| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/01668/И |
| Дугаар | 102/шш2019/01538 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2019/01538
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 0 тоотод оршин байх “о” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 12 тоотод оршин суух Б овогт Б ...-д холбогдох,
738,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “о” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 0 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 4 дүгээр сард тус 51, 53 дугаар байруудыг хүлээн авсан. Манай сууц өмчлөгчдийн холбооны зарим оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй бөгөөд хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгчд нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан байдаг. “о” сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч 53 дугаар байрны 12 тоотын оршин суугч Б....оос тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2015 оны 9, 12 дугаар сарууд, 2016 он, 2017 он, 2018 он, 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл хугацааны нийт 738,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг төлөх эсэх тал дээр маргах зүйлгүй. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн хэмжээ болон төлөх ёстой эсэх тал дээр маргахгүй. Би сууц өмчлөгчдийн холбооны захирал н.Үутсаар холбогдож “төлбөрийг төлнө” гэдгээ хэлж байсан. Тухайн мөнгийг сар болгон тухайн сарын мөнгөн дээр 50,000 төгрөг төлөх санал тавьсан боловч “олон юм битгий яриад бай” гэдэг. Банканд байрны мөнгө төлөхдөө өгөх гэхээр урд саруудын төлбөрөө өгч байж сүүлийн сарын төлбөрийг авна гэдэг. Иймд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэмэгдсээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл сар сард нь хувааж төлөх боломжтой байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “о” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Б....ид холбогдуулан 2015 оны 9 болон 12 дугаар сар, 2016-2018 он, 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 738,620 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан хугацааны төлбөрийг төлөөгүй талаар, мөн төлбөрийн хэмжээн дээр маргаагүй. Харин “...надад төлбөрийг төлөх хугацаа хэрэгтэй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Хариуцагч Б.... нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 12 тоотод оршин суугч, уг байрны өмчлөгч мөн эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “о” СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн №178 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.... нь “о” СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
Иймд хариуцагч Б....оос 738,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....оос 738,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “о” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....оос улсын тэмдэгтийн хураамжинд 22,277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “о” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ