| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1124 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1124
2024 10 21 2024/ШЦТ/1124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Э.Э,
Шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ход холбогдох эрүүгийн 2406 00000 1863 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, *** оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, З.Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай хүн ажлынхаа газрынхантай гадаад улсаар зугаалж яваад ирсэн байсан. Гэртээ ирээд удаагүй байхад нь ажил дээр нь ажил гарсан гэх шалтгаанаар ажил руугаа явах гэхэд нь би “гэртээ ядаж нэг хонодоггүй юм уу” гэж хэлээд уурласан. Би нөхрөө байхгүй байхад нэг эрэгтэй хүнтэй дотно харилцаа үүсгэж мессеж бичсэн байсан. Тэр мессежийг манай нөхөр харчихсан. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргалдах явцдаа нөхөр маань намайг 2-3 удаа цохисон. Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байгаа. Одоо бид хоёрын харилцаа хэвийн болсон...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1 дэх тал/,
Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-14 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10 дахь тал/,
Яллагдагч З.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 86 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч З.Ход холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.Х нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэртээ буюу *** тоотод эхнэр Э.Этэй хардалтын улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн болон бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 жавьжны язрал, 2 бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч З.Х нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэртээ буюу *** тоотод эхнэр Э.Этэй хардалтын улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн болон бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 жавьжны язрал, 2 бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид сайн дураараа эмчилгээний зардал төлж барагдуулсан байдаг…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч З.Х нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Шүүхээс дараах нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэжээ.
Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний утсыг аваад шалгаад намайг хүнтэй мессеж чат бичсэн зүйлийг гаргаж ирээд намайг гичий янхнаар дуудаж миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, мөн гараараа 2 талын буйл руу 3-4 удаа цохисон. Манай нөхөр архи дарс уудаггүй мөртлөө надад ер нь гар хааяа хааяа гар хүрдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-14 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9259 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Э.Эийн биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 жавьжны язрал, 2 бугалга, суга, мөр, цээж, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун дунд хуруу, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 9-10 дахь тал/,
Яллагдагч З.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/, шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч З.Хын үйлдлийн улмаас хохирогч Э.Эийн биед хөнгөн хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хүндрүүлэх шинжийн хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэжээ.
Шүүгдэгч З.Х болон хохирогч Э.Э нар нь гэр бүлийн харилцаатай болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дахь тал/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 16.11 дэх хэсэгт “…гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй…”, мөн зүйлийн 16.13 дахь хэсэгт “…халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч З.Х нь хохирогч Э.Эийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Эийн биед үүссэн гэмтэл нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9259 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх-ийн 9-10 дахь тал/ гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Х нь хохирогч Э.Эийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Э.Э нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгч З.Х нь хохирогч Э.Эт хохирол төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хохирогч Э.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн санал, гомдол байхгүй...” /хх-ийн 35 дахь тал/ гэх хүсэлтийг гаргасан бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч З.Хыг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.Хын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Э.Э нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч З.Ход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогч Э.Э нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч З.Х нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 31 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч З.Ход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч З.Ход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Ход торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлага болон шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгдэгч нь тогтсон ажил, хөдөлмөр эрхэлдэг байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.Хын зорчих эрх хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо түүний *** буй *** нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч З.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ход 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Х нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг *** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ