Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 159/ШШ2022/0037

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

                                   

Хэргийн индекс: 159/2022/0030/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр  маргаж байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор огцруулж, тухайн өдрөө мөн зүйл ангийг үндэслэн 60 дугаар тогтоолоор Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ.

Нэхэмжлэгч дээрх тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, хууль бусаар огцруулсан зэрэг үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Царамын 2- 8 тоотод оршин суух ******* овогтой Энхболд миний бие нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн 11 дүгээр хурлаас 59 дугаартай тогтоол гарч сумын намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаас  чөлөөлсөн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “11 дүгээр хуралдаан зарлан хуралдуулах тухай” 01 дугаартай захирамж гарч ээлжит 11 дүгээр хурлыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар зарласан. Тус захирамжид хурлаар хэлэлцэх асуудалд төсвийн тодотгол оруулах тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай, газрын тодотгол оруулах тухай, ойн нөхөрлөлүүдийн эзэмшсэн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, бусад зэрэг таван төрлийн асуудал хэлэлцэхээр тусган хэлэлцэх асуудалтай холбогдолтой баримт материалыг төлөөлөгчдөд хуулийн хугацаанд бүрэн тарааж 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулсан. Гэтэл хуралдааны үйл ажиллагаа эхлэн хурлын хэлэлцэх асуудлыг дараалал батлах явцад төлөөлөгч *******, *******, ******* нараас намайг хурлын ажлаас чөлөөлүүлэх санал гаргаж, улмаар хэлэлцэж хурлын даргаас чөлөөлсөн тогтоол гарсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан санал холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. Гэтэл хурлын төлөөлөгч нараас оруулсан санал нь бусад хурлын төлөөлөгч нарт тараагдаагүй үед хурлаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурал эхлэх үед ******* би төлөөлөгч байсан. Хурлаар *******, *******, ******* нарын гарын үсэгтэй хурлын даргыг огцруулах саналыг бусад гэсэн асуудалд оруулж хэлэлцэхийг төлөөлөгчдийн олонхийн саналаар  батласнаас гадна бүлгийн хурлаар хэлэлцэж бусад гэсэн асуудалд оруулж хэлэлцсэн. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгт тулгамдсан асуудлуудыг тухайн хуралд төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэж болно гэж заасан учраас төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудалдаа олонхийн саналаар оруулахдаа зохион байгуулалтын асуудал гэж хэлэлцүүлсэн.

Мөн хурлын хэлэлцэх асуудлын дарааллыг батлахдаа хамгийн эхний асуудал болгож төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан. Энэ үед ******* нь  хурлыг даргалж байсан бөгөөд хурлын процесс хууль журмын дагуу болсон. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хурлын зөвлөлийн хурлаар 11 дүгээр хурлын хэлэлцэх асуудалд бусад гэдэг асуудлыг оруулж баталсан. ******* нь хурлын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар захирамжаар төсвийн тодотгол оруулах тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай, газрын тодотгол оруулах тухай, ойн нөхөрлөлүүдийн эзэмшсэн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, бусад гэсэн асуудлыг оруулж хуралдааныг зарласан. Хурлын даргыг огцруулах саналын талаар төлөөлөгч ******* тайлбар хийхдээ төлөөлөгч нарт тараасан гэж ярьсан. Хурлын дарга төлөөлөгчдийн оруулсан саналыг хуралд оруулахдаа төлөөлөгчдийн мэдээллээр хангаж, саналыг хүргүүлэх үүрэгтэй байдаг. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан ******* нь үүргээ биелүүлээгүй. Төлөөлөгчдөөс ирүүлсэн саналыг бусад төлөөлөгч нарт мэдэгдээгүй. Тиймээс төлөөлөгч *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр иргэдийн Төлөөлөгчдийн 11 дүгээр хурлыг зарлаж, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдахаар тогтоосон. Тухайн хурлын хэлэлцэх асуудалд төсвийн тодотгол оруулах тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай, газрын тодотгол оруулах тухай, ойн нөхөрлөлүүдийн эзэмшсэн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, бусад зэрэг асуудлууд багтсан. ******* нараас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга чөлөөлүүлэх саналыг хуралд оруулсан. Хуралд оруулсан саналыг харахаар чөлөөлөх санал гаргаагүй, огцруулах санал гаргасан байсан. Огцруулах болон чөлөөлөх асуудал нь хоёр өөр асуудал. Тухайн асуудлыг хэлэлцэхээр санал оруулахдаа 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө ирсэн бичгийн бүртгэлд бүртгэж авсан. Хэдэн цагт хүлээж авсан нь тодорхойгүй. Ямар тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар 47.2 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч санал оруулах эрхтэй. Тухайн санал оруулахдаа саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хурлаас хоёр хоногийн өмнө өгнө гэсэн зүйл байхгүй. Төлөөлөгч нарт тараана гэж байдаг. Ажлын хоёр хоног гэдгийг цагаар тооцож үзвэл 48 цаг юм. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 23-ны өглөө хүсэлтээ өгсөн байдаг. Хурлын төлөөлөгч нарт тараагаагүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн өглөө материалыг тараана гэхээр 48 цагийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хурлын төлөөлөгч нарт тараах боломж хуулиараа байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үеийн хурал дээр иргэдийн төлөөлөгч байсан. Төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлын материалыг тараагаагүй гэж тайлбарлаж байна.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар 47.2 дахь хэсэгт заасны дагуу хоёр хоногийн өмнө тараагдах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхгүй гэж байна. Нэгэнт энэ шаардлагыг хуулиараа хангаагүй учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагагүй болж байгаа юм. Зохион байгуулалт, тус хурал дээр гарч болох хурлын зохион байгуулалтай холбоотой жижиг асуудлыг бусад асуудлаар хэлэлцээд явах хуультай. Түүнээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй юм. Тухайн гаргаж байгаа санал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх санал биш. Ёс зүйг зөрчиж, иргэдийн төлөөлөгчийг огцруулах санал гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйг зөрчсөн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг гаргаж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх асуудал дээр хэлэлцээд саналаа хураагаад явсан байдаг. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болох гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар бол тус хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” бол заасан байдаг. Гэтэл *******ын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчийн хувьд ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон зүйл байхгүй. Шүүхэд ирсэн баримт нь шалгаж байгаа гэсэн баримт байдаг. *******од холбогдох эрүүгийн хэрэг үүсэж сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа асуудал. *******ыг нэг удаа шалгаж байгаа асуудал биш өмнө нь 7-8 удаа шалгаж байсан. Түүнээс *******од хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсэж сэжигтэн, яллагдагчаар татсан зүйл байхгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт “хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Ёс зүйн дүрмийг ямар нэгэн байдлаар удаа дараа зөрчсөн асуудал байхгүй. Тус хурлын иргэдийн төлөөлөгчдөөс 9 төлөөлөгч дэмжиж, 8 төлөөлөгч татгалзсан *******ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Тус хуралд 4 иргэдийн төлөөлөгч ирээгүй байдаг. Тус хуралд тухайн 4 төлөөлөгч ирсэн бол *******ын эрх зүйн байдал нь нэг, хоёр хүний саналаар эргэх боломжтой. Яагаад тухайн 4 төлөөлөгч ирээгүй бэ? гэвэл 48 цагийн хугацаанд тараасан бол ирэх боломжтой байсан. ******* нар нь 48 цагаас өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгөөд ******* нь тус материалыг 48 цагийн өмнө төлөөлөгч нарт мэдэгдэж, тараах ёстой байсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгөөд түүнийг 48 цагийн дотор тухайн саналыг тараах боломжгүй учраас хугацаандаа амжиж тараагаагүй. Тийм учраас шууд хуралдаа орсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудалд оруулах саналыг авсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудалд оруулах асуудлыг хурлын дэгээр хэлэлцээд явна гэсэн асуудал байхгүй. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын дараалалд тухайн саналыг оруулахаар төлөөлөгч нарт мэдэгдсэн бол тухайн ирээгүй 4 төлөөлөгч оролцох боломжтой байсан байх. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх үндэслэл нь ёс зүйн дүрэм зөрчиж чөлөөлж байгаа юм уу? гэмт хэрэг  үйлдсэн гэж чөлөөлж байгаа юм уу? Хэрэв гэмт хэрэг үйлдсэн, ёс зүй зөрчсөн гэж үзсэн бол *******ыг үүрэг ажлаас нь чөлөөлөхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нь огцруулж, иргэдийн төлөөлөгч нараас нь хүртэл огцруулаад иргэдийн төлөөлөгч хийхгүй байх байсан.

Тухайн иргэдийн төлөөлөгч нарын зорилго нь тухайн хурлын тэмдэглэлд хүртэл тусгасан байдаг. Огт мэдээгүй хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилоод “найзтайгаа хамтарч ажиллах сайхан байна” гэсэн өгүүлбэр тус хурлын тэмдэглэлд байдаг. Өөрөөр хэлбэл ******* Засаг дарга анхнаасаа төлөвлөгдөөд, төлөвлөгөөний дагуу огт үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн байдаг. *******од ёс зүйн асуудал гаргасан гэдгийг тогтоосон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шалгаж дүгнэлт гаргасан зүйл байгаа эсэх, ёс зүйн хороогоор хэлэлцсэн эсэхийг тогтоож байж *******ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлнө. Түүнээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр чөлөөлөх асуудлыг ярьж байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас өөр санаа зорилгоор чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн асуудал юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нарийвчлан заасан байдаг. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ёс зүйн хороотой байдаг. Ёс зүйн хороо нь ёс зүйн дүрмийг батална гэж хуульд заасан байдаг. *******ыг ёс зүйн дүрмийн дагуу ёс зүйн хороогоороо буруутайг тогтоосон бол түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцээд чөлөөлөх болон огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Түүнээс хоёр хоногийн өмнө хэдэн материал оруулж өгөөд тус хуралдаанаар хэлэлцэж чөлөөлж байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “сумын тргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хурлын даргыг огцруулах гэсэн томъёололоор санал хураахад 9 төлөөлөл буюу 53 хувийн саналаар огцруулсан гэх үндэслэлээр *******ыг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, тухайн хуралдааны 60 дугаар тогтоолоор *******ийг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталжээ.

Шаамар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хуралдуулахаар товлож, тухайн хуралдаанаар 1.Төсвийн тодотгол оруулах, 2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, 3. Газрын тодотгол оруулах, 4. Ойн нөхөрлөлүүдийн эзэмшсэн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, 5. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тогтоож материалыг хурал болохоос 7 хоногийн өмнө тараасан байна. Энэхүү хэлэлцэх асуудалд хурлын даргыг огцруулах, хурлын даргыг сонгох асуудал ороогүй байна.

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "иргэдийн Төлөөлөгчдийн хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т  “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

         2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч *******, *******, ******* нар нь Хурлын дарга ******* нь сүүлийн жилүүдэд ёс зүйгүй үйлдэл гаргахын зэрэгцээ гэмт хэргийн чанартай үйлдэл гаргаж, олон нийтийн дунд түгээмэл ашиглагдаж байгаа  сошиалд тавигдсанаар Шаамар сумын төр захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон жирийн төлөөлөгч нарын нэр төрийг унагаасан төдийгүй хууль зөрчсөн асуудал нь хуулийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон тул огцруулах саналыг гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 11 дүгээр хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 53 минутанд 80 хувийн ирцтэйгээр эхэлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нээж хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой санал хүсэлтийг сонсоход  төлөөлөгч С.Мөнхтогтохоос гаргасан саналыг хэлэлцээд, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэх асуудлын 1-т Хурлын даргын зохион байгуулалтын  асуудлыг  хэлэлцэхээр шийдвэрлэсэн.  нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг, тодруулбал тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй Хурлын даргын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх гэж Хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь   хуульд нийцээгүй, хууль бус гэж дүгнэлээ.

Үүнээс гадна тухайн хуралдааны тэмдэглэлд тооллогын комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж хурлын даргын зохион байгуулалтын талаархи /хурлын даргыг огцруулах, огцруулахгүй эсэх/ санал хураалт явуулж нийт 17 саналын хүүдаснаас огцруулах дээр 9 хуудас огцруулахгүй гэсэн санал дээр 8 хуудас тус тус тоологдсоныг танилцуулаад хурлын даргыг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй шууд хуралдаан даргалагчийг сонгон шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасныг зөрчсөн, Хурлын төлөөлөгчөөс хуралдаанаар хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг Тэргүүлэгчдийн тогтоолоор урьдчилан батлаагүй бөгөөд хуралдаан болохоос 2 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд танилцуулаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлсэн нь хууль бус мөн ******* гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдаагүй, хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон журмыг зөрчин түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн байх тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгон *******ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна 6.1.1-д “төрийн улс төрийн алба, 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулнагэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр .цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Энхболдод 2022 оны 5 дугаар сарын 26ы өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 26ы өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан ажлын 74 хоногийн цалин хөлс болох 4.691.383 /дөрвөн сая зургаан зуун ерөн нэгэн мянга гурван зуун наян гурван/ төгрөгнөөс нийгмийн даатгал шимтгэл болон ХХОАТ 860.696 /найман зуун жаран мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөгийг хасч  3.830.686 /гурван сая найман зуун гучин мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, ажилгүй байсан аугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын даатгалыг нөхөн төлүүлэхээр  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай59 дүгээр тогтоолыг  хүчингүй болгож, *******ыг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, *******ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 3.830.686 /гурван сая найман зуун гучин мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг  гаргуулан олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.БУРМАА