Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 75

 

Д.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан,

Яллагдагч: Д.О,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/284 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.О-т холбогдох 2028000000145 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 4, хүүхдүүдийнхээ хамт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Яллагдагч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-ын цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь яллагдагч Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.О-т холбогдох  2028000000145 дугаартай эрүүгийн Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн алчуур 1 ширхэг, бохирлогдсон хар өнгийн фудволк 1 ширхэг, бохирлогдсон улаан канттай цагаан өнгийн өмд 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хэргийн газрын үзлэг болон цогцсын үзлэг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагааны үед О.Ү-н зүгээс 2 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон байтал уг мэдүүлгийн зөрүүг арилгах, худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах талаар ажиллагаа хийгээгүй байна" гэжээ. Гэмт хэрэг гарсан газар буюу О.Ү-н гэрч З.Б, Г.О, Т.Б нарын 3 хүн хоол хийж идээд байж байхад гаднаас Д.О болон талийгаач Б.З нар орж ирсэн, гэмт хэрэг гарах үед тухайн газарт нэмж ирсэн, буцсан хүнгүй, эдгээр хүмүүс байсан болох нь хууль сануулж, мэдүүлэг авсан гэрч З.Б, Г.О, Т.Б нарын мэдүүлэг болон яллагдагч Д.О-н мэдүүлгээр тогтоогддог. О.Ү-ээс гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө “...гэмт хэрэг гарах үед байгаагүй, Гурвантэс сумаас буцаж ирэхэд гэрт нь гэмт хэрэг гарсан байдалтай байсан талаар , дахин мэдүүлэг өгөхдөө “...гэмт хэрэг гарсан өдрийн өглөө гэртээ Б, Б нарын хамт архи уусан, мөн Д.О болон талийгаач Б.З нар ирж архинаас хувааж уусан, О.Ү нь Б-н хамт Гурвантэс сум руу явсан, гэмт хэрэг гарах үед байгаагүй" талаар тус тус мэдүүлсэн.

Гэрч О.Ү-н гэмт хэрэг гарах үед хэргийн газарт байгаагүй талаарх дээрх мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд түүнийг гарсан гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсээр байж, өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлээгүй, болсон явдлыг илт мушгин гуйвуулж худал мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг гарах үед байгаагүй атлаа Д.О-г гэмт хэрэг үйлдсэн гэж нэрлэн заах зэргээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

2. Шүүгчийн захирамжид “...гэрч О.Ү-н зүгээс Б-тэй хамт сумын төв явсан, эсхүл ганцаараа явсан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгснөөр Б-ийг тухайн гэмт хэрэг гарахад байгаагүй гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад түүнээс гэрчийн мэдүүлэг огт аваагүйгээс гадна эд мөрийн баримтаар хураагдсан хутганаас илэрсэн гарын мөрийг тогтоох зорилгоор шинжээчид яллагдагч Д.О, гэрч Г.О, Т.Б, З.Б, О.Ү нарын гарын дардсыг хүргүүлсэн атлаа Б-н гарын дардсыг орхигдуулсан шалтгаан тодорхойгүй байна” гэжээ. Дээр дурдсанчлан гэмт хэрэг гарах үед О.Ү-н гэрч З.Б, Г.О, Т.Б, Д.О болон талийгаач Б.З нар байсан болох нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Яллагдагч Д.О-н мэдүүлэг ч эдгээр гэрч нарын мэдүүлгээс зөрүүгүй байхад шүүх гэрч О.Ү-н Б-тэй хамт сумын төв рүү явсан, эсхүл ганцаараа явсан гэх зөрүүтэй өгсөн, энэ хэрэгт ач холбогдолгүй мэдүүлгийг бусад нотлох баримтаас илүү ач холбогдолтойд тооцож, улмаар Б-ийг тухайн гэмт хэрэг гарахад байгаагүй гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь ач холбогдолгүй ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн яллагдагч Д.О, гэрч Г.О, Т.Б, З.Б, О.Ү нар нь гэмт хэргийн газарт байсан тул тэдний гарын дардсыг шинжээчид хүргүүлсэн. Мөн О.Ү нь гэрийн эзэн, эд мөрийн баримтаар хураагдсан хутга түүний эд хөрөнгө тул гарын хээний дардсыг шинжээчид хүргүүлж, ул мөр илрүүлэх шинжилгээ хийлгэсэн тул гэмт хэрэг гарах үед байгаагүй гэх Б-ээс гэрчээр мэдүүлэг авах, түүний гарын хээний дардсыг шинжлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3572 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ...ханцуйгүй хар өнгийн цамцанд хутганы нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт... байна. ...ханцуйгүй хар өнгийн цамцанд гарсан зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно /хх- ийн 76-84-р хуудас/ гэх, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3570 дугаартай: ...шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун дунд хэсгээс илэрсэн ...гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Д О-н баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна /хх-ийн 91-105-р хуудас/ гэх дүгнэлтүүд ээрэг гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хэн, яаж үйлдсэнийг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байгааг шүүх анхаараагүй байна.

3. Захирамжид “...Гэрч нар яллагдагчийн хутгалсан үйл явдлыг нүдээр хараагүй бөгөөд “пис” гээд юм дуугарах чимээ гарсан гэснээс өөрөөр юунаас болж яллагдагч, талийгаач нар хоорондоо маргалдсан талаар мэдүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр" зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзлээ" гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч З.Б-ы "...Б ах, О эгч бид 3 хоол хийгээд идэж байтал гаднаас манай урд амьдардаг З ах, О эгч 2 цувраад орж ирсэн. Тэр 2 архи уучихсан согтуу байсан. З ах О-с тамхи өгчих гэсэн чинь татаж байгаа тамхины ишийг тогоотой хоол руу няслаад оруулчихсан. Би хоолноос тамхины ишийг гаргаж авсан. Би тэр 2-т хоол аягалж өгчхөөд харсан чинь О хоолны тавиур дээр байсан бор иштэй хутгаар хоолоо хутгаж идээд байхаар нь би босоод сэрээ авч өгсөн. Миний өгсөн сэрээг хажуудаа тавьчхаад тэр хутгаар л хоолоо идээд байсан. ...Тэгээд байж байтал тэр 2 хоорондоо маргалдаад пизда чинь гээд 2-лаа хэрэлдэх шиг болсон. Тэгээд байж байтал ард пис гээд юм дуугарах шиг болсон. Эргээд хартал З ахын цээжнээс нь доош хэвлий хэсэг рүү болон өмссөн байсан цагаан өмд рүү цус урсаад гарч байгаа харагдсан. О З-ын урдаас хараад зогсож байсан. Талийгаач З гэрийн хойд талд байх төмөр орон дээр саваад унасан чинь О эгч хэн ч юу ч хэлж яриагүй байхад та нар цагдаагаа дууд гээд орилоод байсан”/хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Г.О-ын "...О талийгаачид хандаж зайлна гэсэн яасан пизда минь, айлд юу хийгээд сууж байгаа юм гээд тамхи татчихсан орж ирсэн. Талийгаач тамхиа өгчих гэсэн чинь ингээд ав гээд тамхиныхаа ишийг тогоотой хоол руу шидчихсэн. Тэгсэн чинь талийгаач пизда чинь яагаад давраад байгаа пизда вэ гэж хэлсэн чинь О зайлахгүй яасан юм гэх утгатай зүйл яриад пизда гээд хараагаад байсан. Тэгсэн чинь талийгаач яажийсан эрүүгээ хуга өшиглүүлэхнүү гэж хэлсэн чинь О бүр уурлаад эхэлсэн. Цэргийн хүү О-т хоол аягалж өгсөн. Тэгээд би нэг харсан чинь О хутгаар хоолоо идээд сууж байсан. Тэгээд талийгаачид хандаад дүрнэ шүү, би шийдчихсэн хүн шүү, ална шүү гээд хоолоо хутгаар идээд босож ирээд хутгаар талийгаач руу чичлээд байсан. Би айгаад бушуухан халбага угааж өгч хутгыг нь авъя гэж бодоод хэдэн халбага угаахаар гарсан. Тэгээд ороод ирсэн чинь талийгаач цээжин хэсэгтээ гараараа дараад гэдийгээд ор налаад унасан. Цээжин хэсгээс нь цус гарч байсан. О хутгаар дүрчихсэн байсан. Тэгэхэд О пизданууд цагдаагаа дуудаач гээд хашхираад байсан” /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Т.Б-ийн “...Тэгээд О, З 2 босоод миний сууж байсны араар л учиргүй зодолдож ноцолдоогүй хэдий ч арзганалдаад нэг тулж очих шиг болоод гэнэт пүд гэх чимээ сонсогдсон. Эргээд хартал З-н хар фудболк, цагаан өмд зэрэг рүү цус урсаж байгаа харагдсан. Зоригболд хойшоо ор налаад унасан” /хх-ийн 31-32, 33-34-р хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр яллагдагч Д.О, талийгаач Б.З нар гаднаас орж ирэхдээ хэрэлдэж, маргалдсан байдалтай орж ирсэн, гэрт орж ирээд хэрүүл маргаан үргэлжилсэн, бие биенийгээ харааж загнасан байдалтай байсан, Д.О "ална шүү, дүрнэ шүү” гэж заналхийлж байгаад хоол хутгаж идэж байсан хутгаараа хохирогчийг хутгалсан талаарх нөхцөл байдлууд тогтоогдсон.

Гэтэл шүүх Д.О, Б.З нар анх юунаас болж маргалдсан талаар гэрчүүд заавал мэдэж, мэдүүлэх ёстой байдлаар хийсвэрлэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч, яллагдагч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад “сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Шүүх цогцос болон хутга байсан газар өөрчлөгдсөн байтал үүнийг шалгаж тогтоогоогүй байна гэж үзжээ.

Гэрч З.Б, Г.О, Т.Б нараас талийгаач хутгалуулсны дараа хаана байсан талаар болон орон дээр өргөж тавьсан гэх атал хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач газар байсан талаар тодруулж асуухад гэмт хэрэг гарсны дараа З.Б, Г.О, Т.Б нар нь гэрээс гарсан бөгөөд Д.О нь өөрийн охин, эгч, хүргэн нарыг дагуулан ирж О.Ү-н гэрт очсон, гэрт орж гарсан байдалтай байсан, орон дээр хэвтүүлсэн байсан талийгаачийг газар буулгасан, ам руу нь цай өгөх гэж оролдсон байдалтай байсан, ширээн доогуур байсан хутга байхгүй болсон байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг. Гэтэл талийгаачийг орон дээрээс газар буулгасан, хутгыг нуусан байж болзошгүй яллагдагч Д.О нь "талийгаачийг хэрхэн, яаж хутгалсан талаараа санахгүй байна” гэж өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлсэн, мөн дээрх асуудлыг гэрчлэх боловч яллагдагчтай гэр бүлийн хамаарал бүхий гэрч нар нь яллагдагчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Д.О-т холбогдох хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/284 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхэд буцааж өгнө үү "гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонихрлыг зөрчсөн зүйл тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэргийг нотолсон. Мөн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, нотолсон гэж үзэж байна. Иймээс хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байна. Мөн энэ хэргийн зүйлчлэл зөв, оновчтой байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргаж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Гэрч Ү болон бусад этгээдүүдийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулаад нөхцөл байдлуудыг тодруулах боломжтой гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 12 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад ялтан Д.О нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 201/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор /2хх-201-207/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял шийтгүүлэн, торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-ыг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Яллагдагч Д.О нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр О.Э-г төрүүлсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-180/-гаар тогтоогдож байх бөгөөд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийг цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа түүний бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлээгүй, мөн яллагдагчийн эд хөрөнгийн байдлыг тогтоож эд хөрөнгийг хамгаалан бусдад хариуцуулах арга хэмrээг аваагүй байна.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаанд “...ялтан нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар торгох ялын 4340000 төгрөгийг төлж үлдэгдэл 5660000 төгрөг төлөөгүй байна” гэж бичигдсэн боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд яллагдагч нь торгох ялаас 5000000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн болно.

Тухайн албан бичигт албан тушаалтны албан тушаал ойлгомжгүй тул байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Үүнээс үзэхэд торгох ялыг шүүхийн шийдвэр гарах хугацаанд хэдэн хувийг нь төлсөн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаарх заалтыг шүүхээс хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол дээрх заалттай холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэх нь зүйтэй байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ялтны торгох ялыг хэрхэн биелүүлж байгаатай холбоотой нотлох ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлоогүй байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад гэрч О.Ү-н мэдүүлгийн зөрүүг арилгах, худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах, гэрчээр Батнэмэхээс мэдүүлэг авах, Б-н гарын дардсыг шинжээчид хүргүүлэх, цогцос болон хутга байсан газар өөрчлөгдсөнийг шалгаж тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.      

Иймд мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/284 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                    Т.БЯМБАЖАВ