Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03372 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М и Э Ж”ХХК, Г.М нарт холбогдох

 

9 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б- нь “М и Э Ж”ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-тай барилгын заслын ажил хийлгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган А гудамжны 8 тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гадна пасад, дээвэр, зоорийн гарц, узель, буулгалт, дотор иж бүрэн засал, цахилгаан, халаалт, агааржуулалт, дохиолол, гадна тохижилт хийх ажил буюу өөрөөр хэлбэл түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр 31 хоногийн дотор гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Анх тохиролцохдоо Г.М нь энэ ажлыг 31 хоногт бүрэн дуусгах бүрэн боломжтой гэж хэлсэн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10 510 000 төгрөг, ажлын гүйцэтгэлд 69 490 000 төгрөгийг тус тус тооцож төлөхөөр талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт заасан. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажил эхэлсэн боловч удааширсан байдалтай, компанийн ажилчдыг бус өөр өөр хүмүүсийг авчирч ажиллуулж байсан. Г.Б- нь БНХАУ руу ажлаар явж байгаад 7 хоногийн дараа ирэхэд ажил огт урагшлаагүй бөгөөд хугацаандаа дуусах боломжгүй байсан. Ийм учраас Г.Мт шаардлага тавьж тооцоо хийсэн. Эхний байдлаар ажилчдын цалин, барилгын материалын тооцоог нэмж үзэхэд зөрүү гарсан. Зөрүү гарсны дараа 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж Г.М-ын авчирсан ажилчид нь ажлаа хаяж явсан. Дараа нь Г.Мтай холбогдох гэсэн боловч чадаагүй. Нийт 25 510 000 төгрөгийг Г.М-ын Хаан банк ХХК дахь 5014169965 тоот дансанд н.У-ын данснаас шилжүүлсэн. Гэрээний ажлаа дуусгалгүй хаяж явсан тул илүү төлсөн ажлын хөлс болох 9 280 000 төгрөгийг хариуцагч “М и Э Ж”ХХК болон Г.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б-ийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх гэрээг 2018 оны 5 сарын 23-ны өдөр хийж ажилласан. Гэрээнд зааснаар 80 000 000 төгрөгт ажлыг хийж дуусгана гэсэн боловч маргаан гарч, тооцоо хийхэд Г.Б-гийн эхнэр Э.У-ын данснаас Г.М-ын хувийн дансанд 25 000 000 төгрөг орж ирсэн. Үүнд ажипчдын цалин урьдчилсан байдлаар, Л.Э-т 1 500 000 төгрөг өгч дээврийн өрлөг 1м ЗОсм өндөртэй, 150м.кв өрлөг өрсөн /нураалт гар зөөвөр/ 3 500 000 төгрөгөөр тохирсон ажил 100 хувь дууссан, үлдэгдэл цалин болох 2 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Инженер Г.Г-тай 15 000 000 төгрөгөөр тохирч халаалт, цэвэр бохирын шугамын ажил хийсэн. Урьдчилгаа 4 000 000 төгрөг өгсөн ажлын явц 90 хувьтай байгаа /13 500 000/ төгрөг, заслын ажил Б.Г-т урьдчилгаа 4 000 000 төгрөг өгсөн, нийт ажлыг 18 000 000 төгрөгөөр тохирсон, ажлын явц 60 хувьтай байсан /11 700 000/ төгрөг, Б.Г-ийг ажлаа хийж байхад нь иргэн Г.Б- хөөж явуулсан Н.О-ын урьдчилгаа мөнгийг Г.Б- өөрөө намайг байхгүй байхад өгсөн байдаг, үүнд би хамаагүй. Н.О-ын эргэн төлнө гэсэн өөрийн гарын үсэгтэй баримтыг Г.Б-д өгсөн үүнийг хавтаст хэрэгт хавсаргах хэрэгтэй байна. Л.Э-1 500 000 төгрөг, 100 хувь, дутуу 2 000 000, Г.Ганхуяг 4 000 000, 90 хувь, дутуу 13 500 000, Б.Гантөмөр 4 000 000, 60 хувь. Иймд Л Л.Э-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2 000 000 төгрөг болон бусад ажлын хөлсийг Г.Б- гүйцээж өгөхийг хүсч байна. Бараа материалын нэр, зарлагын баримт дутуу байна. Үүнийг гүйцээж хэрэгт хавсаргаж өгнө үү. 2 тн цагаан эамаск, 1 уут гипс, 2 ширхэг дугуй өрөм гэх мэт. Халаалтын пенал /паар/ худалдан авахад зориулж 9 600 000 төгрөг шилжүүлснээс худалдан авсан үнэ 10 600 000 төгрөг бопсон. Г.Маас 1 000 000 төгрөг гарсан. Материалын баримт Г.Б-д байгаа. Нэхэмжлэгч Г.Б-гаас 9 230 000 төгрөг ямар ч үндэслэлгүй зохиомлоор гаргаж ирсэн тоо бөгөөд шилжүүлсэн мөнгө нь ажилчдын цалин, бараа материалын үнэнд хүрэхгүй байгаа нь тооцоогоор гарч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "М и Э Ж" ХХК-аас 9 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.М-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "М и Э Ж" ХХК-аас 163 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “М и Э Ж”ХХК-ны захирал Г.М гомдолтой байна. Үүнд: нэхэмжлэгч Г.Б- нь “М и Э Ж” ХХК-тай хийсэн гэрээний гарын үсэг нь хуурамч, компани нь төлбөрийн чадваргүй, захиалагчийн гүйцэтгэлийн мөнгө нь компанийн дансаар орж ирээгүй, гүйцэтгэл хийж байгаа ажилчид нь компанид хамааралгүй хүмүүс, нэхэмжлэгч Г.Б- нь эдгээр хүмүүстэй гэрээ хийж ажиллуулсан. Анхан шатны шүүхэд тайлбар өгсөн нь бүгд нотлох баримттай юм. Эдгээр гомдлуудыг үндэслэн “М и Э Ж” ХХК-д хариуцуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “М и Э Ж” ХХК, Г.М нарт холбогдуулан барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс 9 280 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 9 280 000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй зохиомлоор гаргаж ирсэн тоо бөгөөд шилжүүлсэн мөнгө нь ажилчдын цалин, бараа материалын үнэд хүрэхгүй байсан гэж маргажээ. /хэргийн 1, 33-34 дүгээр тал/

 

Талууд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр БЗГ1805/01-А дугаартай барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “М и Э Ж” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган А гудамжны 3 тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гадна пасад, дээвэр, зоорийн гарц, узель, буулгалт, дотор иж бүрэн засал, цахилгаан, халаалт, агааржуулалт, дохиолол, гадна тохижилт, гэрээний хавсралтад оруулсан ажлыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 31 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Г.Б- нь ажлын хөлс 80 000 000 төгрөгийн урьдчилгаанд 10 510 000 төгрөг, ажил гүйцэтгэлээр явцын хяналтын дор үлдэх 69 490 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэнд зохигчид маргаагүй байна./хэргийн 8-11 дүгээр тал/ Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч гэрээгээ цуцласан талаар талууд маргаагүй байх тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу дээрх гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөнд урьдчилан шилжүүлсэн мөнгийг хохиролд тооцон хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Гэрээнд хариуцагч Г.М нь “М и Э Ж” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд гарын үсэг зурж, компанийн гүйцэтгэх удирдлагын хувиар үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Г.М гэрээний бие даасан оролцогч тал биш гэж анхан шатны шүүх дүгнэж түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг хариуцагч “М и Э Ж” ХХК-аас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэрээний 3.2-т төлбөр тооцоог захиалагч тал нь гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч байгууллагын захирлын ХААН банк дахь харилцах 5014169965 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байгаа нь Г.М-ыг хариуцагч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн эхнэр Э.У-ын данснаас хариуцагч талын гэрээнд заасан дансанд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 25 511 194 төгрөгийг засварын хөлс гэж шилжүүлсэн нь ХААН банк ХХК дахь Э.У, Г.М нарын депозит дансны хуулгаар тогтоогдсоныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу гаргаж өгөөгүй байна. /хэргийн 17-19 дүгээр тал/

 

Хариуцагч нь хийж гүйцэтгэсэн барилгын засварын ажлын хэмжээнд шилжүүлсэн мөнгө нь хүрэлцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 25 511 194 төгрөгийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг буюу хийсэн ажлынхаа хэмжээг нотлох үүрэг хариуцагчид үүсэх бөгөөд татгалзалд дурьдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь хариуцагчтай гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тооцоо нийлэх, тохирсон ажлыг гүйцэтгүүлэх, ажил хүлээлцэх талаар мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хийсэн ажлын хэмжээг нотлохгүй байна./хэргийн 114-116 дугаар тал/

 

Хариуцагч “М и Э Ж”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчид гэрээг цуцласантай холбоотойгоор 9 280 000 төгрөгийн ажлын хөлсийг буцаан олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх боловч шаардах эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/03372 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “355 дугаар зүйлийн 355.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.З

 

                                            ШҮҮГЧИД                              Д.Д

 

                                                           С.Э