| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02523/И |
| Дугаар | 102/ШШ2021/02964 |
| Огноо | 2021-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/02964
2021 оны 11 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2021/02964 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт П ын Д /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт түр оршин суух, Т овогт Б ын З /РД:***/-д холбогдох,
орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х , хариуцагч Б.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *** тоот 88.9 м2 талбайтай орон сууцыг иргэн Б.Б гаас худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн*** дугаар гэрчилгээг авсан. Орон сууц худалдан авах үед түрээслэн амьдардаг иргэд нь хавар болохоор байрнаас чөлөөлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл байрыг чөлөөлж өгөхгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Хууль бус эзэмшигчийг тухайн орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус дүүргийн шүүхэд гаргасан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С нь мэдүүлэг өгөхдөө хариуцагчийг тус хорооны 46 дугаар байрны 13 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болно гэж мэдүүлсэн. Үүнийг үндэслэн тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээр нэхэмжлэгч П.Д ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.З нь хууль бусаар эзэмшиж байгаа болох нь нотлох баримтаар нотлогдохгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа тус хорооны зохион байгуулагчийн хамт нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд очиход Б.З нь гэр бүлийн хамт амьдарч байсан. Тус хороонд хандаж 46 дугаар байрны 13 тоотод амьдардаг иргэдийн мэдээллийг гарган өгөх хүсэлтийг гаргахад хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С нь тухайн хаягт ***6 регистрийн дугаартай иргэн Б.З нь бүртгэлгүй боловч оршин суудаг гэх тодорхойлолтыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дахин гарган өгсөн. Хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь шинээр ажлаа авсны дараа мэдээлэл дутмаг байдлаас үндэслэлгүй мэдүүлэг өгснийг хүлээн зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б.З нь тухайн байранд амьдардаг болох тодорхойлолтыг гарган өгсөн юм. Энэхүү тодорхойлолтыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийг гаргасан боловч шүүгч Ш.*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа *** тоот 88.9 м2 талбайтай орон сууцанд хариуцагч Б.З нь амьдардаг эсэхийг дахин тодруулахад хорооны Засаг дарга нь хариуцагчийг амьдардаг болох нотолж 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нотолж, иргэний бүртгэлийн лавлагаа дахин гаргаж өглөө. Энэ нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн *** дугаар шийдвэрээр тогтоогдсон хариуцагч уг байр орон сууцанд амьдардаггүй гэх үйл баримт өөрчлөгдсөн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан нөхцөл байдал, үйл баримт мөн өөрчлөгдөж байгаа болно. Өмнө хариуцагчийг тухайн орон сууцанд оршин суудаггүй гэх Засаг дарга нь одоо хариуцагчийг амьдарч байгааг нотолж байгаа нь дахин нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Хариуцагч Б.З тус байранд одоог хүртэл амьдарч орон сууц өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул түүнийг *** тоот байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бид анх хариуцагч Б.З г гэр бүлийн хамт орон сууцнаас албадан гаргуулах гэж шаардлага гаргасан. Гэвч шүүх хуралдаан дээр байрыг зөвхөн Б.З гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодруулж байна. Учир нь холбогдох байгууллагуудаас өгсөн лавлагаан дээр маргаан бүхий орон сууцанд зөвхөн хариуцагч оршин суудаг гэсэн лавлагаа ирсэн. Мөн энэ талаар хариуцагч маргахгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 46 дугаар байр 13 тоотод Б.З миний бие амьдардаг нь үнэн. Миний яг нэр дээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ ч гараагүй. Гэхдээ би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016 онд тухайн байрыг миний ах н.Дайчинхүү авсан. Ингээд байрыг н.Б гэж хүний нэр дээр шилжүүлсэн. Гэтэл байрыг н.Б бусдад шилжүүлж, ахыг маань залилсан. Тэр замаар нэхэмжлэгч нь байрыг олж авсан. Уг нь энэ байрыг ах н.Дайчинхүү нь надад бэлэглэсэн. Ийм учраас одоо байранд би оршин сууж байгаа. Энэ залилангийн асуудал одоо УДШ дээр хянагдаж байгаа. Нэгэнт ах надад байрыг бэлэглэсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцнаас намайг гэр бүлийн хамт гаргуулахаар шаардлага гаргасан. Гэхдээ хурал дээр зөвхөн Б.З г гэж тодруулж байгааг ойлгож байна, хугацаа авах шаардлагагүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч П.Д нь эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй,*** тоот хаягт байршилтай, 88.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.З гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд ханджээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Нэхэмжлэгч П.Д нь маргааны зүйл болж буй эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй,*** тоот хаягт байршилтай, 88.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус орон сууцны эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг хариуцагч бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаараа маргаагүй /хх4, 28, 35-72/.
Иймд маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.З гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй,*** тоот хаягт байршилтай, 88.9 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.З гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ