Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 159/ШШ2022/0038

 

 

                                                                                              

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Хэргийн индекс: 159/2022/0037/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шаамар сумын Засаг дарга *******д сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

            Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шаамар сумын Засаг дарга *******ыг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулжээ. Нэхэмжлэгч дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

 

******* 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ******* миний бие Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан. Миний асуудал прокурорын шатанд явж байгаа. Мөн төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга нарыг хууль бусаар томилсон гэдэгт Шаамар сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн дарга нар нь 2021 оны эхээр зөрчил дутагдал гарган ажлаас халагдсан. Тухайн үед  Коронавируст Ковид19-ийн цар тахал гарсан байсан учраас 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд *******г, соёлын төвийн даргын албан тушаалд Б.Энхтулгыг түр томилон ажиллуулж байсан. Харин цар тахал намжиж хөл хорио цуцлагдсаны дараа 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэсэн албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/21 албан тоотоор Сэлэнгэ аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн. Гэтэл сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн нэр дэвшин ирээгүй учраас үргэлжлүүлэн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд *******г үргэлжлүүлэн ажиллуулсан. Соёлын төвийн даргын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэсэн албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/22 тоот албан бичгээр Соёл урлагийн газарт, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/47 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлд тус тус хүргүүлсэн боловч сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн нэр дэвшин ирээгүй болно.

Иймд соёлын төвийн даргын албан тушаалд Б.Энхтуулыг үргэлжлүүлэн ажиллуулсан. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл нь удаа дараа сонгон шалгаруулалт зарласны үр дүнд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалт болж 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн даргын албан тушаалд тэнцсэн иргэд одоогоор томилогдох шатанд явж байна. Иймд төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга нарыг хууль бусаар томилсон гэдэг нь надаас болон төрийн албаны сонгон шалгаруулах зөвлөлөөс үл хамаарсан бөгөөд тухайн үед оролцсон иргэд тэнцэхгүй байсан. Миний хувьд зохих журмын дагуу албан тоот хүргүүлэн ажиллаж байсан. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... *******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” 60.1.7-т “Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэснийг удирдлага болгон аймгийн Засаг даргаас Шаамар сумын Засаг дарга болон зарим төр төсвийн байгууллагын удирдлагуудын хууль зөрчсөн үйлдлийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Шаамар суманд ажиллуулсан.

Нэг. Уг ажлын хэсэг 2022 оны 6 дугаар сарын 06, 10, 16-ны өдрүүдэд Шаамар суманд ажиллаж, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллахад

            1.Шаамар сумын Засаг дарга ******* харъяа байгууллагын дарга нарын гаргасан 2021 оны 1, 2022 оны 8 нийт 9 захирамж, тушаал шийдвэрүүд нь эрх зүйн үндэслэлийн эрэмбэ дараа алдагдсан, утга найруулгын алдаатай байсан. Аймгийн Засаг даргаас үүрэг болгож Засаг даргын Тамгын газрын дарга *******гаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02/27 дугаартай албан бичгээр бүх газарш, хэлтэс, байгууллагын дарга нарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, тушаал шийдвэр гаргахдаа анхаарах зүйлүүдийн талаар зөвлөмж чиглэл хүргүүлсэн боловч хэрэгжүүлж ажиллаагүй байсан.

            2. *******ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай захирамжаар Шаамар сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******г түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн, мөн дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан мэдэгдэл тайлбарыг бичгээр гаргаагүй зөрчилтэй, цэцэрлэгчийн эрхлэгчээр томилогдсон ******* нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн нь хяналт шалгалтаар илэрсэн.

            Мөн шаамар сумын Засаг даргын захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан М.Жамбалыг өөрийн хүсэлтээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлснөөс хойш 2 удаагийн үүрэг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны Б/11 тоот захирамжаар Б.Энхтуулыг томилсон байх ба Б.Энхтуул нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй байсан. Энэ нь Шаамар сумын Засаг дарга ******* нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.1-д заасан төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг ажлын туршлагатай эрхлэгч удирдах гэсэн заалтыг мөн соёлын төвийн эрхлэгч Б.Энхтуулыг томилсон нь Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар Соёл урлагийн газартай зөвшилцөөгүй, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “... төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-г зөрчсөн.

3. Аймгийн  Төрийн аудитын газраас Шаамар сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төслийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт гарч, акт тогтоолгож, албан шаардлага авсан боловч зөрчил дутагдлыг зөвтгөж, арилгаагүй зөрчлүүд гаргасан.

4. Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 1 дүгээр багийн Засаг дарга Д.Оюунтуяа дээр Мал зүйчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх шийдвэрийг гаргаж албан тушаалын 40 хувийн нэмэгдэл олгохоор тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дахь заалтыг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан тул төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай зохицуулалт байхгүй. Мөн мэргэжилтэн С.Дөл, Т.Сансарболд, О.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргасан боловч үргэлжлүүлэн ажиллуулж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг зөрчсөн.

Иймд ажлын хэсгийн хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвтгүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/641 албан бичгээр Шаамар сумын Засаг даргад 5 үндсэн заалт бүхий зөвлөмж, үүрэг чиглэлийг хүргүүлжү, хариуг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлэхээр даалгасан. Шаамар сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуг ирүүлснийг хүлээн авч танилцахад аймгийн Засаг даргаас хүргүүлсэн 5 заалт бүхий үүргээс 2 заалт биелүүлсэн. Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах *******, Б.Энхтуул нарыг ажлаас чөлөөлөх талаар биелүүлээгүй байсан тул аймгийн Засаг даргаас *******д удаа дараа зохих арга хэмжээ авч ажиллах, тус сумын цэцэрлэгийн ажилтан алба хаагч нараас *******тай холбоотой гомдлыг аймгийн Засаг дарга, аймгийн Төрийн албаны зөвлөлд ирүүлж “... Шаамар сумын цэцэрлэгийн ажилтан Отгонхүүгээс 2 удаа санал гомдлыг энэ хугацаанд ирүүлсэн” байгааг анхааруулж хэлж даалгасан боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тодорхойгүй шалтгаанаар биелүүлээгүй.

Хоёр. Авлигтай тэмцэх газраас 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 06/8249 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, Шаамар сумын Засаг дарга ******* нь Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ хамтын удирдлагын зарчмыг баримтлах гэсэн хууль тогтоомж, хуулийн зүйл, хэсгийг зөрчиж 2021 оны 12 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хууль зөрчсөн үйлдэл гаргасан талаар дурьдаж, мөрдөгчийн мэдэгдэл ирүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурьдсан үйлдэл, шалтгааныг судлан үзэхэд Шаамар сумын Засаг дарга ******* нь дээд шатны Засаг дарга, удирдлагаас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж, Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх талаар анхааруулан өгч байгаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж ажилласан. Тодруулбал *******той холбоотой 2021 онд Шаамар сумын иргэдээс санал гомдол ирж ажлын хэсэг байгуулагдан ажиллахад ******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны зөвлөмж, чиглэлийг зөрчсөн, мөн төрийн албан хаагчтай ёс зүйгүй харьцсан зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан тул аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/24 дугаартай захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Гэвч Шаамар сумын Засаг дарга ******* нь хууль тогтоомжид заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж ажиллаагүй, авлига, ашиг сонирхлын болон санхүүгийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байгааг тус тус харгалзан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэг “... хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/25 дугаартай захирамжаар Шаамар сумын Засаг дарга *******д үндсэн цалинг 3 сар 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймээс аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/180 дугаартай “Ажлын хэсэг байгуулсан тухай” захирамж, уг ажлын хэсгийн санал, дүгнэлт, аймгийн Засаг даргаас Шаамар сумын Засаг даргад 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн 01/641 дугаартай албан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай үүрэг, Шаамар сумын Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргад ирүүлсэн албан бичиг, *******д 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан тухай аймгийн Засаг даргын Б/24 дугаартай захирамжийн хуулбар зэргийг хавсаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шаамар сумын Засаг дарга *******дод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шаамар сумын Засаг дарга *******дод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ надад ногдуулсан сахилгын шийтгэлд хуулийн байгууллагад шалгагдан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг. Намайг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэм буруутай нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж тайлбарлан маргадаг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь, 22.5 дугаар зүйлийн 1 дэх, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******, П.Батсайхан нар болон “Алтанбилэг” ХХК-нд холбогдох эрүүгийн 2231000090108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/8245 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2201000090108 дугаарт хэрэгт 76 дугаартай “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг хүргүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хяналт шалгалтаар Шаамар сумын Засаг дарга нь албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3, 65.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.3, 7.1.5, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга *******дод үндсэн цалингийн 20 хувиар гурван сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна 5.1.1-дтөрийн улс төрийн алба, 11 дүгээр зүйлийн 11.3 -д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.2-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг хэрэг үйлдсэн гэм буруугайд тооцохгүй” гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 163 дугаар албан бичигт “*******  нарт холбогдох 2231000090108 дугаартай эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдсан болно” гэснээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Шаамар сумын Засаг даргыг гэм буруутай нь тогтоогдоогүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийн 3 дугаар заалтад “Иргэнээс удаа дараа ирүүлсэн хууль тогтоомж зөрчсөн тухай өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтыг явуулахад Шаамар сумын Засаг дарга ******* нь Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлээгүй, төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтныг хууль бусаар томилсон, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэргийг тус тус дурдсугай” гэжээ. Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Шаамар сумын Засаг дарга болон зарим төр төсвийн байгууллагуудын удирдлагуудын хууль зөрчсөн үйлдлийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, саналыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шаамар сумын Засаг дарга *******дод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.БУРМАА