Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 40

 

 

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

Иргэний нэхэмжлэгч: Ц.Янжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,  

Шүүгдэгч П.Бат-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоодой овгийн Пүрэвжавын Бат-Очирт холбогдох 201720000089 тоот хэргийг хянан хэлэлцэв.                    

            Шүүгдэгч - Монгол улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОИ90091219, Долоодой овгийн Пүрэвжавын Бат-Очир.  

            Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч П.Бат-Очир нь 2016 оны 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Өлгий сумын нутаг “Муусын эхэн” гэх газраас ховор амьтан болох 1 тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 2.700.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

           1. Иргэний нэхэмжлэгч Ц.Янжинлхамын /Увс аймгийн Өлгий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч/ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн:“2017 оны 01 дүгээр сард манай сумын Хулст багийн нутаг Баруун улаан ууланд буудагдаж үхсэн янгир байна гэх мэдээллийн дагуу манай байгаль хамгаалагч Бадамжав очиж үзсэн. Цэвэгжав гэх айлын хүүхэд хонь хариулж яваад нэг янгирыг чулуугаар дараад булчихсан байхыг хараад аав, ээждээ хэлснээр аав, ээж нь бид нарт мэдэгдсэн байсан. Бадамжавыг уг газарт очиж үзэхэд “ янгир буудагдаж үхсэн бололтой, сумны нүх гарсан, зүрхийг нь тасдаж хажууд нь орхисон, хэвлий цээжний хэсгийг хутгаар зүссэн, дотор эрхтэн харагдсан байдалтай, арьсыг хоолойноос аваад бөгс дөрвөн мөч рүү нь зүсэж ярж чулуугаар булж орхисон байсан гэсэн.  Уг янгирыг П.Бат-Очир гэх залуу буудаж алсан гэдэг нь нотлогдсон . Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор янгир ямаа эр нь 2 сая 700 мянган төгрөг, янгир ямаа эм нь 3 сая төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байдаг. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар тухайн ховор ан амьтныг агнасан тохиолдолд засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлүүлэхээр тусгагдсан байдаг учраас уг алагдсан янгир нь эр ямаа байсан учраас 5400000 төгрөгийг П.Бат-Очироос гаргуулж сумын байгаль хамгаалах сангийн дансанд оруулж өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

            2. Гэрч Н.Бадамжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хулст нуур багийн иргэн Цэвэгжав гэдэг хүний эхнэр Пүрэвсүрэнгээс “Манай Баруун улаан гэх газарт янгир буудаад алчихсан байна” гэх мэдээллийг аваад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр Өлзийдэлгэрийн хамтаар янгир буудагдсан гэх газарт очиход нэг тооны янгирын тэхийг алаад чулуугаар булчихсан байсныг гаргаж чулуу түшүүлээд тавьсан байсан. Хажуу талд нь тусад нь зүрхийг нь тасдаад гаргаад тавьчихсан байсан. Уг янгирын тэхийг эргүүлж үзэхэд гэдэс хавьдаа нэг удаа буудуулсан бололтой бөөрөнхий нүхтэй, шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

            3. Насанд хүрээгүй гэрч Ц.Галдангийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Өлгий сумын Хулст багийн Цалуу гэх газар бог малаа хариулж явахад манай мал яргай модтой уулын энгэр өөд явахаар би уулын орой дээр нь гараад малаа доош дарчихаад явж байтал яргай модны доор нэг янгирын эвэр харагдахаар нь очоод татахад хөдлөхгүй байсан. Дээрээс нь чулуугаар дарж далдалсан байсан. Мөн яргай нь ёроолд зүрхийг нь тасдаж хаясан байсан. ...Уг янгир тэхийн цээж нь хэсгийг нь зүсэж зүрхийг нь авсан бололтой зүссэн байсан. Би уг янгирын биеийг нь үзэхэд хоолой хэсэгт нь зүсээд цээжний хэсэгт нь задалсан хэсэг хүртэл хутгаар арьсыг нь зүссэн байсан. Мөн хавирга хэсэгт нь нэг нүх гарсан. Нүх гарсан хэсгээс цус гарч хөлдсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,  

4. Гэрч Э.Цэвэгжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай сургуулийн хүүхэд Галдан хичээлийн амралтаараа гэртээ ирчихсэн байсан ба нэг өдөр арын ууланд хонь, ямаа хариулж яваад орой ирэхдээ хойд ууланд яргай модны доор нэг янгир чулуугаар булчихсан  байна, буудсан бололтой юм. Зүрхийг нь тасдаж газарт, хажууд нь хаячихсан байна гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа мал хариулж яваад уг янгирыг очиж үзэхэд Галдангийн хэлснээр яргай модны доор чулуугаар дарчихсан, хажууд нь зүрхийг нь тасдаж орхисон байсан. Би чулууг нь авч үзэхэд бүдүүн, янгирын тэх байсан ба хоолойг нь хэрчээд хоолойноос нь аваад бөгс хүртэл нь хутгаар ярьж арьсыг нь зүссэн, цээж  хэсэгт нь зүсэж дотор эрхтэн нь ил гарсан байсан. Өөр ямар нэг шарх байсныг анзаарч хараагүй. Пүрэвжавын хүү Бат-Очир гэх залуу намар өвөл буу үүрээд ууланд яваад байдаг байсан. 2016 оны 12 дугаар сард буун дуу ууланд сонсогддог байсан. Чухам хэн, хаана буугаар буудаж байгааг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

            5. Гэрч М.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын байгаль хамгаалагч Бадамжавд манай гэрийн хойд ууланд нэг янгир ямаа алаад чулуугаар булчихсан байна гэдгийг мэдэгдсэн. Манай хүү Галдан хэлэхдээ булчихсан байсан янгирыг буудаж алсан бололтой бууны шарх байна гэж хэлсэн ба өөрөө очиж үзээгүй. Манай нөхөр Цэвэгжав мал хариулж яваад бас очиж үзчихээд ирээд нэг янгирын тэх байна. Буудаж алсан бололтой байна. Би арай гэж босгож хад түшүүлж тавьлаа гэж хэлсэн. Манай гэрийн хойд ууланд 10-11 дүгээр саруудад янгир хэд хэдээрээ явж харагддаг байсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр хойд ууланд хонь хариулж явсан манай хүү Балган ирээд “Хонь хариулж явахад ууланд буу буудах чимээ сонсогдлоо. Ээж та сонссон уу” гэж асууж байсан. ...Янгир булсан гэх газар манай гэрээс 700-800 метр зайд байсан” гэх мэдүүлэг /хх-63-64/,

            6. Гэрч Ц.Балган мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын эхээр ууланд мал хариулж явахад буу буудах чимээ нэг удаа сонсогдсон. Гэхдээ би хаана, хэн юу буудаж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-65/,

            7. Гэрч Ц.Хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Хулст багийн иргэн Цэвэгжав гэх айлын хойд талын Баруун улааны ууланд 18-19 орчим настай эр янгир үхсэн байдалтай байсан. Тэр янгирын биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг байна уу гэж үзлэг хийхэд толгойн духны хэсгээр эврийг нь тайрч авсан байсан, толгойны хажууд зүрхийг нь гаргаад тавьсан, хүзүүний хэсгээр цагаан мөгөөрсөн хоолойг хэрчиж гаргасан, гэдэс хэвлийн хэсгээр нэвт гарсан нүхтэй бусад эд эрхтэн бүрэн бүтэн байсан. Хэвлий арьс хэсэгт нэг тооны нүх байсан. Нүх орчмоор цус гарсан шинжгүй байсан. Үзлэг хийгээд дуусахад ямар нэгэн өвчнөөр үхсэн байдалтай шинж тэмдэг илрээгүй”гэх мэдүүлэг /хх-66-67/,

            8. Гэрч Ц.Баатарсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай сумын Хулст багийн нутаг Баруун улааны ууланд янгир их үхэж байгаа талаар мэдээлэл ирсний дагуу Улаангомоос ХААГ, БОАЖГ, МХГ, ОБГ-аас ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 10-нд Өлгий суманд ирж тандалт судалгаа хийж ажилласан. Би энэ ажлын хэсэгтэй хамт хөдөө явж Өлгий нуур багийн малчин Пүрэвжавын гэрт очсон. Тэгээд бид нар тэр айлын хүмүүсээс: танай энэ хавиар янгир үхэж байна уу? Янгирын сэг зэм хаагуур байна гэж асуухад Пүрэвжавын залуу Бат-Очир: Ятгарын нүүр гэх газарт нэг янгир үхчихсэн байсан гээд бидэнд тэр газрыг зааж өгсөн. Бат-очирын зааж өгсөн янгирын сэгийг харахад нэг хөл нь хугарсан, биеийн нэг талыг чоно нохой идсэн, дотор гэдэс байхгүй янгирын сэг зэм байсныг Улаангомоос ирсэн ажлын хэсгийнхэн шинжлүүлнэ гээд Улаангом руу аваад явсан. Мөн 2017 оны эхээр байгаль хамгаалагч Бадамжав буудагдаж үхсэн бололтой янгирыг чулуугаар булчихсан байсньг олж үзээд ирсэн талаар хэлж байсан гэх мэдүүлэг /хх-68/,

9. Гэрч Л.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “П.Бат-очир янгир буудаж алсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Бат-Очир янгир буудаж алсан талаараа нөхөр бид хоёрт юм хэлээгүй. Энэ өвөл бог малаа хариулж явахдаа манай нөхрийн карвин бууг үүрээд явдаг байсан. Бид Бат-Очирт буу өгч  явуулахыг хүсдэггүй, гэвч буу өгөхгүй гэхээр бууг хугалж хаяна гэж хэлээд биднийг айлгадаг, тэгээд гэрт байсан сумтай бууг аваад явдаг байсан. 2016 оны намар хоёр чоно буудаж алсан байсан. П.Бат-очирт нөхөр бид хоёр янгир буудаж алж болохгүй шүү. Энэ чинь хориотой амьтан гэдгийг байнга хэлж захидаг байсан. Зан аашийн хувьд зөрүүд, эцэг эхийнхээ үгэнд ордоггүй. Миний үгэнд бол бүр ордоггүй. Эрүүл гэхээр өвчтэй ч юм шиг. Өвчтэй гэхээр эрүүл ч юм шиг. Нүүр гараа, хувцас хунараа угаадаггүй. Хүнээс мэнд асуудаггүй. Гэрийн ажил хийдэггүй, ямар нэг зорилго, амьдралын бодол санаа байдаггүй. Аавынхаа мотоциклийг унаж эвдэж орхидог. Бэлэн хийсэн хоол, цайг идэж уучихаад аягаа шиддэг ийм л хүн юм. 18 настайдаа нэг жилийн цэргийн албыг Завхан тэс-д хааж ирсэн. Найз нөхөд гэх хүн байхгүй. Гэр орны ажил хийдэггүй. Зүгээр нэг хоол идэх үүрэгтэй хүн байдаг юм. П.Бат-очир буугаар маш сайн буудаж чаддаг. Миний хувьд янгир буудсан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-69/,

10. Гэрч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “Бат-очир бол миний 6 хүүхдийн гурав дахь хүүхэд юм. Багаасаа аав ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа гарсан. Сургуулиас гарсан шалтгаан нь тоглож байгаад хаднаас унаж гараа хугалснаас болсон. Тэгээд хичээлээс гараад хөдөө мал дээр байсан. 18 настайдаа нэг жилийн цэргийн албыг Завхан тэс-д хааж ирсэн. Цэргийн алба хааж байхдаа мориноос унаж бэртэж байсан удаатай. 2016 оны наадмаар архи уусан үедээ мотоцикль унаж явж байгаад онхолдож бэртэж эмчлүүлж байсан. Бат-очир нь сэтгэцийн хувьд асуудалтай хүн гэж боддог. Яагаад гэвэл хувцас хунараа угаадаггүй. Хуучин хувцсаа шатаачихдаг, дандаа шинэ хувцас өмсөх дуртай. Гэр орны ажил хийдэггүй,  жишээлбэл : ямааны ноолуур самнах үед сумын төв рүү явчихдаг. Нүүдэл суудал хийхээр  гэрийн бүс таслаад хаячихдаг. Ажил төрөл хийдэггүй. Ер нь эхнэр бид хоёрыг зарчихаад бэлэн хоол идчихээд байж байх санаатай хүн байгаа юм. Бат-очир эхнэр бид хоёрт захирагдахаа больсон. Болж өгдөг бол энэ хүнийг хүмүүжүүлдэг газар жаахан гэсэн ч хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэж бодох юм. Зан аашийн хувьд их зөрүүд зантай. Эхнэр бид хоёртой их зөрдөг, гацдаг юм. Би эцэг хүний хувьд сайн хүн болог, сайн явах болтугай гэж байнга үглэдэг юм. Одоо 1000 үг хэлээд нэмэргүй болж байна. Бат-очир янгир буудсан асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хүү Бат-очир энэ өвөл өглөө болгон бог малаа дагаад гардаг байсан. Бат-очир хааяа мал дагаж гарахдаа миний бүртгэлтэй буу үүрээд гардаг байсан. Бат-очир 2016 оны 11 дүгээр сард арван хоногийн зайтай хоёр чоно буудаж алсан. Миний хүү янгир буудаж алсан талаар надад болон миний эхнэр бид хоёрт юм хэлээгүй. Ноднин жил бас нэг чоно алж байсан. Буугаар маш сайн буудаж чаддаг. Бат-очир бол их танхайдуу зантай. Мал дагаж яваад ирэхдээ ганц тэвэр харгана ч хүртэл авч ирдэггүй, 2-3 жил дараалан гэрт байсан ноолуур хулгайлаад хот руу яваад тансаглаж байгаад ирдэг. Хувцастайгаа унтдаг, хоол идсэн аягаа шиддэг зэрэг зан ааш гаргадаг ,  эрүүл гэхэд хүнд хүн байдаг юм. Ер бол эхнэр бид хоёрыг их сүйтгэж байгаа залуу юм. Харин буугаар ан буудахын хувьд сайн бууддаг юм. Бат-очир янгир буудаж алсан нь үнэн бол нөхөн төлбөрийг бид нарын зүгээс төлж чадахгүй. Энэ хүнээр өөрөөр нь ажил хийлгүүлж төлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Би олон хүүхэдтэй хүн. Надад хүний өмнөөс өгдөг мөнгө төгрөг байхгүй. Бат-Очирт өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-71-72/,

11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/,

12. Янгирын сэгийг устгасан гэх газраас гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25/,

13. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-31 /,

14. Янгирын сэг зэмд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-38, 39-41/,

15. Эд зүйл хураан авах тогтоол, тэдэглэл /хх-ийн 42-43/,

16. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 44-45/,

17. Галт зэвсэгийн хонгио, хутга, зэвсгийн гэрчилгээ, янгирын арьсанд, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48/,

18. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-50 /,

19. Увс аймгийн ХАА-н газрын мал эмнэлэгийн лабораторийн эрхлэгч, халдвартын их эмч Н.Батбаяр, лаборант Б.Нямдорж, нян судлаач эмч С.Мөнхзаяа, Цагдаагийн ахмад Б.Нямдаваа нарын 2017.02.23-ны өдөр задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “Тухайн янгирын эврийг дагзны хэсгээр тайрч авсан, хэл, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн хагас нь байхгүй. Эрүүний хэсгээс аваад өвчүү, цоройны хэсгээр задалсан, өвчүүний бүдэрхий орчмын хэсэг газрын махыг огтолж авсан. Баруун талын өвчүүний орчимд сум орсон байж болзошгүй нүх байсан. Цааш нь үзлэг шинжилгээ хийхэд сумны хошуу олдоогүй. Дотор эрхтнийг гаргаж үзэхэд зүрхний ойрын хэсэг тайрагдсан, цээжний хөндий их хэмжээний цусаар дүүрсэн байна. Уг гэмтлийг ажиглахад нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл шууд үхэлд нөлөөлсөн байх магадлалтай. Тухайн янгир амьтан үхсэн шалтгаан гадны нөлөөтэй байх магадлалтай. Янгир амьтан өвчний улмаас магадлах зорилгоор 5 цулын эрхтнээс дээж авч улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжлүүлэхэд халдварт өвчний үүсгэгч илрээгүй. Уг янгир нь гадна нөлөөнөөс үхсэн байна” гэжээ. /хх-ийн 87, 88-90/,

20. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Даваанямын 2017.03.16-ны өдөр гаргасан 2489 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн янгирын арьсанд үүссэн гэмтэл нь галт зэвсгийн сумны үйлчлэлээр үүссэн байна. Тухайн шинжилгээнд ирүүлсэн янгирын арьс нь шинжилгээнд тэнцэхгүй байгаа тул буудлагын зай тогтоох шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн янгирын арьсанд үүссэн гэмтэл нь сумны орсон нүх байна. Мөн 7,62 мм калибртай буу болох шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн В. К7100 дугаартай, замагны ВF1178 дугаартай галт зэвсэг болон түүнээс дээш калибртай буугаар буудсан байх боломжтой” гэжээ. /хх-ийн 95-96-р тал/,

21. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсэгийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Батгэрэлийн 2017.03.13-ны өдөр гаргасан 1400 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилж буй гол төмөр ВК100, замаг BF1178 гэсэн тус тус дугаартай Мосин загварын галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй 7,62х54 мм калибртай сумны хонгио нь гол төмөр болон сумны байр нь 7,62х54 мм калибртай галт зэвсгээр буудлага үйлдэхэд зариулагдсан. Шинжилж буй хэргийн газраас олдсон гэх хонго нь шинжилгээнд ирүүлсэн гол төмөр ВК7100, замаг BF1178 гэсэн тус тус дугаартай Мосин загварын галт зэвсгээр буудагдсан” гэжээ. /хх-ийн 100-101-р тал/,

22. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн М.Төгөлдөрийн 2017.02.27-ны өдөр гаргасан 01 тоот, 2017.03.06-ны өдөр гаргасан 02 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд: “Тухайн амьтан нь янгир ямаа /Capra sibirica/ байна. Эр, 6-8 орчим насны янгир ямаа байна. Янгир ямаа /Capra sibirica/ нь Монгол Улсын Улаан номонд орсон ховор амьтан юм. Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор янгир ямаа эр /Capra sibirica/ 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/, янгир ямаа эм /Capra sibirica/ 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн экологи экийн засгийн үнэлгээтэй байна” гэжээ  /хх-ийн 105, 109-р тал/,

23. Шүүгдэгч П.Бат-Очирын сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг тогтоосон 2017.03.03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд: “П.Бат-Очир нь сэтгэцийн хувьд эрүүл. П.Бат-Очир нь сэтгэл мэдрэлийн өвчин үгүй. П.Бат-Очир нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. П.Бат-Очир нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-ийн 114-115-р тал/,

24. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Ямаа, Карвин буу үнэлсэн тухай 2017.04.17-ны өдрийн 168 тоот, 2017.04.19-ний өдрийн 169 тоот тайлангууд /хх-ийн 119, 123-р тал/,

25. Шүүгдэгч П.Бат-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-р тал/,

26. Увс аймгийн Өлгий сумын 2-р багийн засаг дарга П.Баатарсайханы тодорхойлолт /хх-ийн 139-р тал/,

27. Шүүгдэгч П.Бат-Очирын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 143-153-р тал/,

28. Шүүгдэгч П.Бат-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 дугаар сарын эхээр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Цас орчихсон байсан юм. Өлгий сумын Өлгий нуур багийн Ихэр гэх газар байх гэрээсээ бог малаа бэлчээрт гаргаж Муусын эхэн гэх газарт малаа хариулж яваад ууланд 40-50 янгир бэлчиж явахад гэрээс авч гарсан аавын винтов загварын буугаар нэг янгирыг 4 удаа буудахад шархдуулаад алдсан юм. Тэгээд маргааш нь ганцаараа гэрээс гарч шархадсан янгираа хайж яваад буудсан газрын ойролцоо үхчихсэн байсныг олж авсан юм. Уг янгир нь бүдүүн эр тэх байсан ба өрчин хэсэгт нь нэг удаагийн бууны сумны нүх байсан. Тэгээд янгираа өвчих гээд арьсыг хоолойноос нь бөгс, хөл рүү нь хутгаар ярахад цус хураад махыг нь авахын аргагүй болчихсон байсан тул хэл, өвчүүний мах болон хоёр төмсгийг нь тэндээ шарж идсэн. Харин

зүрхийг нь идэлгүй орхисон. Би уг янгирыг анх буудсан газарт яргай модны доор хийгээд чулуугаар дарж хаясан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна. Надад нэг удаа боломж олгож, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч П.Бат-Очир нь 2016 оны 12 дугаар сард Увс аймгийн Өлгий сумын нутаг “Муусын эхэн” гэх газраас ховор амьтан болох 1 тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 2.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Янжинлхам, гэрч Н.Бадамжав, насанд хүрээгүй гэрч Ц.Галдан, М.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, янгирын сэг зэмд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, буудагдаж үхсэн гэх янгирт шинжилгээ хийсэн байх ба уг янгир нь /гэмтлийн улмаас/ гадны нөлөөгөөр үхсэн байна” гэх  2017-02-23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, мөн янгирын эмгэгт эдийн дээжээс бог малын мялзан өвчний вирус илрээгүй гэх Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, шинжилгээнд ирүүлсэн янгирын арьсанд үүссэн гэмтэл нь галт зэвсгийн сумны үйлчлэлээр үүссэн байна, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудсан байх боломжтой” гэх 2017-03-16-ны өдрийн 2489 дугаартай шинжээчийн дүгнэлт,    шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. 

 

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу  Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор “ховор” амьтны жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын: Нэг. Хөхтөн гэсэн хэсгийн 2-рт Янгир гэж бүртгэгдсэн ба ховор амьтан болох Янгирыг зөвхөн Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд багтаан агнах, барих тусгай зөвшөөрлийг Байгаль орчны яам олгох эрхтэй байна.

Шүүгдэгч П.Бат-Очир нь ховор амьтан болох янгир агнах, барих зөвшөөрөл аваагүй бөгөөд зохих зөвшөөрөлгүй янгир агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Бат-Очир нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 2017.03.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.Бат-Очирын агнасан янгир нь нас гүйцсэн, эр янгир болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталж, эр янгир ямааг 2.700.000 төгрөгөөр үнэлж тогтоосон байх тул энэ гэмт хэргийн улмаас байгаль орчин буюу амьтны аймагт  2.700.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Түүнчлэн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч  П.Бат-Очир нь зохих зөвшөөрөлгүй эр янгир ямаа агнасны нөхөн төлбөр 5.400.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Бат-Очир нь амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул 5.400.000/ таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Увс аймгийн Өлгий сумын төрийн сан дахь Байгал хамгаалах сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч П.Бат-Очир нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл ногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч П.Бат-Очир энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Бат-Очирын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хар саарал зүсмийн 5 настай эм ямаа 1, улаан зүсмийн 4 настай эм ямаа 1, улаан зүсмийн 5 настай эм ямаа 1, саарал зүсмийн эр ямаа 1-ийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч П.Бат-Очир гэмт хэрэг үйлдэхдээ Д.Пүрэвжавын эзэмшлийн “Мосин” маркийн буу хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам” –ын дагуу Мосин маркийн, гол төмөр №К7100,  замагны дугаар ВF 1178 бүхий бууг гэрчилгээний хамт Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар, цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, бууны хонгио 1 ширхэгийг тус тус устгах  зэрэг үндэслэлтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Долоодой овгийн Пүрэвжавын Бат-Очирыг ховор амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч П.Бат-Очирт 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч П.Бат-Очирт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Бат-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болхыг дурдсугай.

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасныг баримтлан шүүгдэгч П.Бат-Очироос нөхөн төлбөр 5.400.000/ таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Увс аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын байгаль хамгаалах сангийн дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсгүүдэд зааснаар Пүрэвжавын эзэмшлийн “Мосин” загварын,  гол төмөр №К7100,  замагны дугаар ВF1178 бүхий бууг гэрчилгээний хамт Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хар, цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, бууны хонгио 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч П.Бат-Очирын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хар саарал зүсмийн 5 настай эм ямаа 1, улаан зүсмийн 4 настай эм ямаа 1, улаан зүсмийн 5 настай эм ямаа 1, саарал зүсмийн эр ямаа 1-ийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Бат-Очирт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН