Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 76

 

Ш.Э, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Гансүх /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ш.Э, С.Б нарт холбогдох 1929002290065 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн J-аас 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан,

Мөн шүүгдэгч Ш.Э нь эрүүгийн 192900007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус хэргийн холбогдогч Б.Л-г олж тогтоосныхоо хариуд буюу албаны чиг үүргээ гүйцэтгэснийхээ төлөө “Итайкар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Zh-ээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн эгч Ш.Б-ийн дансаар 1915000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ш.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсгийг журамлан Эруүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э, С.Б нарт холбогдох эрүүгийн 1929002290065 2 /хоёр/ хавтас бүхий эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Ш.Э, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 3000 юань болон CD 2 ширхгийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдсан ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис /10 грамм/, НӨАТ-ын баримтын цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис /3 грамм/, хөх, ягаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүил 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5x9.5 см, хамгийн бага нь 6х2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн барим хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж, энэ хэрэгт яллагдагч Ш.Энхболдын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай Тоёота Премио маркийн суудлын авто тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн байгааг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгч захирамждаа БНХАУ-ын иргэн Zh-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй  тогтоогоогүй байна гэжээ. БНХАУ-ын иргэн Zh нь 2019 онд эх орон руугаа буцаад эргэж Монгол Улсад орж ирээгүй бөгөөд Ковид-19 цар тахал өвчин гарсантай холбоотойгоор Монгол Улс хилээ хаасан зэрэг нөхцөл байдлаас дахин манай улсад орж ирэх боломжгүй, уг хүнээс мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдэх боломжгүй юм.

Яллагдагч Ш.Э нь дээрх гадаад улсын иргэнээс хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Мөн захирамжид: ‘....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх прокурор мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана" гэж заасны дагуу Ш.Э,  С.Б нараас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тайлбар авахдаа тэдний өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй, асууж тодруулаагүй байна гэжээ.

Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дээрх асуудал нь Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, Ш.Э, С.Б нарыг яллагдагчаар татаагүй, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн. цагдаагийн дэд хурандаа Д.Н мөрдөгчийн ажил үүрэг гүйцэтгээгүй албаны дотоод шалгалт хийж, тэднээр өөрсдөөр нь зөрчил гаргасан эсэх талаар тайлбар бичүүлж авах ажил хийсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад БНХАУ-ын иргэн Х гэгчээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Ш.Э нь түүнээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө дээрх сургуулийн магистрын сургалтын төлбөрийг төлсөн тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлдэг. Уг асуудал нь хэрэгт болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй ба хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

"БНХАУ-ын иргэн Б.З-с 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тайлбар авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зуйлийн 2 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж тайлбар авсан байна" гэжээ.

Энэ нь мөн дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэгдээгүй үед Цагдаагийн еренхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсээс хийж буй дотоод хяналт шалгалгын ажиллагааны хүрээнд Монгол хэл мэддэг гадаад улсын иргэнээс авсан тайлбар юм. Мөн уг тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд уг хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, шаардлагатай гэж үзвэл гэрч Д.Н-ыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.      

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэргийг шүүхэд шилжүүлсэн нотлох баримтын хүрээд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Хөгжилтөөс мөнгө зээлээд төлбөрөө төлсөн эсэх нь хэрэгт хамаагүй асуудал. Иймд хэрэгт хамааралгүй зүйлсийг буцаасан захирамждаа заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдлагчаар татаагүй асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ярихгүй байсан. Хийхгүй бол болохгүй ээдрээ төвөгтэй асуудал биш юм. Тиймээс нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “:  Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийн нотолбол зохих үнэн байдал нотлогдоогүй учир хэргийг хэлэлцэх боломжгүй гэж шүүх үзсэн. Миний үйлчлүүлэгчийг хахууль авсан гэж буруутгаад байгаа. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүй байхад ямар үндэслэлээр хэрэгт гүтгэж байгааг ойлгохгүй байна.  Харин эсрэгээрээ гэрч С, Х нарын мэдүүлгүүдээр хэргийн бодит байдал тогтоогдсон гэж харж байна. Хахууль авсан гэдэг хэрэгт миний үйлчлүүлэгч оролцоогүй байдаг.          

Мөн Ш.Э-ыг С.Б-той хамтарч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. С.Б шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад ч үнэн зөвөөр мэдүүлэг өгөхдөө хууль журмын дагуу бүртгэлд оруулаагүй нь миний буруу. Ш.Э, Н.Б нар ямар ч хамаагүй. Миний шалгах асуудал байсан учраас би шалгасан нь үнэн. Тэгээд биед нь байсан 3000 юанийг авсан. Тэгээд маргааш нь паспортын хугацаа дуусах гэж байгаа гээд байхаар нь паспортыг нь өгөөд явуулсан. Гэтэл тэр хүн алга болчихсон гэж мэдүүлсэн байгаа. Гэтэл Н.Б-н хэргийг хэрэгсэхгүй болгочхоод Ш.Э-ыг хэрэгсэхгүй болгохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.  Мөн хахууль өгсөн, авсан гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн 19 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 5/94 дугаартай яллах дүгнэлтэд /хх-112-115/ “...яллагдагч Ш.Э нь эрүүгийн 192900007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус хэргийн холбогдогч Б.Л-г олж тогтоосныхоо хариуд буюу албаны чиг үүргээ гүйцэтгэснийхээ төлөө “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Zh-ээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн эгч Ш.Б-ийн дансаар 1915000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж бичсэн байна.

Харилцагч Ш.Б-ийн Х банкны хугацаагүй хадгаламжийн  /1хх-41/ дансанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харилцах данснаас зардал 1915000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд гэрч Р.С-ийн /2хх-27-28/ “...дугаарын данс нь миний Х банкны харилцах данс юм. ...Миний хувьд БНХАУ-ын Ганц мод боомтод хоол хийж зарахын хажуугаар том ачааны машин барьж нүүрс зөөдөг жолооч нарын гэр бүл рүүгээ шилжүүлэх юанийг нь аваад өөрийн дансанд байгаа төгрөгийг хэлсэн данс руу нь шилжүүлж өгч 20 юань хөлсөнд нь авдаг. ...Тэгэхээр энэ гүйлгээг мэдэхгүй байна. Хэн нэгэн надад юань өгч би данснаасаа хэлсэн данс руу нь төгрөг шилжүүлсэн л байхдаа”.  Гэж мэдүүлснээс өөрөөр Ш.Э-д “И” ХХК, эсвэл БНХАУ-ын иргэн Zh нарын хэн нь хахууль өгсөн болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй нотлох ажиллагааг хийгээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6-д заасан нотолбол зохих байдал нотлоогүй гэх үндэслэл болно.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй тул хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАСАНЖАРГАЛ

                                                      ШҮҮГЧИД                                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ