| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02050/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2019/03205 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2019/03205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Засгийн газрын 0 дүгээр байранд байрлах, Ж”-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34Б байр, 00 тоотод байрлах, “Ш” ХХК /РД:0000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 11 дүгээр байр, 252 тоотод оршин суух, Х овогт М /РД:ЧТ80040319/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 205,237,703 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагч М, хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 000 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам”-ын 6.5 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-55 дугаар тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний 000 дугаар тушаалыг тус тус үндэслэн Зээлдэгч “Ш” ХХК, түүнийг төлөөлж захирал О нь ‘Ж”(Цаашид “Сан” гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/3-84 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 210,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Хиам үйлдвэрлэл” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд О, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 96 тоот хаягт байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууц, Х-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00-р байр 00 тоотод байрлах, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 8,292,582 төгрөг, зээлийн хүүд 9,910,758 төгрөг нийт 18,203,340 төгрөг төлсөн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 401 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Зээлдэгчид зээлээ төлөхийг урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Хариуцагч нь сард зээлийн эргэн төлөлтөнд 4,000,000 төгрөг төлөх ёстойгоос 2019 он гарснаар нийт 3,000,000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, жилд 1 удаа тайлан өгөх ёстой боловч огт тайлан өгч байгаагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-84 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 205,237,703 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох О, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууц, Х өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 29 тоотод байрлах, Ү-0000001 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ж” болон “Ш” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар “Ш ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 201,707,418 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,111,639 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 388,646 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг нийт 205,237,703 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Очир-Эрдэнэ, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 4 тоот хаягт байрлалтай, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 96 тоот хаягт байрлах, Ү-2201008712 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууц, Х өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 29 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М болон хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 210,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Зээлээ жил гаруйн хугацаанд төлж байгаад, 5 дугаар сараас хүндрэлтэй асуудал гарсан. Зээлээ аваад нэгдүгээр хороололд үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай байр барьсан ч, барилгын ажил зогссон. Ингээд төлөлт хийгдэж чадахгүйд хүрээд, нэхэмжлэгчид хугацааг сунгах хүсэлт тавьсан. Анх зээл өгөхдөө манай үйл ажиллагаатай танилцаж, жилийн дараах үйл ажиллагаатай танилцаж байсан. Зээлийн хүү, алдангитай байхад тухайн үед би өөрөө очиж уулзаж байсан. Зээлээ төлөхгүй оргон зайлсан зүйл байхгүй. Цаг тухай бүрт дуудсан болгонд нь очиж уулзаж, санхүүгийн тооцоо нийлж, гарын үсэг зурж тамга дарж байсан. Зээлийн гэрээг цуцлах шаардлагагүй. Хэдийгээр манайх санхүүгийн асуудалд орсон ч гэсэн манай үйлдвэрлэл явагдаж байгаа. Одоо махны ханш суларч эргэлт гайгүй болж, баяр наадам болвол бид нар зээлийг төлөх боломжтой. Зээлийн зөрчлийн дүнг төлөөд, зээлээ үргэлжлүүлэх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” нь хариуцагч “Ш” ХХК, М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 205,237,703 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч “Ш” ХХК болон М нар нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Ж тай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/0000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 210,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар, жилийн 3 хувийн хүүтэйгээр, Хиам үйлдвэрлэлийн зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/Б-00 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, уг барьцааны гэрээгээр О, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 4 тоот хаягт байрлалтай, Ү-2205017550 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууц, Х өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00-р байр 00 тоотод байрлах, 000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг 401 хоногоор хэтрүүлсэн, зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй... гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацааг тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлж байсан болох нь Ж гийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/500 дугаартай албан бичиг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд энэхүү баримтаар хариуцагч нарыг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулсаар байхад хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Энэхүү зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар нь нийт 18,203,340 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 205,237,703 төгрөг нэхэмжилсэн ба энэхүү нэхэмжилсэн мөнгөний тооцоололд хариуцагч маргахгүй байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 205,237,703 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/Б-84 дугаартай Барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн О, Д болон Х, хариуцагч М нарын өмчлөлийн эд хөрөнгүүд байна.
Барьцааны зүйл болох Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 29 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч Х нь өөрийн өмчлөлийн зүйлээ зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулах эрхийг хариуцагч нарт олгосон гэх итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.
Харин хариуцагч “Ш” ХХК, М нар нь “барьцаа хөрөнгийн өмчлөгч болох О, Д нараас итгэмжлэл олгосны үндсэн дээр тэдний нэрийн өмнөөс барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан боловч барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох О, Б, Х нарыг хамтран хариуцагчаар татах шаардлагагүй гэх тайлбарыг гаргаж байхаас гадна зохигчид ...барьцаа хөрөнгийн өмчлөгчид нь барьцааны гэрээгээр үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай маргаан шүүх дээр хянагдаж байгаа гэдгийг мэдэж байгаа гэж тайлбарлаж байх боловч тэднийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг зохигчийн хэн алин нь гаргаагүй болно.
Дээрх байдлаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2016/Б-84 дугаартай Барьцааны гэрээг барьцааны зүйл болох Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 29 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчид болох О, Д, Х нар нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай байгуулсан байхад уг гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна
Харин хариуцагч М нь өөрийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ү0000002 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууцаар өөрийн авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна.
Иймд хариуцагч М өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тулхариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 205,237,703 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 96 тоот хаягт байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууцыгалбадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.
Дээрх үндэслэлээр талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 2016/3-84 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “Ш ХХК, М нараас зээлийн гэрээний үүрэгт 205,237,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж”-д олгож, хариуцагч нар нь энэхүү төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 96 тоот хаягт байрлах, 0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх О, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 4 тоот хаягт байрлалтай, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 00 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 2016/3-84 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “Ш ХХК, М нараас зээлийн гэрээний үүрэгт 205,237,703 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш ХХК, М нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч М өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 96 тоот хаягт байрлах, 0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай орон сууцыгдуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б, Д нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 4 тоот хаягт байрлалтай, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-р байр 00 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Ш ХХК, М нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,184,140 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э