Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 77

 

Ц.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/293 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ц.С-т холбогдох 2028001270113 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шүүгдэгч Ц.С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Э гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-т холбогдох 2028001270113 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрхтэй.

Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалдаа шүүхийн шийтгэх тогтоолд гарсан алдааг засуулах, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй зөрчлийг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх нь магадлалд заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/29З дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байна гэж үзээд хэргийг прокурорт буцаасан. Хэрэв анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх ажиллагаа байсан бол давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж үзээд хэргийг тус шүүхэд буцаасан байхад прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл болоод шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг дэмжих байр суурьтай оролцож байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн 13 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад яллагдагч Ц.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЗ/216 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-103/ яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлон зарласан байна.

Анхан шатны шүүх нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг хийж 2020/ШТЦ/110 дугаартай шийтгэх тогтоол /хх-111-114/ гаргасныг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 203/МА2020/00059 дугаартай магадлалаар /хх-134-138/ “шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр “шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан” байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэгэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчиж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, магадлалд заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/293 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.С-т холбогдох 2028001270113 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.С-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

             ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                         Ц.ОТГОНЦЭЦЭГ