| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03347/И |
| Дугаар | 102/ШШ2021/02908 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02908
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 102/ШШ2021/02908 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ....... овогтой .......ын ....... /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ........ овогтой ..........гийн ............ /РД:............/-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г........, хариуцагч Ч............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г........ нь Ч.............аас ........... улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол улсад орж ирсэн автомашиныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч.............аас худалдаж авсан. Тухайн үед Ч.............тай утсаар ярьж тохиролцоод автомашиныг оношлуулж, асуудалгүй бол худалдаж авахаар тохиролцсон. Ч............. нь өнөөдрийн дотор автомашиныг авахгүй бол өөр хүнд зарах гээд байна гэж хэлсэн тул оройн цагаар ажиллаж байсан Доктор авто сервист автомашины явах эд ангийг нь оношлуулж, урьдчилсан байдлаар төлбөрөө шилжүүлж, нотариатаар итгэмжлэл хийлгэж автомашиныг худалдаж авсан. Харин автомашины мотор, кроп, батарей буюу үндсэн эд ангийг оношлуулах гэсэн боловч орой болсон болохоор оношлох газар олдохгүй байсан. Иймд Ч.............аас автомашины кроп, мотор нь асуудалгүй ажилладаг уу гэж асуухад доголдол, асуудал байхгүй гэж хэлсэн тул би Ч.............т итгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээг нөхөн байгуулж, нотариатаар батлуулсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 46,000,000 төгрөг нь төрийн албанд ажилладаг миний хувьд урт хугацааны турш хурааж хуримтлуулсан мөнгө байсан. Хэрэв уг машин эвдрэл гэмтэлтэй талаар би мэдсэн бол автомашиныг худалдаж авахгүй байсан. Автомашиныг Сити авто сервист оношлуулахад автомашины кропны тос нь автомашины кропны тосноос эрс өөр саарал өнгөтэй, шавар шиг тос гоожсон. Иймд автомашиныг кропыг шалгаж үзэхэд гэмтэлтэй, дуу чимээ гарч байна гэх дүгнэлт гаргасан ба энэ тухай надад албан бичиг үйлдэж өгсөн. Ч.............ын тайлбарт дурдсан албан бичиг үндэслэлгүй гэх үг худал юм. Учир нь тухайн үед автомашинд ямар үйлчилгээ хийсэн талаар Сити авто сервист бүртгэлтэй байгаа бөгөөд уг үйлчилгээний төлбөрийг төлсөн баримт байгаа. Доктор авто сервист анх автомашиныг оношлуулахад автомашины урд хагас гар буюу кроптой шууд холбоотой гол эд ангид тос шүүрсэн байсан. Мөн арын бусад тэнхлэгийн боолт нь байхгүй учир нэмж хийлгэх шаардлагатай гэж засварчин хэлж байсан. Учир нь Доктор авто сервис нь үндсэн эд ангийг оношлох үйлчилгээ үзүүлдэггүй, зөвхөн явах эд ангийг оношилдог газар юм. Хариуцагч Ч............. нь анх надад автомашины худалдахдаа эвдрэлтэй талаар хэлэлгүй зарсанд нь гомдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ч............. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие унаж байсан автомашинаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарна гэж зар тавьсан бөгөөд маргааш өглөө нь намайг ажилтай байхад Г........ над руу утсаар яриад таны машин надад таалагдаж байна гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Г........тэй утсаар ярихдаа чи автомашиныг оношлуулаад аваарай, оношлуулах газраа олчих би яваад очъё гэж хэлсэн бөгөөд яваад очиход Г........ автомашины явах эд ангийг оношлуулж байсан. Тухайн үед би автомашины бүтэн эд ангийг оношлуулах байх гэж бодсон. Автомашиныг оношлуулсны дараа Г........д автомашин асуудалгүй боловч ийм санамж байгаа юм байна гэж тухайн үед би хэлж байсан. Гэтэл Г........ нь уг эвдрэл нь нээх сонин биш юм чинь гэрээ хийе гэсэн тул би Г........д 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэл өгөөд явуулсан. Хэрэв би Г........ийг хуурч, мэхэлж автомашинаа зарсан бол итгэмжлэл хийж өгөхгүй, худалдах худалдан авах гэрээ хийгээд явуулах байсан. Би уг автомашиныг өөрөө унаж байсан болохоор хаана нь юу дугарч байгааг сайн мэднэ. Доктор авто сервис нь Монгол улсад сайн сервист ордог бөгөөд автомашинд ноцтой эвдрэл байна гэж хэлээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэл хийж явуулчхаад хэрэг болбол яриарай гэж хэлээд өөрт байсан автомашины амортизаторыг хүртэл Г........д өгч явуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэлээр нэр шилжихгүй байна гэж хэлсэн болохоор нь бид худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр над руу залгаад кроп нь асуудалтай юм байна гэж хэлсэн. Автомашиныг ашиглаж байх хугацаанд Г........ автомашиныг яаж ашигласныг би мэдэхгүй. Би автомашин оношилсон газар очоод юу эвдэрсэн байна гэж асуухад энэ юу бичиг вэ, хэний гарын үсэг вэ гэж асууж байсан. Г........ нь Сити авто сервист очоод шүүхэд нотлох баримтаар өгсөн тодорхойлолтыг касс дээр нь очоод бичүүлсэн байсан. Кроп эвдрээгүй асуудалгүй байсан, үйл ажиллагааг сайжруулах шингэн хийгээд явахад л болох байсан. Мэдээж шинэ автомашин биш болохоор дуу гарч байсан байх гэж засварчин нь хэлсэн. Тэгээд засварчин дээр нь очиход автомашин чинь эвдрээгүй байсан Г........ гэх хүн худал юм бичиж явуулсан байна гэж хэлж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г........ нь хариуцагч Ч.............т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г........ нь хариуцагч Ч.............тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Г........ нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Lexus RX 450H-AL загварын .......... улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч тал болох Ч............. хариу төлбөрт нь 46,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний дагуу худалдагч Ч............. нь автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох Г........ хариу төлбөрт 46,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой буюу /хурдны хайрцаг/ кроп эвдрэлтэй болох нь автомашины оношлогоо хийсэн Сити авто даймонд сервис ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 012 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.
Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /кроп/ гэмтэлтэй болохыг нотлохоор Сити авто даймонд сервис ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 012 дугаартай ........... УНУ дугаартай сувдан цагаан өнгийн RX 450H маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэлд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр машины эд ангийн оношлогоо, засвар үйлчилгээ хийлээ. Тус тээврийн хэрэгслийн кропны тосыг солиход өмнөх кропны тосны чанар ихээр муудсан, хэвийн тосноос илт ялгагдаж байв. Тус тээврийн хэрэгслийн эд ангийг оношлох явцад кроп эвдрэлтэй болохыг мэдлээ. Мөн дээрх оношлогооноос гадна зарим явах эд анги болох наклад солих, босоо тэнцүүлэгчийг шинээр солих, мотор кропны тосыг шинээр сольсон нь үнэн болно гэх албан бичгийг нотлох баримтаар гаргасан байна.
Харин хариуцагч талаас дээрх нотлох баримттай холбогдуулан Сити авто даймонд сервис ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 012 дугаартай ... уг тээврийн хэрэгсэл нь 2009 онд үйлдвэрлэгдсэн монгол улсад орж ирээд 2 жил 9 сар явж байгаа насжилттай машин байна. Уг автомашины үзлэгээр илэрсэн кропны чимээ нь техникийн бүрэн бүтэн байдал, явдалд ямар нэгэн хор нөлөөгүй, кропны үйл ажиллагааг сайжруулагч шингэн тосоор хэвийн ажиллах боломжтой. Ийм санамжтай яг адил тээврийн хэрэгсэл манай засварын төвүүдээр тогтмол орж ирж дээрх үйлчилгээг хийлгэдэг. Үйлдвэрлээд 12 жил болсон техник учир насжилтаас хамаарч бага зэргийн чимээ гардаг болно гэх албан бичгийг нотлох баримтаар гаргасан ба нэхэмжлэгч талаас уг баримттай холбоотой тайлбар, хүсэлт гараагүй.
Дээрх баримтуудаас үзэхэд, худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үзлэгээр хурдны хайрцагт бага зэргийн чимээ илэрсэн байх боловч техникийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүйгээс гадна хурдны хайрцаг үйл ажиллагааг сайжруулагч шингэн тосоор хэвийн ажиллах боломжтой гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан бөгөөд тээврийн хэрэгслийн хурдны хайрцагийн чимээ нь техникийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүйгээс гадна хурдны хайрцагт үйл ажиллагааг сайжруулагч шингэн тосоор хэвийн ажиллах боломжтой гэж үзэхээр байх тул тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн, худалдан авагч тал болох Г........ нь тээврийн хэрэгслийг хүлээн авах үедээ явах эд ангийн оношилгоо хийлгэсэн болох нь Доктор авто сүлжээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн явах эд ангийн оношилгооны хуудсаар тогтоогдож байх ба тэрээр автомашины бусад эд ангийн оношилгоо хийлгэх боломжтой байхад тээврийн хэрэгслийг хүлээн авсан байна.
Иймд нэхэмжлэгч Г........ нь худалдан авсан тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт чимээ орсон гэх байдал нь уг эд хөрөнгийг зориулалтаар ашиглах боломжгүй болгосон болохыг баримтаар нотлоогүйгээс гадна хурдны хайрцагт оношилгоо хийлгэж, уг байдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээг цуцлахыг шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.............аас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 46,000,000 төгрөг гаргуулах тухай Г........гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.............аас 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г........гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ