| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/0975/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1161 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1161
2024 10 30 2024/ШЦТ/1161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч Б.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Ед яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418 00083 0421 дүгээр хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 3, *** тоотод оршин суух хаягтай,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, регистрийн *** дугаартай, Т.Е.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би цахим орчинд “зээл өгнө” гэх зар тавьж, зарын дагуу холбогдсон хүмүүсээс банкны картын дугаарыг нь авч “Toki” гэх аппликейшнд холбож данснаас нь 540.000 төгрөг авсан...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13, 14, 18 дахь тал/,
Хаан банкин дахь О.Оийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-27 дахь тал/,
Гэрч Н.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дахь тал/,
Хаан банкин дахь Н.Лын эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-61 дэх тал/,
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66 дахь тал/,
Хаан банкин дахь Б.Оын эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-72 дахь тал/,
Сэжигтэн Т.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллагдагч Т.Ед холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Е нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хот *** байхдаа иргэн О.Оийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас 540.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Т.Е нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд О.Оийн эзэмшлийн Хаан банкин дахь данснаас 540.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, хохирогч О.Оийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас, дансны хуулга хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас, гэрч Н.Лын мэдүүлэг хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас, Н.Лын дансны хуулга хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас, гэрч Б.Оын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас, Б.Оын дансны хуулга хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас, Т.Егийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас, яллагдагчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 79 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Т.Е нь хохирогч О.Од 540.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Е болон түүний өмгөөлөгч Б.Чимэддорж нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд байж байтал 22 цаг 41 минутад миний Хаан банкны тухайн *** дугаартай данснаас 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, дахиад 20.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэхээр нь би харчихаад унтаад өгсөн. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 48 минутад миний тухайн данс руу Эрдэнэс таван толгойн хувьцааны мөнгө болох 605.000 төгрөгийн орлого орохоор нь би 150.000 төгрөгийн зээлээ төлчхөөд байж байтал 07 цаг 58 минутаас 07 цаг 59 минутын хооронд 5 удаагийн гүйлгээгээр 420.000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчихаар нь би гайхаад банкин дээр яваад очиход та Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандаж байна..., ...Миний хохирол болох 540.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний Хаан банкны *** дугаарын данс руу хийсэн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 14, 18 дахь тал/,
Хаан банкин дахь О.Оийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-27 дахь тал/,
Гэрч Н.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би *** дугаартай дансыг өөрөө ашигладаг. Надаас өөр хүн ашигладаггүй. Би тухайн дансыг *** цахим бооцоот тоглоомын данс цэнэглэж өгөхөд ашигладаг. ***-д *** дугаартай тоглогчийн эрхийг 119.000 төгрөгөөр цэнэглэж өгсөн. Тоглогч нь уг цэнэглэж өгсөн мөнгөөрөө тоглож хожсон мөнгөө татаж авахдаа дансны дугаарaa *** дугаартай дансаар 900.000 төгрөгийн таталт хийж авсан...” гэх мэдүүлэг хх-ийн 29-30 дахь тал/,
Хаан банкин дахь Н.Лын эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-61 дэх тал/,
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би спортын цахим бооцоот таавар болох ***-ийн цэнэглэлт хийдэг агент ажилтай. Би энэ дансыг *** тоглогчийн данс ашиглахад хэрэглэдэг данс байгаа юм. Надаас өөр хүн ашиглахгүй. ...*** нь ***-ийн дансаа цэнэглүүлэхээр *** тоот данснаас над руу шилжүүлж цэнэглэлт хийлгэсэн байна. Дээрх данс нь Токі банк бус санхүүгийн байгууллага гэсэн утгатай байхаар нь сэжигтэй санагдаад гүйлгээг зогсоосон санагдаж байна. ...Надад бол ямар нэгэн таталт хийсэн зүйл байхгүй. Харин надтай хамт ***-ийн агент хийдэг Н.Л гэдэг залуугаар *** тоот ID дугаартай тоглогч Т.Е нэртэй дансаар таталт хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дахь тал/,
Хаан банкин дахь Б.Оын эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-72 дахь тал/-аар
Сэжигтэн Т.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үедээ би өмнө ашиглаж байсан facebook-ийнхээ нэрийг өөрчлөөд зээл олгоно гэх заруудыг цахим орчинд байршуулсан. Үүний дагуу нэг хүн холбогдохоор нь банкны картынхаа зургийг явуул гэж хэлж зургийг нь аваад картын дугаарыг нь Токі аппликейшинтэй холбож мөнгө аваад авсан мөнгөө *** рүү шилжүүлж тоглосон. Тэгээд хожсон мөнгөө өөрийн хаан банкны *** дугаарын дансаар татаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дахь тал/-үүдийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залихлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ирүүлсэн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийг хамгаалж өгсөн бөгөөд хулгайлах, залилах гэмт хэргүүд нь хохирогчийн өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлж авч байгаагаар нь гол ялгааг нь зааглаж өгсөн бөгөөд залилах гэмт хэргийн хувьд хохирогч өөрийн өмчөө хууртаж сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн байдаг бол хулгайлах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэмт хэрэг үйлдэгч нууц далд аргаар шилжүүлж авсан байхыг шаарддаг.
Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зээлээ төлчихөөд байж байтал 07 цаг 58 минутаас 07 цаг 59 минутын хооронд 5 удаагийн гүйлгээгээр 420.000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчихаар нь би гайхаад банкин дээр яваад очиход та Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14, 18 дахь тал/ авагджээ.
Тодруулбал хохирогчийн данснаас мөнгө гарсныг хохирогч өөрөө мэдээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Егийн холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Т.Е нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хаан банкин дахь О.Оийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-27 дахь тал/-аар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Т.Е нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх бөгөөд хулгайлах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Егийн үйлдлийн улмаас хохирогч О.Од 540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хаан банкин дахь О.Оийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-27 дахь тал/-аар тогтоогдсон байна.
Хохирогч О.О нь “...Миний хохирол болох 540.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний Хаан банкны *** дугаарын данс руу хийсэн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 18 дахь тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө шийтгүүлсэн зорчих эрх хязгаарлах ялаас үлдсэн 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чимэддорж нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч бусдад 540.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч О.О нь өөрөө картынхаа зураг мэдээллийг Т.Ед өгсөн нь гэмт хэрэгт хөтөлсөн гэж үзэж байна. Т.Е өмнө нь зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн боловч гүйцэтгэх хуудас явуулаагүй нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэхгүй байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Е нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хавтаст хэргийн 87 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Ед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ.
Шүүгдэгч Т.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял /хх-ийн 94 дэх тал, 132-133 дахь тал/ дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “…гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах…”, Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “…Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна…”, Цагдаагийн албаны тухай хуулийн 10.1.1 дэх заалтад “…гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах…”, 10.1.2 дахь заалтад “…гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх…” гэжээ.
Гэтэл тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Л /хх-ийн 29-30 дахь тал/, Б.О нарын мэдүүлэг /хх-ийн 65-66 дахь тал/-т гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлсийн тухай мэдүүлсэн атал мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйг цаашид анхаарах шаардлагатай.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана…” гэж прокурорт үүрэг болгосон атал хэрэгт хавсаргаж ирүүлээгүй бөгөөд цаашид дахин энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Тoki application” хариуцдаг зохих этгээд рүү гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар зохих арга хэмжээг авах шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ед 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ед энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Е нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Е нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ