| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/04594/И |
| Дугаар | 102/шш2019/01577 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 102/шш2019/01577
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 64 дүгээр байрны 8б тоотод оршин суух, Б овогт Н ..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт Дамдинбазар гудамж, 41 дүгээр байр, 37 тоотод оршин суух, Б овогт Д .../РД:-т холбогдох
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Н.....болон Д....нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн,
4,725,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А хариуцагч Д.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эоролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.....нь 2012 оны 6 дугаар сард 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагч Д.Г зээлж авсан байдаг. Үүнээс хойш Н.....нь 200,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүний дараа талууд харилцан тохироод 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмнө авсан зээлийн мөнгөн дээрээ бичгээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү нь 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг төлбөр дээрээ зээлийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах арга болгон Н.....нь барьцаанд газар тавьсан юм. Үүнээс хойш Н.....нь дараах төлбөрүүдийг хариуцагчид буцаан төлсөн. Үүнд:
1/ 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг хариуцагчийн охин н.Дөлгөөнд төлсөн.
2/ 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350,000 төгрөг төлсөн.
3/ 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 250,000 төгрөг төлсөн. Үндсэндээ нийт 1,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан төлсөн болно.
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг дахин зээлсэн мэтээр шинэ гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан. Тодруулбал, талууд өмнө нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 1,400,000 төгрөгийн гэрээний үлдэгдэл нь хүү болон алдангитайгаа нийлээд 3,500,000 төгрөг болсон гэж үзээд уг гэрээг байгуулсан. Ийм учраас нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид бодит байдал дээр мөнгө өгөөгүй байгаа нь өөрөө энэхүү хуулийн зохицуулалтад нийцэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Иймд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 282.4 дэх хэсгийг зөрчсөн тул 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Үндсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцогдсоноор барьцааны зүйл болох газар нь барьцаанаас чөлөөлөгдөнө гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн болно.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д....Н.Э 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг, алданги 1,225,000 төгрөг, нийт 4,725,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгийг хүлээж аваагүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2245 тоот “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” нэртэй гэрээний дагуу Д.Гзүгээс бодитоор мөнгө шилжүүлээгүй. Ийм учраас ямар ч мөнгө төлөхгүй гэжээ.
Хариуцагч Д....шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгчтэй нэг дор ажилладаг байсан. Хамгийн анх нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг 2012 биш харин 2013 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Н.....надаас “мөнгө зээлээч” гэж гуйгаад байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир би өөрийн таньдаг ломбард ажиллуулдаг хүн рүүгээ түүнийг явуулсан. Нэхэмжлэгчид барьцааны зүйл гэж нэг газрын бичиг л байсан. Гэвч ломбард нь газар барьцаалах эрхгүй учир түүнд зээл өгөөгүй байсан. Н.....буцаж ирээд надаас гуйгаад байсан тул би өөрөө ломбарднаас очиж 1,000,000 төгрөгийг авч өгсөн. Таньдаг хүн байсан учраас тэр үед бичгээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь тухайн үед н.У гэж хүнд 1,150,000 төгрөгийн өртэй байсан ба би ломбарднаас 1,000,000 төгрөг, өөрөөсөө 150,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөгийг Н.Э өртэй хүн болох н.Урнаад нь өгсөн. Тэгээд би гар бичиг үйлдсэн боловч одоо тэрийгээ олохгүй байгаа. Үүнээс хойш би 2013 оны 7 дугаар сард 50,000 төгрөг авсан. Уг мөнгөө ломбардны хүүнд нь шууд өгсөн. 2013 оны 8 дугаар сард би өөрийн хувиасаа зээлсэн 150,000 төгрөгийг буцаан авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч утсаа авахаа больсон. Ингээд би нөгөө ломбард дээрээ очиход төлөх ёстой нийт төлбөр нь 1,300,000 төгрөг орчим болсон байсан. Ингээд би Н.....дээр очиж “...чи мөнгөө өгөхгүй байгаа тул бичгээр гэрээ хийе” гэж хэлсэн. Ийм учраас бид 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор бичгээр гэрээ хийж зээлсэн мөнгөө баталгаажуулсан, барьцаанд нь газрыг нь авсан юм. Үүнээс хойш Н.....мөнгөө өгөхгүй л явсан. 2014 оны 8 дугаар сард миний охин н.Дөлгөөн автомашины осолд орж надад мөнгө их хэрэг болсон. Энэ талаараа Н.Э хэлэхэд тэрээр 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350,000 төгрөг тус тус төлсөн.
Бид 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Учир нь Н.Э ломбарднаас авч өгсөн 1,000,000 төгрөгийн хүү, алданги нь нийлээд 3,500,000 төгрөг болсон байсан. Үүнийгээ бид баталгаажуулаад ийм гэрээ байгуулсан юм. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 250,000 төгрөг төлсөн. Үүнээс өөр ямар ч мөнгө төлөөгүй.
Нэхэмжлэгчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид харилцан тохироод гэрээ байгуулсан. Өмнө нь авсан, өгсөн зүйлээ тохироод л гэрээг байгуулсан болохоос би хэн нэгнийг хуурч мэхлээгүй. Үнэндээ хүнд тус болсон биш давхар давхар хохироод явж байгаа.
Энэ ч учраас би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсанчлан би 2012 оны 6 дугаар сард 1,200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай нэхэмжлэгчид зээлсэн. Гэвч нэхэмжлэгч тохирсон ёсоор мөнгөө буцаан төлөөгүй. Тухайн үед миний бие “Г” ХХК-иас Н.Э өмнөөс зээл авч өгсөн бөгөөд өөрөөсөө 200,000 төгрөгийг зээлүүлсэн. Мөнгөө өгөхгүй байсан учраас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээний барьцаа болгож нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг барьцаалж, гэрээ хийсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгасан. Хариуцагч мөн л сүүлийн гэрээний дагуу мөнгөө төлөөгүй. Иймд нэхэмжлэгчээс дараах зүйлийг шаардаж байна. Үүнд:
1/ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулна.
2/ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны алданги 1,225,000 төгрөг гаргуулна. Нийт 4,725,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.....болон хариуцагч Д....нар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д....нь 1,400,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Н.Энхжаргалд зээлэхээр харилцан тохирчээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож талууд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Шарга морьтод байрлах, 447м2 талбай бүхий газрыг барьцаалан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөө “Барьцааны гэрээ” байгуулжээ.
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д....болон Н.....нар 2245 тоот “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” нэртэй гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээгээр өмнө байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу Н.....нь Д.Г үндсэн зээл, хүү, алдангийн хамтаар нийт 3,500,000 төгрөгийг төлөх ёстой гэж дүгнээд уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр харилцан тохирчээ. Мөн уг гэрээнд зээлдүүлэгчээр М.Дөлгөөнийг нэмж оруулсан байна.
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.....нь Д.Г хариуцагчаар тодорхойлон талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 1,400,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч бодитоор мөнгө өгөөгүй атлаа гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ‘Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно’ гэж заасныг зөрчсөн учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Д....нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзаа “...би нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнд бусдаас зээл авч өгсөн. Мөн түүний хүсэлтээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд би нэхэмжлэгчийн өмнөөс бусдад зээл төлж хохирч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарласан. Улмаар энэхүү үндэслэлээрээ Н.Э2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний аргалааүүрэгт 3,500,000 төгрөг, алданги 1,225,000 төгрөг, нийт 4,725,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Үндсэн нэхэмжлэл:
Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 1,400,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах боломжгүй.
Учир нь зохигчид мөнгө зээлдүүлэх, мөнгө зээлж авах хүсэл зоригоо илэрхийлж, зээлэх мөнгөний хэмжээ, зээлийн хүү, хугацааг харилцан тохирч бичгээр гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар тэдний хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн “...хариуцагч бодитоор мөнгө өгөөгүй атлаа гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөрчсөн учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус” гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалт нь гэрээ байгуулагдсан эсэхийг бус гэрээний дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх, гэрээний дагуу үүрэг үүсэх эсэхийг зохицуулсан ба гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй бол зээлдэгч буюу хариуцагч нь мөнгө буцааж төлөх үүрэггүй л болно.
Сөрөг нэхэмжлэл:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д....Н.Э 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг, алданги 1,225,000 төгрөг, нийт 4,725,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05649 дүгээр захирамжаар “...үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” хэсгийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй.
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2245 тоот “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” нэртэй гэрээний дагуу Д.Г зүгээс бодитоор мөнгө шилжүүлээгүй талаар зохигчид маргаагүй. Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүссэн үүрэг буюу өссөн дүнгээр дараагийн гэрээний үнийг тодорхойлж гэрээг хийсэн нь “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох” Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад нийцээгүй байна.
Иймд бодитоор өгөөгүй зээлийн үнийн дүнгээс хариуцагч Д....гэрээний үүргийг шаардах эрхгүй.
Харин 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2245 тоот “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн үндэс болсон 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.
Тодруулбал, хэрэгт цугларсан баримтууд болон зохигч талуудын тайлбараас үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талууд өөрсдийн хооронд байсан өглөг болон авлагыг 1,400,000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлж, энэхүү хэмжээгээрээ зээлийн гэрээг байгуулсан ба ийнхүү тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай харшлаагүй байна.
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр Д....нь 1,400,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Н.Э зээлэхээр тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр зээлдэгч Д....нь үндсэн зээл 1,400,000 төгрөг, 5 сарын хүү 350,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөг шаардах эрхтэй ба уг гэрээ байгуулснаас хойш Н.....нийт 1,000,000 төгрөгийг Д.Гбуцаан төлсөн талаараа маргаагүй. Иймд үлдэх 750,000 төгрөгийг Н.Э гаргуулан Д.Г олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.....болон хариуцагч Д....нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Н.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э 750,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,975,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,700 төгрөг, хариуцагчаас төлсөн 90,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э22,550 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Глгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ