоо зантай, бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, элдэв муу зуршилгүй, урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, “Бошигтын хишиг” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан хүн юм. Миний хувьд Чулуунбатыг элдэв зүй бус муу үйлдэл, зан авир гаргаж байгааг нь харж, сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,
18. Гэрч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Наранбулаг сумын төвд байх Балган ахын гэрт Балган ах болон найз Чулуунбат, Отгонжаргал нарын хамтаар 1 шил 0.75 литерийн “Улаанбаатар” нэртэй архи хувааж уусан. Ингээд би өөрийнхөө мотоцикльтойгоо Отгонжаргал, Чулуунбат нар унаж явсан мотоцикльтойгоо сумын төв дотор явж байтал Очирбатын эхнэр Буяннэмэх таарсан. Тэгээд Чулуунбат, Отгонжаргал нар Буяннэмэхийг дундаа суулгаж айлд хүргэж өгсөн. Тэндээсээ бид нар мотоцикльтойгоо аймагруу явахаар болсон. Ингээд Чууунбат, Отгонжаргалыг сундлаад өмнө гараад алга болчихсон тул би сумын төвийн хойд талд хүлээж байтал удалгүй сумын төвийн хойд талд байх “Түнгийн эх” гэдэг газарт Чулуунбат, Отгонжаргал нар ирсэн. Тэгээд бид нар аймаг руу явахаа болиод хонохоор болоход тэр хоёр мотоциклоо Балган ахын хашаанд оруулчихаад хашаа даваад Ганзориг ахын гэрт орж ирсэн. Би шууд Ганзориг ахынд орчихсон юм. Ингээд тэд хоёр авч явсан архиа гаргахад нь уг архи дундуур болчихсон байсан. Бид уг архийг хувааж уугаад сууцгааж байтал гаднаас Очирбат ах орж ирээд тэр хоёрыг дагуулаад явсан. Түүнээс хойш би Чулуунбат, Отгонжаргал нартай өнөөдрийг хүртэл дахин уулзаагүй. Тухайн орой Чулуунбат, Отгонжаргал нар нилээд согтчихсон байсан. Тэр 2-ыг Наранбулаг сумын хэсгийн цагдаа Билгүүнийг зодож, хувцсыг нь урсан талаар болон Очирбатын гэрийн хаалгыг эвдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
19. Шүүгдэгч Т.Отгонжаргал, гэрч Д.Очирбат нарын биед гэмтэл тогтоогдоогүй талаархи шинжээч эмчийн 2017.04.03-ны өдрийн 180, 2017.04.07-ны өдрийн 188 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Чулуунбатын биед баруун хацарт өнгөц зулгаралт, баруун гарын сарвуунд эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэл үүссэн, уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх 2017.04.04-ний өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.Билгүүний биед баруун нүдний эргэн тойрон хар хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэл үүссэн, уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50, 55, 60, 64-р тал/,
20. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Битүүмжилсэн эд хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 69-р тал/,
21. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17/17 тоот шинжээчийн: “Шинжилгээнд хүргүүлсэн цагдаагийн хар өнгийн куртикт гэмтэл үүссэн байна. Баруун болон зүүн энгэр, зүүн халаасны дээд хэсэгт, баруун мөрний хэсэгт тус тус гэмтэл үүссэн байна. Даарх гэмтлүүдийн утасны зах ирмэг нь тэгш бус хэмтэй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт байна. Дээрх урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтэл нь хуучин үүссэн, шинээр үүссэн аль нь болохыг тогтоох боломжгүй. Уг гэмтэл үүссэнээс хойш хэдий хугацаа өнгөрч байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь цөм нэг дор үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75-р тал/,
22. Улаангом сумын 9-р багийн засаг дарга Э.Сарантуяагийн 2017.04.03-ны өдрийн 566 тоот Тодорхойлолт /хх-ийн 101-р тал/,
23. Шүүгдэгч Н.Чулуунбатын согтолтын зэргийг шалгасан талаархи Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Х.Балдандоржийн Илтгэх хуудас /хх-ийн 105-р тал/,
24. Шүүгдэгч Н.Чулуунбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-р тал/,
25. Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн засаг дарга Б.Буянтогтохын 2017.04.26-ны өдрийн 126 тоот Тодорхойлолт /хх-ийн 116-р тал/,
26. Шүүгдэгч Т.Отгонжаргалын согтолтын зэргийг шалгасан талаархи Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн а/а Г.Тэгш-Амгалангийн Илтгэх хуудас /хх-ийн 121-р тал/,
27. Шүүгдэгч Т.Отгонжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-р тал/,
29. Хохирогч Н.Билгүүнийг Увс аймгийн Наранбулаг сумын цагдаагаар томилон ажиллуулсан талаархи Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Хангалтын карт /хх-ийн 131, 132-135, 139-140-р тал/,
30. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас 2017.04.12-ны өдөр гаргасан 30/106 тоот тодорхойлолтод: “Цагдаагийн алба хаагчийн албаны хүрэм 132.790 /нэг зуун гучин хоёр мянга долоон зуун ер/ төгрөгийн үнэлгээтэй байна” гэх тодорхойлолт, хангалтын карт гэжээ /хх-ийн 138, 139-р тал/,
31. Шүүгдэгч Н.Чулуунбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би найз Ариунболдын “Мустанг-5” маркийн мотоциклийг нь гуйж аваад найз Отгонжаргалын хамт Улаангомоос Наранбулаг суманд очиж Балган гэх айлд хамтдаа хоносон. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Балган ахын гэрт Балган ах болон найз Хуягаа, Отгонжаргал нарын хамт 1 шил 0.75 литерийн “Улаанбаатар” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Хуягаа мотоцикльтойгоо, Отгонжаргал бид хоёр унаж очсон мотоцикльтойгоо сумын төв дотор явж байтал Очирбат ахын эхнэр Буяннэмэх тааралдахаар нь түүнийг сумын төвд очих айлд нь хүргэж өгсөн. Тэр үед Отгонжаргал Буянэмэхээс “Очирбат ах байгаа юу?. Танайд очмоор байна” гэж асуучихаад надад хандаж “Очирбат ахынд очъё” гэхээр нь би мотоциклоо жолоодож ар талдаа Отгонжаргалыг суулгаад сумын төвийн хойд талд “Түнгийн эх” гэдэг газарт байх Очирбатын гэрлүү явцгаасан. Тэр үед Хуягаа бид нарын хойноос мотоцикльтойгоо дагаж явж байгаад үлдчихсэн байсан. Тэгээд Очирбатын гэрийн гадна очиход 18 цагийн орчим болж байсан ба тэдний гэр цоожтой байсан. Отгонжаргал бид хоёр Очирбат ахыг хүлээхээр шийдэж би гэрийнх нь зүүн талд байсан богино иштэй хүрзийг авч цоожны даруулга, цүүний нугас хэсэгрүү нь цохиж эвдээд гэрийг нь онгойлгож Отгонжаргалын хамт Очирбат ахын гэрт орж Очирбат ахыг хүлээх зуураа авч явсан 0.75 литерийн нэг шил “Улаанбаатар” нэртэй архиа задалж хувааж ууж байгаад хагаст нь оруулаад Очирбат ахыг ирэхгүй болохоор тэднийхээс гарч явсан. Тэгээд Наранбулаг сумын төврүү ороход сумын төвийн хойд талд Хуягаа мотоцикльтойгоо бид хоёрыг хүлээгээд зогсож байсан. Тэндээс бид нар аймгийн төврүү явахаар ярилцсан боловч харанхуй болж байсан тул болиод тэндээ хонохоор шийдэж Балган ахын хашаанд мотоциклоо оруулчихаад Хуягаагийн ах Ганзориг гэх айлд орж авч явсан хагас шил архиа хувааж уусан. Тухайн үед Ганзоригийн гэрт Ганзориг болон түүний эхнэр, мөн Очирбатын эгч Оюунчимэг нар байсан. Тэгээд тэднийд сууцгааж байтал гаднаас Очирбат орж ирээд намайг дагуулаад гэрээс гарахад гэрийн гадна Отгонжаргал байсан. Тэгээд Очирбатын хамт хашааны гадна гарахад хашааны гадна талд хэсгийн цагдаа Билгүүн зогсож байсан. Миний хойноос Отгонжаргал хашаанаас гарч ирсэн тул Билгүүн цагдаа бид хоёрт хандаж “Хэсгийн байр дээр очиж асууж тодруулах зүйл байна, дагаад яв” гэхээр нь Очирбат, Отгонжаргал бид нар Билгүүнийг дагаад явж байгаад Очирбат ахыг цагдаа дагуулж ирсэнд нь уур хүрч эмнэлгийн зүүн талд Очирбат ахтай маргалдсан. Тухайн үед Очирбат ах Отгонжаргал бид хоёрыг “Хулгайч, тонуулчин” гээд доромжлоод байсан тул Отгонжаргал Билгүүнтэй маргалдаж байгаад түүнийг барьж аваад гараараа цохиж харагдсан. Энэ үед Билгүүн цагдаа намайг бариад авсан тул би гарыг нь тавиулах гээд санаандгүй гараа савж түүний баруун нүдийг цохисон. Тэр үед Билгүүн цагдаа тонгойхоор нь би гараараа түүний толгой руу 2 удаа цохиод өмнөөс минь дайрахаар нь хөлөөрөө хавирах гэтэл миний хөл түүний хөлрүү 2-3 удаа өшиглөгдсөн. Тэгээд дахин бариад авахаар нь би Отгонжаргалыг дуудахад Отгонжаргал ирж намайг тавиулах гээд Билгүүн цагдаатай зууралдаад тавихгүй болохоор нь энгэрнээс зуурчихсан зогссон ба Бүлгүүн цагдаа түүнийг цохих гэхэд нь Отгонжаргал өмнөөс нь гараараа 2-3 удаа цохиж, мөн маргалдаж нэг нэгийгээ өшиглөж харагдсан. Тэгээд би Билгүүний өмсөж байсан куртикны зүүн энгэрээс нь Отгонжаргал баруун талын энгэрээс нь барьчихсан байтал тус тусын зуурсан энгэр урагдсан тул би хувцасыг нь тавьсан. Тэгээд би Очирбатруу очих үед Очирбат намайг татаад газарт унагаагаад дээрээс дарсан. Энэ үед Билгүүн цагдаа Отгонжаргалыг гавлаад Очирбат бид хоёр дээр ирж миний гарыг нурууны ар хэсэгт гаргаад Очирбатаар даруулчихаад Отгонжаргалыг мотоциклоор хэсгийн байрлуу авч яваад эргэж ирээд намайг мөн хэсгийн байр дээр аваачсан. Тэгээд аймгийн төврүү дуудлага өгсөн. Цагдаа Билгүүнтэй уулзахаас өмнө миний биед гэмтэл байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр миний баруун хацарт өнгөц зулгаралт, баруун гарын сарвуунд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл тухайн үед ноцолдож байгаад газарт унах үед учирсан гэмтэл юм. Хэсгийн цагдаа Билгүүн нь бид хоёрт “Хэсгийн байр дээр очиж асуух зүйл байна, дагаад яв” гэж л хэлсэн. Тэгээд дагаад явж байтал Очирбат ах Отгонжаргал бид хоёрт хандаж “Та нар яахаараа гэрийн цоож эвддэг юм. Муу хулгайч, тонуулчид” гээд уурлаад байсан тул бидний хооронд маргаан гарсан. Цагдаагийн алба хаагч Билгүүний хувьд бид нартай зүй бус харьцаж, хууль бус шаардлага тавиагүй. Тухайн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би мотоцикль жолоодож явсан. Отгонжаргал бид хоёр Очирбатын гэрийн цоожийг эвдсэнээс Очирбат цагдаад мэдэгдсэний дагуу хэсгийн цагдаа Билгүүн бид нар дээр ирсэн. Билгүүн цагдаа “Хэсгийн байр дээр очоод Очирбатын гэр лүү очиж эд зүйл алга болсон үгүйг шалгана” гэж биднийг дагуулж явсан. Хэсгийн цагдаа Билгүүн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан бөгөөд Билгүүн цагдаа хувцастайгаа явж байсан. Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би өөрийнхөө буруутай үйлдлээ ухаарч албанаасаа түр чөлөөлөгдсөн байгаа. Надад боломж олговол би засрал хүмүүжлээ ажил төрлөөрөө харуулах болно. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
32. Шүүгдэгч Т.Отгонжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Чулуунбатын хамт мотоциклоор Улаангомоос Наранбулаг суманд очиж Балган гэх айлд хамтдаа хоносон. Маргааш нь буюу 03 дугаар сарын 31-ний өдөр Балган ахын гэрт Балган ах болон найз Хуягаа, Чулуунбаатар нарын хамт 0.75 литерийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи хувааж уусан. Ингээд бид тус тусынхаа мотоцикльтой сумын төв дотор явж байтал Очирбат ахын эхнэр Буяннэмэх таарсан тул түүнийг сумын төвд очих айлд нь хүргэж өгөөд Буянэмэхээс “Очирбат ах байгаа юу?. Танайд очмоор байна” гэж асуухад Буяннэмэх “Очирбат байхгүй, яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би Буяннэмэхэд танайд очиж “Цагаан сарын архи уумаар байна” гэж тоглоомоор хэлсэн. Тэгээд Хуягаа, Чулуунбат нартай сумын төвийн хойд талд “Түнгийн эх” гэх газарт байх Очирбатын гэр лүү явцгаасан. Тухайн үед би Отгонжаргалын мотоцикльд сундлагдаж явсан ба Хуягаа бид нарын хойно мотоцикльтойгоо дагаад явж байгаад үлдчихсэн байсан. Тэгээд 18 цагийн орчимд Очирбатын гэрийн гадна очиход тэдний гэр цоожтой байсан тул Чулуунбат “Очибат ахын гэрт ороод хүлээгээд байж байя” гээд гэрийнх нь зүүн талд байсан богино иштэй хүрзийг авч цоожных нь даруулга, цүүний нугас хэсэг рүү нь цохиж эвдээд хаалгыг нь онгойлгож Очирбат ахын гэрт орохоор нь би мөн орсон. Тэгээд бид хоёр Очирбат ахыг хүлээх зуураа авч явсан 0.75 литерийн нэг шил “Улаанбаатар” нэртэй архиа задалж хувааж ууж байгаад хагаст нь оруулаад тэднийхээс гарч явсан. Тэгээд Наранбулаг сумын төврүү орох үед сумын төвийн хойд талд Хуягаа мотоцикльтойгоо бид хоёрыг хүлээгээд зогсож байсан. Тэндээс бид аймгийн төврүү явахаар ярилцсан боловч харанхуй болж байсан тул хоноод маргааш өглөө нь явахаар болж Балган ахын хашаанд мотоциклоо оруулчихаад Хуягаагийн ах Ганзорийн гэрт очсон. Тэднийд Ганзориг болон түүний эхнэр, Очирбатын эгч Оюунчимэг нар байсан тул Очирбатынд ууж байсан хагас шил архиа гаргаж хувааж уусан. Тэгээд би Ганзоригийн гэрээс гарчихсан хашаан дотор утсаар ярьж байтал Очирбат Ганзоригийн гэрээс Чулуунбатын хамтаар гарч ирээд хашааны хаалгаар гарахаар нь би хойноос нь гарахад хашааны гадна хэсгийн цагдаа Билгүүн зогсож байсан. Тэгээд Билгүүн цагдаа Чулуунбат бид хоёрт хандаж “Хэсгийн байр дээр очиж асууж тодруулах зүйл байна, дагаад яв” гэхээр нь Очирбат, Чулуунбат бид нар Билгүүнийг дагаад эмнэлгийн зүүн талд явж байгаад Очирбат ахыг цагдаа дагуулж ирсэнд нь уур хүрч Очирбат ахтай маргалдахад Очирбат ах Чулуунбат бид хоёрыг “Хулгайч” гээд доромжлоод байсан тул би түүнтэй маргалдаж байгаад гараараа Очирбат ахын нүүр лүү нэг удаа цохиж, хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Чулуунбат Билгүүн цагдаатай маргалдаад зууралдчихсан байсан ба зодолдоод байх шиг байсан. Тэгж байгаад Чулуунбат намайг дуудахаар нь очиж тэд нарыг салгах гэтэл Билгүүн цагдаа надруу мөн дайрсан тул би түүний өмнөөс гараараа нэг удаа цохиж, ганц нэг удаа өшиглөсөн. Би Билгүүн цагдаагийн өмсөж байсан цагдаа куртикны баруун энгэрээс, Чулуунбат зүүн талын энгэрээс нь барьчихсан байтал киртикны энгэр нь урагдсан тул бид хоёр хувцсыг нь тавьчихсан. Тэгтэл Билгүүн цагдаа миний гэдэсрүү гараараа нэг удаа цохиж намайг тонгойх үед хойд талд гар гавласан. Тэгээд намайг хэсгийн байрлуу авч явсан ба Очирбат Чулуунбатыг газарт унагаагаад дараад үлдсэн. Билгүүн цагдаа намайг хэсгийн байранд хүргэж гавлачихаад дахин буцаж яваад Чулуунбатыг хэсгийн байр дээр авч ирсэн. Би өмнө нь хэсгийн цагдаа Билгүүнийг зүс таньдаг байсан. Тухайн өдөр Чулуунбат бид хоёр Очирбат ахын гэрийн цоож эвдсэнд Очирбат уурлаж хэсгийн цагдаа Билгүүнд хэлж бид нар дээр ирсэн байсан. Хэсгийн цагдаа Билгүүн нь бид нарт “Цагдаагийн хэсгийн байр дээр очиж асуух зүйл байна, дагаад яв” гэж хэлэхээр нь дагаад явж байтал Очирбат ах “Та нар яахаараа гэрийн цоож эвддэг юм. Яадаг муу хулгайч, тонуулчид вэ” гээд уурласнаас болж маргаан гарсан. Цагдаагийн албан хаагч Билгүүний хувьд бид нартай зүй бус харьцаж, хууль бус шаардлага тавиагүй. “Хэсгийн байр дээр очоод Очирбатын гэр лүү очиж эд зүйл алга болсон үгүйг шалгана” гэж хэлээд дагуулж явсан. Хэсгийн цагдаа Билгүүн нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед Билгүүн нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. Чулуунбат бид хоёр Очирбат ахын гэрээс ямар нэгэн эд зүйл аваагүй. Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нар нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Билгүүнийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож албаны хувцсыг урж гэмтээн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Билгүүн, гэрч Д.Очирбат нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17/17 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.Билгүүний биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримт сэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр батлагдсан, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйл баримтыг хангалттай нотолж байх тул дээрхи нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нар нь хохирогч, цагдаагийн албан хаагч Н.Билгүүнд хүч хэрэглэсэн болох нь түүний биед үүссэн гэмтлүүд, өмсөж байсан цагдаагийн хүрэмнийх нь энгэр хэсэг урагдсан, мөрдөс нь урагдаж тасарсан зэргээр илэрч байна.
Иймд Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Билгүүнд /цагдаагийн албан хаагчийн хүрэмний үнэ/ 132.790 төгрөгийн хохирол учирсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас 2017.04.12-ны өдөр гаргасан 30/106 тоот тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Билгүүн болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас буюу хүрэм 1 ширхэгийг хохирогч Н.Билгүүнд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй тул шүүгдэгч Т.Отгонжаргалын дундын өмчлөлийн 14 инчийн зурагт 1 ширхэг, суваг хүлээн авагч 1 ширхэг, шүүгдэгч Н.Чулуунбатын дундын өмчлөлийн хувцасны шүүгээ 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Отгонжаргал, Н.Чулуунбат нарт ял шийтгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас овгийн Нямсүрэнгийн Чулуунбат, Шангас овгийн Тогтуурын Отгонжаргал нарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар шүүгдэгч Н.Чулуунбат, Т.Отгонжаргал нарт 320 /гурван зуун хорь/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Н.Чулуунбат, Т.Отгонжаргал нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн албадан ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Чулуунбат, Т.Отгонжаргал нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас буюу хүрэм 1 ширхэгийг хохирогч Н.Билгүүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.Отгонжаргалын дундын өмчлөлийн 14 инчийн зурагт 1 ширхэг, суваг хүлээн авагч 1 ширхэг, шүүгдэгч Н.Чулуунбатын дундын өмчлөлийн хувцасны шүүгээ 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Н.Чулуунбат, Т.Отгонжаргал нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН