| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03845/И |
| Дугаар | 102/ШШ2021/03257 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/03257
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч .............Ч.Э..........ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч .................... байрлах “Д” ТӨХК-д холбогдох 2.726.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э..............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э............... нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Д” ТӨХК-ийн турбин цехэд турбины машинчинаар ажиллаж байгаад өндөр насны эрх үүссэн тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/000 дугаартай “ Тушаал”-ын дагуу ажлаас чөлөөлөгдсөн.
“Д” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу нийт 35 жил 06 сар ажилласан хугацааны жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 27.264.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны дансанд шилжүүлэн надад олгосон.
Энэхүү тэтгэмжийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөх орлогод тооцсон зохицуулалтыг зөрчиж 10 хувийг суутган авсан байна.
Иймд үндэслэлгүйгээр суутган авсан 2.726.400 төгрөгийг “Д” ТӨХК-аас гаргуулж өгнө үү., гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Э............... “Д” ТӨХК-д 35 жил 6 сар ажиллаж өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/000 дугаартай “Тушаал”-аар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.
“Д” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний дагуу Ч.Э...............гийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 27.264.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны 60 нас хүрсэн үед тэтгэмж олгоно гэж заасан. Ч.Э............... тэтгэвэрт гарахдаа 60 нас хүрээгүй байсан тул бид нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг суутгаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн. Ч.Э...............д олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутгасан мөнгө нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд байгаа учир Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э..............., хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан 2.726.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Нэхэмжлэгч Ч.Э............... “Д” ТӨХК-ийн турбины цехэд турбины машинчинаар ажилд орж, 35 жил 06 сар ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/000 дугаартай “Тушаал”-аар ажил олгогч “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, ажлаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гарсан талаар талууд маргахгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч “өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 27.264.000 төгрөгийн үнийн дүнгээс 10 хувийг суутган авсныг зөвшөөрөхгүй”,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай байгууллага хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгөн тэтгэмж 27.264.000 төгрөг өгснөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаад татварын албанд шилжүүлсэн тул татварын хэлтсээс нэхэмжлэн авах эрхтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.
Ажил олгогч “Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/000 дугаартай “Тушаал”-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Ч.Э...............гийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, Эрчим хүчний салбарт ажилласан 35 жил 06 сард ногдох 27.264.000 төгрөгийн тэтгэмж олгохыг санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, ажил хүлээлцэхийг даалган шийдвэрлэж, уг тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 2.726.400 төгрөгийг суутган авсан нь тогтоогдож байна.
Иймээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр заасан заалтыг хариуцагч зөрчиж, уг тэтгэмжээс суутгал авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж зааснаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ч.Э............... өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “60 нас хүрсэн үед тэтгэмж олгоно гэж заасан. Ч.Э............... тэтгэвэрт гарахдаа 60 нас хүрээгүй байсан тул бид нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг суутган, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба эрх зүйн харилцаа дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.572 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58.572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ТӨХК-иас 2.726.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э...............д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.572 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58.572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА