| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03053/И |
| Дугаар | 102/ШШ2021/02907 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02907
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 102/ШШ2021/02907 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... тоотод байрлах ......... ХХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ тоотод оршин суух ......... овогтой ............ын ........ /РД: ........../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,762,473 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... ХХК нь Б.........той 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ 18/404 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 12,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлд ........ улсын дугаартай тоёота альпард маркийн сувдан цагаан өнгийн 00-24 УБС арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр барьцаалсан байдаг. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээл төлөх хуваарийг байнга зөрчиж, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1078 дугаар эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу хаягийг нь олж тогтоосны үндсэн дээр нэхэмжлэл гаргасан болно. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 392,789.72 төгрөг, хүүд 566,136.99 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 1073.29 төгрөг нийт 960,000 төгрөг төлсөн байна. Б.........оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,607,210 төгрөг, зээлийн хүү 13,155,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 999,364 төгрөг, нийт 25,762,473 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ХХК нь хариуцагч Б.........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,607,210 төгрөг, зээлийн хүү 13,155,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 999,364 төгрөг, нийт 25,762,473 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Б.........т нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг талаас ......... ХХК, нөгөө талаас Б......... 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ18/404 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох ......... ХХК нь 12,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Б......... нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ........... улсын дугаартай Toyota alphard загварын суудлын зориулалттай тээврийн хэрэсглийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 9-10 тал/
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ... зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч ......... ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч Б.........ийн Хаан банк дахь ......... дугаарын дансанд зээлийн гэрээний зүйл болох 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Б......... нь үндсэн зээл 392,789 төгрөг, зээлийн хүү 566,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1073 төгрөг, нийт 960,000 төгрөг төлсөн, харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 11,607,210 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 13,155,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 999,364 төгрөг, нийт 25,762,473 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримт /хэргийн 9, 13-14 тал/, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байх ба хариуцагч талаас дээрх үйл баримт болон зээлийн тооцооллын талаар маргаагүй.
Зээлдүүлэгч тал болох нь ......... ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.........оос үндсэн зээл 11,607,210 төгрөг, зээлийн хүү 13,155,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 999,364 төгрөг, нийт 25,762,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......... ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О...........аас шүүх хуралдаанд хариуцагч Б......... нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр фидуцийн гэрээний зүйл болох ........... улсын дугаартай Toyota alphard загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж тайлбарлаж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.........оос зээлийн гэрээний үүрэгт 25,762,473 /хорин таван сая долоон зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......... ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Б.........т холбогдох фидуцийн гэрээний зүйл ........... улсын дугаартай Toyota alphard загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.........оос улсын тэмдэгтийн хураамжид 286,762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......... ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ